



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын багт ажиллах улстөрчид тангаргаа өргөсөөр байна. Түүний багт Ерөнхий прокуророор ажиллах Пэмила Жо Бонди буюу Пэм Бонди гэж хэн бэ? Түүнийг танилцуулахаас өмнө АНУ-ын Ерөнхий Прокурорын ажил үүргийн талаар тодорхой мэдээлэл өгөх нь зөв болов уу. Манай улсын Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ажил үүрэг, хариуцлагын хувьд өөр бөгөөд илүү өргөн хүрээнд, эрх мэдэл илүү цар хүрээтэй ажилладаг байна.
АНУ-ын Ерөнхий прокурор (Attorney General) бол АНУ-ын Засгийн газрын хамгийн өндөр эрх мэдэл бүхий хууль сахиулах албан тушаалтан бөгөөд Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хууль зүйн үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Ерөнхий прокурор нь тус улсын шүүхийн байгууллага, хууль сахиулах агентлагуудтай хамтран ажиллаж, хууль, дүрэм журмыг чанд сахиулах үүрэгтэй байдаг. Түүний үүрэг, ажлын талаар дэлгэрэнгүй тайлбарлахад:
Хууль сахиулах үүрэг
Ерөнхий прокурор нь АНУ-ын Засгийн газрын хамгийн том хууль сахиулах агентлаг болох Шүүхийн яамны тэргүүлэгч юм. (Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй төстэй албан тушаал) Тэрээр бүх холбооны шүүхийн хэрэг, хэргийг хянах, прокурорын алба (Department of Justice) болон холбооны шүүхүүдтэй хамтран ажилладаг. Түүнчлэн, холбооны болон төрийн хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.
Шүүхийн системийг удирдах
Ерөнхий прокурор нь шүүхийн системд оролцож, холбооны шүүхүүдэд асуудал гарсан тохиолдолд Засгийн газрыг төлөөлдөг. Энэ нь хуульд заасан хэм хэмжээ хариуцлагын хүрээнд ажиллах, шүүхийн үйл ажиллагааг сайжруулахад оролцох зэрэг асуудал багтдаг.
Хууль тогтоох үйл явцад оролцох
Ерөнхий прокурор нь АНУ-ын Конгресс болон хууль тогтоогчдод хууль зүйн асуудалд зөвлөгөө өгч, хууль тогтоох үйл явцад оролцох үүрэгтэй. Тэрээр Засгийн газрын хууль зүйн байр суурийг илэрхийлж, Конгресст санал оруулдаг.
Гэмт хэрэгтэй тэмцэх
Ерөнхий прокурор нь бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд Засгийн газрыг удирдан чиглүүлдэг. Үүнд терроризм, мансууруулах бодисын худалдаа, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг олон төрлийн гэмт хэргийн хяналт багтана. Тэрээр улс орон даяар гэмт хэргийн хэрэг бүртгэлийг хянаж, холбооны прокуроруудын үйл ажиллагааг зохицуулдаг.
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
Ерөнхий прокурор нь тус улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хэрэгжилтэд оролцдог. Тэрээр терроризмын эсрэг тэмцэх, эдийн засгийн гэмт хэргүүдийг илрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудалд оролцдогоороо онцлогтой.
Гадаад улс орнуудад хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах
Ерөнхий прокурор нь гадаад улстай хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр гадаад улстай холбоотой хэргүүд, олон улсын хууль сахиулах ажиллагаанд оролцож, Америкийн Засгийн Газрыг төлөөлөн оролцдог.
Хууль зүйн зөвлөгөө өгөх
Ерөнхий прокурор нь АНУ-ын Засгийн газрын хууль зүйн бодлого, хууль тогтоох болон бусад чухал асуудлаар зөвлөгөө өгдөг. Энэ нь үндэсний болон олон улсын түвшинд хуулийн хэрэгжилт болон хууль тогтоох үйл явцад нөлөөлдөг гэсэн үг.
Ерөнхий прокурор нь АНУ-ын засгийн газрын хамгийн чухал хууль сахиулах албан тушаалтнуудын нэг бөгөөд хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагаа, гэмт хэргийн хяналт зэрэг олон чиглэлд нөлөөтэй.
Ерөнхий прокурор Пэм Бонди
Пэм Бонди бол Америкийн хуульч, улс төрч бөгөөд Флорида мужийн 37 дахь Ерөнхий прокуророор 2011-2019 онд ажиллаж байсан. Тэрээр Флорида мужийн түүхэнд энэ албан тушаалыг хашсан анхны эмэгтэй бөгөөд Бүгд Найрамдах намын гишүүн юм. Пэм Бонди нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, эрүүгийн хэргийн шүүхийн тогтолцоог шинэчлэх, хүний наймааны хохирогчдыг хамгаалах зэрэг олон талын асуудалд анхаарал хандуулж, улс орондоо нөлөө үзүүлсэн гэдгээрээ алдартай.
Боловсрол
Пэм Бонди 1965 оны 11-р сарын 17-нд Флорида мужийн Сент-Питерсбург хотод төрсөн. Тэрээр 1987 онд Флоридагийн Их Сургуулийг (University of Florida) эрүүгийн эрх зүйн баклавр зэрэгтэй төгссөн бол 1990 онд Стетсоны их сургуулийн хуулийн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Бонди Флоридагийн Хилсборо дүүргийн прокурор, хэвлэлийн төлөөлөгч байсан бөгөөд мужийн өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байжээ. 2006 онд Бейсболын дээд лигийн тоглогч асан Дуайт Гуденийг ( АНУ-ын бейсболын шилдэг тоглогчдын нэг бөгөөд 1980-аад оны үед Нью-Йорк Метс багт тоглож байсан. Тэрээр 1984 онд АНУ-ын Үндэсний Лигийн Рүүки оф зэ Йеар (National League Rookie of the Year) шагналыг хүртсэн. Шилдэг 10-н тоглогчдын жагсаалтад олон удаа багтаж байсан. Харамсалтай нь карерийнхаа сүүлээр хар тамхи мансууруулах бодистой холбогдож нэр хүндээ унагасан байдаг.)
Улс төрийн карьераа эхлэх
Бондигийн улс төрийн замнал 2002 онд Флоридагийн Эрүүгийн шүүхийн прокуророор томилогдсноор эхэлсэн. Тэрээр Флорида мужийн олон нийтийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэгтнийг илрүүлэхэд идэвхтэй оролцоотой ажиллаж байсан гэгддэг. Энэ туршлага нь түүний улстөрийн карьерт ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд 2010 онд Флоридагийн Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшиж, ялалт байгуулснаар тус мужийн түүхэнд анхны эмэгтэй прокурор болсон.
Ерөнхий прокурорын албан тушаал
Пэм Бонди 2011 онд Флоридагийн Ерөнхий прокуророор томилогдсон нь улс төрийн амжилт байсан ба энэ нь түүний өмгөөллийн болон шүүхийн салбарт хийсэн олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн байлаа. Тэрээр хуулийн хэрэгжилт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, эрүү хэргийн шүүхийн тогтолцоог сайжруулах зэрэг олон талын асуудлаар ажилласан байдаг.
Түүнийг олон нийтэд бүүр АНУ-ын хэмжээнд таниулсан ажил нь "Affordable Care Act" (Обамакэйр)-ийг эсэргүүцсэн тэмцэл байв. Бонди нь Трампын засаг захиргаатай хамтран энэ хуульд холбогдох олон шүүхийн хэрэгт оролцож, Флорида мужийн эрх ашгийг хамгаалахын төлөө идэвхтэй ажилласан байдаг.
Маргаан ба шүүмжлэл
Пэм Бонди нь ерөнхий прокурорын албан тушаалаа хаших хугацаандаа зарим маргаантай асуудалтай тулгарсан. Тухайлбал, тэрээр Трампын "Trump University"-г эсрэг шүүхийн хэргийг үр дүнд хүргээгүй гэх шүүмжлэлийг хүртсэн байдаг. Мөн улс төрийн зүтгэлтнүүд болон хөрөнгө оруулалттай холбоотой маргаан түүнийг тойроогүй дайран өнгөрсөн юм. Түүний ажил нь мөн олон нийтийн итгэл үнэмшилд таагүй нөлөө үзүүлсэн ч, Бонди үргэлж орон нутгийн хуулийг сахиж, тэргүүлэх асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан гэгддэг.
Төрийн бусад үйл ажиллагаа
Ерөнхий прокурорын албан тушаалаасаа бууснаасаа хойш, Пэм Бонди улс төрийн хүрээнд идэвхтэй оролцож, 2020 оны Дональд Трампыг цагаатгах ажиллагааны хамгаалалтын багт орж өмгөөлөгчөөр ажилласан. Энэ нь түүний улс төрийн нөлөөг үргэлжлүүлэн өргөжүүлж Трампын засаг захиргаанд өндөр албан тушаал сахих суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Харин тэрээр хоёр хоногийн өмнө АНУ-ын Ерөнхий Прокурор болсон.
Хувийн амьдрал
Пэм Бонди нь хоёр удаа гэрлэж мөн салсан. Одоо Жон Уэйкфилдтэй гэр бүлийн түншүүд. (Гэр бүлийн түншүүд гэдэг нь хуулийн дагуу гэрлээгүй ч урт хугацааны, тогтвортой, амьдралын хамтрагч харилцаа үүсгэсэн хоёр хүнийг хэлнэ. Энэ нь гэрлэлттэй адил амьдрах, эдийн засаг, сэтгэл зүй, нийгмийн хариуцлагатай харилцааг үүсгэдэг ч хууль ёсны гэрлэлтийн статусгүй харилцаа юм.)
Пим Бондигийн өв
Пэм Бонди нь Америкийн хуульч, улс төрч, Флорида мужийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан туршлагатай АНУ-ын лидер эмэгтэйчүүдийн нэгээр тодроод байгаа юм. Түүний улс төрийн замнал нь маргаан, шүүмжлэлийн дунд өрнөсөн ч тэрээр хууль сахиулах, хэрэглэгчийг хамгаалах, эрүүгийн хэргийн шүүхийн тогтолцоог шинэчлэх чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Түүний улс төрийн нөлөө, хуулийн салбарт үзүүлсэн хүчин чармайлт нь одоо ч үргэлжлэн сонирхол татсаар байгаа. Магадгүй 4 жилийн дараа түүний АНУ-ын хуулийн салбарт үлдээсэн өвийг судлах судалгааны ажил эхлэх биз ээ.











