



















Өнөөдөр Монголчууд бирж, арилжаа, хувьцаа, форекс гэх мэтийг зүйл бүрээр сонирхох болжээ. Энэ чинь тун энгийн гээд хэлээд зогсоо Монголтой та таарсан байж болох юм. Уоллстрийтэд ч өнөөдөр дампуурал, амиа хорлох үзэгдэл амь бөхтэй оршсоор байна. Амиа хорлогчдын зарим нь алдаа хийсэн арилжаачид байхад, зарим нь аавынхаа хийсэн алдаатай алхамыг даван гарч чадаагүй үр хүүхэд нь байх жишээтэй. Гэхдээ ийм асуудал байдаг ч биржийн арилжаа хийнэ гэдэг үнэхээр сонирхолтой ажил байдаг гэдгийг та манай өмнөх бизнес эрхлэгчдийн түүхээс уншсан байх. Энэ түүх ч бас л нэг сургамжтай түүх. Таалан уншина уу.
МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРСЭН АРИЛЖААЧИН-ЖЕССИ ЛИВЭРМОР
Олонхи уншигчид санхүүгийн сэтгүүлч Эдвин Ле Феврийн бестселлер болсон “Биржийн арилжаачны дурсамж” номын гол дүр Лэрри Ливингстоны нэрээр Жэсси Ливэрморыг мэддэг биз ээ. Үе үеийн арилжаачид, хөрөнгө оруулагчид, зах зээл судлаачид агуу арилжаачны стратеги, олон нийтийн сэтгэл зүй, зах зээлд гарах цагийг сонгох ойлголтыг олж авахын тулд энэ номыг ашигласаар байгаа ба ашиглах ч болно. Жэсси Лауристон Ливэрмор бол Уоллстрийтийн ёозгүй дүр, биржийн арилжаачин, суут аварга баавгай, ганцаардсан чоно юм. 14 насандаа ажилд орж долоо хоногт 6 доллар олж, 15-тэй идэрхэн Ливэрмор хадгаламжаа 1000 долларт хүргэж, 30 настайдаа сая доллар олж байсан бол 31 настайдаа 3 сая долларын эзэн болж Нью-Йоркийн биржийг доргиож байв. 42 настай Ливэрмор АНУ-ын ерөнхийлөгч Вудру Вильсонтой уулзахад, Вильсон Уоллстрийтийн аврага баавгайг АНУ-ын хөвөнгийн зах зээлийг аврахыг аминчлан гуйж байжээ. 1929 оны “Их сүйрэл” Жэсси Ливэрморын хувьд биржийн оргил цаг болж, 100 гаруй сая долларын олз олов. Даанч удалгүй тэр дампуурснаа хүлээн зөвшөөрч өөрийгөө буудан, амиа хорложээ.
Хэрэв та 1926 онд Ливэрмортой уулзахыг хүссэн гэж бодъё. Гэхдээ та АНУ-ын ерөнхийлөгч юм уу, ноён Морган шиг биш бол танд асар их аз дайрлаа гэсэн үг. Хэрэв та аварга баавгайн ажлын цагаар уулзахаас татгалзаагүй ховор азтаны нэг болсон бол, албан өрөөнд нь минутын өмнө ч биш хойно ч биш яг хэлсэн цагт нь очих ёстой.
Манхеттаны төв дөх 5-р Авенью Хэкшэр Билдингийн 730-р байшинг анзаарахгүй байхын аргагүй. Та хувийн хурдан лифтээр шууд л энэ Пентхаусын 18-р давхарын албан тасалгаанд бууна. Та тэнд 2 метр өндөртэй 125 килограмм жинтэй аварга эртэй халз тулгарна. Хэвлэлийнхний цуу үгээр бол тэр эелдэг бус бүдүүлэг төдийгүй үзэмжгүй дүр төрхтэй нэгэн. Хэдий тийм ч Харри Эдгар Даш бол Ливэрморын гэр бүлийн үнэнч анд, үнэнч хамтрагч нь юм. Даш дотуур холбоогоор уулзалтын тухай лавлаж асуугаад, асар том хүнд хаалгыг түлхүүрдэн онгойлгож өгдөг. Таны нүдний өмнө үнэт суман болон царсаар сийлбэрлэн урласан Нью-Йоркийн хамгийн тансаг албан өрөө үзэгдэнэ.
Албан өрөөнд чив чимээгүй. Зөвхөн 6 албан хаагч ногоон самбар дээр шохойгоор биржийн үнэ ханшийг бичих чимээ, биржийн цахилгаан мэдээний торжигнох чимээ л сонсогдоно. Дуу цөөнтэй Ливэрмор таныг урьж ногоон самбар луу нуруугаар чинь харуулан суулгана. Тэрээр өө сэвгүй хувцасласан цэнхэр нүдтэй, цайвар үст нэгэн. Савиля Роу хийцийн хослол өмсч, үсээ зүүн талаас нь хагалан хойш самнадаг. Хамар дээрээ хавчаарт шилтэй. Танд саналаа хэлэх тоотой хэдэн хором бий. Ээ чөтгөр – гэж түүний хичээнгүй харц тантай ярилцаж байхдаа ч ногоон самбар дээр тусч Ливэрморын анхаарал тэр чигээрээ самбарт шилжиж Уоллстрийтийн аварга баавгайн толгойд олон арван мянган математикийн бодлого бодогдож байдаг. Үүнээс өөрөөр байх боломжгүй юм. Бооцоон дээр сая саяар яригдана гэдгийг та гэнэт ойлгох байх. Гэвч Жэсси Ливэрмор үргэлж ингэж амьдарч байгаагүй юм.
Аварга баавгайн өсөх нас
-Одоо би чамайг эндээс танагтай дээрээ зайлаа чээ гэж гуйж байна.
Эндээс зайл!
“Эндээс зайл гэдэг чинь гуйлт шиг сонсогдохгүй байна” гэж залуу Ливэрмор хожсон мөнгөө хамангаа хариулна. Арван найман настай Ливэрморын хувьд брокерийн байрны эрхлэгчтэй шөргөөцөлдөх нь хэвийн явдал байлаа. Тэр үед брокерийн конторууд яагаад ч юм бэ казинотой төрөл юм шиг байсан. Тоглогчдын алдсан бүх мөнгө брокерын байранд үлддэг байв. Ливэрмор харин тэднийг ёс юм шиг байнга хождог. Тэр ийм пүүсүүдийг хөнөөж байснаас “Тоглоомч-жаал”-г брокерийн конторууд зүсээр нь мэддэг босгоо ч давуулдаггүй байв. Харин Жэсси заль хэрэглэн гадаад дүр төрх, хувцсаа солин тоглоомынхоо арга барилыг өөрчлөн, заримдаа орны хүнээр дамжуулан ажилладаг байжээ. Эцэст нь Ливэрмор хориод настайдаа муж улсын бүх брокерийн пүүсийг өөрийн эсрэг босгосон юм. “Бирж бол тулааны талбар. Харин цахилгаан мэдээний тууз бол түүнийг ажиглах яндан дуран юм. Арван тохиолдлын долоод нь түүнд найдаж болно” гэсэн өнөө үед бол чартын гэмээр хандлага нь Ливэрморын ирээдүйн арилжааны системын хөгжлийн чиглэлийг тодорхойлж байв. Энэ үеэс ирээдүйн “Аварга баавгайн” биржийн тоглоомын арга барил бүрэлджээ.
-Нэгдүгээрт тэр зах зээлийг хэзээ ч юунд ч буруутгаж болохгүй. Бүх азгүйтлээ тэр зөвхөн өөрийн буруугаас болсон гэж үздэг бөгөөд түүнийгээ нарийвчлан судалдаг байв.
-Хоёрдугаарт цаг үргэлж зах зээлд байгаад байлгүй мөнгөө хамаад зайлж чаддаг мөн хүлээж чаддаг байх хэрэгтэй аж.
-Гуравдугаарт тэр “Хувьцаа физикийн хуулиар хөдөлдөг...” гэдгийг ойлгосон. Хувьцааны үнийн өөрчлөлт нь - хөдөлж байгаа биетэд гадны өөр нэг хүч үйлчлэн хөдөлгөөнийг зогсоотол цааш үргэлжлүүлнэ гэсэн физикийн зүй тогтлын шинжтэй байдаг. Зах зээл өгсөж, уруудаж, хэлбэлзэж байдаг бөгөөд эсэргүүцэл аль сул байгаа талаас нь зах зээлд орох хэрэгтэй.
-Дөрөвдүгээрт нь Жэсси зөвхөн үнийн өөрчлөлтийг сонирхохоос биш эдгээр өөрчлөлтийн шалтгаан түүнд огт падгүй.
Нью-Йоркийн бирж дээр Ливэрмор өөрийн олон сарын ажлын үр дүн болсон бүх хуримтлуулсан мөнгөө тавиад туучихсан үедээ “Ялагдалын туршлага минь надад ухрах болоогүй гэсэн итгэл байвал байнга довтолж байх сургамж боллоо” гэсэн юм. Энэ үед тэр өөрийн гол өрсөлдөгч болох өөрийн сэтгэл хөдлөлтөйгөө тулгардаг болохыг ойлгов. Тэр өөрийгөө давах хэрэгтэй байлаа. “Уоллстрийтэд шинэ юм огт алга хөгшин ертөнц шиг дамын наймаа хэвээрээ. Хүмүүс үргэлж л нэг хэмээр зах зээлд, шунаг сэтгэл, айдас хүйдэс, болхи бүдүүлэг зан, итгэл найдвар тээн оролцдог ба оролцсоор байх болно. Ийм учраас тоон бүтэц ба хэв загвар нь үргэлж давтагдсаар байдаг” гэж Ливэрмор үздэг байв.
Ливэрмор зах зээл ямагт хүмүүсийн дээр байна гэж мэдэгдэж байсан. “Зах зээл чамайг ирмэг рүү шахах болно” гэж тэр хүү Полдоо хэлсэн байна. Харамсалтай нь Уоллстрийтийн “Аварга баавгай” зах зээлийн хүчийг бүрэн тооцож чадсангүй. Үүний уршгаар Ливэрмор ялагч байсан ч хожигдсоор байжээ. Зах зээлийн энэ тулаан түүний хувьд үйлийн үр боллоо.
Ливэрмор аажмаар азгүйтэл амжилт ололтоо нарийвчлан судалж, хянан засварлаж биржийн онцлогийг нягт нямбай судалсаар өөрийн худалдааны систем болон бараан захын арилжааны онолоо бүтээж, дүрэм бүрийг нь уран дарханы ур чадвараар өнгөлж зүлгэж боловсруулав. Дараа нь тэр бүх дүрмээ зөрчин гэнэт баяжсан. 1906 оны хавар Ливэрмор анх удаа хариуцлагатай мөчид зөн билигтээ итгэжээ. Энэ бол түүний зөн билиг зөв байсан сүүлчийн агшин байв. Дараагийн он жилүүдэд Ливэрмор агуу их амжилтанд хүрсэн юм. 1907 оны 10-р сарын 24-нд тэр ажлын хагас өдөрт нэг сая доллар олжээ. Энэ бол түүний системийн төгс амжилт байлаа. Гэвч Ливэрмор жил хүрэхгүй хугацаанд л саятан байв. Хэний ч зөвлөгөөг үл сонсох гэсэн дүрмийнхээ заалтыг зөрчиснөөр тэр 3 сая доллар алдсан удаатай.Ливэрмор өөрийгөө эзэмдэж чадалгүй бүхнийг харанхуйлсан гутралд унав. Удаан эрэгцүүлсний эцэст Жэсси амжилт гэдэг ялагдлаас хавьгүй аюултай болохыг ойлгожээ. Амжилт нь эрх чөлөө, болгоомжлол, сонор сэрэмжийн замыг хаадаг. Энэ үеийг хүртэл Ливэрмор ялагдлаа ямагт давж гардаг байлаа. Одоо харин амжилтаа хүчрэхээ больжээ. Хэний ч зөвөлгөөг сонсохгүй байх дүрмээ өөрийн болгосон гэдэгтээ итгэл төгс дүүрэн Нью-Йоркт иргэн ирэв. Цаашлах тусам муудсаар, тэр дахиад л инсайдерын мэдээнд итгэн ялагдал хүлээсэн байна. Дараа нь дампуурал, дайн, гэр бүлийн хэрүүл, дунд зэргийн буудлууд, бас дахин гуниг гутрал. 1915 онд Ливэрмор бирж дээр босож сэхэх гэсэн ээлжит оролдлогоо хийв. Нөр их ажил зах зээлийн тогтмол судалгаа, биржийн арилжааны онолоо зүлгүүрдсээр Уолл Стрийтийн аврага баавгай 1929 онд хирдхийлгэм амжилт олсон байна.
Энэ үед биржийн арилжааны онол гурван чиг шугамыг баримтлаж байсан. Одоогийнхоор бол техник шинжилгээ, хөрөнгийн удирдлагын систем, арилжаачны сэтгэл зүй байлаа. Ливэрмор техникийн шинжилгээг арилжаа хийхдээ чухалчилдаг байв. Алдагдал хохирлоос зайлсхийхийн тулд шаардлагатай шинж тэмдэгийг анзаарч гүйцэд дэлгэрэх цагийг мэдэх хэрэгтэй. Гарааны цэгийг тэр хоёр ангилдаг байсан.
Нэгдүгээрт: Буцах гарааны цэгүүд.
Хоёрдугаарт: Үргэлжлүүлэх гарааны цэгүүд. Буцах гарааны цэг нь зах зээлийн чиглэлийн үндсэн эргэлтийн үеийг тодорхойлдог.
СҮҮЛЧИЙН БУУН ДУУ
1929 он биржийн хувьд урьд өмнө үзэгдээгүй их өрнөлтийн жил байв. Биржийн арилжаанд эгэл жирийн хүмүүс ч орох боломжтой болжээ. Үсчин, гуталчин, гэрийн эзэгтэй, фермерүүд бүгд л хувьцаагаар арилжаа хийдэг болсон. Сангууд хэдэн жилийн турш сэргэн мандалтынхаа оргил үедээ байв. Энэ бол хөнгөн мөнгөний эцэс төгсгөлгүй мэт буян дэлгэрсэн цаг байлаа. Гэвч бүх зүйл цагийн дотор нуран унасан юм. Хоромхон зуур. Нэг л өдөр. Огцом эргэлт хилэгнэн ирж үймээн сандралаар солигдов. АНУ-н бүх хүн ам орлогынхоо гуравны нэгийг гэнэт алджээ. Энэ бол биржийн сүйрэл төдийгүй олон зуун Америкчуудын итгэл найдвар, горьдлогын сүйрэл байв. Энэ бол Ливэрморын ялалт ялагдал болсон. Энэ өдөр аварга баавгай Уоллстрийтийн ганцаардасан цөөвөр гэгдэгч Ливэрмор мөнгийг үлгэрт гардаг шиг олж түүний хөрөнгө зуун сая долларт ойртов.
Амжилтынхаа мансуурлаас гарах үед түүний хайртай эхнэр Дороти зайгаа барьж ээжийнхээ хажууд цаг нөгцөөх болсон байна. Дороти Жессид маш их хайртай байлаа. Тэр нөхрийхөө ээлжит урвалтыг мэдээд сэтгэл санааны хүчтэй цочролд оров. Тэр ууж эхлэв. Их ч уулаа. Хүүхдүүдээ үргэлж зусланд юмуу сургуульд явуулдаг байж. Эцэг эхээ хүүхдүүд нь ховорхон хардаг байлаа. Бага Жесси буюу хүү нь насанд хүрч үргэлж зохисгүй явдалд орооцолддог болов. Тэр сахилгагүй хүн болон төлөвшжээ.
1932 онд Дорти Жесси хоёр салав. Цаашид үйл явдал зүй ёсоор хувь тавилангийн шинжтэй болсон юм. Салахдаа Ливэрмор хуучин эхнэртээ хөрөнгийнхөө талыг өгчээ. Хэдэн жилийн дараа тэдний ургийн эдлэн газар дуудлага худалдааны алхны дуугаар алга болов. Ливэрмор 38 настай бэлбэсэн эхнэр Гарриэт Мэтц Нобльтой гэрлэсэн байна. Гарриэтийн өмнөх дөрвөн нөхөр нь амиа хорлож үхэцгээсэн юм. 1935 онд Дороти согтсон үедээ согтуу байсан хүүгээ буудав. Хүү амьд гарсан ч амьдрал нь гунигтайгаар эргэсэн билээ. Ливэрмор бирж дээр төвлөрч чадахаа больж, гуниг гутралд автан өөрийн зохиосон дүрмээ баримтлахаа больж, бараг бүх хөрөнгөө алдсан юм. Гарах гарцгүй болж, мэргэжлийн тавцан дээрх азгүйтэлдээ дарагдаж, гэр бүлийн амьдрал нь урагшгүйтэж, урхагшсан гутралд автсан Жэсси Лауристон Ливэрмор 63 насандаа чамархай руугаа кольт бууныхаа амыг харуулан гохоо даржээ. “Арилжааны үед таны алдаж болох мөнгө таны сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг алдагдуулж байвал, хийх гэж байгаа арилжаа таны хувьд хэтэрхий ахадсан байна” гэж ярьдаг Уоллстрийтийн аварга баавгай хоёр алдаа гаргасан юм. Эхний алдаа нь тэр айдас хүйдэс, шунаг сэтгэлийн тухай үргэлж ярьдаг боловч ялалт амжилтынхаа тухай огт дуугардаггүй, баяр хөөргүй, ихэрхүү зан нь төгс хүчний бусниулагчийг урьдчилан харж чадаагүй юм. 1929 оны ялалт түүнд хэт томдсон байжээ. Тэр ялалтыг хүлээн авахад бэлэн бус байв. Ливэрмор тавьсан зорилгодоо хүрч, зах зээлд ялалт байгуулсан мэт санагдавч, тэр өөрийхөө сүүдэр мэт болж арилжаачны хувьд мөхсөн байна. Хэрэв түүний нандин хүсэл нь биелэвэл юу болохыг тэр огт мэдэхгүй байжээ.
Хоёр дахь алдаа нь тэр өөрийхөө нээлтийн ач холбогдолыг бүрэн дүүрэн үнэлсэнгүй. Хэрэв Ливэрмор гарааны цэгийн онолоо гүнзгийрүүлэн хувийн амьдралдаа хэрэглэж, ололт амжилт, уналт ялагдлынхаа түүхийг сөхсөн бол 1929 онд түүний “буцах гарааны цэг” тохиосныг олж харах байсан юм. 14 жилийн турш үргэлжилсэн баян чинээлэг ахуйн өсөлт, арилжааны болон ашгийн хэмжээний огцом ихсэлт зэрэг олон шинж нь агуу их арилжаачны амжилтын төгсгөл ойртсоныг зааж байлаа. Ливэрморын хувьд энэ цэг бол эсэргүүцлийн дээд цэг байсан. Харамсалтай нь тэр үүнийг давж гарсангүй.
Бирж бол жирийн хүн ч бай тэрбумтан ч бай тохиолдлын учралаар саятан болж болох газар. Жэсси Ливэрмор үүнийг өөрийн жишээгээр нотолсон юм. Тэр дөрвөн удаа хоосорч дөрвөн удаа өөрийн хөрөнгөө өмнөхөөс нь ихээр өсгөсөн байна. Тэрээр хоёр удаа дампуурснаа хүлээн зөвшөөрч, сая саяын өрөнд унаж байв. Цагтаа санхүүгийн мундагчуудын айдас ба бурхан болж байсан хүн өнөөдөр бараг мартагджээ. Харин сангийн бирж орчин үеийн холбоо, электроникоор тоноглогдсон ч чухамдаа Уоллстрийтийн аварга баавгайн хэлсэнчлэн Жэсси Ливэрморын амьдарч байсан үеийнх шиг байгаа бөгөөд цаашдаа ч ийм хэвээрээ байх болно. Ливэрмор бол мөрөөдлөө хүрч, түүнээ үзсэн арилжаачин билээ.
Түүний намтраар бичигдсэн гэж үздэг БИРЖИЙН АРИЛЖААЧНЫ ДУРСАМЖ ном Монгол хэлээр орчуулагдсан байдаг...
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ









