



















АНУ-ын улсын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангарагаа өргөсөн даруйдаа “толгой эргүүлэм” олон зарлигт гарын үсэг зурах гэж байна. Түүний хувьд тангараг өргөсний дараа “Хууль бус цагаачдыг олох”, "Бөөнөөр нь албадан гаргах”, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Нууц баримт бичгүүд”, “TikTok-ийг хаах хуулийн төслийн хугацааг сунгах" гээд чухал асуудлуудыг нэн даруй шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ. Дональд Трампын зарлигууд АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар тангараг өргөсний дараа уламжлал болгон үйлддэг гарын үсэг зурах ажиллагаа биш гэж мэдэгдсэн. Тиймээс Дональд Трампын тангарагийн дараа төлөвлөгдөж байгаа ажлууд урьд өмнө нь байгаагүй өргөн цар хүрээг хамрах төлөвтэй байна.
ХИЛИЙН ОНЦ БАЙДАЛ
Тангарагийн дараа Дональд Трамп хилийн “онц байдал” зарлаж, АНУ-ын өмнөд хилийн хамгаалалтад нэмэлт хүч гаргаж үндэсний гвардыг дайчилна. Ингэснээр хууль бус цагаачдыг бөөнд нь гаргах ажиллагааг эхлүүлнэ. Мөн Дональд Трамп хилийн шугам дахь сургууль, сүм зэрэг чухал обьект халдлагад өртөхөөс сэргийлж байсан холбооны цагаачлалын албаныхныг татан буулгана.
Түүний хийж буй энэ ажил “Логистикийн хямрал”, “Өндөр зардал”, “Хууль эрх зүйн” олон сорилттой тулгарах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм.
МЕКСИКТ ҮЛДЭХ БОЛДЛОГО
Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа Мексик Улсаас хууль бусаар орж ирсэн цагаачдад сонголт өгөх бодлого хэрэгжүүлсэн байдаг. Үүнд Мексикийн 70 мянга орчим цагаачийг АНУ- Мексикийн хил дээр буцаан авчирч үлдэх үү харих уу гэх сонголт хийлгэж "Мексикт үлдэх" бодлого хэрэгжүүлж байв. Түүний энэ бодлого дахин үргэлжлэх магадлалтай байна.
АНУ-Д ТӨРСӨН ХҮҮХДЭД ИРГЭНШИЛ ОЛГОХГҮЙ
Дональд Трамп АНУ-д Улсад төрсөн хууль бус цагаачийн хүүхдэд иргэншил олгохыг зогсооно. Өөрөөр хэлбэл АНУ-ын газар нутагт төрсөн хэн боловч Америкийн иргэн болно гэх хууль цуцлагдана гэсэн үг. АНУ-д 150 жилийн турш мөрдөгдсөн энэ хуулийг цуцлах нь тийм амар ажил биш бөгөөд “хууль эрхзүйн” олон сорилттой тулгарах юм.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
АНУ-ын засгийн газар 1944 онд “Гарчиг 42” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байв. Энэ арга хэмжээ нь АНУ-ын Засгийн Газарт нийгмийн эрүүл мэндийг хамгаалах боломжийг олгосон байдаг. Хөтөлбөрийн хүрээнд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана. Хамгийн сүүлд АНУ-д цар тахлын үед шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь тус улсын Мексик Улстай хиллэдэг өмнөд хилийг хаах “шалтаг” болж байв.
ХАР ТАМХИНЫ КАРТЕЛЬ
Дональд Трамп хар тамхины бүлэглэлүүдийг "Гадаадын террорист байгууллага" гэх ангилалд оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь аливаа хар тамхины бүлэглэлүүд нь “Аль Кайда”, “Исламын улс” “Хамас” зэрэг бүлэглэлтэй нэг ангилалд бичигдэнэ гэсэн үг юм.
ХИЛИЙН ХАНА
Дональд Трамп 2016 онд анх ерөнхийлөгчөөр сонгогдохдоо АНУ-Мексикийн “Хилийн хана” босгох тушаалд гарын үсэг зурсан байдаг. Хэдийгээр “Хилийн хана” баригдсан ч түүнд дуусгаагүй үлдсэн олон ажил бий. Дональд Трампын хууль бус цагаачдаас хамгаалах “Хилийн хана” үргэлжлэн баригдах төлөвтэй байна.
TikTok-ийг
Тэрээр өөрийн “Truth Social” хуудсандаа "Би TikTok-ыг хаахыг хүсэхгүй байна. Даваа гарагт би хуулийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацааг сунгах захирамж гаргана. Ингэснээр бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хэлэлцээр хийх боломжтой гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын мэдэгдлийн дараа хаагдаад байсан TikTok-ийн ажиллагаа сэргэж эхэлсэн юм. Сонирхолтой нь өмнө нь Дональд Трамп өмнөх бүрэн эрхийн хугацаандаа үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Tiktok-ийг хаах ёстой гэж үзэж байсан ч энэ удаад өөр байр сууриа өөрөөр илэрхийлэв. Магадгүй TikTok хэрэглэгч 170 сая хүний дэмжлэгийг алдахаас эмээсэн ч юм билүү... Юутай ч TikTok-ийг Америкийн аль нэг компанийн эзэмшил болгох тохиролцоо хийгдэж магадгүй гэж шинжээчид харж байна.










