



















Дэми Муурт анхны Оскарыг нь авчирч магадгүй “The Substance” киноноос юуг ойлгох вэ?
Корали Фаржаагийн 2024 оны бүтээл The Substance кино нь бие махбодын өөрчлөлт, нийгмийн гоо сайхны стандартад баригдсан хүний шаналал, эрх мэдэл, хүсэл тэмүүлэл зэрэг олон сэдвийг гүнзгий судалсан бүтээл болсон гэж шүүмжлэгчид дүгнэж байна.
Гоо сайхны стандарт ба эмэгтэйчүүдийн асуудал
Киноны гол дүр Элизабет Спаркл (Деми Мур) нь нас ахиж, Холливудын карьер нь уруудсан жүжигчин бөгөөд өөрийн залуу нас, алдрын оргил үеэ эргүүлэн авчрахын тулд “The Substance” хэмээх нууцлаг бодисыг хэрэглэдэг. Энэхүү бодис нь түүнийг залуужуулж, өөр хувилбарыг нь (Маргарет Куолли) бий болгодог юм. Гэхдээ энэ үйл явц аймшигтай үр дагаварт хүргэж, түүний жинхэнэ одоогийн би нь өөрийн залуу хувилбарт шахагдан, хяналтаа алдаж эхэлдэг.
Энэ нь эмэгтэйчүүд гоо сайхны стандартад тохирох гэж хэрхэн байнгын дарамтад орж, өөрийгөө алдаж болохыг хурцаар, аймшигтайгаар харуулсан тод дүрслэл бүхий кино юм. Нийгэмд эмэгтэйчүүдийг үргэлж залуухан, үзэсгэлэнтэй байх ёстой мэтээр хардаг, харин хөгшрөлт нь тэдний үнэ цэнийг бууруулдаг гэх хэвшмэл ойлголтыг шүүмжилж уг киногоор дэлхий нийтэд түгээхийг, мэдүүлэхийг кино баг зорьсон. Энэ нь бодит амьдрал дээр Холливудын жүжигчдийн туулдаг дарамттай төстэй бөгөөд олон эмэгтэй алдартнууд хөгшрөхийн хэрээр ажлын санал нь багасч, харин эрэгтэй жүжигчид нас ахих тусам илүү үнэ цэнэтэй болдог зөрчилтэй асуудлыг ч хөнджээ.
Хүний өөрийгөө хянах боломж ба дотоод зөрчил
Киноны бас нэгэн чухал санаа бол хүн өөрийнхөө хувь тавиланг хянах гэсэн оролдлого юм. Элизабет өөрийгөө илүү төгс болгохын тулд “The Substance”-ийг хэрэглэдэг ч эцэст нь түүний оршихуй аюулд орно. Энэ нь хүмүүс өөрсдийгөө сайжруулах гэж хэт их хичээхдээ өөрсдийн мөн чанараа алдаж болзошгүйг сануулахыг зорьсон байж болно.
Бидний нийгэмд гоо сайхны мэс засал, гоо сайхны бүтээгдэхүүн, хиймэл дүр төрх (social media filters) гэх мэт зүйлс хүмүүсийн бодит төрхийг өөрчилж, төгс байхад донтуулж байна. Гэвч хүн өөрийгөө хэт их өөрчлөх гэж хичээх нь өөрийн жинхэнэ мөн чанараас зугтахад хүргэдэг. Киноны гол дүрүүдийн хоорондын зөрчил нь үүнээс үүдэлтэй бөгөөд Элизабетийн жинхэнэ “би” нь түүний залуу хувилбартайгаа тэмцэлдэж, эцэстээ устах аюулд хүрдэг. Үүнээс улбаатай донтолт хийгээд эрүүл мэндийн томоохон эрсдэл хүлээж болохыг сануулсан юм.
Ёс суртахууны асуудал ба технологи
Кино нь ирээдүйн гоо сайхны технологиуд ямар үр дагавар авчрах талаар бодоход хүргэдэг. Үнэхээр “The Substance” шиг бодит биетийг өөрчилдөг технологи хөгжвөл, хүмүүс өөрсдийгөө сайжруулах гэж байгаад хяналтаа алдаж амиа алдах эрсдэлтэйг ч сануулсан онцгой бүтээл юм. Энэ нь зөвхөн гоо сайхны салбарт төдийгүй, хиймэл оюун ухаан, генийн өөрчлөлт, кибернетик зэрэг бусад салбарт ч хамаатай.
Дүгнэлт
The Substance кино нь гаднаасаа боди-хоррор төрлийн аймшгийн кино мэт боловч, үнэндээ нийгмийн гүн гүнзгий асуудлуудыг хөндсөн утга агуулгаараа өргөн цар хүрээтэй бүтээл болсон гэж олон шүүмжлэгчид үзэж байна. Энэхүү кино нь гоо сайхны хэт өндөр стандартаас үүдэлтэй дарамт, хүний өөрийгөө хянах гэсэн хүсэл тэмүүлэл, технологийн давуу тал, эрсдэл, хүний ёс суртахууны асуудлуудыг шүүмжилж, үзэгчдийг дэлгэцэд уях сэрт хийлгэм бүтээл юм.
Эцэст нь, хүн өөрийн мөн чанараа алдахгүйгээр өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал болохыг уг кино бидэнд сануулах болно.
2025 оны Оскарын наадамд
“The Substance” кино нь
• Шилдэг эмэгтэй гол дүр
• Шилдэг эх зохиолтой кино номинацид нэр дэвшээд байгаа.










