



















Нэг ч төгрөг гаргалгүйгээр Францын мөнгөөр уранаа олборлоод ашгийн 51 хувийг хүртэнэ гэдэг бол уул шугамандаа “сайн гэрээ” юм шүү нөхөөд...
“БАЙЖИЙ”... ОЙЛГОМЖТОЙ ТАЙЛБАРЛА ДАА...?
Зүйрлэвээс, Хашаанд маань эрдэнэс байна. Авч чаддаггүй. Гаргаж ирээд баяжмаар байвч харахаас өөрөөр яаж ч чадахгүй. Ухаад авчих багаж хэрэгсэл ч байхгүй ээ ядуу... Хүрзэднэ гэвэл тэр бүтэшгүй. Яаж малтахаа ч мэдэхгүй байж байтал тусалж чадах нэгэн олдов. Нөгөөхдөө очоод өөрийн саналаа хэлтэл аз болоход зөвшөөрч байна. Нөгөө хүнд маань ч хэрэг болсон юм байлгүй. Ингээд тохироогоо хийхдээ багажаа аваад найзуудаа дагуулаад манайд хүрээд ир гэвэл толгой дохиж байна. За чи хө бас гарах зардлаа хариуцаарай. Эрдэнэс минийх юм чинь 51 хувиа би өөрөө авна. Бас газрыг минь ашиглаж байгаагийнх хэд хэдэн татвар төлнө. Аа бас миний хамаатан садан гэр бүлийнхэнд ухах аргаа зааж өгөнгөө сайн цалин өгч ажиллуулаарай. Хоол хүнс, уух усаа манайх зарна. Мэдээж эрдэнэсээ гаргаж авчхаад хашааг маань сайхан цэвэрлэж хуучин хэвд нь оруулаарай. Би үе үе сайхан шалгана. Маргаан гарвал дотроо ярилцаад шийднэ шүү гэсэн чинь зөвшөөрлөө.
За яриа хөөрөө сайхан бүтэж гэрийнхэндээ дуулгасан чинь зарим ах дүү дэмждэггүй, бөөн хэрүүл болж гурвалжин дөрвөлжин юм болов. Маргаж маргаж манайд мөнгө хэрэгтэй гээд олонх маань санал нэгдсэнээр гэрээгээ хийх зөвшөөрлийг олголоо. Гэтэл хажуу хашааны айлууд ухаж чадахгүй гайхшаа барсан миний эрдэнэд шунасан юм уу яасан юм бүү мэд туслаад өгье, хоол авч өгье, боль гээд хэлчхээч гэж ах дүү нараас татаж чангаадаг болов. Зарим нь ч уулздаг бололтой юм. Орж ирээд хэрүүл өднө. Хашаа хороогоо эвдэх нь л гэнэ. Эцэг эхийн үлдээсэн голомтыг бусниулах нь гэнэ.
Үгүй та нарыг л идэх хоолтой ирээдүйд төрөх хүүхдүүдэд чинь хадгаламж бэлдэж байна. Хөрсөн доороо эрдэнэтэй үүрд ядуу суух юм уу? Айлууд шиг ашиглаад баяжаад гоё амьдръя гэтэл хулгайч дээрэмчнээр минь харааж өмнөх алдааг маань сануулж байна. Бас ч гэж зөв өө хө. Ингээд өмнөх алдаанаасаа суралцсан тул гэрээний зүйл заалтаа хашир хийв. Хашраас гайтахгүй ээ гэтэл гэрийнхэн ер нь баярлаж байна. Зарим нь гомдоод хоолоо ч идэхгүй хөлөө жийгээд сууцгааж байна.
“БАЙЖИЙ”... МОНГОЛД ЯМАР АШИГТАЙ ЮМ...?
Орано Майнингтай гэрээгээ үзэглэчихвэл ураны төслийн бүтээн байгуулалт эхэлнэ. Энэ бүтээн байгуулалт олборлолтын бэлтгэл ажил гэсэн үг. Бэлтгэл ажил буюу бүтээн байгуулалт 2028 онд дуусах үед уран олборлож эхэлнэ. Олборлож эхэлсэн цагаас бид ашгаа хүртэж эхэлнэ гэж УИХ-ын тогтоолын төсөлд тусгажээ.
Үүнд: Хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д төслийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийг санхүүгийн зээл авахыг зөвшөөрөхгүй. Энэ бол Оюу толгойн гэрээнд алдсан зүйл. Төсөл хэрэгжих үед дутсан санхүүжилтийн нөгөө тал зээл авч нөхсөнөөр Монголын талын хүртэх ашиг хойшилж байсан гашуун сургамж бий. Зээл авах нөхцөл үүсвэл Монголын талд хариуцлага хүлээхгүй. Мөн ТУЗ-ийн гишүүдийн саналаар нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдэх нь. Ер нь л Монгол улс ирээдүйд ямар ч гэнэтийн эрсдэл үүссэн бай санхүүгийн хариуцлага үүрэхгүй гэж тулгаж зөвшөөрүүлжээ.
Үр ашиг хүртэх тал дээр төр эзэмших 34 хувийн энгийн хувьцаа, тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /АМНАТ/-аар орлуулж, 14 хүртэлх суурь болон хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэх тооцоо гарсан. Тэгэхээр цаашид дэлхий даяар ураны эрэлт өсөж, үнэ нэмэгдэхийн хэрээр Монголын хүртэх ашиг нэмэгдэнэ гэсэн үг.
Ингээд манай улс АМНАТ, Давуу эрхийн ногдол ашиг, Ногдол ашгийг суутгах татвар, Тогтвортой хөгжлийн арга хэмжээ, Дэмжлэгүүд, Гаалийн татвар, Тусгай зөвшөөрлийн татвар гэх мэт 15 татварыг л үр өгөөжид тооцно.
“БАЙЖИЙ”... ИНГЭЭД БОЛОО ЮУ..?
-Ус бохирдуулсны төлбөр, ажил олгогчийн нийгмийн даатгал зэргийг үр өгөөжид тооцохгүй..
-Францын талаас 500 сая ам.долларыг эхний ээлжид гаргана
-Францын талаас гаргасан 27 татвар тогтворжуулах саналаас 4-ийг нь тогтворжуулсан.
-Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ.
-Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна.
-Бүтээн байгуулалтын шатанд нийт ажилчдын 60 хувь нь Монгол иргэн байна.
-Уурхайн олборлолт эхлэх үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол иргэн байна.
-Монгол, гадаад ажилтан гэдгээр бус ижил ажил гүйцэтгэх тохиолдолд цалингийн хэмжээ адил байна.
-Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна.
-Цалин хөлсийг зах зээлийн өнөөдрийн ханшаар 7-12 сая төгрөг байна.
-1.7 тэрбум ам.долларын худалдан авалтыг дотоодын ханган нийлүүлэгч компаниудаас авах
-Төсөл хэрэгжих явцад орон нутагт дэмжлэг хэлбэрээр 1 тэрбум ам.доллар олгоно.
-Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь Монгол компани байна.
-Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулна.
-Монгол Улсын норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан, Засгийн газраас баталсан Аюултай хог хаягдлын дүрэм журмыг биелүүлэн ажиллана.
-Аюултай хог хаягдлын үйлдвэр барих асуудлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч тусгай зөвшөөрөл авч Аюултай хог хаягдлын үйлдвэрийн үйл ажиллагааг эрхэлнэ.
-Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчдээр гурван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэнэ.
“БАЙЖИЙ” ТАЛУУД МУУДАЛЦВАЛ ЯАНА...?
Орано майнингтай хийсэн гэрээнд маргаан үүсвэл арбитрт хандахгүй, дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн татварын маргаанаар арбитрт хандсанаар Рио Тинтогоос ашигтай санал сонссон ч гадаадын хөрөнгө оруулалт дээр гал дуудсан. Өдгөө сунжирсаар буй татварын маргааныг хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсоор байгаа нь үнэн билээ.
“БАЙЖИЙ” ДАА...
Монгол улс дан нүүрсний экспортоо хараад сууж болохгүй. Нүүрсний үнэ унах эрсдэлийг улсын төсөв даахгүй. Тиймээс уран, газрын ховор элементийн салбарт тоглогч болох ёстой. Нэг үгээр хэлэхэд уул уурхайгаа солонгоруулъя хө. Газар эх хэвлийд буй нөөцөөрөө үрс биднийг тэжээн тэтгэх байгалийн зохилдлогоотой тул зөв зохистой ашиглах нь чухал...
Францтай хамтран уран олборлох гэрээгээ ойлгосон гэж найдъя. Монгол ахан дүүс минь...










