



















МАН
Ах намын даргын сунгаа бол 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч улмаар Монгол улсын 7 дахь ерөнхийлөгчийн суурь. Тиймээс ирэх 9 сарын эхний 15 өдрийн аль нэгт буюу УИХ-ын намрын чуулганаас өмнө болж магадгүй намын их хурлын тов наашлах холдох нь юу л бол. Хуулийн дагуу намууд угаасаа их хурлаа хийж намын дүрмээ шинэчлэх учиртай. Гэхдээ ардын намын дарга болох хамгийн өндөр магадлалтай Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцож өвдөг шороодсон. Тиймээс ч нам доторх фракцууд тойргийн иргэдийн санал аваагүй хүнийг намын дарга болгож Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь сүүлийн хэдэн сонгуулийг манлайлж буй намын нэрд сэвтэй гэж ил далд шивэр авир гэх нь улайм цайм болж буй.

Тэгвэл ямар төлөвлөгөө ардын намд байгаа вэ
1. Хангайн бүсэд өрсөлдөн УИХ-ын гишүүнээр 3 дах удаагаа сонгогдоод байгаа босоо гэх С.Ганбаатар гишүүнийг эгүүлэн татаж орон гаргаад Гомбожавын Занданшатар даргаа 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн болгох хувилбар. Уг нь Хангайн бүсээс анх удаа сонгогдсон Даваагийн Цогтбаатарыг УИХ алх цохиод л гишүүнээс нь “унагах” гарцаагүй арга бий. Түүнийг дээд шүүхээс эцэслэн ялласан ч одоог хүртэл УИХ-ын гишүүн хэвээр буй нь ах лайвчин Д. Мөнх-Эрдэний эсэргүүцлээс ардын нам айж буйн бодит илрэл. Тиймээс л дараагийн дарж унагах улстөрч нь босоо хэмээх С.Ганбаатар. Ингэж ерөнхий сайдаа намын дарга болгосны дараа УИХ-ын сонгуулийг нөхөн явуулж УИХ-ын гишүүн болговол Г.Занданшатар сайд 2 жил дараалан сонгуулдах их улстөрийн ачааг үүрнэ. Нэмээд улсын ерөнхий сайдын цаггүй хөврөх ажил.
Гэтэл тэрээр бие тааруу, нас ахимаг. Энэ нь сөргөөр нөлөөлөх эрсдэл ч бий. Гэхдээ 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүний мэдээлэл газар авч, нийтээрээ түүнийг сайнаар ч муугаар ч илүү сайн таних зарим тохиолдолд доторлох боломж нээгдэнэ. Улсын хэмжээнд болох том сонгуулийн өмнө ийм сайхан боломж улстөрийн намд үгүй. Тэгээд л ардын нам энэ хувилбарыг эхэнд эрэмбэлж буй биз.
2. Ардчилсан намыг хуулбарласан нэг хувилбар бол ажлаа өгөөд удаагүй байгаа, одоогоор ардын намын дарга Л. Оюун-Эрдэнийн талаас түлхэж буй нүүдэл. Энэ нүүдлээр бол нөхөн сонгууль явуулж төсвийн зарлага гаргахгүй, намын дүрмийн шинэчлэлээр зохицуулчхаж болох амар хувилбар. Гэхдээ цаашдаа нам доторх том хагарлыг авчирч магадгүй эрсдэлтэй алхам. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ардын намын дарга болгоод Г.Занданшатар ерөнхий сайд ажлаа хийсээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд оролцох нөөц төлөвлөгөө. Өмнө нь 2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам ялсан ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаад З.Энхболд УИХ-ын дарга байхдаа намын даргыг авч, Ерөнхий сайдаар “шувуу” болоод буй Ч.Сайханбилэгийг тавьж байсан хувилбар.
Энэ хувилбар боломжийн ч намын дотоод уур амьсгалд цөвтэйг 2012 оноос хойш өөд нар үзээгүй Ардчилсан нам бэлхнээ гэрчилнэ. Уг нь бүх ард түмний хамгийн дээд төлөөлөл бол УИХ. Ингэж бодвол УИХ-ын дарга нь намын дарга байхад ер гэмгүй. Бүүр зөв ч байж магад.
Цаашид парламентын дархлаа, үнэ цэнийг нэмэгдүүлэн төгөлдөршилд дөхүүлж мэдэх хувилбар. Гэхдээ энэ бол зүгээр хувилбар. Харин ирэх намрын улстөр энэ хоёр хувилбараас улбаалан ардын намын доторх “нанчилдаан”-ыг ахин амилуулах нь гарцаагүй үнэн. Нэгдүгээр хувилбарыг төрийн тэргүүний талынхан дэмжих бол хоёрдугаар хувилбарыг “залуус” түлхэнэ. Түлхээд амжилтад хүрэх үү тохиролцоонд хүрэх үү гэдгийг л анзаарах нь чухал.
Нэгдүгээр хувилбарыг ардын намын их хурал сонговол ХҮН нам засагт үлдэж, Хотын намын хорооны дарга буюу Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажлаа өгөхөөс өөр аргагүй шахаанд орно. Оронд нь Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал түвшин ахихаар зэхнэ. Өөрөөр хэлбэл ардын намын улстөр 2027 оныг хүртэл “улайсна” гэсэн үг.
Харин хоёрдугаар хувилбар сонгогдвол ХҮН нам засгаас гарч АН дахин орж ирж, хотын даргын суудал бөхлөгдөх магадлалтай. Улмаар ардын нам V үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлэх магадлал ч маш өндөр.
Хамгийн чухал нь авгай нөхөртэйгөө хүртэл талцаж хэрэлддэг анхан шатны гишүүд нь АН-ыг засагт оруулсанд бухимдаж, хоол булаалгасан гэж уурлан Л.Оюун-Эрдэнэ сайдыг унагасан гэдгийг мартаж үл болно. Тиймээс хоёрдугаар хувилбар зүгээр л хувилбар, санал төдий байж болно. Нам хооронд бус нам дотор өрнөх улстөр ирэх намрын их улстөр байхтай зэрэгцэн өвөл айсуй...
Үргэлжлэл бий . . .










