



















Та бидний амтархан уух дуртай кофены үнэ нэмэгдлээ. Олон улсын зах зээл дэх кофены үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Дэлхийн кофены үйлдвэрлэлийн дийлэнх хувийг эзэлдэг Арабика сортын үнэ энэ онд 80 гаруй хувиар өсөж 450 грамм нь 3,4 ам.долларт хүрсэн бол Робуста үрийн үнэ есдүгээр сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм.
Дэлхий даяар кофены үнэ өсөх болсон гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт. Дэлхийд кофены үйлдвэрлэлээр тэргүүлэгч Бразил, Вьетнам улсуудад уур амьсгалын өөрчлөлтөөс ган гачиг, аадар борооны давтамж нэмэгдэж ургац хураалт мууджээ. Ялангуяа Бразилд 8,9-р саруудад сүүлийн 70 жилд байгаагүй ган гачиг тохиож, харин 10-р сард их хэмжээний аадар орсноор дөнгөж цэцэглэж буй ургацаа алдахад хүрчээ.
Вьетнам улсад ч ган гачиг, аадрын хэмжээ эрс нэмэгдэж Арабика, Робустагийн нийлүүлэлт хомстох төлөвтэй байна. Тиймээс кофены брэндүүд ирэх онд үнэ нэмэх төлөвтэй байгааг шинжээчид онцлов. “Nestle” компанийн захирал Давид Ренни кофеныхоо үнийг, сав баглаа боодолдоо тохируулан нэмэгдүүлэхээ мэдэгджээ. Хамгийн сүүлд 1977 онд Бразил улсад гэнэтийн цас орж хүйтэрсний дараа кофены үнэ дээд хэмжээнд хүрч өсжээ.
Кофе бол дэлхий даяар борлуулалтаараа газрын тосны дараа ордог гол нэрийн бүтээгдэхүүн бөгөөд жил ирэх тусам эрэлт хэрэгцээ өссөөр байна. Тухайлбал Хятад улсын хэрэглээ сүүлийн арван жилийн дотор хоёр дахин өссөн байна.
Шинжээчил кофены үнийн өсөлт хэсэг хугацаанд үргэлжилнэ гэж мэдэгджээ.









