



















Хэн ч гэсэн залуу насандаа алддаг, онодог гэхдээ алдаа оноогоо ойлгоод засарна гэдэг хэн нэгнийг бүр алдартай болгох боломжтой. Алдсан нэгнээ түлхээд хаях биш өөд нь татааад авсангүй гэж гомдоллож суугаа нэг нь өргүүлж түшүүлэхээсээ өмнө өөрөө яагаад босож болохгүй гэж. Хэтийдсэн наргиан цэнгээн, эд баялаг ардаа ямарваа нэг сүйрэл дагуулж болно. Хэрвээ танд санхүүгийн ертөнц нүүрээ буруулбал хэт өндөр дээрээс газардана гэсэн үг. Дан ганц Монголын санхүүгийн ертөнцийнхөнд ч бус хүн бүрт сургамжтай түүхийг бид танд өргөн барьж байна. Энэ хүнийг хүмүүс Луйварчин гэж адалж байсан. Харин би түүнийг солиорсон арилжааны донтон гэж боддог. Түүх түүхээрээ үлдэнэ. Хүн бүр өнгөрсөнд дүгнэлт хийх эрхтэй. Хүн алдаж болно бас засарч болно гэдэг түүхийг та унших гэж байна. Танд амжилт хүсье.
1990-ээд оны сүүл үед 1995 оны хоёрдугаар сард болсон Английн “Baring`s” банкны сүйрлээс өөр дэлхийг донсолгосон том хэрэг тун ховор гарсан юм. Хамгийн аймшигтай нь 223 жилийн түүхтэй язгууртан сурвалжтаны итгэл хүлээсэн, хатан хааны гэр бүлийнхэн мөнгөө хадгалуулдаг банк 28 настай арилжаачин Николас Лисон гэдэг ганцхан хүний ил далд явуулгын улмаас нуран унажээ. Түүний биеэ тоосон эрсдэлд дуртай зан ажилтныхаа луйвар залийг хурууныхаа завсраар харж “Үүлэнд тулсан” ашгийг нь бахархаж суусан боссуудын ховдог шунахай тэнэглэл, халдашгүй дархан мэт байсан хөрөнгө оруулалтын эзэнт гүрнийг цагийн дотор сүйрүүлж банкнаас 850 сая фунт стерлингийг салгажээ.
“Baring`s”-ын сүйрлийн түүх нь орчин үеийн санхүүгийн зах зээлийн “ёс суртахууны мөн чанарыг” харуулаад зогсохгүй, санхүүгийн эрсдэлийг урагшгүй удирдвал ямар хүнд уршиг тарьдгийг тод харуулснаараа сургамжтай. 1996 онд Лисон “Луйварчин арилжаачин” намтарчилсан номоо хэвлүүлж, өөрийн үйлдлын тухай дэлгэрэнгүй бичжээ. Тэр гэм буруугаа хайцайлахыг оролдон (энэ тухай олон шинжээчид санал нэгтэй байв), Аудитийн хяналтын төгс биш арга, банканд хэрэглэж байсан эрсдэлийн удирдлагын сул тал, дарга нар ба хамтрагчдийн өөгшүүлэл зэрэг нь түүний хийсэн нүгэлд боломж олгосон гэжээ. Мөн банкинд ноёрхож байсан зан үйл ёс суртахуун нь “Бид бүхнийг ашиг олохыг бас дахин ашиг, бүр их ашиг олохыг албаддаг байсан” гэж Лисон батлаж байв. “New York Times” сонин санхүүгийн тухай “Луйварчин арижаачин”-ын шүүмждээ “Залуу хүний бичсэн энэхүү гунигт номыг банкны бүх ажилтан менежерүүд аудиторууд уншвал зохино” гэж тэмдэглэжээ.
Лисон санхүүгийн суутан болохын оронд дэлхийд алдартай луйварчин болов. Тэр өөрийн тухай “Харамсалтай нь би үхэн үхэтлээ луйварчин арилжаачин хочтой явна. Энэ хоч надаас хэзээ ч салахгүй, би үүнийг өөрчилж ч чадахгүй. Эцэст нь би эвлэрсэн, зүгээр л амьдарч байна” гэжээ. Ник Лисоны амьдралын зам “Хамуутай бор даага нусгай бор хүүгийн сонгодог үлгэр шиг ядуу хүү гэнэт эд баялаг нэр алдарын оргилд” хүрчээ. Тэр 1967 оны хоёрдугаар сарын 25-нд Лондонгоос баруун хойш орших Уотфорт гэдэг жижиг хотод ажилчны гэр бүлд төрсөн юм. Түүний эцэг Уильям барилгын засалчин байсан ба хүүгээ барилгын инженер болгохыг хүсдэг байв. Үнэндээ “Parmiter's School”-ийн багш нь Никийг математикт сулавтар гэдэг байв. Тэр төгсөлтийн математикийн шалгалтанд бүдэрч цагаан хуудастай сургуулиа орхив. 1982 онд Лисон хатан хааны “Coutts” банкинд албан хаагчаар орсон. Дараагаар нь “Morgan Stanley” зэрэг хэд хэдэн банкинд яльгүй албан тушаалд ажиллажээ. 1989 оны зургаадугаар сард түүнийг 1762 онд байгуулагдсан нэр алдар нь сэвтээгүй Их Британий эртний банкуудын нэг “Baring`s” банк ажилд авчээ. Энэ банкинд хатан хаан өөрөө мөнгөө хадгалуулдаг байв.
Жирийн албан хаагчаар ажиллаж эхэлсэн Лисон удирдлагадаа аятайхан сэтгэгдэл төрүүлж чаджээ. Тэр удалгүй Зүүн Өмнөд Ази руу шилжүүлэх хүсэлт гаргаж, зөвшөөрүүлэн Хонк-Конг явсан. Тэнд түүнийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийн ахлагчаар томилж банкны ажилбарын тооцоотой холбоотой онцгой асуудлыг хариуцуулжээ. Дараа нь тэр Индонезийн Жакарт руу томилогдож “Barings Securities”-ын салбарын ажилтан ирээдүйн эхнэр Лизатай танилцав. Жакартад 10 сарын турш тэндэхийн салбарын арын албанд хуримтлагдсан бөөн асуудлыг шийдвэрлэсэн Лисоны амжилт зохих ёсоор үнэлэгдэн, 1992 онд тэр “Barings Securities”-ын Сингапурын салбарт шинээр батлагдсан Сингапурын Олон Улсын Валютын Биржид (Singapore International Monetary Exchange, SIMEX) ажилбарын эрхлэгчээр томилогдов. Энэ албан тушаал нь арилжаа хийх эрхгүй байсан ч тэр зохих шалгалтыг өгч “SIMEX”-т жижиг багийг ахлан арилжаа хийх болов. Үүний зэрэгцээ өөрийн арвин тушлагадаа дулдуйдан Сингапурын салбарын арын албыг ахлав. Ийм маягаар “Barings”-н удирдлага Лисонд ерөнхий арилжаачны болон арын албаны удирдлагыг хавсран гүйцэтгүүлснээрээ маш том алдаа гаргасан юм. Учир нь арын алба арилжааны ажилбарын үр дүнг шалгаж тооцоог гаргадаг байв.
Лисон ба түүний баг нэгэн зэрэг хоёр төрлийн ажилбар гүйцэтгэх эрхтэй болов. Үүнд өөрийн түншүүд болон “Barings”-ын бусад салбарын даалгавраар гүйлгэээ хийх, Японы Осака хотын бирж болон “SIMEX” дээр Японы Nikkei-225 индексийн хувьцааны үнийн зөрүүгээр арбитраж хийдэг байсан. Nikkei-225 индексийн хэтийн чиглэлийг зөв тооцсон Лисоны соргог мэдрэмжийн ачаар “Barings” Сингапурын салбараас олон саяын орлого олох болов. 1993 оны дүнгээр тэр 10 сая гаруй фунт стерлинг олсон нь банкны нийт орлогын 10% болж байв. Лисоны Лондонгийн боссууд нь банкинд мөнгө голын ус шиг урсан орж ирж байгаад хөөрөн “гайхамшигт арижаачин” хэмээн сохроор итгэж байлаа. Лисон ба түүний эхнэр Лиза нарт өндөр цалин, тансаг сууц, гоёмсог газруудад амрах, байнгын шоу-үдэшлэг зэрэг боломжтой бүх зугаа цэнгэл зэрэг хүссэн бүхэн байв. Тэгээд ч тэд бие биендээ зүү орох зайгүй хайртай мэт байжээ. Лисон чөлөөт цагаараа “ногоон могой” хэмээх хар тамхинд дурлан үе үе балмад аашлан танхайрдаг. Нэг удаа тэр бааранд байсан хүмүүст нүцгэн бөгсөө харуулан танхайрч, цагдаад баригдан мөнгөн торгууль төлж байжээ.
Лисон “Barings”-н топ-менежерүүдэд “ариун гэгээнтэн” шиг харагддаг байв. Barings-н удирдлагуудад Лисоны хийж байгаа үйлдэл ажилбарууд огт аюулгүй юм шиг санагдаж, тэр ч өөрөө түншүүдийн хүсэлтийг биелүүлэн тэдний даалгавраар худалдааны дансанд хийдэг гэж батладаг байв. Тэр Арилжаачин болсон цагаасаа л нэргүй наймаа явуулж хамгийн харамсалтай нь энэ нь байнга шахам алдагдалтай байжээ. Лисон өөрийн алдагдлыг халхалсан 88888 дугаартай (Хятадад наймын тоо их азтайд тооцогддог) “алдааны данс” (Erorr Account) нээн ажилласан байна. Хожим нь Лисон энэ дансыг багийнхаа туршлагагүй гишүүдийн алдааг халхлах зорилгоор нээсэн бөгөөд 20000 фунт стерлинг болж байж. Гэвч яваандаа Лисон энэ 88888 дансыг өөрийн цасан уруй шиг өсөх алдагдлыг нуух зорилгоор ашиглахаар болов.
1992 оны төгсгөл үе рүү “азтай” дансан дахь алдагдал 2 сая паундаас давж 1994 оны 12 сард 208 сая паунд болсон байлаа. Лисон банкнаас нэмэлт хөрөнгө шаардан наймаа арилжаагаа үргэлжлүүлсээр байв. Найдваргүй болсоор байгаа хүндрэлээсээ гарахыг оролдон улам бүр орооцолдон будилсаар л. Түүний гол найдлага нь Nikkei индекс 19000 функтээс буурахгүй гэсэн горьдлого байв. Тухайн үед Японы эдийн засагт сэргэн мандалтын явц болж байсан учир энэ шийдвэр нь ухаалаг харагдаж байсан юм. Гэвч бүх зүйл үнсэн товрог болсон. 1995 оны 1 дүгээр сарын 16-нд Лисон “Barings” банкны хувьд өөртөө үхлийн цохилт болсон арилжаа хийжээ. Тэр Японы зах зээлд дараа өдрийн ажил эхлэхээс өмнө, сүрхий өөрчлөлт орчихгүй байх гэж тооцоолж арилаагаа хийв. Гэвч 1995 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 5 цаг 46 минутанд Рехторийн шаталбараар 7,2 баллын газар хөдлөлт болж Кобэ хотын ихэнх хэсэг нуранги болон 6,5 мянган хүний амь эрсджээ. Энэ бол 1923 оноос хойш Японд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байв. Үр дүнд нь урд нь бага зэрэг хэлбэлзэж байсан Nikkei индекс 7 % унав. Лисоны алдагдал газар хөдөлсөн өдөр 55 гаруй сая паунд болж нийт алдагдал 400 сая паунд хол давлаа. Хөл доор нь газар шатаж байгааг мэдэрсэн Лисон сүйрлээс сэргийлэх оролдлого хийх гэж улам бүр бодлогогүй эрсдэлтэй арилжаа хийж байв. Тэр Nikkei-225 индексийн хувьцааг үнэ өснө гэсэн тооцоогоор бөөнөөр нь авчээ. Лисон газар хөдлөлтийн улмаас унасан үнэ сэргэж 19000-д очино гэж таамаглан 3 сарын хугацаанд 20000 гаруй хувьцаа авсан. Тэр өөрийн банкаа эрсдэлээс хамгаалах ямар ч арга хэмжээ авсангүй. Энэ үйлдлээр алдсан алдагдал “Barings”-н алдагдлын дөрөвний гурав болжээ.
Лисоны дарга нар нэмэлт хөрөнгө хүссэн түүний хүсэлтэнд сандарч 1995 оны 2 дугаар сард түүвэрчилсэн аудит оруулав. Үр дүн нь зүүдэнд оромгүй 827 сая паундын (тэр үеийн ханшаар 1.4 тэрбум доллар) алдагдал илэрчээ. Энэ нь банкны өөрийн хөрөнгөөс 2 дахин давсан тоо байсан юм. Аудит хийсэн ажилтнууд “Barings”-н дээд удирдлагад, банк үнэндээ хоосорчээ гэж мөрөө хавчихаас өөр аргагүй байв. Далд юм илэрхийг ойлгосон Лисон оргохоор шийдэв. 28 нас хүрэхээсээ 2 өдрийн өмнө ажлынхаа ширээн дээр “Уучлаарай” (I’m sorry) гэсэн ганц үг хам хум бичсэн зурвас үлдээгээд Сингапураас алга болжээ. Зөвхөн тэр үед л хамтрагчид нь Лисоны оргохоосоо 7 хоногийн өмнө бүгшүүлж бөөлжис нь цутгаад байсны шалтагыг ойлгов. Лисон түүнийг шорон хүлээж байгаа нь тодорхой болмогц хатуу дэглэмтэй Зүүн Өмнөд Азийн шоронгоос Их британий шоронг илүүд үзсэн байна.
Эхлээд тэр эхнэртэйгээ Малайзид очиж Борнео арлын сувилалд төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тархаж байгаа дуулианы тухай мэдээллийн хэрэгслээс олж мэдэв. Малайзаас Брунейгээр дамжин Майн дахь Франкфуртэд ирцгээжээ. Энэ үед Лисоны зураг бүх сонины эхний нүүрийг чимэн интерпол түүнийг шуурхайлан эрж байв. Бейсболын малгайгаар нүүрээ таглан нисэх онгоцны буудалд бүртгүүлэх гэж байхад нь Германы цагдаа нар баривчлав. “Луйварчин арилжаачныг” баривчилсан мэдээ дэлхийн зах зээлд өрнөлт авчирсан байна. Гэвч Британийн санхүүгийн ертөнцийн түшиг тулгуур 223 жилийн түүхтэй “Barings”-т юу ч тус болохоосоо өнгөрчээ. Хатан хаан тэргүүтэй хөрөнгө оруулагчид хөрөнгөө, 1200 ажилтан ажлын байраа алдав. Банк өөрөө Голландын санхүү даатгалын аварга ING-д бэлэгдлийн 1 паундаар худалдагдаж сураг алдарлаа.
Дээрх сүйрэлд хэн буруутай вэ? Эргэлзэх юмгүй Лисон. Тэр хуурамч бичиг баримт үйлдэн банк болон “SIMEX” биржийг төөрөгдөлд оруулж байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч “Barings”-н дуулиан намжсаны дараа “Ерөнхийлөгч юу мэдэж байсан бэ?, хэзээ энэ тухай мэдсэн бэ?” гэсэн Уотергейтын алдарт асуулт гарч ирэв. Лисоны үйлдэл хуулийн эсрэг шинж чанар нь маргаангүй ч гэсэн банкны топ менежерүүд түүний залиланг огт мэдээгүй байсан гэж үү? Английн банк өөрийн тайландаа хорон санаат дамчин ганцаар ажиллаж байсан гэсэн дүгнэлт тусгажээ. Банкны удирдлагад “хуучинсан сургалт”-ын бүтээгдэхүүнүүд ажиллаж байснаас арилжааны нарийн учрыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй байж. Нөгөө талаас арбитраж ажилбараас орж байгаа өндөр ашиг нь жилийн эцсээр ажилтнуудад ихээхэн шагнал болон ирэх учир тэр их өндөр тоолуурын учрыг тунгаах гэж оролддоггүй байв.
“Barings” банк болсон явдалтай холбоотой зэмлэл шүүмжлэлээс зайлсхийж чадсангүй. Тус банкны Лондон дахь төв байр руу 1993 оноор огноолон илгээсэн илтгэх хуудсанд Лисоныг нэг зэрэг хоёр албан тушаалд томилсон талаар үүсч болох аюулын талаар сэрэмжлүүлсэн агуулгатай зүйл байв. Уг шийтгэх хуудсанд “Бид хожим нь бүхний мөхөөх аюултай тогтолцоо руу орох гээд байна” гэж бичсэн байжээ. Харамсалтай нь удирдлага ямарч арга хэмжээ авсангүй. 1995 оны нэгдүгээр сард сүйрэл болохын өмнөхөн “SIMEX” Лисоны үйл ажиллагааны талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэний үр дүн гарсангүй. Банк өөрийн арилжаачинд арилжаагаа үргэлжлүүлэхэд нь нэг тэрбум доллар илгээжээ. “Barings”-н сүйрлийн тухай Сингапурын засаг захиргааны гаргасан тайланд халагдахаас өөр аргагүй болсон Лисоны, гаргасан “алдааны данс” 88888-н тухай мэдээгүй гэх боссуудын нотлогоонд итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Азийн од нь удаан гийж байгаад гэнэт харвасан Лисон юу болов. Германд баривчлагдсаны дараа тэр Сингапурын дэглэмээс зайлсхийхийг бүх хүчээрээ оролдсон боловч санаснаар болсонгүй. 1995 оны арванхоёрдугаар сард Сингапурын шүүх түүнд зургаан жил хагасын хорих ял оноож хөрөнгийг хураан дампуурсан банкны зээлдэгчдэд түгээжээ. Лисон бараг 9 сарын турш Германд хоригдож байсныг харгалзан 1995 оны гуравдугаар сарын 2-ноос ялын хугацааг тооцов. Лисоныг банкны аудиторыг төөрөгдүүлсэн, “SIMEX” биржийг мэхэлсэн хоёр зүйл ангиар ялласан байна. Шүүх хэрэгтэнг санамсаргүй үйлдэл хийсэн гэж үзсэн тул шийтгэл тийм ч хүнд бус байв. Лисон өөртөө ашиг хайж нэргүй арилжаа хийж байгаагүй гэж батлан хэлдэгч банкны өмгөөлөгчид Лисонд холбогдолтой 35 сая долларыг янз бүрийн данснаас илрүүлжээ.
Лисоны хувийн амьдрал нь түүний албан тушаалын нисэлт уналтын толь болж байв. Түүний эхнэр Лиза нь нөхрөө байнга эргэж тойрох боломжтойг бодож онгоцны үйчлэгч болсон. Тэр 1996 онд хэвлэгдсэн “Луйварчин арижаачин” номоо бичихэд нь тусалж байв. (Дашрамд хэлэхэд номын шагналыг Barings-н зээлдэгчдэд шилжүүлжээ.) Анх харахад тэдний гэрлэлт “тансаг амьдрал”-аас гуйланчлал руу шилжсэн хүнд цохилтыг давж чадсан мэт. Гэвч Лиза нөхрийнхөө гейша нартай явалдсан тухайгаа нуулгүй ярьдагт ясны дургүй байлаа. Лиза түүнээс салж дахин Лондон хотын өөр нэг арилжаачинтай гэрлэсэн. Үнэнч хайртай эхнэрээсээ хагацах Лисонд үнэхээр хүнд байв. Хожим нь Лисон түүнд хамгийн хүнд үе бол Лиза эргэж тойрохоо больсон, өдөр болгон шахам ирдэг захидлын булаг ширгэсэн 1996 оны 3-р сараас 10 сар хүртэл 7 сар байсан гэж дурссан байдаг. Энэ нь түүний өмөн үүтэй тэмцэлдэж байснаас хүнд үе байв. Лиза бол түүний шоронгийн амьдралын түшиг тулгуур байлаа. Гэвч тэр тэдний хооронд юу болоод байгааг ойлгохоо больж эцэст нь эхнэртээ салах тухай санаагаа бичиж өгчээ. Хоёр долоо хоногийн дараа зөвшөөрсөн хариу ирэв.
Хэдэн сарын дараа Никт шулуун гэдэсний өмөн үү гэсэн аймшигтай онош тавьжээ. Түүнийг 20 настай байхад эх нь яг энэ өвчинөөр өөд болсон юм. Өвчин, үдэшлэг алгасалгүй наргиж дарвисан, согтууруулах ундааг хэмжээгүй хэрэглэж сурсан залуу хүнийг яс арьс болсон сүг сүүдэр шиг амьтан болгов. Сингапурын шорон хүний дархлааны тогтолцоонд олигтой нөлөөлөхгүй. Лисон хоёр гэмт хэрэгтний хамт жижигхээн хорих өрөөнд хоногийн 23 цагийг нөхцөөдөг байв. Түүний “зовлон нэгт” нөхөд нь үргэлж өрсөлдөж байдаг дээрмийн бүлэгт хамаардаг, бүлэгүүдийг хамарсан зодоон болоход яаж зайлсхийх билээ дээ. Нүцгэн бетон шалан дээр унтана. Өглөөний цай гурван зүсэм талх бусад цагт нь үмх тахианы мах юмуу ногоогоор хачирласан цагаан будаа. Цаг хугацаа зогсчихсон мэт урагшлахгүй Ник адал явдалт романд шунах буюу хэдэн цагаар өрөөний булангаас булангийн хооронд алхдаг байв. Түүнчлэн биеийн тамираар хичээллэхийг оролдон сагсан бөмбөгийн талбайг тойрон гүйдэг байжээ.
Өвчний шинж тэмдгийг Лисон 1998 оны эхээр ажиглажээ. Тэр зогсож байхдаа толгой нь эргэж өөрийн эрхгүй хана түшдэг байв. Энэ тухайгаа шоронгийн эмчид хэлэхэд тэр та зүгээр л хөгширч байгаа нь тэр гэжээ. Тэр дөнгөж 30 настай байв. Дараа нь тэр ганц хүний өрөөнд сар болоод гарахад нь хоригдлууд түүний турсаныг гайхацгаав. Лисоны үгээр тэр анх удаа гэдэснийхээ булчингуудыг харж овоо эрүүл байгаагаа мэдсэн гэнэ. Цусны шинжилгээгээр түүнд Анемиз илэрчээ. Дараа нь гэдсээр нь өвдөж шоронгийн эмч төмрийн бэлдмэл бичив. Эмч түүнийг Нью-Чанджи руу эмнэлэгт хэвтүүлэв.
Санхүүгийн талаар эргэлзээгүй авъяастай ч Лисоны банкны салбарт оруулсан “хувь нэмэр” нь нэр хүнд авчирсангүй. Харин түүний сэтгэлд багтамгүй тэсвэр хатуужил, шаргуу чанарыг бахдахгүй байхын аргагүй. Өмөн үүгээр өвчилсөн хүнд байнгын асаргаа, гэр бүл найз нөхдийн халамж дэмжлэг хэрэгтэй байдаг. Лисон энэ бүхнээс хол, орноосоо өндийх чадваргүй, унших ном ч байхгүй, жорлон хүрэхийн тулд туслалцаа үзүүлэхдээ яст мэлхий шиг хөдөлдөг зэвсэглэсэн хянагч нарыг дуудахад хүрдэг байв.
Хавдарын хагалгааг 8-р сарын 11-нд хийлээ. Лисон 10 хоноод шоронгийнхоо өрөөнд бетонон шалан дээрээ очив. Хагалгаа хийхэд зүсэгдэж 38 оёо тавиулсан, гэдэсний нь булчингууд сууж болохгүй өвдөөд зовлонтой байлаа. Аз болоход түүнд хагалгаа хийсэн эмч нь Сингапурын сайн эмч нарын нэг Корнелл болон Нью-Иоркод сурсан хавдар судлаач байв. Сураг сонсоход тэрээр Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Юи-г эмчилж байжээ. Эмч нар Лисонг дахин 5 жил амьдрах 60 хувийн магадлалтай, химийн эмчилгээ хийлгэвэл 10 хувиар нэмэгдэж болох юм гэж үзэж байв. Химийн эмчилгээ 6 сар үргэлжлэв. 5 өдрийн эмчилгээний дараа 3 долоо хоног амсхийдэг. Лисон биеийн байдал чинь их дордож магадгүй гэж сэрэмжлүүлж байсан боловч тэр эмчилгээний үе шатыг харьцангуй сайн давлаа. Гэм нь үс нь их унаж халзрав.
Зовж зүдэрсэн Лисон 1999 оны зун дуулгавартай байсны төлөө хугацаанаасаа өмнө суллагдаж Их Британи руу эргэж ирэв. Эх орондоо эргэж ирэх нь түүнд, тансаг амьдралгүй, орон гэргүй, ажил төрөлгүй, хамаг хөрөнгөө хураалгасан нь хүнд сэтгэгдэл төрүүлж байсан ч тэр амьд явах, эрх чөлөөтэй байхын жаргал цэнгэлийг мэдэрч байв. Тэр эмчилгээ хийлгэн найз нөхөд, төрөл төрөгсдийхөө дунд нэг жил болов. Лисон 2000 онд эмч нар зөвшөөрөхгүй байсан ч холын зайн гүйлтэнд оролцов.
Ник Лисон ер бусын эсэргүүцэх чадвар үзүүлэн өөрийн ховорхон амьдралын болон мэргэжлийн туршлагаас ашиг олж чадав. Тэр “Mail” сонинд өөрийн бичсэн номыг овоо өндөр үнээр хэсэгчлэн нийтлэхээр болов. Хожим нь түүний номоос сэдэвлэн “Луйварчин” кино хийгдэж гол дүрүүдэд Эван Макгрегор (Сонирхуулахад энэ жүжигчин Монгол охин өргөж авсан), Анна Фрил нар тогложээ. Лисон 2001 онд Миддлсексийн их сургуульд элсэн орж сэтгэл зүйчийн мэргэжлээр зэрэг хамгаалав. Одоо тэр ихэнх цагаа компаниудад эрсдэлийг хэрхэн удирдах талаар ярилцлага өгөх буюу янз бүрийн хурал зөвлөгөөн тусгай зоогийн үед илтгэл тавьдаг болжээ. Их Британи, Ирландад түүнийг гүйцэх илтгэгч цөөн байх. Лисон Оксфорд, Дублин хотын Тринити коллеж, Ирландийн Корке их сургууль зэрэг их дээд сургуулийн танхимд нэг бус удаа илтгэл тавьж байв. Түүнийг Голланд, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн БНУ зэрэг олон орон урьдаг байлаа. Лисон сонин амьдралынхаа туршлагыг илэн далангүй чин сэтгэлээсээ ярих нь сонсогчдын сонирхлыг татаж сониуч зан, гүн шохоорхлыг хөдөлгөж заримдаа үнэнхүү харамсах сэтгэгдэл төрүүлдэг
“Barings” банкны сүйрэл, түүнд Лисоны гүйцэтгэсэн нөлөө нь орчин үеийн санхүүгийн түүхэн дэх хамгийн их сэтгэл донсолгосон хэргүүдийн нэг юм. Арилжаачин асан илтгэл зохиолын шагналд олон мянгыг авдаг ажээ. Лисоны цалин хөлс, орлогын тодорхой хэсгийг “Barings”-н хохирогчдод өгөх гэрээ нь саяхан хүчингүй болсон. Түүнээс гадна Лисон одоо ч гэсэн өөрийн хөрөнгөөр санхүүгийн арилжаа хийсээр байгаа. Лисоны хувийн амьдралд ч азтай өөрчлөлт гарч 2003 онд тэр Ирланд бүсгүй Леона Тортейтэй хоёр дахиа гэрлэв. Леона мэргэжлийн гоо сайханч бөгөөд 8 настай Керсти, 14 настай Алекс гэдэг 2 хүүхэдтэй ч дундаасаа хүүхэдтэй болохыг мөрөөддөг байлаа. 2004 онд тэдний оролдлого үр дүнд хүрч Ник Леона хоёр хүүтэй болов. Одоо Лисоны гэр бүл Ирландын Гарвей гүнлэгийн ойролцоо Барна тосгонд амьдарч байна. Лисоны баталж байгаагаар өмөн үү хүний амьдралаар тоглож хяналт тавьж байх учиргүй гэнэ. Хүн хэдий чинээ зөв хандана түүнд төдий чинээ амьдрах боломж нээгддэг аж. Тэр бусдад бухимдлаа түүн шиг дотроо хадгалахгүй зовлон жаргалаа бусадтай хуваалцаж байхыг зөвлөж байна. Одоо тэр Леонад бодол санаагаа хэлж сэтгэлээ илчилдэг болжээ. Лисон өмөн үү туссан тохиолдол, бусад хүнд үед ороод байхдаа хүн гэдэг амьтан ямар өндөр зохицох чадвартай болохыг гайхдаг байлаа.
2005 оны зургаадугаар сард Лисоны бичсэн “Хавцалын эрмэгээс холдсон нь буюу бухимдалтай тэмцсэн нь“ нэртэй номоо хэвлүүлэв. Уг ном зохиогчийн “Луйварчин арилжаачин” номын төгсгөлөөс хойшхи амьдралын түүхийг хамарчээ. Тэнд түүний хувийн гансрал, сэтгэл догдлолын тухай өгүүлэхээс гадна алдарт сэтгэл судлаач Иван Тиррелтэй ярилцсан яриа оржээ. Энэ яриа нь урт удаан хугацааны бухимдлын уршгаар сэтгэл зүйн болон бие бялдрын хямралд орсон Лисоны сэргэн төлжилтийн түүх, хэн хүнтэй байнга л тохиолддог, гэр бүлийн харьцаа, өр шир ажил байдал амжилтын төлөө тэмцэл хүнд өвчнийг эсэргүүцэн давж гарах чадвар чадавхи юм. Номын бүлэг бүр намтрын хэсэг, Лисон Тиррел хоёрын яриа, түүнчлэн өөртөө тус болох аргачлал, асуултын жагсаалт, бие даасан ажилбарын хүснэгт зэрэг зүйлийг хамардаг. Энэ нь амьдралын бэрхшээл тохиолдсон хүмүүст тустай ном болжээ.
Лисонд 2005 оны 4-р сард Ирландын “Galway United Football Club”-т арилжаа эрхэлсэн захирал болохыг санал болгов. Тэр өөрийн дуртай ажил, сэтгэл хангалуун амьдралтай болсон. Дэлхийн санхүүгийн алдартай луйварчин “Barings”-г дампууруулсанаас хойш 10 гаруй жилийн дараа өөрийгөө таньж өөрийн амьдралаа өөрөөр харах болжээ. Тэрээр “Миний одоогийн амьдралын чухал зорилт бол сэтгэл санаагаа өөрчлөн эргэн тойронд болж байгаа зүйлсийн сайн талыг олж харах юм. Энэ бол тийм ч хүнд зүйл биш. Заримдаа энэ нь их хүндрэлтэй ч гэсэн гүйцэтгэж болдог” гэж ярьдаг.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









