



















“Centaurus Energy” дундын сангийн тэргүүн Жон Арнольд бол азтай хүмүүс нөхцөл байдлыг хэрхэн амжиж ашигладагийн тод жишээ юм. Түүний хөрөнгө 2012 онд нэг тэрбум ам.долларын дээс алхаж Арнольд Форбес сэтгүүлийн топ-400-гийн 317-р байрын хамгийн залуу баян Америк хүн болов.
Арнольд жагсаалтанд орсон бусад олон залуу баячуудаас ялгаатай нь өөрийн тэрбумыг өв залгамжилж аваагүй, эрчим хүчний зах зээл дээр “Centaurus Energy” дундын сангийнхаа амжилттай тоглолтоороо олсон юм. Арнольд өнөөдөр дундын сангийн хамгийн өндөр цалинтай эрхлэгчдийн нэг төдийгүй энэ үзүүлэлтээрээ худалдааны тэнхимд нэрд гарсан одод болох Эдди Ламперт, Стив Коэн нарыг ардаа орхив. Арнольд энэ онд өөрийн орлого болон “Centaurus”-ын хөрөнгө оруулагчдын орлогыг, байгалийн хий, газрын тос, нүүрстөрөгчийн бүтээгдэхүүний өндөр үнэ ханшийг ашиглан нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэх хүн алга байна.
“Хийж байгаа зүйлээ бид шүүн хэлэлцдэггүй. Бид Ти Бун шиг сүр дуулиантай ажилладаггүй” гэж Арнольдийн үгийг “Нью-Йорк Таймс” иш татаж байжээ. Tи Бун бол Техасын газрын тос олборлогч, нефть трейдер өөрийн арилжааны талаар CNBC телевизид мэдээлэл хийж байжээ.
Анхны сая долларууд
Жон Арнольд Америкийн жирийн дундаж гэр бүлд төржээ. Эцэг нь хуульч, эх нь нягтлан бодогч хийдэг байв. Залуу суутны авъяас билэг бүр эрт тодорчээ. Тэр гуравхан жилийн дотор Теннесси мужийн Нэшбиллс дэх Вандербилтын их сургуульд зэрэг хамгаалан 1995 онд Уолл Стрийтэд иржээ. Гэхдээ хаана ч хамаагүй биш, эрчим хүчний аврага “Enron”-д ажиллав. Энэ компанид Арнольд газрын тосны худалдаа хийж байгаад Жефф Буссаныг явахад байгалийн хийн худалдаа руу шилжив. 2001 онд 27 настай Жон байгалийн хийн худалдаанаас 750 сая ам.долларын цалин авчээ. Ажил олгогч нь худалдааны танхимын залуу одыг гомдоосонгүй. 2001 оны үр дүнгээр Арнольд найман сая ам.долларын бонус авсан нь энэ онд “Enron”-оос трейдер нартаа өгсөн хөлсний дээд хэмжээ байлаа.
Гол нь цагаа олж зугатах
Арнольд мөнгөндөө их бодлогтой хандав. “Enron”-д 2002 оны эхээр бужигнаан болж хэдхэн сарын дотор Америкийн компаниуд дотроос долоод бичигдэж байсан компанийн хувьцааны үнэ 80 тэрбум ам.доллараас бараг тэг болтлоо унахад Арнольд живж буй хөлөг онгоцноос түрүүчийн хүмүүстэй хамт зугтав. Удалгүй санамсаргүй тохиолдол боллоо. Тэр өөрт байгаа боломж болох “UBS” ба бусад хөрөнгө оруулалтын банкуудын урилгыг үл харгалзан “Centaurus Energy” гэдэг хувийн дундын сан байгуулахаар шийдэв. “Enron”-д хамт ажиллагсдын олонх нь “Enron”-ны сүйрлийн дараа “BP”, “Chevron” гэх мэт банк болон корпорациудад шингэжээ. Арнольд гарааны хөрөнгөө өөрийн найман сая ам.доллар болон хөрөнгө оруулагчдын бага сага мөнгөөр бүрдүүлэв. “Би өөрийн үзэл бодлыг аливаа хүнд сурталтны өмнө хамгаалах гэж зовохгүй өөртөө тохирсон бүтцийг байгуулaхыг хүссэн” гэж Арнольд бусдаас хамааралгүй тусгаар байх санаагаа илэрхийлсэн юм.
Оноож өгсөн нэрнээс нь харсан ч “Centaurus Energy” нь газрын тос, байгалийн хий болон бусад нүүрстөрөгчдийн бүтээгдэхүүний худалдаагаар мэрэгшихээр төлөвлөсөн ажээ. Америкт эрчим хүчний салбар, “Enron”-ны дампуурал ба залилангийн хэрэгт буруутгагдсантай холбоотой будлиан зэргээс болж дайрлагад дайруулсан юм шиг болсон, 2002 онд эрчим хүчний бүтээгдэхүүнээр мэргэших сан байгуулна гэдэг ухаан мулгуу хүний толгойд орох бодол баймаар санагдана. Тэр үед зах зээлийн үзүүлэлт маш муу арилжаачдын мөнгө олох боломж ч тун хомс байжээ.
Бие нь бага ч бэлчээр нь том
Жон Арнольд хямралыг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан юм. Бусад сангууд эрчим хүчтэй холбоотой үнэт цаасны хувьцаанд нилээд болгоомжтой хандаж байхад тэр “Centaurus”-ийг байгуулж аз хиймортой трейдер гэсэн нэр хүндийг олсон. Эхний хоёр жилийн туршид Арнольдын сан гадны хөрөнгө оруулагчдыг хүлээж авахгүй өөрийн хөрөнгөн дээр тоглов. Яваандаа эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ ч өсч, зах зээлийн нөхцөл ч таатай болж хямрал аяндаа сулрав. Өнөөдөр “Centaurus Energy”-ийн мэдэлд гурван тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Жон Арнольдын бүтцэд дөрвөн дундын сан “Centaurus Energy”, “Centauraus Energy Master Fund”, “Centaurus Partners”, “Centaurus Energy QP” болон “Centaurus Advisors” гэдэг санхүүгий зөвлөх компани багтаж байна. Санхүүгийн ертөнцөд сангууд нь онцгой хаалттай бүс байж хэвшжээ.
Өөрийн үзүүлсэн ажил үйлчилгээний төлбөрт сан хөрөнгө оруулагчдаас зах зээлийн дундаж ханшнаас 1.5 дахин илүү буюу байршуулсан хөрөнгийн ашгийн 3%-аас 30% хувийг авдаг. Ердийн дундын сан бол 2%-20%-иар тус тус хязгаарладаг байна. Гэвч ийм “дээрмийн нөхцөлд” ч Арнольдтой ажиллахыг хүсэгчдын жагсаалт дундардаггүй юм. “Centaurus Energy” бол өөрийн салбарын явцуу хүрээнд жил бүр хөрөнгө оруулагчиддаа цуу яриагаар 200%-ийн ашиг өгдөг байв. Харин 2005 онд “урагшгүй жил” болж 178%-ийн ашиг бүрдүүлжээ. Энэ бол мөрөөдлийн үзүүлэлт юм. “Centaurus Energy” хэдий амжилттай байлаа ч хэмжээгээрээ цомхон (бүгд 36 хүн ажилладагаас 17 буюу тэн хагас нь “Enron”-ны хуучин ажилчид) нарийн мэргэшсэн сан аж. Тэгээд ч хамтрагчид найз нөхөддөө сэм өөрийхөндөө таниулж ятгаж байдаг дундын сан юм.
“Centaurus Energy” эрчим хүчний зах зээлд туйлын буурьтай ханддаг байлаа. Сангийн ажилчдын дунд хөрөнгийн зах зээлд тун ховор цаг уурчийн орон тоо байлаа. Удаан хугацааны цаг агаарын урьдчилсан таамаглал “Centaurus Energy”-д тодорхой долоо хоног саруудад хүлээж авсан мэдээллийн дагуу эрчим хүчний үнийг өсгөх эсвэл бууруулж ажиллах боломж олгодог байв.
Улс төр, зах зээлийн эсрэг
“Centaurus Energy” болон бусад эрчим хүчний арилжаа хийдэг сангуудын ажиллагаа нь хожим хэд хэдэн хүчин зүйлүүдийг ноцтой хүндрүүлж магадгүй. Энэ нь зөвхөн газрын тос, байгалийн хийн үнийн уналт төдийгүй, эрчим хүчний хөгжлийн хэлбэрийг сонгох АНУ-ын засгийн газрын санхүүгийн судалгаа хийгдэх тухай сураг ч гарав. Засгийн газар дундын сангууд сүүлийн жилүүдэд АНУ-ын эрчим хүчний зах зээлийн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд шууд хамаардаггүй юмаа гэхэд хүчтэй нөлөөсөн гэж сэжиглэж байгаа аж. Эрчим хүчний үнийн өсөлт нь АНУ-ын эрх баригчид болон Ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдсэнээр улс үндэстний асуудал болж эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлж байна гэжээ.
Эрх баригчдын сэжиг ор үндэсгүй зүйл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. NYMEX болон түүхий эдийн фьючерс нь худалдааны комиссын мэдээгээр дундын сан ба адил төстэй бүтцүүд, эрчим хүч дамжуулагч материалын хувьцааны 47%-ийг эзэмшиж байна. Харин 2004 онд энэ тоо дөнгөн данган 20%-д байжээ. Эрчим хүчний зах зээлд өрсөлдөөн ширүүсч эхлэв. “Energy Hedge Fund Center”-ын мэдээллээр хүрээлэн байгаа орчны салбарт эрчим хүчний бүтээгдэхүүн бөөгнөрч, тэдний мэдэлд 60 тэрбум ам.доллар байна. Тэдний 200 орчим нь эрчим хүчний бүтээгдэхүүн дээр арилжаа хийдэг буюу “Centaurus Energy”-ийн гол өрсөлдөгчид байлаа. Зах зээлийн өргөжин тэлж байгаа өрсөлдөөний улмаас өнгөрсөн жилийн зунаас Жон Арнольд өөрийн бизнесээ биржийн арилжаанаас түр холдуулахаар шийдэв. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Лузиана мужийн Колорадод “Carlyle Group”-тэй хамтран байгалийн хий агуулах байгууламжинд хөрөнгө оруулав. Байгалийн хий зундаа 12 ам.доллар байдаг бол өвөлдөө 15 ам.доллар хүрдэг болохоор агуулахад хадгалж ашиг олохоор шийджээ.
Даруухан тэрбумтны хувийн амьдрал
Жон Арнольдийн хувийн амьдралын талаарх мэдээлэл, бизнесийг нь бодвол олонд төдий л танигдаагүй. Харин түүний тухай цөөхөн ч гэсэн дүгнэлтүүд дандаа эерэг талаас нь тодорхойлогдсон байдаг. Эрчим хүчний асуудлын зөвлөх Хьюстонд нэрд гарсан Арт Гелбер “Aрнольд бол бүх л талаараа ёсорхуу жинхэнэ жентельмен” гэж нотолдог. Түүнийг урлаг сонирхож, муугүй бүжиглэдэг, саяхан гэрлэсэн гэж ярьцгаадаг. Ганц л юм тодорхой байдаг “Centaurus Energy”-ийн тэргүүн хөрөнгөтэй баян ч гэсэн эгэл жирийн байдлаар амьдарч иржээ. Тэр ховор эдлэл, үнэтэй машин цуглуулдаггүй, фотомоделүүдтай учир ургуулж нэр холбогддоггүй ер нь олны анхаарал татахгүйг хичээж амьдардаг.
Олны амны зугаа болсон жир бус үйлдэл нь Арнольд дөрвөн жилийн өмнө 4.9 сая ам.доллараар Хьюстоны “River Oaks” дүүрэгт газар худалдаж авч тэнд байдаг “Dogwoods” байшинг нураасан явдал нь сүжиг бишрэлтэй Хьюстончуудын хувьд бараг л хувьсгал мэт санагдав. Уран барилгын түүх судлаачид 1926 онд уран барилгач Бердолл Брисколлын барьсан түүхийн үнэт зүйлс гэж нэгэн дуугаар батлаж байв. Гэвч Арнольд энэ уйтай хуучин байрыг шинэчлэн засварлахыг хүсэлгүй, Нью-Йоркийн дизайнер Александр Голины зургаар шоо хэлбэрийн дүрсүүдээс бүтсэн орчин үеийн загвартай шинэ шилтгээн бариулав. Чухам ийм хялбар хийц загвартай, ажил хэрэг явуулахад тохиромжтой байшин л Арнольдын зан чанар амьдрал ахуйн төлөв байдалд нийцэх биз ээ.
Орчуулсан: Ж.БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









