



















Монголчууд өнөөдөр өдөр тутмын амьдралаа цайгүйгээр төсөөлхийн аргагүй юм. Тэгвэл бидний аяганд уусдаг тэр жижигхэн ууттай цайг хэн санаачилсан юм бол гэж та бодож байсан уу?. Цагтаа дээдсийн ундаа хэмээн нэрийддэг асан цай өнөөдөр жирийн хүний амьдралын хэрэглээ болсон түүхийг та унших гэж байна. Магадгүй бидний нийтэлсэн нэлээдгүй бизнесийн түүх таны амьдралаас хол байсан байж болох юм. Харин энэ түүх танд дэндүү ойрхон, аяганд чинь уусан таныг хэзээ ямагт тайтгаруулж, амтаа мэдрүүлж байдаг ундаа болох цайны түүх билээ. Таалан уншина уу.
ЦАЙНЫ ХААН-ТОМАС ЛИПТОН
Та цайнд дуртай юу? Дургүй байлаа ч гэсэн Липтон гэдэг нэрийг мэднэ биз дээ. Хатан хаан тэргүүтэй Британийн арлынхан цайнд ямар дуртайг ярих нь илүүц биз. Англи хүн бүрт цайны баяр хөөр авчирсан Томас Липтонд хөлөг баатрын хэргэм хайрлажээ. “Цайны дүрт хөлөг” баатар маань хэн билээ? Түүний нэр амьд ахуйдаа домог болжээ. Урагштай үйлдвэрийн эзэн-саятан 300 гаруй ажилчидтай дэлгүүрийн эзэн 1890 онд гэнэт өөр ажил эрхлэх болов. Тэр цайны үнийг хямдруулхаар шийдэв. Англид хоёр зууны зааг дээр цай нь эгэл жирийн хүмүүсийн халааснаас давсан үнэтэй байж. Липтон үйлдвэрлэл ба борлуултаа нэг гарт төвлөрүүлснээр, цайны үнийг бараг гурав дахин хямдруулж чадсан юм.
Томас Жонстоун Липтон 1850 оны тавдугаар сарын 10-нд Ирландаас Глазгод шилжин ирсэн хуурай хүнсний наймаачин Липтоны гэр бүлд төржээ. Тэр тэдний тав дахь хүүхэд бөгөөд дунд насны гэр бүлийн сүүлчийн найдлага байлаа. Эхний хоёр хүүхэд нь нялхдаа үрэгдэж, үлдсэн охин хүү хоёрын эрүүл мэнд эцэг эхийн сэтгэлийг зовоож байлаа. Бяцхан Том хүнсний мухлагт ажилд нь туслана гэж тэд тооцоолж байв. Тэр таван наснаасаа л худалдааны ажлыг ойлгож мэдэж эхлэсэн. Мухлаг нь таван хүн багтахгүй өчүүхэн ч гэсэн ажил мундахгүй байлаа. Бяцхан Том заримдаа хичээл сургуульдаа ч явдаггүй байв.
Эцэг эх нь хүүгээрээ бахархаж, сайн туслагч өндийж байна, ажил хэрэг бүтэмжтэй байвал, арилжаагаа ч өргөжүүлж болмоор санагджээ. Гэвч хувь тавилан өөрөөр эргэлээ. Том бүх л амьдралаа эцгийн мухлагт өнгөрөөхийг хүссэнгүй. Тэр мөрөөдөгч байлаа. “Глазго” усан онгоцны засварын газар болон Америк руу ачаа тээврэлдэг тээврийн гол цэг байлаа. Томас Атлантын далайг гатлан, адал явдлаар дүүрэн алс холын шинэ ертөнцийг үзэхийг байнга мөрөөддөг байв. 1865 оны өвөл тэр Америк руу явахаар болсноо эцэг эхдээ хэлcэн байна. Арван таван настай Томас Липтон Глазго-Белфастын чиглэлд далайчны туслахаар оров.
Харамсалтайн нь үлгэрийн орон нь элгэмсэг бус угтжээ. Америкт ирсэн эхний гурван жилд Липтон ажил хайж Америкийн баруун эргээр таваргав. Саявтар дууссан Иргэний дайн бүх нутаг эдийн засгийн гүн хямралд хүргэсэн байна. Нью-Йоркод ажил олж чадаагүй залуу Томас Виржинид тамхины тариаланд, өмнөд Каролинд тутрагын талбайд ажиллаж ямар ч хамаагүй түр ажил эрэн Америкийн хээр талаар хэсүүчлэв.
1868 онд тэр Нью-Йоркийн нэгэн их дэлгүүрийн хүнсний тасагт худалдагчаар оржээ. Тэр үед том том их дэлгүүрүүд Америкт дөнгөж нээгдэж байсан үе. Энэ ажил нь Липтонд, нарийн зохион байгуулалттай худалдааны асар том машиныг үзэх ховор боломж байлаа. Чухам энд л Том хожим нь баримталж явах бизнесийн үндсэн зарчмаа тогтоож авав. Зар сурталчилгаа болон зээлийн бус худалдаа хожим нь түүний анхны дэлгүүрүүдэд амжилт авчирсан юм. Тэр үед Америкийн наймаачдын дунд “Бид бурханд итгэдэг, Бусдыг нь бэлэн мөнгөөр төлдөг” гэсэн зүйр үг уриа болдог байжээ. Энэ урианы эхний хэсэг доллар дээр мөнхөрчээ.
1871 онд бага зэрэг юм үзэж нүд тайлсан Томас хэдэн зуун паунд халааслан Их Британидаа буцаж ирэв. Сурсан мэдлэг, олсон туршлагаа төрөлх Глазго хотдоо өөрийн бизнест ашиглахаар шийдсэн байна. Эхэн үедээ Липтон эрхлэгч, худалдагч, кассчин, зарлагын үүргийг хавсран хийж байв. Тэр өөрөө далайн эргийн зогсоолоос бараагаа тэргэнцрээр татаж, худалдсан бараагаа хүргэж өгч, бэлтгэн нийлүүлэгчидтэй очиж уулздаг байлаа. Ингэж явахдаа яаж худалдан авагчдыг татах вэ, яаж тэднийг байнгын харилцагч болгох вэ гэсэн бодлоос хормхон ч салдаггүй байв. Зар сурталчилгаа ямар их ашиг өгдөгийг Америкт байхдаа харсан болов ч түүнд сурталчигаа хийх мөнгө хүрэлцэхгүй байлаа.
Харилцагчиддаа алдахгүйн тулд барааныхаа үнийг нэмж чадахгүй байв. Харин ч үнээ буруулахын тулд тэр ойр тойрмын фермүүдээр тэнүүчлэн, бараа таваараа үйлдвэрээс нь дундын зуучлагчгүйгээр шууд авахыг хичээдэг байсан аж. Иймээс өөрийн уран сэтгэмж, зохион бүтээх авъяасаа шавхах хэрэг гарна. Үзүүлэнгийн хоргонуудад тэр бүх сэтгэлээ гарган барааг чамин янзаар өрж, хана болон шилэн дээр нь хөгжилтэй зураг зурж, худалдан авагчдыг уриалан дуудсан зурагт хуудсуудыг долоо хоног бүр сольдог байв. Ингэхийн тулд шог зураач хөлслөн түрийвчээ хоослосон удаа ч бий. Ийм зарлага багатай зар сурталчилгаа нь ажиллаж эхлэв. Дэлгүүрийн хажууд олон улс өдөр шөнөгүй бөөгнөрөх болжээ. Том ч үзүүлэнгээ хийн дэнлүүгээр гэрэлтүүлэхээ мартсангүй.
Түүний уран сэтгэмжид хязгаар үгүй аж. Жишээ нь 1881 оны зул сарын баяраар тэр Америк руу дэлхийд хамгийн том бяслаг захиалан авчиржээ. Энэ бяслаган уулыг хөлөг онгоцны зогсоолоос дэлгүүрлүүгээ авчрах тэр үеийг хожим Глазгогийн оршин суугчид олон жил дурссан юм. Бяслагны дараалал сунжирч хоёр цагийн дотор бяслаган уул зарагдаж дуусав. Сэдсэн санаа зөвдөж, эзэн нь алдаршив. Томас Жонстоун Липтон 25 насандаа Шотландын баруун хэсэгт 20 дэлгүүр нээн эзэмшиж, 35 насандаа Их Британи болон Европын орнуудад дэлгүүрийн сүлжээтэй болжээ. 1890 онд хуурай хүнсний магнат маань шинэ бизнес эрхэлхээр шийдэв.
Липтон тэр үед өөрийн барааны өндөр үнийг дэмжиж байсан цайны худалдаа хийдэг “луугарууд”-тай тэрсэлдэж эхлэв. Томас цайг чанарыг нь алдагдуулахгүйгээр хүн бүхэнд хүртээмжтэй, үнэ хямд болгохоор шийдсэн. Томас Австрали руу шинэ дэлгүүр нээхээр явах цуу тараагаад, үнэндээ Цейлон дахь Коломбо руу явжээ. Тэр үед Цейлонд голдуу кофе тарьж байв. Газар тариалан бараг бүхэлдээ кофенд эзлэгдсэн байж. Гэвч арал дээр 1869 онд кофены навчнаас өвчин гарч ихээхэн талбай нь дуудлага худалдаагаар зарагджээ. Газрын үнэ унаж Том 5500 акр хэмжээтэй таван хэсэг цайны тариалангийн газар хямдхан худалдаж авав. Энд л Липтон үйлдвэрийн эзний ид шидийг жинхэнэ гаргав. Тэр цайны найрлага бэлдэх мэргэжилтэнүүдийг хөлслөн авлаа. Энэ уламжлал нь өнөөг хүртэл хадгалагдан иржээ. “Lipton Tea”-цайны найрлагыг тогтоохдоо тодорхой орон юм уу, нутаг дэвсгэрт усны хатуулагыг их анхаардаг бөгөөд үүнээс цайны амт их хамаардаг байна.
Цайны зах зээлийг байлдан дагуулах ажлаа Липтон жинхэнэ цэргийн шинжлэх ухааны дүрэм журмаар явуулав. Тариалангийн талбайд тухайн үед л байж болох техникийн шинэчлэлийг нэвтрүүлж байв. Цайны навчийг талбайгаас боловсруулах газарт хүргэхэд цаг их алдаж байгааг анзаарч татлагат шугам угсрав. Уг шугамаар сагстай цайны навчийг зөөх болжээ. Томас Англи руу тасралтгүй тээвэрлэх ажиллагааг зохицуулж, дээр нь агуулах болон сав баглаа боодлыг байнга сайжруулж байв. Цайны анхилам үнэрийг хадгалахын тулд цайг задгайгаар биш савалагаатай зарах санааг анх гаргажээ.
Эцэст нь тэр тавьсан зорилгодоо хүрч, цайны үнийг хямдруулан, нийтийн хүртээл болсон ундаа болгож чадав. Тэр дундаж ангийг байлдан дагуулж цайны зах зээлийг эзэгнэсэн юм. Томас зар сурталчилгаанд цацах мөнгөтэй болж, сурталчилгаа нь ч нийтийг хамарсан бодож боловсруулан чанартай болов. Жишээ нь: Цай ачсан хөлөг онгоц зогсоолд ирж, ачааг буулгах ажлыг бүхэл бүтэн тоглолт дагалддаг байлаа. Үлээвэр хөгжим хангинаж гял цал болсон оролцогсод нь хачин чамин зэмсэг дуугарган хайрцагтай цайны араас дагана. Сонинуудад “Талбайгаас шууд аяга руу” гэсэн үгтэй Цейлон арлын сайхан бүсгүйн зурагатай сурталчилгаа гарч эхлэв.
Зар сурталчилгааны ийм компанит ажил явуулах нь манай үеийн ямар ч бизнесмений атаархах сэтгэлийг төрүүлэх биз. Липтон гэдэг нэр эхний жилдээ л цай гэсэн үгтэй нягт холбогдон гарч ирэв. Харин Томасын хөрөнгө асар их зардлыг үл харгалзан түргэн аривжсаар байлаа. Аажимдаа цайны ихэнхи хэсгийг Энэтхэгээс авдаг ч Цейлон Липтон гэсэн үг утга ижил сонсогдох болов. Липтон арилжааны тогтолцоогоо өөрчиллөө. Цайг задгай зарахыг больж цаасан хайрцагт савладаг болов.
Дараа нь савлагаагаа хэн ч харсан танигдахаар болгожээ. Толгой дээрээ сагс тавьсан Сингалезийн бүсгүйн зурагтай гоёмсог хайрцагтай цай тухайн үеийн жинхэнэ билэг тэмдэг болов. “Липтон” цайны жинхэнэ шүтэн бишрэгч нь хатан хаан Виктория байлаа. Тэрээр бизнесмений зүтгэлийг зохих ёсоор үнэлж Англичуудын амьдралын хэв маягийг төлөвшихөд оруулсан хувь нэмэрийг үнэлэн “Сэр” цол хайрлав. 1897 онд олонд танигдсан цай эзнээ “Хөлөг баатар” болгосон юм.
Липтон гурван зэрэглэлийн цай үйлдвэрлэдэг. Хамгийн сайн нь “Quality №1” Липтон гэсэн улаан логотой нь. Энэ цай өнөөдөр дэлхий дахинд “Lipton Yellow Label” нэрээр алдаршжээ. Удалгүй 1898 онд компани хувьчлагдаж сэр Томас захиргааны дарга болов. Хувьцааны үнэ тэнгэрт хадаж Липтон 2 сая гаруй паунд олжээ. 1901 онд цайны магнат Томас Липтон дарвуулт завины Америкийн цомын тэмцээнд орцлоо. Энэ тэмцээнд оролцсоноос хойш Липтоны нэр Америкт өргөн тархаж, цайны борлуулат ч өсөв. Цай үнийн хувьд боломжтой, хамгийн өргөн тархалттай ундаа болоход энэ нь бага байлаа.
Бас нэг жижигхэн алхам хэрэгтэй байв. Түүнийг нь 20-р зууны эхээр Америкийн Томас Салливан гүйцэтгэв. Өнөө үед нэг удаагийн жижиг ууттай цай үйлдвэрлэх технологи сайн хөгжсөн. Уутны төрөл ч хавтгай, дугуй, дөрвөлжин, утастай утасгүй гээд маш олон янз. Эдгээр уутан дотор (хар, ногоон, улаан) цай хандлахад навч, холтос, цэцэг, үндэс гээд хэрэгтэй бүхнийг хийдэг. Хамгийн өргөн тархсан уут нь давхарлан нугалсан тэгш өнцөгт уутнууд юм. Чухам ийм уутыг 1952 онд Липтоны мэргэжилтнүүд санаачлав. Ийм ууттай цайг хэрэглэхэд буцалсан ус нь цайны навчинд сайн нэвчдэг байна.
Хамгийн анхны цайны уут нь жижигхэн торгон уут байв. Түүнийг Нью-Йоркийн ресторануудад цай нийлүүлдэг залуу Америк худалдаачин Том Салливан гараараа оёжээ. Түүнд баяжих сонирхол маш их байв. Жижиглэн савалсан цай овоо мөнгө өгнө гэж сэтгэсэн тэр 1904 онд цай захиалагчдад гараар оёсон жижиг торгон уутанд савласан цайг санал болгов. Түүний таамаг зөв байж, харилцагчдад шинэ зүйл нь таалагдав. Мэдээж гал зууханд цайны навч шаарнаас болж байнга хогтой байдаг. Харин торгон уут задрахгүй, цай ч уутанд сайн хандарна. Шинэ зүйл агшин зуур дэлгэрэн тархлаа.
Нью-Йоркийн бүх ресторан, кофе, цайны газрууд цайг уутанд хандалдаг болж торгон уутны оронд хямдхан самбайгаар хийдэг болов. Анхны торгон уутттай цай худалдан авагчаа олсноос хойш арван жилийн хойно савласан цай мэргэжлийн тогооч төдийгүй олны хүртээл болов. Ихэнх худалдаачид нэг удаагийн ууттай цайг борлуулах нь их ашигтай болохыг олж мэдэн уутлан жигнэх тоноглолтой болж эхлэцгээв. 1914 онд цайны уутанцар Европыг хамарлаа. Ялангуяа дэлхийн нэгдүгээр дайны голомт дээр тулалдаж байсан цэргүүд их үнэлэв. Ингэж цайны уут дэлхий дахиныг эзлэх ялалтын аянаа эхлэв. Өнөөдөр амьдралдаа ууттай цайг хандлан ууж үзээгүй хүн олдохгүй биз ээ.
Липтон руугаа эргэж харъя. Сэр Томас Жонстоун Липтон 1930 оны 10 сарын 2-нд нас нөгчөв. Түүний хувийн хөрөнгө энэ үед сая фунт стерлингээр үнэлэгдэж байлаа. Томас өв залгамжлагчгүй тул бүх хөрөнгийг нь өглөг буяны үйлст зориулжээ. Липтон компани болон олон орон дахь түүний салбарууд Томас Липтоны нас барсаны дараа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. 1926 онд Липтон компаны Америк дахь салбарын ихэнхи хувьцааг Америкийн “Ван ден Берг” компани худалдан авчээ.
1974 онд Англи-Голландын “Unilever” компани Липтон цайны эзэнт гүрнийг бүрдүүлж байсан бүх компанийг худалдан авчээ. Харин хэдэн жилийн өмнө тэд Липтон брендийн имижийг шинэчлэхэд 100 сая долларын хөрөнгө оруулсан юм. “Unilever” өнөөдөр “Coca-Cola” болон бусад архигүй ундаа үйлдвэрлэгчидтэй амжилттай өрсөлдөх зорилгоор цайны ашигтай чанаруудад найдлага тавин ажиллаж байна.
Липтон цайны арилжааны нэр төрлийн шинэчлэлт үүгээр зогссонгүй. “Unilever”- ынхан цайны сав баглаа боодлын дизайныг өөрчлөв. Зуун жилийн туршид анх удаа цайны хайрцаг, зүүлтнээс сэр Томас Липтоныг дурссан хэсэг алга болжээ. Үүнийгээ брендийн хөгширөл болж, орчин үеийн, арилжааны цайны нэр төрлүүд хүчтэй өрсөлдөж байгаа өнөөгийн нөхцөлд, эмгэд хөгшидийн цай болох аюул нүүрлэж байна гэж тайлбарладаг. Гэвч ийм юм болсонгүй. Липтон брэнд тэсч гарав. Одоо уламжлалт шар хайрцагтай олноо танигдсан бүтээгдэхүүн, Томас Липтоны бүтээсэн цайны нэр төрөл өнөөг хүртэл хэвээр үлдэв.
Авъяаслаг хүний сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн үйлс, нас барсан хойно нь ч мөнхрөн үлддэг ажээ. Өнөөдөр аягандаа жижигхэн уттай Липтон цай хийхдээ, өөрийн үйл хэрэгтээ үнэнч уйгагүй хөдөлмөрч Ирланд эр Томас Липтоныг дурсаж байгаарай. Тэгвэл аяга алтан шаргал ундааны хажуугаар түүний сэтгэлийн эд эс таныг бүлээцүүлэх болно.
Орчуулсан: Жамбалдожийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









