



















Мексикийн хамгийн баян хүн Карлос Слим Хелугийн намтар юуны өмнө хүч хөдөлмөр, шаргуу зан, мэдлэг чадвар, итгэл найдвар, зорилгодоо хүрэх эрмэлзлэлээрээ сонирхолтой. Түүний намтарт хөдөлмөрч чанар, эцэг эхийн олгосон санхүүгийн боловсрол чухал байр эзлэнэ. Дэлхийн хамгийн баян хүний амжилтын нууц нь юунд байв? Ийм амжилтанд хүрэхийн тулд юу хэрэгтэй вэ? эд баялаг алдар нэрийн тавцан дээр гарахын тулд өөртөө ямар чанар, дадaл зуршил бий болгож хөгжүүлэх хэрэгтэй вэ? Тэгвэл хамтдаа учрыг нь олохыг хичээцгээе!
Карлос Слим Хелу 1940 оны 1-р сарын 28-нд Мехикод төржээ. Карлос Ливанаас цагаачилж ирсэн христос шашинт гэр бүлийн таван хүүхдийн дөрөв дөхь нь байлаа. Карлосын эцэг Ливанаас 14 настайдаа Мексикт ирсэн аж. Тэр Испани хэлээр “A” ч мэдэхгүй ганцаардаж байсан ч урам зориг эрч хүч, амьдралд хэрэгжүүлэх олон сайхан санаа дүүрэн байв.
Ирээдүйн хамгийн баян хүний эцэг Дон Хулиан Слим 9 жилийн дараа буюу 1911 онд өөрийн ахын хамт “La Estrella de Oriente” орчуулбал “Дорнодын Од” нэртэй компаниа байгуулж хуурай хүнсний барааны арилжаа эрхлэх болов.
Карлос Слим Хелугийн эцэг их авъяаслаг, одтой бизнесмен байлаа. Тэр 10 жилийн дотор өөрийн бизнесээ өндөр ашигтай болгоод зогссонгүй олсон мөнгөөрөө Мехикогийн төвд хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудад худалдааны 11 үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан.
Слимын гэр бүлийнхнийг баяжихад юу туслав?
Дон Хулиан Слим нэртэй бизнесмен төдийгүй, гэр бүлийн үлгэр жишээ эцэг байлаа. Үр хүүхдээ хөдөлмөрт дуртай, хүндэтгэлтэй, сэтгэл зүйн үнэт зүйлсэд дуртай болгож хүмүүжүүлж чадсан үлгэр жишээ аав байв. Хожим Карлос Слим Хелугийн аав Ливаны худалдаа үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшин, Мексикийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан тул энэ орны иргэний эрх олж авчээ. Дон Хулиан Слим бүх хүүхдүүдээ гэр бүлийн доторх харьцаа бол амьдралын нэг чухал суурь давуу тал гэсэн ойлголтыг өгч чадсан юм. Учир нь гэр бүлийн харьцааг чинээлэг амьдралын өсөлтийн үндэс суурь нь гэж үздэг. Чухамхүү гэр бүл л тавьсан зорилгодоо хүрэх асуудлын учир шалтгаан болдог юм. Чи ойр дотныхоо хүмүүсийн амьдрал чамаас хамааралтайг мэддэг бол, чамд залхуурах өөрийн бүтэлгүйтэлд өрөөл бусдыг буруутгах үндэслэл байхгүй. Чи зүгээр л зүтгэж, хийж бүтээх болно. Ингээд гол баатрынхаа тухай яриандаа эргэн орьё! Цаашлах тусам сонирхолтой болно. Энэ өгүүллэгийг уншсан хүн бүхэн хүүхдэд өсвөр наснаас нь санхүүгийн боловсрол олгохын чухалыг ойлгох юм.
Анхны хөрөнгө оруулалт
Ирээдүйн хамгийн баян хүн маань эд баялагаа нэмэгдүүлэх анхны хичээлүүдээ бүр бага балчир насандаа үзжээ. Эцэг нь хүүхэд бүртээ дэвтэр өгч тэднийг өөрийн зарлага, орлогоо бичиж байхад сургажээ. Дараа нь тэд бүгдээрээ цуглан бичсэн зүйлээ хэлэлцэн хүн бүрийн хөрөнгийн хэмжээг тооцон судалгаа хийдэг байв. Энэ хялбархан дүрмийн ачаар Дон Хулиан Слимын хүүхдүүд өөрийн санхүүгийн хэргийг хөтөлж эд баялагын эх үүсвэртэй болжээ. Чухам тэр үеэс л хадгаламж ба хөрөнгө оруулалт залуу Карлосын амьдралын нэн чухал хэсэг болов. Харин анхны хөрөнгө оруулалтын туршлагаа тэр 12 настай байхдаа “Banco Naciona de Mexico”-ийн хувьцааг худалдаж авах данс нээлгэн эхэлжээ.
Энэ ашигтай туршилтанд анхаарлаа хандуулж өөрийн ба өөрийн үр хүүхдүүдийн амьдралд нэвтрүүлээрэй. Эд баялаг цуглуулах, хөрөнгө оруулалт хийх явдлыг өөрийн амьдралын салшгүй хэсэг болгож чадвал таны нэр алдар дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний мөрүүдийг чимж байх ч юм билүү хэн мэдлээ. Карлос Слим Хелугийн эцэг нь 1953 онд түүнийг дөнгөж 13 настай байхад зуурдаар нас барсан юм. Энэ нь бяцхан хүүд асар их шаналан байлаа.
Тоймгүй баяны анхны бизнес
Карлос 1961 онд Мехикогийн бие даасан Үндэсний их сургуулийг инженерийн мэргэжилээр төгсчээ. Ингээд 1965 онд 25 насандаа тэр өөрийн ирээдүйн эзэнт гүрэн “Grupo Carso”-ийн эх суурийг тавьж эхлэв. 1966 онд тэр өөрийн үл хөдлөх хөрөнгийн агентлаг “Inmobiliaria”-г байгуулжээ. Энэ агентлагийнхаа ачаар хожим нь яалт ч үгүй хэрэг болох гарааныхаа хөрөнгийг босгожээ. Энд дахин бяцхан ухралт хийж, таны анхаарлыг нэг баримтад хандуулах гэсэн юм. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн туршлагыг судалж үзвэл улиг болсон нэг зүй тогтол байдаг. Тэд бүгд өөрийн бизнесээ хөгжүүлж тэлсэн байдаг. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Баян болохын тулд өөрийн ажил хэргээ өргөжүүлэх хэрэгтэй юм байна. Хөгжлийн тулгуур үеийг өнгөрсөн зууны 80-аад оны үеэр тооцож болох юм. Энэ үед тэр янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг алдартай эзэн болсон байв.
Хямрал санаснаас аймшигтай биш
Тэр 1966-80 оны хооронд хэд хэдэн компани байгуулж бас хэдэн том үйлдвэрийн газрыг худалдан авчээ. 1982 онд Мексик даяар санхүүгийн хямрал нүүрлэж өөрийн өр зээлээ барагдуулах чадваргүй болсон хөрөнгө оруулагчид энэ орныг яаравчлан орхиж өөрийн оруулсан хөрөнгөө татан гаргаж эхлэв. Тэргүүлэх томоохон компаниудын хувьцааны үнэ унаж, эхэлсэн нь Карлос Слимд шинэ компаниудыг сул үнээр худалдан авч өөрийн эзэнт гүрнийг тэлэх боломж олгон түүнийг Мексик даяар алдартай бизнесменуудын нэг болгов. 1990-ээд оны эхээр “Carso Group”-ын бүрэлдэхүүнд уул уурхайн олборлолт, металлургын болон химийн үйлдвэрүүд багтаж, банкны, худалдаа үйлчилгээний болон зочид буудлын бизнес эрхэлж байлаа.
Мексикийн хямрал Карлосын хувьд өөдөлж өндийх цаг үе нь байлаа. Үүнээс үүдэн хямрал ч бас сайн юм гэсэн дүгнэлт хийж болох нь. Манай баатар бусад хүмүүс байх газраа олж ядан сандралдаж, байхад урагш довтлон шийдвэрлэх алхам хийсэн хүмүүсийн эхнийх нь ч биш. Тийм болохоор хямралыг “хадны мангаа” шиг үзэх биш танд шинэ боломж, өргөн далайц нээж өгөх таатай нөхцөл гэж хандах хэрэгтэй.
Дэлхийн хамгийн баян хүний далд зэвсэг
1990-ээд оны эхээр Слим томхон хэмжээний арилжаа хийж харилцаа холбооны томоохон монополь компани болох “Telmex” (Telefonos de Mexico) худалдан авчээ. Уншигчдын хэн нэгэнд энэ үйл явдал гойд сэтгэгдэл төрүүлэхгүй байж мэднэ. Харин энэ арилжааны санхүүгийн тайлантай нарийн танилцаад үзвэл “тэр яаж чадав аа?” гэж өөрөөсөө асууж мэднэ шүү. Учир нь тэр үед 12 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн уг компанийг Карлос Слим 400-хан сая ам.доллараар худалдан авч чадсан юм.
Энэ арилжааны цуугаар олон нийтийг цочроосон байцаалт хийж, төрийн дээгүүр албаны түшмэд бүр улсын ерөнхийлөгчид хүрсэн үйл ажиллагаа явагдав. Гэвч энэ байцаалт шалгат юунд ч хүрсэнгүй намжив. Үүнд ч гэсэн дэлхийн хамгийн баян хүний ашигтай нэр нөлөө ихтэй хүмүүстэй танилцаж, хэрэгтэй зүйлээ хийлгүүлж чадах авъяас билгийн тухай хэлэхгүй өнгөрч болохгүй биз. Тэр “PRI” намын дэмжигч, ивээн тэтгэгч нь байсан ба намын дарга хуучин ерөнхийлөгч асан Карлос Салинастай холбоотой байсан аж. Чухамхүү энэ хамтын ажиллагаа, холбоо сүлбээ нь Карлос Слим Хелуг олон жилийн турш өөрийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх боломжийг олгож байсан юм.
Карлос Слим дэлхийг эзэгнэх нь
Энэ үед дэлхийн ирээдүйн хамгийн баян хүн маань зөвхөн Мексик орны хүрээнд бизнес эрхлэх нь давчуу санагдаж олон улсын зах зээл рүү гарахаар шийдэв. “Grupo Carso” нь олон нийтийн компани болж өөрийн анхдагч хувьцааг (IPO) байршуулж эхлэв. Өөрөөр хэлбэл хүссэн бүхэн компанийн хувьцаа эзэмшигч болж компанийг хэсэгчлэн авч болно гэсэн үг юм. 2000 оны үед Карлос Слим хоршоолол, харилцаа холбооны салбарт нөлөөгөө өргөтгөж эхэлсэн. Хоршооллын үндсэн эргэлтийн хөрөнгө нь Латин Америкийн концерциум дахь “America Movil” үүрэн холбооны операторын хувь болон “Inbursa” санхүүгийн компанийн хувьцаа юм.
2002-2007 онд сеньор Карлос Слим бүх Латин Америкийн харилцаа холбооны компаниудыг үргэлжлүүлэн худалдж авсаар байв. Тэр Бразил, Перу, Гондурас, Аргентин, Колумби, Сальвадорийн эргэлтийн хөрөнгийг худалдан авчээ. 2008 онд Слим “Citibank” ба “The New York Times” сонины багахан эргэлтийн хөрөнгийг худалдан авсан байна. Мэдээллээс үзэхэд бизнесмен хямралын байдалд орсон буюу хямдхан үнэлэгдсэн эргэлтийн хөрөнгийг худалдан авч сайжруулаад цааш нь дамлан зардаг ажээ.
Карлос Слим, Билл Гейтс, Уоррен Баффет нарын хэн нь илүү вэ?
2002 онд Карлос Слим “Форбэс”сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад анх оржээ. Түүний хөрөнгө 11 тэрбум еврогоор үнэлэгдэж байж. Харин 2006 онд тэр 30 тэрбум ам.долларын хөрөнгөөр Уоррен Баффет, Билл Гейтс хоёрын дараа жагсаалтын 3-рт бичигдсэн байна. 2007 онд “Fortune” сэтгүүл Карлос Слим Хелуг дэлхийн хамгийн баян хүн гэж анх мэдэгдсэн боловч “Форбэс” сэтгүүлийнхэн энэ саналыг дэмжээгүй татгалзсан юм.
Дараа жил нь буюу 2008 онд “Форбэс”-ийн жагсаалтаар Карлос Слим 60 тэрбум ам.долларын хөрөнгөөр алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын дараа хоёрдугаарт орсон байна. Харин 2009 онд Мексикийн бизнесмен дэлхийн санхүүгийн хямралаас болж 20 гаруй тэрбум ам.доллараа алдаж эргээд гуравдугаар байранд оржээ. Харин 2010 оны эхээр компанийн үйл ажиллагаа сайжирсны үрээр Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн баян хүн болж түүний хөрөнгө 53.5 тэрбум ам.долларт хүрчээ. Түүний араас Билл Гейтс 53 тэрбум ам.доллараар удаалсан байна. Мөн 2011, 2012 оны жагсаалтыг ч тэргүүлж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 74 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Дэлхийн хамгийн баян хүний хэлсэн сонгодог гурван хэллэг
“Баялаг бол модыг нь биш үр жимсийг нь хурааж авах ногооны талбай”
“Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дэлхийг өөрчлөх гэж хүсдэг. Би бол дэлхийд үйлчлүүлэх гэж үр хүүхдээ сайн сайхан болгох гэж оролддог”
“Амьдралынхаа хамгийн хөнгөн сайхан цаг үед ч аливааг хэтрүүлэхээс зайлс хийж яв, тэгвэл хамгийн хүнд хэцүү үед ч хэвийн тогтонги байдлыг хангаж өгнө”
Гэр бүл бүхнээс чухал
Слим Хелу бэлвэсэн эр хүн. Түүний гэргий 1999 онд зургаан хүүхдээ үлдээгээд нас барсан юм. Хамгийн том нь Карлос Слим Долиот одоо “Carso Group”-ын захирлуудын зөвлөлийг тэргүүлж байна. Бусад хөвгүүд болох Марко, Антонио, Патрик, нар эцгийнхээ бизнесийн ажилд гар бие оролцож байна. Карлос Слим Хелу өөрийн гэр бүлд маш чухал олон зүйлийг оруулсан хүн. Гэхдээ мөнгө биш. Тэр гэр бүлийн бүх гишүүдэд гэр бүлийн харьцааны үнэ цэнийг мэдрүүлж, бие биеэ хайрлах хүндлэх хүмүүжлийг олгосон.
Карлос дэлхийн баян хүмүүсийн нэгэн адил, өглөг буяны ажилд гар татаад байдаггүй нэгэн. Латин Америкийн хөгжилд ойрын үед маш хүчтэй урам өгч магадгүй. Дэлхийн хамгийн баян эр маань боловсролын болон нийгмийн тусламжид асар их хөрөнгө хаядаг. Ер нь ажил үйлс нь өөдрөг амжилттай яваа хүмүүс өөрийн амбиц, хүсэл хяслаа хангахаас илүүтэй даяаршлын зорилго тавьж байдаг. Өөрийнхөө өмнө эх дэлхийн сайн сайхны төлөө, хожим хойч үеийнхэн талархан дурсахаар сайн үйлсийн ул мөр үлдээх зорилго тавьж явахыг эрхэмлэх нь чухал юм.
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Орчуулсан: Ж.БАДАРЧ









