



















Хүмүүс янз бүрийн аргаар л хөрөнгө оруулагч болцгоодог. Зарим нь илүүдэл мөнгөө эргэлтэнд оруулах гэж, зарим нь бүр “хөрөнгө үржүүлж” хүн шиг амьдрах гэж идэх талхныхаа үртэсийг хаман байж хөрөнгө оруулдаг. Хүн бүхний хөрөнгө оруулах сонирхол шийдвэр ч өөр өөр байдаг. Бидний өгүүлэгийн гол баатар, өөрийн санхүүгийн байдлын тухай, согтууруулах ундаа (өдөрт нэг галлон архи, нэг галлон-3.78 литртэй тэнцэнэ), кокаины үйлчилгээнд нилээд хэдэн жилийг өнгөрөөсний дараа бодолхийлжээ. Ийм амьдрал түүнийг 30 насандаа панкретитын өвчлөл тусч ходоод нь хөлбөмбөгийн бөмбөг шиг томорч бэтэг гарч эмнэлэгт хэвтэхэд хүрэв. Эмч нар түүнийг аварлаа. Харин тэрээр цаашдын амьдралаа ул суурьтай бодох цаг ирсэнийг ойлгосон байна.
Эмнэлэгээс гараад Майлк Эндрю “Дафф” Мак Каган басс гитарчин байсан “Guns N` Roses” хамтлагаа орхиж архинаас ч бас гарчээ. Орлого зарлагын тэнцлээ эрүүл саруул ухаанаар хараад, их мөнгө олдогч гэсэн мөнгөө ухаалаг зүйлд хөдөлгөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Дунд сургууль ч төгсөөгүй хөгжимчин маань шинэ ажил үйлст үнэхээр дур сонирхолтой байв. 17 жилийн дараа Мак Каган өөрийн төдийгүй рок одод найз нарынхаа хөрөнгийг хөдөлгөж эхлэв.
(Mак Каган алдарт "Guns N`Roses" хамтлагт басс гитарчин байх үедээ)
Удалгүй “эрүүлжсэнээсээ” хойш 1994 оноос Дафф хөрөнгө оруулж эхлэв. Тэр “Starbucks” сүлжээ, программ хангамжийн “Microsoft” компани болон “Amazon.com” зэрэг интернет компаниудын хувьцаанд 100 мянган ам.долларын хөрөнгө оруулжээ. Сонгож хөрөнгө оруулсан энэ гурван компани нь бүгд хөгжимчны төрлөх хот Сиэтлд байдаг байсан болохоор үнэт цаасны сонголт нь зүгээр л тохиолдол байв. Гэхдээ жилийн дараа бүх хувьцааны үнэ нугарч өссөн тул хөрөнгө оруулалт гайгүй ашиг өглөө. Хэрэв энэ байдлаараа өнөөг хүртэл байж чадсан бол сая гаруй ам.доллартай байх байжээ.
Оруулсан хөрөнгөө мэдлэгтэй чадмаг хөдөлгөж байхын тулд тэр суралцахаар болсон байна. Эхлээд тэр санхүүгийн тайлан гаргах аргыг суралцсан ч юу ч ойгоогүйгээ мэдэв. Хөгжимчны санхүүгийн мэдлэгийн тухай Италид тохиолдсон онигоо шиг явдлаар дүгнэж болно. Мак Каган Италид очсон даруйдаа байр хөлслөхөөр болжээ. Тэр үед евро хараахан гараагүй байсан үе билээ. Тэрээр байрны сарын хөлс болох 400 мянган лирийг ам.доллараар төлөхийг оролдсон хөгтэй явдлыг найзууд нь одоо болтол дурсцгаадаг. Тийм ч учраас хөгжимчин болсноор тасалдсан ерөнхий боловсролын сургуулиа төгсгөж, коллежид элсэн орж санхүүгийн зах зээлийг судлан бүр Сиэтлын их сургуулийн дэргэдэх биснесийн сургуульд элсэн оржээ. Гэвч тэр сүүлд орсон сургуулиа дүүргэж чадалгүй нэг улирал дутуу байхад шинээр орсон “Velwet Revolver” хамтлагтайгаа аялан тоглолтоор явжээ.
Хөгжимчин маань олж авсан мэдлэгээ шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж эхлэв. 2009 онд “PlayBoy” сэтгүүлд түүний санхүүгийн болон “Duffonomics” эдийн засгийн тухай мэдлэг нимгэн хүмүүст энгийн үгээр чөлөөтэй тайлбарлан бичсэн долоо хоног тутмын нийтлэл гардаг байлаа. Мак Каган өөрийн нийтлэлүүддээ Обамагийн “социалист” үзэл санаа болон бүгд найрамдахчуудын консерватив үзлийн “дундаж”-ийг баримтлахыг хичээж байгаа нь сонин. Колумнистуудын үзэж байгаагаар “зах зээлийн үл үзэгдэх гар” байдаг, харин төр “компаниудын шунахай сэтгэлийг” зохицуулах ёстой бөгөөд чадна гэх мэтийг өгүүлсэн.
2011 онд Мак Каган мэргэжилийн хөрөнгө оруулгч Энди Боттомли, Иэн Уотсон нартай хамтран “Media Rock Capital Management” нэртэй компанийг үүсгэн байгуулжээ. Компанийн зорилго бол хөгжимчдын амьдралын хэв маяг бодит байдлыг ойлгож тэдний сая саяын хөрөнгийг ухаалаг хөдөлгөхөд нь рок-ододод туслах явдал байв. Урлагын хүмүүсийн ихэнх нь “цагаан захтан” хуульч менежерүүдийг тэдний болон түншүүдийнхээ мөнгийг завшихыг мөрөөдөж явдаг дайснууд гэж үздэг. Харин Мак Каган “өөрийн хүн” болохоор мэхлэхгүй. Энэ бол “Media Rock Capital Management” компанийн “онцгой” түншүүдийн анхаарлыг татах зарчмын давуу тал байлаа.
Мак Каган энэ тохиолдолд “хаягын самбарынхаа” нэрээр ч юм уу гэрээ хэлцлийн дагуу хол хөндий биш эрх тэгш хамтран зүтгэгч шиг ажиллаж хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох, аль нэг хөрөнгө оруулах газрыг сонгоход оролцож байдаг. Сангийн хөрөнгийн 65% нь хувьцаа авахад зарцуулагдаж үлдэж байгаа хэсэг нь үнэт цаас ба үл хөдлөх хөрөнгийн зориулалтаар ашиглагддаг аж. Сангийн эрхлэгчид бусад хөрөнгө оруулагчид хэрхэн үзэж үнэлэхээс үл хамааран өр шир багатай компанид хөрөнгө оруулдаг байна. Ингэж хар тамхи татаж мансуурдаг, архийг ус шиг залгилдаг байсан “Guns N` Roses” хамтлагийн басс гитарчин асан Мак Каган хөрөнгийн зах зээлийн далайд өөрийн сонин содон түүхээрээ амжилттай ажиллаж явна.
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Орчуулсан: Ж.БАДАРЧ









