



















Арван гурван тэрбумын хөрөнгөтэй “Capital Growth Fund” (CGM) хөрөнгө оруулалтын санг үндэслэн байгуулагч Кен Хибнер хоёр жилийн турш Америкийн бизнесийн хэвлэлд “Уолл Стрийтийн галзуу суутан” тодорхойлолттой дүрслэгдэж байна. Хибнерын эрхлэдэг сангуудын нэг “CGF Focus Fund” арван жилийн дотор 936.1%-иар өсч сүүлийн 5 жилд 355.2%-ийн ашигтай ажиллажээ. Хибнер хөрөнгө оруулалтын ертөнцөд атаа жөтөө, эргэлзэл тээнэгэлзээг төрүүлж байв. Нэгдүгээрт тэр ямагт их мөнгөөр тоглодог. Хоёрдугаарт шийдвэр гаргахдаа түүний хамтрагч өрсөлдөгчид зах зээлд хэрхэн оролцож байгааг огт анхааралгүй ер бусын баримт, өөрийн санаа бодлыг удирдлага болгодог байв. Гуравдугаарт Хибнер одоо ихэнх тоглогчид хөрөнгийн зах зээлээс бууж, аль эрт олсон сая сая ам.доллараа тоолж 70 насны захад иржээ. Номын өт буюу экстримын хорхойтон Хибнерын хувийн амьдралын тухай тодорхой зүйл их бага. Тэр Филадельфид жирийн нэг барилгын даамал, гэрийн эзэгтэй нарын гэр бүлд төржээ.
Түүний эцэг талын өвөг эцэг нь Пенсильвани мужид фермер байсан бөгөөд өнөөг хүртэл Хибнерийнхний нэрийг авч яваа Хибнервилль гэж жижиг хот бий. Кен эцгээсээ дарвуулт завиар явах хорхой л өвлөж авсан байх. Кен Хибнер, гэрийн гурван хүүгээс би л далай тэнгисээр хөвөхөөс айдаггүй байсан гэж бахархан ярьдаг. Түүний ах Жефф, нэг удаа тэдний гэр бүлийнхэн Чезпикийн хоолойд хүчтэй шуурганд өртөхөд Кен ганцаараа л байгалийн хүчинтэй тулгарсандаа кайф авч байлаа. Бусад нь тэднийг аврагчид бушуухан ирж авраасай гэж залбирч байсан.
Кен Хибнер гэрийнхэн дотроосоо цорын ганц оюуны чадавхтай нь байв. Тэр Массачусетс дахь Амхерстын коллеж төгсөж Харвардын бизнесийн сургуульд зэрэг хамгаалжээ. Гэвч тэр ангийнхан дотроосоо онцгойрох юмгүй, өөрийн дэг журмыг сахисан их дуугүй залуу байв. Хибнерийг оюутан ахуйгаас нь мэддэг байсан Филадельфийн бизнесмэн Жон Хенри, Хибнерын түүхий эдийн компаниудыг бол “бодит” хөрөнгийн сонирхлыг үзвэл гайхалтай биш ч нэгэн сонин түүхийг ярьсан юм.
Хибнер оюутан байхдаа ангийнхнаасаа нэг долларын мөнгөн зоосыг, нэг долларын цаасан дэвсгэртээр сольж авдаг байжээ. Ингэснээр тэр бараг 13 мянган зоосон долларын цуглуулгатай болжээ. Хибнер металл мөнгөний үнэ өсөхийн хирээр улсын мөнгөн сан зоосон мөнгө гаргахыг зогсоож зоосон мөнгө цуглуулгын үнэт зүйл болно гэдэгт итгэлтэй байлаа. Үнэхээр удалгүй бүгд Хибнерын хүслээр болсон ч зоосон мөнгөөр бүтсэн овооны хажууд суугаа түүнд нэр хүнд авчирсангүй. Тэр Амхерстэд ч Харвардад ч найз нөхөдтэй болж чадсангүй.
Ажил олгогчдын үл итгэлцэл
Хибнер диплом өвөртлөнгүүт Уолл Стрийтэд ажиллахыг санаархаж байсан ч ажил олгогчид түүний “хачин” зангаас болж ар араасаа татгалзав. Явж явж тэр “A&H Kroeger” гэгч жижиг компанид ажилд орж дөрвөн жил ажилласан юм. Дараа нь түүний албан тушаалын нислэг эхэлж 1969 онд залуу мэргэжилтэнг “Scudder Stevens & Clark” компани ажилд авч удалгүй хэлтэсийн эрхлэгчээр томилов. Гэхдээ л түүний хөрөнгө оруулалтын санаа санаачлагад хэн ч итгэл үзүүлэхгүй байлаа.
Жишээ нь: Тэр нэг удаа өөрийн тэнгисийн аяллаас эргэж ирээд сангийн эрхлэгч Нег Сванберг руу хар гүйхээрээ ирж Атлантик-Ситигийн үл хөдлөх хөрөнгөд, хөрөнгө оруулалт хийхийг санал болгов. Гэвч Сванберг ердийнхөөрөө Хибнерийн санааг үл хайхран үзсэндээ удалгүй харамсахад хүрэв. 1976 онд Атлантик-Ситийн дүүрэгт тоглоомын бизнес эрхлэхийг сайшаасан хуулийн төсөл батлагдаж, казино барих их барилгажилт эхлэв. Хэрэв компани Хибнерын зөвлөгөөг сонссон бол галзуурсан юм шиг их ашиг олох байлаа. Удалгүй Хибнер согтуу үедээ удирдлагынхаа тухай таашаалгүй үг хэлсэн нь хаягласан хүнд нь ховлогдон очсоноос болж ажлаасаа халагдсан байна.
Хөрөнгө оруулалтын үерхэл
Дараа нь Хибнер хоёр ч сан удирддаг Бостоны “Loomis Sayles`s” компанид хөлсний ажилтнаар орлоо. “Loomis”-ын удирдлагууд шийдвэрээ тайлбарлахдаа “Scudder”-ийн залуу гайгүй авъяаслаг болохоор “түүний болдоггүй хэл”-ийг анхаарахгүй байхаар тохирсон гэжээ. Хибнерын ажил хэрэг ч энд өөдрөг байлаа. 1976 онд тэр “Loomis Sayles Capital Development Fund” санг тэргүүлж удалгүй ашиг орлогоороо Бостонд хоёрдугаарт Питер Линчийн “Magellan” (Линчийн талаар энд дарж уншина уу) сангийн дараа ордог болов. Бостоны хөрөнгө оруулалтын цоорхой дэндүү давчуу байсан уу Линч, Хибнер хоёр удалгүй танилцан олон зүйлээр хоорондоо төстэй байснаас үерхэж эхэлсэн ажээ.
Сонирхолтой нь түүний анх ажилд ороход нь “Loomis”-ийн удирдлага Хибнерт, дүн шинжилгээний хэлтсээр зөвшөөрөгдсөн 300 компанийн хувьцаанд хөрөнгө оруулахыг зөвшөөрчээ. Хибнер түүнд нь дөрөөлж “Loomis”-т хэрэгжүүлж чадаагүй хөрөнгө оруулалтын зарим санааг Линч рүү шиддэг байв. Линч талархахдаа түүнийг шинжээчийн ажилд авахыг оролдсон ч Хибнер, суурь шинжилгээгээр оролдох биш, сан удирдмаар байгаагаа мэдэгдэв. Линч бизнесийн ертөнцөөс явахаар шийдсэн тэр өдөр Хибнерийн амьдралд бараг л хамгийн хүнд өдөр байлаа. Түүнийг мэдэх хүмүүсийн яриагаар тэр зүг чигээ алдаж, нэг хэсэг цаашид яаж хөдлөхөө мэдэхгүй алмайрч орхив.
Хувийн хэрэг
1990 онд Хибнер, “CGM”-ын ирээдүйн ерөнхийлөгч Роберт Кенп хоёр “New England Life”-д (Loomis-ийн эцэг компани) хөрөнгө оруулалтын шинэ бүтэц зохион байгуулах нэрээр “Loomis”-ийг тусад нь гаргахыг хүсчээ. Хибнер энэ талаар “Loomis”-ын топ-менежерүүд түүний санааг сорон шимж, түүний арилжааг давтан дагаж ашиг болон нэр хүнд олдог гэж шүүмжилжээ. Шинэ сангийн (Focus нэртэй болсон байв) ажил овоо сайн явж эхлэв. Гэвч 1990-ээд оны дунд үеэс Хибнерын хамтран ажиллахаас татгалзаж байсан, технологийн компаниудыг онцлон үзсэн “Focus” сан хэдэн жил дараалан хөрөнгийн бирж дээр базаахгүй үр дүн үзүүллээ. Зөвхөн 1997 онд “Focus” дахин хошуучлагчдын эгнээнд орж, 1998 онд “Oдод”-ын эгнээнд оров. Сүүлийн 10 жилд зөвхөн нэг удаа буюу 2002 онд алдагдалд хүлээсэн бөгөөд сангийн жилийн дундаж ашиг 24%-д хүрч байжээ. Харин тэр үед “Standard & Poor`s 500” индексийн дундаж дөнгөж 4%-тай байв.
Одоогоор 7.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байгаа 2007 онд онцгой үр дүнтэй байсан ба жилийн ашиг нь 80% болж байсан аж. Эдгээр итгэмээргүй үр дүнг түүнд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт өгчээ. Тэр үед “Focus”-ын багцад голдуу “Consol Energy Inc.”, “Peabody Energy Corp.”, “Freeport-McMoRan” болон Бразилийн газрын тосны “Petroleo Brasiliero S.A”, “Hess Corporation”, “Schlumberger Limited”, “Weatherford International” ган хайлуулалтын аврага “United States Stell Corp.” зэрэг компаниудын үнэт цаас байршиж байлаа.
Боб Кемпийн ярьснаар бол тэр Хебнерт итгэж байсан боловч 2007 оны үр дүнг эвэртэй туулай үзсэн юм шиг хүлээн авчээ. “Би түүнд аадар борооноос хув хуурай гарч ирсэнтэй адил зүйл болжээ” гэж хэлсэн юм.
Арван жилийн “Aлтан үе”
“Focus”-ийн 10 жилийн амжилтууд нь 1977 оноос 1987 оны 8-р сар хүртэл Уолл Стрийтэд “Алтан стандарт”-ыг бий болгосон “Fidelity Magellan” санг эрхлэж байсан Питер Линчийн амжилтуудаас ялимгүй дутаж байлаа. Линч жилдээ 36%-ийг хийж байсан бөгөөд түүний энэ амжилтад зах зээлийн өсөлт гэдэг “аясын салхи” их тус болж байсан гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ алдарт “Focus” нь Хибнерын мэдэлд байдаг ганц сан биш бөгөөд түүнд “CGM Realty” (үл хөдлөх хөрөнгөөр дагнасан), “CGM Mutual” (хувьцаа болон облигацаар жигдэрсэн), удахгүй “Focus”-тай нэгдэх “CGM Capital Development” зэрэг бусад сангууд нь ч энэ хугацаанд өндөр ашиг өгч байлаа. “CGM Reаlty” гэхэд л 10 жил 22%-ийн ашиг өгч байсан нь энэ салбарын 6-рт бичигдэх амжилт юм.
Өөрийн ертөнцдөө байдаг хүн Хибнерын зан араншин, түүний уураг тархи хэрхэн ажилладаг тухай домогууд байдаг. Түүнийг анх харсан хүнд тэр тогтворгүй, хийрхүү, гүн бодолдоо живсэн хүний сэтгэгдэл төрүүлдэг. Өвлийн нэг өдөр тэр дадал болсон нэг километрийн алхааны дараа тэнгэр ямар байна гэж асуухад тэр бүхнийг тойруулан харснаа “Гадаа цас орж байгаа юм гэж үү” гэж хариулсан гэдэг. Хибнерын тухай бас нэг түүхийг ярилцдаг юм. Түүний өрөөнд алдартай дизайнерын бүтээсэн ажилладаггүй цаг өлгөөтэй байдаг байв. Гэвч өрөөний эзэнд засварчин дуудчих “гар нь хөдөлж өгөхгүй” байсан гэнэ.
“CGM” бол нэг их том сан биш бөгөөд Хибнерын багт хоёр трейдер, нэг шинжээч гэсэн цомхон бүтэцтэй ба Хибнерээс бусад нь бүгд эмэгтэйчүүд ажээ. Бодвол тэдэнтэй ажиллах нь хувиа бодсон эрэгтэй трейдерүүдтэй ажиллахаас хялбар байдаг биз. Сангийн ажилтан эмэгтэйчүүд Хибнертэй ажиллах нь Холливудын алдарт дивад гоо сайхны зөвлөгөө өгөхтэй адил гэж даажигнан ярьдаг. Тэр дива нь залуу, сайхан байхаа бүхнээс илүү мэдэх биз. Тийм болохоор тэр бүсгүйчүүдэд цагийг нь олж зөвлөхөөс өөр юмгүй. Бүсгүйчүүдэд ч гэсэн Хибнерын өөрийн санаа бодлыг сонсдог зан нь ажиллахад дөхөмтэй байдаг биз.
Түүнийг Амхерст коллежид сурч байхад нь нэг удаа сэтгэл зүйн туршилт явуулжээ. Оюутнуудад нэгэн зураг үзүүлж, сэтгэгдэлээ ярихыг хүссэний дараа нь шинжээчдийн сууж байгаа өрөөнд оруулна. “Шинжээч” шал эсрэг зүйл хэлдэг бөгөөд энэ үед төрсөн сэтгэгдэлээ өөрчилөх болдог байв. Хибнер туршилтанд оролцогсдын дундаас ганцаараа шинжээчийн үгэнд автаагүй, шинжээчийн үг нөлөөлөөгүй ганц оролцогч байв. Бусад оролцогчид нэр хүндтэй шинжээчийн үгийг хүлээн зөвшөөрч өөрийн дуу хоолойгоо гишгэчиж байхад тэр ганцаараа өөрийнхөөрөө үлдэж байв.
Хибнер өөрийгөө худалдан хувирч байж ердөө чаддаггүй гэж үнэнээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд элдэв асуултанд ялангуяа удирдлагын зүгээс ирж байвал хариулж чаддаггүй гэнэ. Чухам энэ шалтгаанаар түүний албан тушаал удаан хугацаанд төлөвшиж чадахгүй явжээ.
Ажлын хэнээт
Хибнерын нэг чухал зан чанар нь зах зээлийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглах чадвар юм. “Түүний суу билэгийг тайлбарлахын аргагүй. Тэр бусад хүмүүсийн олж хараагүй зүйлийг харж чаддаг” гэж түүнтэй удаан хугацаанд санд ажиллаж байсан эрхлэгч Дуглас Пратт хэлсэн байдаг. Уолл Стрийтэд жирийн хүн гэж тооцогддоггүй Питер Линч ч гэсэн “CGM”-ын тэргүүнийг үнэхээр ер бусын суурь шинжилгээний авъяастай юмны мөн чанарт хүрч чадах аргатай гэж тэмдэглэн хэлжээ.
Түүнээс гадна Хибнер хөрөнгө оруулалтын ертөнцөд урьд өмнө үзэж байгаагүй аймшигтай ажлын хэнээтнүүдийн нэг байв. Тэр амралтаа авалгүй хичнээн ч удав. Өдөр бүр 5:30 цагаас ажлынхаа өрөөнд сууж бизнесийн мэдээ мэдээлэл уншиж суудаг зуршилтай. Тэр гэр рүүгээ бүр шөнө болсон хойно, хэвтсэн хойноо уншиж судлах илтгэл тэмдэглэл, сэтгүүл сугавчилсаар харьдаг. Түүний эргэн тойроныхны яриагаар тэр “CGM” дэхь өөрийн ажилд нугасгүй дуртай, энэ нь олон жилийн турш зөгнөлийн юм шиг амжилт үзүүлээд байгаагийн түлхүүр болдог ажээ. “Түүний хувьд хөрөнгө оруулалтын бизнес бол ажил биш баяр бахдал, сэтгэл ханамж юм” гэж Хибнерын тухай түүний ах Жеффри хэлдэг юм.
Жеффри бас Кен бол ажил болон аз жаргалтайгаа “гэрлэсэн” хүн гэж тэмдэглэн хэлсэн нь бий. Тийм болохоор Хибнер 60 насандаа гэнэт жинхэнэ эмэгтэй хүнтэй гэрлэсэн нь бүхнийг цочирдуулсан юм. Түүний эхнэр Рене мөн л хөрөнгө оруулалтын бизнес эрхлэдэг, Бостоны дундаж санг тэргүүлдэг.
Зах зээлийн эсрэг
Хибнерын суу билэг, тухай бүр зах зээлийн эсрэг маш том мөнгөөр тоглодог бөгөөд энэ үедээ бусад арилжаачид болон хамтрагчид яаж ажиллаж байгаад огт анхаарал тавьдаггүй. Тэр өөрөө ярихдаа “зах зээл дээр хүмүүс намайг энэ лав галзуурсан байх гэж ярих тусам би өөртөө итгэлтэй болдог” гэдэг. Хибнер хүний санаа бодолд итгэдэггүй болохоороо шинжээчдээс “санаа оноо биш мэдээ мэдээлэл” шаардаж, шийдвэр гаргах үедээ зөвхөн дотоод шалтгаануудаа удирдлага болгодог. Гэхдээ түүний шийдвэрүүд таазнаас авсан зүйлс биш. Тэр зах зээл дээр юу болж байгаа ирээдүйд юу болохын мөн чанарт нэвтэрхийг оролдон олон цагаар суудаг. Хибнерын танилууд түүний тархи мэдээллийн асар их урсгалыг боловсруулах чадамжтай хамгийн сүүлийн үеийн супер компьютераас дутахгүй гэж ярилцдаг.
Хэрэв Хибнер, түүний бодлоор ирээдүйд үнэ нь өсөх компанийг олбол түүнд хангалттай их хөрөнгө оруулалт хийдэг. “Би энэ бизнест бүхий л насаараа ажиллаж байгаа болохоор шийдвэр гаргах хугацаа 10 минут орчим болдог” гэж “CGM”-ын тэргүүн хэлдэг. Харин мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид болон зах зээлд шинээр орж ирж байгаа улст өөрийн үйлдлийг давтахыг тэр эрс хориглодог. Нөгөө талаар Хибнер өнөө үеийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын олон талт өв тэгш ховор хүн юм. Тэр зөвхөн нэг салбарт хөрөнгө оруулдаггүй, тэр өнөөдөр Америкийн компанид хөрөнгө оруулаад маргааш Бразилд хөрөнгө оруулах жишээтэй.
Технологи цаашаа түүхий эд наашаа
Уолл Стрийтийн галзуу суут ухаантан ямар компанид хөрөнгө оруулахыг эрхэмлэдэг вэ? Хибнер хэзээ ч технологийн компаниудын хувьцааг шохоорхож байгаагүй бөгөөд технологийн шинэчлэлд сүжиггүй нэгэн аж. 2000 оны 1-р сараас 2001 оны 9-р сар хүртэл технологийн компаниудын хувьцааг идэвхтэй “Short”-лож үзсэн болов ч хөөс хагарах үед тэр алдагдалтай гарсан нь түүний дээрх үзлийг улам ч бататгаж өгчээ. Тэр харин түүхий эдийн зах зээл болон “Бодит” эдийн засаг гэж нэрлэж болох бүхнийг илүү хүндэтгэдэг. Гэхдээ худалдан авах, худалдах хоёртоо макро-эдийн засгийн хандлагад аргамжиж орхидог.
Жишээ нь 2000 оны 12-р сард хямрал болж байгааг үл харгалзан Хибнер “D.R. Horton” болон “Lennar” зэрэг барилгын компаниудын хувьцааг авч эхлэв. Тэр хямрал дагасан хүүгийн уналт, ипотекийн зах зээлийн болон орон сууцны барилгажилтын хэмжээг зайлшгүй өсгөнө. Тэгвэл барилгын компаниудын хувьцааны үнэ дагаад өснө, гэдэгт итгэлтэй байлаа. 2004 он гэхэд “Focus”-ийн багцад байгаа барилгын үйлдвэрлэлийн компаниудын хувьцаа 19%-д хүрч, “Realty” сангийх нь 79%-д хүрчээ. Гэвч 2005 оны 1-р сард үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал эхлэхээс хэдэн сарын өмнө Хибнер өөрийн санд байсан барилгын компаниудын хувьцааг бүгдийг нь зарсан байлаа.
Мөн тэр үедээ Хибнер үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс олсон мөнгөө бүгдийг нь газрын тос, нүүрс болон бусад эрчим хүчний түүхий эдэд оруулжээ. Хибнер эрчим хүчний түүхий эдийн үнэ өснө гэдэгт бат итгэн “Realty” сандаа хүртэл нүүрсний компаниудын хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалтын цэцэрхэгчдийн ширүүн шүүмжлэлд өртөөд авав. Шүүмжлэгчид Хибнерыг хөрөнгө оруулагчдын үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан хөрөнгийг өөр зүйлд оруулах нь байж болшгүй зүйл гэж шүүмжилцгээв. Харин Хибнер хийсэн зүйлийнхээ төлөө уучлал гуйхыг хүсэхгүй байна. Миний бүх л үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол байдаг гээд, хэт шүүмжлэгчдэд, “Realty” сангийн хөтөлбөрт “Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой” компаниудад хөрөнгө оруулна гэж бичсэн нь үнэн, нүүрсний компаниуд тодорхой бус нутгуудад багагүй орон сууц барилгуудыг эзэмшдэг болохоор дүрмийн заалт зөрчигдсөн гэж үзэхгүй байгаагаа хэлжээ.
Хожим нь Хибнер эрчим хүчний компаниудын хувьцаан дээр зэс боловсруулах корпораци “Southern Copper”, “Phelps Dodge” зэрэг компаниудын хувьцааг авснаар дахин “од” шүүрэв. Тэгэхэд зэсийн үнэ жилийн хугацаанд бараг хоёр дахин өсөв. Дагаад тэдний багц дахь хувьцааны үнэ ч өслөө. Хибнерын сүүлчийн том олз бол бордоо үйлдвэрлэгч “Mosaic”, “Potash Corp. of Saskatchewan” зэрэг компаниудын хувьцааны үнэ дөрөв дахин өслөө.
Санхүүгийн болон Ипотекийн хямрал
Энэ үед “Focus” 2005 оны 10-р сараас үл хөдлөхийн болон ипотекийн салбарт ажилладаг “Countrywide Bank United”, “IndyMac” ба “FirstFed Financial” компаниудын хувьцааг идэвхтэй “Short”-ложээ. Хибнерийн чармайлт 2007 онд АНУ-ийг ипотекийн хямрал бүрэн нөмөрсний үрээр нөхөгдлөө. “Countrywide Bank United”-ын хувьцаа 40 ам.доллараас 8 ам.доллар хүртлээ буурав.
Хибнерын бас нэг хүчтэй тал нь алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс эмээдэггүй, алдаагаа богино хугацаанд засч чаддаг “Тэр хаана хэзээ гарз хохирлоо нөхөхөө ямагт мэддэг” гэж түүний тухай ярьдаг. Жишээ нь тэр 2007 онд “Focus” сангийнхаа хөрөнгийн дөрөвны нэг хувийг Уолл Стрийтийн таван том “Bear Stearns”, “Citigroup”, “Goldman Sachs”, “Lehman Brothers”, “Merrill Lynch” банкинд оруулжээ. Эдгээр банкууд хожим тохиолдсон гунигт байдлаараа алдаршсан билээ. Энэ нь Хибнерын сангийн хувьд хамгийн ноцтой алдаануудын нэг болж болох байсан ч Хибнер эдгээр банкуудын хөрөнгө оруулагчаас, санхүүгийн хямрал эрчээ аван тархсан 6-р сарын 6-р сарын эхний хэдхэн хоногийн өмнө гарч амжив.
Дорно зүгт чулуудсан харц
Өнөөдөр Хятадын зах зээл, болон бусад хөгжиж байгаа орнуудыг Хибнер хүчтэй сонирхож байна. Учир нь түүний ойлголтоор Хятадын эдийн засаг л түүхий эдийн бараа материалын үнийн өсөлтийн түлхүүр болж байна. Тэрээр “China Metals Weeky” сэтгүүлийн нийтлэлүүдийг заавал уншдаг гэдэг. Сонирхол нь ч гайхмаар юм, биш чухам л түүхий эдийн компaниудын хувьцаа өнөөдөр “Focus” сангийн 70 гаруй хувийг эзэлж байна. Сан урьдын адил ган хайлуулах томоохон “Arcelor Mittal”, “Nucor”, “United States Steel”, компаниуд болон нефтийн холбогдолтой “Apache”, “Devon Energy”, “Petrobras”, “Schlumberger” компаниудын томоохон багцыг эзэмшиж байна. Нефть ба металлын өнөөдрийн хэт өндөр үнийг үл харгалзан, эдгээр активын үнэ улам улам өснө гэдэгт Хибнер итгэдэг аж. Түүний таамаглалаар гангийн үнэ хоёр дахин өсч газрын тосны үнэ удахгүй нэг баррель нь 200 ам.доллар давж унах ажээ.
Орчуулсан: Ж.БАДАРЧ









