



















Өндөр технологийн хүрээнийхэн "Энрон"-ны Кеннет Лей, “World-Com”-ын Бернард Эббес, “Тусо”-гийн Деннис Козловский, зэрэг луйварчдыг бодвол Альберто Вилар бол зөвхөн бизнес мөнгө сонирходоггүй байв. Түүний амьдрал их мөнгө ба өндөр соёлын ертөнцийн уулзвар дээр өнгөрсөн юм. Түүний гоо зүйн болон сонгодог хөгжмийн сонирхол нь ажил хэрэгч ертөнцийн амьдралтай тайван зохицдог байв. Вилар олны анхаарлын төвд байх их дуртай. Бараг хагас метр өндөр үсгээр алтан боронзоор бичсэн түүний нэрийг хэдэн жилийн турш Нью-Йоркын “Metropolitan-Opera”-д хадаатай байдаг байв. Тэнд Виларын нэр дээр А-101 дугаартай тусгай суудал, Зальцбургийн хөгжмийн наадам болон дэлхийн гол гол дуурийн театруудын хөтөлбөр тавиастай байдаг. Альбертог сонгодог хөгжим сонсоход эмээ нь нөлөөлжээ. Тэр Кубын бизнесмены гэр бүлд Нью-Жерсид төржээ. Эцэг нь Кубын хувьсгалаас дүрвэн АНУ-д иржээ.
1959 онд “Washington & Jefferson College” –д эдийн засагчийн диплом авсан Альберто Вилар хөдөлмөрийн гараагаа “Burnham & Co” пүүсээс буюу хожим нь олонд алдартай “Drexel Burnham Lambert Inc” нэгдлээс эхлэжээ. Вилар 1985 онд өөрийн хамтрагч Гарри Танакaтай хамт Панамд “Amerindo Investment Advisors”-оо бүртгүүлэв. Эхний үед тэдний компани тэтгэвэрийн сангуудтай ажиллаж байсан юм. Харин 1990-д онд өндөр технологит компаниудын хувьцаа эрчимтэй өсч эхлэхэд Альберто Вилар “hi-tech”-рүү шилжин оров. 1996 он тэр “Amerindo Technology Fund”-гаа бүртгүүлж гуравхан жилийн дотор Виларын сангийн хөрөнгө 24 сая доллароос 598 сая болтлоо суга өсөв. Түүний богинохон түүхийн хувьд 1996 он хамгийн одтой жил байв. “Amerindo”-гийн хөрөнгө оруулагчдад тэр 249%-ийн ашиг авчирчээ. Виларт мөнгөө итгэн өгөхийг хүсэгчдийн цуваа тасрахгүй байсан юм. Альберто 8 тэрбумыг эргэлдүүлж байлаа.
Альберто Вилар мөнгөө “Apple”, “Microsoft”, “Cisco”, “Intel”, “Broad Vision” зэрэг өндөр технологийн компаний хувьцаанд оруулдаг байна. Хувьцаа өсөхийн хирээр түүний хөрөнгө ч өснө.Тэр 1990-ээд оны төгсгөл рүү 950 сая ам.долларын хөрөнгөөр “Forbes”, “Fortune” зэрэг сэтгүүлийн хамгийн баян америкчуудын дансанд оржээ. Альберто Вилар олон саяын хөрөнгөө их урлагийн ертөнц рүү нэвтрэх “эрхийн бичиг” болгон ашигладаг. Түүнийг 1990-ээд онд манай гарагийн хамгийн том ивээн тэтгэгч гэж үздэг байж. Виларын өргөсөн хандив өглөгийн хэмжээ 2000 онд 225 сая долларт хүрчээ. Виларын халамжинд Нью-Йоркийн “Метрополитан-Опера”, Лондонгийн “Ковент-Гарден”, Санктпетербургийн “Марийнскийн театр” болон бусад олон хөгжим урлагийн хамт олон байдаг. Тэр бас сургуулийн байгууллагад мөнгөө харамгүй өгдөг. Ялангуяа “Washington & Jefferson College”-д өөрийн alma-mater-т их хэмжээгээр өгч байв.
Альберт Вилар мөнгө өгөхдөө хайр хүндэтгэл шаардан их л дуу шуутай өгдөг байна. Түүний “Метрополитан-Опера”-н захиргаа болон дуурийн том театруудад оруулахaд хүүхэд шиг баярладаг. Тэр үзвэрийн танхимын суудлын түшлэг дээр ивээн тэтгэгчдийн нэрийг хадахыг санал болгоно. Бас нэг дэлгэрсэн талархлын хэлбэр нь концертын танхим, тайз, зоогийн газрыг түүний нэрэмжит болгох явдал байв. Вилар мөнгөндөө харамч биш дуртай өгдөг ч өгөхөөсөө илүүг амладаг юм. 2000 оны санхүүгийн хямралаас хойш түүний өглөг хандив эрс хорогдож их ивээн тэтгэгч маань өөдөлж чадаагүй билээ. Түүний хөрөнгийн хувьцаа 2000 онд 64,8% хүртэл унаж 2001 онд 50%, 2002 онд бүр 31% болтлоо унав.
Виларын хөрөнгийн хэмжээ 2002 онд багаар бодоход 10 дахин хорогджээ. Тэр амлалтуудаа биелүүлж чадахгүйд хүрэв. Альберто өөрөө мөнгөн гуйвуулгын доголдлоо эрүүл мэндтэйгээ холбон тайлбарладаг, нуруундаа хэд хэдэн удаа мэс ажилбар хийлгэжээ. Өчигдөрхөн түүнийг гар дээрээ өргөн явахад бэлэн байсан хүмүүсийн харьцаа үтэр түргэн өөрчлөгдөв. Хэрэв түүнийг захиргаа руу хөтөлж нэр алдарыг нь мөнхжүүлж байсан бол өнөөдөр эсэргээр эргэсэн. Альбертог хүнд хэцүү үед нь орхилгүй үлдсэн нөхөд нь тийм ч олон биш байв. Лос-Анжелосын дуурийн театрын уран сайхнын удирдагч Пласидо Доминго Вилараас авч чадаагүй мөнгөө өөрийнхөөрөө орлуулжээ. Лорин Маазель 2002 онд “Maazel-Vilar Conductors Competition” уралдаан шалгаруулалтанд Альбертогийн өмнөөс 700.000$ төлсөн юм. Зах зээлд өндөр технологийн хувьцаа 3 жил буурсны дараа шинэ өгсөлтийн үе эхлэв. 2003 онд сангийн хувьцааны үнэ дээшээ мөлхөж 80% хүрсэн ч дараа жил нь 23,8% болж 2005 онд 17% хүртэл унасан.
Альберто Вилар хэлж байсан шигээ хөл дээрээ эргэж босох байсан эсэхийг одоо мэдэх аргагүй. 2005 оны 5-р сарын 26-ны үдэш Лас-Вегаст хөрөнгө оруулагчдын бага хуралд оролцоод ирсэн Альберто Виларыг Нью-Йоркийн онгоцны буудал дээр түншүүдийнхээ мөнгийг луйвардан хулгайлсан хэрэгт буруутган баривчилжээ. “Amerindо”-н хувь нийлүүлэгчдийн нэг нь 2002 оны 6-р сарын 20-нд Виларыг жижиг бизнесийг дэмжиж байгаа компанид, 5 сая долларын хөрөнгө оруулахыг хүссэн байж. 6 өдрийн дараа “Chase Manhattаn Bank”-д Виларын данс руу 1 сая доллар шилжүүлсэн байна. Вилар эдгээр мөнгийг байрныхаа засварт, бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний төлбөрт, сав суулга угаагч машины засварт зарцуулчихжээ. Үлдсэн мөнгийг нь Люксембургийн нэг банк руу шилжүүлж тэндээсээ “Washington & Jefferson College”, Берлин дэхь АНУ-ын академи болон бусад байгууллагын данс руу шилжүүлэн өөрөөр хэлбэл түншийн мөнгийг өглөг, тэтгэмжийн зүйлд ашигласан байна. Түншдээ тэр мөнгө чинь бүрэн бүтэн “Small Business Administration”-д хадгалагдаж байгаа гэж залилан хуурамч бичиг баримт үзүүлж байсан аж.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ









