




















Дэлхий нийтэд алдартай Интернет компани “Google” (GOOG)-ийг хамтран бүтээгч Ларри Пейж бүр хүүхэд байхаасаа л зохион бүтээгчид ба тэдний бүтээлийн тухай түүхийг илбэдүүлсэн мэт сонирхдог байв. Нийгмийн амьдралыг хувьсгалжуулах шинжлэх ухааны их гавъяа байгуулсан хүмүүсийг олон хүн хүндэтгэн үздэггүйд тэр маш их урам хугардаг байжээ. Хожим нь Пейж, Никола Теслагийн намтрийг уншаад ийм шударга бус явдалд гүн харамссан.
Харин Пейжийн намтарыг нь уншсан хөвгүүдийн зүгээс ийм өрөвдсөн харууслын сэтгэгдэл төрөхгүй байх. 1998 онд 26 насандаа өөрийн хамтрагч Сергей Брины хамт Интернет-Бизнесийн ертөнцөд нэвтрэв. Тэдний үеийнхнээс амжилтын оргил өөд ийм хурдтай дүүлж яваагаараа бахархах залуу олдохгүй биз. Интернет-Бизнесийн тэнгэрийн хаяанд 1990-д оны хоёрдугаар хагаст гэрэлтэж байсан олон компаний нэр dot.com секторын “савангийн хөөс” хагарахад улиран алга болсон юм. Харин “Google”-н алдар нь цаг тутамд үүсгэн байгуулагчиддаа шинэ шинэ алдар суу авчран тархсаар байна. “Суу билигтэн олон ч шилдэг нь ховор” гэсэн Библи судрийн үгс санаанд бууна.

Компьютерт шунан сонирхох Пейжийн хобби нь шулуухан хэлэхэд генд нь яс маханд нь уламжлагдан иржээ. Өөрийн хамтрагч Сергей Брины нэгэн адил Лоренс Эдвард Пейж (Lawrence Edward Page) техникийн сэхээтний гэр бүлээс гаралтай ажээ. Тэр Мичиган мужийн Лансингэд 1973 оны гурван сарын 26-нд төржээ. Түүний эцэг Карл Виктор Пейж Мичиган мужийн их сургуулийн профессор, мэдээлэл зүй ба хиймэл оюун ухаан судлалын анхдагчдын нэг юм. Эцэг Пейж бүр 1965 онд шинжлэх ухааны энэ салбар дөнгөж үүсч байх үед мэдээлэл зүйн сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Ээж Глория нь магистр цолтой мэдэлэл зүйн багш, зөвлөхөөр ажиллаж байв. Түүний ах Карл 1986 онд Мичиганы их сургуулийг компьютерын инженерийн салбарт баклаврын зэрэгтэй төгсч 1988 онд магистр хамгаалан “eGroups.com” гэдэг интернетийн компани байгуулж хожим нь Yahoo-д 400 сая доллароор зарж орхисон юм.
Бүр 6 настай байхдаа компьютерт дуртай байсан гэж Ларри өөрөө ярьдаг. Түүний үгээр бол хэн ч түүнийг албадаагүй бөгөөд, зүгээр л үнэн голоосоо компьютерт татагдсан ба бага сургуулд байхдаа гэрийн даалгавараа цахим хэлбэрээр хийж эхэлсэн бараг анхны сурагч байх. Албан ёсны намтараас нь үзвэл тэр тооцоолон бодох техникт перфокарт ноёрхож байсан 1979 онд анх компьютерын ард суужээ.
Ларри Пейж 1991 онд дунд сургуулиа төгсч “Энн-Арбор”-д байдаг Мичиганы их сургуулийн технологийн коллежид суралцан Компьютерын технологийн салбарын мэргэшсэн бакалаврын зэрэг хамгаалжээ. Суралцах хугацаандаа түүний тэргүүлэгчийн авъяас тодорч цахилгаан техник ба компьютерын технологийн салбар дахь АНУ-ын оюутны хүндэт нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Хожим нь Ларри, коллежид байхдаа олсон туршлага дадлага нь бизнес хэвшил олох тэргүүлэгчдийн дасгал сургууль нь түүний ирээдүйн амжилтын шийдвэрлэх хүчин зүйл болсон юм гэж дурссан байдаг. Ялангуяа 1992 оноос технологийн коллежид үүссэн оюутны удирдагчдын “Leader Shape” хөтөлбөрт оролцдог байснаа өндөр үнэлэн энэ бол “Google”-ийг үүсгэн байгуулахад сайхан дадлага гүн туслалцаа болсон.
1995 онд Пейж Стэнфордын их сургуулийн мэдээлэл зүйн салбарт мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт оролцохоор Мичиганыг орхилоо. Эхлээд хүнд хэцүү санагдаж гэр лүүгээ буцахаар завдсан ч тэсч өнгөрөв. Ихэнхи зохион бүтээгчдийн нэгэн адилаар Пейж зарчмын хувьд цоо шинэ зүйл хийж байгаагаа анзааралгүй өөрийнхөө шинжлэх ухааны сонирхолын дагуу ажиллаж байв. Пейж докторын сэдэв дээр ажиллаж байхдаа өөрийн зөвлөх профессор Терри Виноградын хамт Интернетын мэдээлэлийн бүтцийг судлан бүхнийг хамруулан шинжилж ямар нэг сонирхолтой зүйлийг мэдэхийг хичээж байв. Тэд интернетээс иш татан веб хуудасны санааг хэрэгжүүлж эхлэхдээ одоо байгаагаас ч илүү сайн хайлтын системыг бүтээж болох юм байна гэж ойлгоцгоожээ.
Пейжийн судлагааны далайц 1995 онд Сергей Бринтэй танилцсанаас хойш улам нэмэгдэжээ. Брин бол түүний нэгэн адил Стэнфордын их сургуулийн докторын хөтөлбөрт оролцогч шинийг сэдэж чөлөөт туршилт хийх дур сонирхолтой нэгэн байлаа. Одод болох замдаа тэд өөр өөрсдийн оногдсон үүргээ гялалзтал биелүүлэв. Пейж бүх дэлхийг хамарсан сүлжээнд хайлтын цоо шинэ стратегийг боловсруулав. Түүний үндэс нь шинжлэх ухааны ишлэл бүхий үнэт зүйлсийг бусад ажлуудтай харьцуулан судалгаа хийх явдал юм. Энэ санааг хайлтын системд оруулах нь өгөгдөлүүдийн ялгааг судалж тэдгээрийг тооцоолох, найруулан тавих зэрэг ажлыг гүйцэтгэхэд Брины математикийн авъяас сэтгэлгээ үнэхээр хэрэг болов.

Хайлтын систeмын үндсэн систем нь эхлээд Back Rup нэртэй байсан ба дараа нь засч сайжруулан Page Rank гэж нэрлэжээ. Уг систем нь веб хуудасны эрэлт хэрэгцээтэй харьцангуй чухал өгөгдөлүүдийг тооны хувьд бус чанарын хувьд хэрэглээний өндөр үзүүлэлтийг харгалзаж үздэг. Page гэдэг нь англиар хуудас, мөн Ларри Пейжийн нэрнээс бүтдэг гэдгийг тэр болгон мэдэхгүй байх. Түүнчлэн 2001 оны 9-р сарын 4-нд АНУ-ын патентын газраас “Page Rank”-г “Google”-н механизмын рейтингийн хавсрага болгон 6285999-рт бүртгэн патент олгожээ. Патентыг албан ёсоор Стэнфордын их сургуулийн нэр дээр олгож Ларри Пейжийг зохион бүтээгчээр бүртгэжээ.

Судалгааныхаа ажлын явцад магистр хамгаалсан Пейж 1998 он
Стэнфордын их сургууль дахь ажлаа орхиж Бриний хамт Интернетийн түүхэнд алтан үсгээр нэр нь бичигдсэн компаниа байгуулжээ. Дашрамд дурьдахад Ларри Пейж одоог хүртэл Стэнфордын их сургуульд ээлжийн амралттай гэж бүртгэгдэж явдаг байна. Хоёр зохион бүтээгч бүр эхнээсээ тэдний “төрүүлсэн аврага хүү” нь мэдээлэл зүйн салбарыг орвонгоор нь өөрчилнө гэдгийг мэдэж байлаа. Пейж, компаний гол зорилго бол “Дэлхий дахины мэдээлэлийг ашигтай, бүхэнд хүртээмжтэй иж бүрэн зохион байгуулах” гэж тэмдэглэжээ. Аминчлан хэлэхэд Стэнфордод судалгаа хийж байх үедээ л тэр хамтрагчийн хамт номын санд байгаа бүх хэвлэмэл материалыг цахим хэлбэрт оруулахыг сэдэж байжээ.
Пейж, Брин хоёр компаниа технологийн үйл ажиллагааны талаар ч, нэгдсэн соёлын хүрээнд ч бусад компаниудаас өөр байлгахын тулд асар их хөдөлмөрлөсөн. Пейжийн ярьснаар “Google ердийн компани биш, тийм байх ч санаа алга” гэж хувьцаа эзэмшигчидэд ханддаг гэнэ. 2004 оны 4-р сарын 29-нд үнэт цаасны ба биржийн комисст илгээсэн баримт бичгийн нэгэнд Пейж хамтрагчийн хамт “Муу зүйл хийхгүй байх. Бид удаан хугацааны турш улам их ашиг олж, хувьцаа эзэмшигчид ч, бусад олон харилцааны талаар ч, дэлхий дахинд сайн үйл гүйцэтгэж байгаа компаний хувьд зарим нэг богино хугацааны ашиг орлогоос татгалзахад ч бэлэн байна. Энэ бол компаний дотоод ажиллагаанд байгаа манай соёлын нэг чухал төлөв юм” гэжээ. 2005 онд “ABC News”-д өгсөн ярилцлагадаа Пейж, түүний “мантра” гэж нэрлэсэн “муу зүйл хийхгүй” байх зарчимаа тайлбарлахдаа “Google бол өөрийн ажилчид, түншүүд, бүх хүний төлөө сайн сайханыг хийх чадвартай” гэж хэлжээ.
Компаний удирдлагад Пейжийн оролцоог үзвэл тэр 2001 он хүртэл ерөнхий гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаад “Novell” компанид адил үүрэг гүйцэтгэж байсан Эрик Шмидтэд эрх мэдлээ шилжүүлжээ. Одоо Пейж IT-ийн ерөнхийлөгч, Шмидт ба хамтрагч Брины хамт “Google”-н явуулж байгаа үйл ажиллагааг хариуцан ажилласаар байна. Бизнес зохион байгуулалтын үйл ажиллагаанд Пейж, хамтын үйл ажиллагааг илүүд үздэг. Тэр “хэрэв компаний удирдлага зөвшилцөөнд хүрч байвал сайн үзүүлэлт, их үр дүнд хүрдэг учир нь үзэл бодлын өргөн хүрээ, сайн хяналт үйл ажиллагааны тэнцвэртэй байдал үүсгэдэг гэдэгт итгэлтэй байдаг. Компаний бизнес өргөжин томрох тусам менежерийн тоог өсгөх шаардлага гардаг ч Пейж удирдлагын хэтэрхий том бүтэцийн эсрэг байдаг. Нэгэн удаа тэр “Google-д байвал зохих тооноос цөөн менежер байна. Гэхдээ хэт олноос цөөн нь дээр” гэж тэмдэглэжээ.
2005 онд Пейж Брин хоёр “Forbes” сэтгүүлийн АНУ-ын баячуудын жагсаалтад 16-р байрыг хуваан эзлэв. Тэдний хөрөнгө тус бүрдээ 11 тэрбум долларт хүрчээ. Энэ жил Пейж дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад хамтрагчаасаа нэг байр доогуур 27-рт бичигдэж хөрөнгийн нийт хэмжээ 12.8 тэрбум доллар болжээ.
Пейж, Брин шиг тансаг амьдралын хэлбэр хөөдөггүй. Тэр хошин шогийн их мэдрэмжтэй, компьютераас гадна роликтой хоккей тоглох хоббитой. “Костюмгүй ч гэсэн албархуу байж болно” ч гэх юм уу “Ажил бол шалгуур сорилт байх ёстой. Сорилт шалгуур бүхэн баяр хөөр авчрах ёстой” гэх зэрэг алдартай уриануудаараа компани Пейжид өртэй юм. Пейж хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг цуглаанууд дээр шинжлэх ухаан, бизнес технологийн чиглэлээр илгэл тавьж, Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдээлэл зүйн технологийн асуудлаар үг хэлдэг. 2002 онд түүнийг “Маргаашийн глобаль удирдагч” гэж нэрлэн, 2004 онд “ABC World News Tonight” Брин тэр хоёрыг “7 хоногийн хүмүүс” гэж нэрлэжээ. “Instituto de Empresa” түүнд МВА-ийн хүндэт зэрэглэлээр шагнажээ.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









