




















Дэлхийд тэргүүлэх гүрэн байхын зовлон их. 2.7 сая хүнтэй орны мөнгөний бодлогыг яаж зөв явуулах вэ гэж түүнээс асуумаар санагддаг. Бид сангийн болон мөнгөний бодлогоо зөв удирдаж чадахгүй барьц алдаж буй энэ үед зөв, буруу үг хэлэхийн төдийд дэлхийг хямраачих аюултай бас хариуцлагатай албыг хэн удирддаг юм бол гэж та өөрөөсөө асууж байсан уу? Зарим шинжээчид өл халзан эр ч гэж нэрлэдэг (нэг талаараа хоч мэт сонсогддог) маш тайван, амгалан энэ аугаа Америк эрийн түүх бидэнд үнэхээр сонин. Hоён, эдийн засагч еврей Бен Шалом Бернанке. Сонирхолтой байх болно.
АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Бен Шалом Бернанке харьцангуй тайван 2006 онд энэ албанд оржээ. Гэвч жилийн дараа Америкийн эдийн засгийн оёдол бүхлээрээ задарч эхлэв. Буруутгал зэмлэл юуны өмнө Холбооны Нөөцийн Сангийн тэргүүний толгой дээр унасан. Тэр л Америкийн лай ланчигийн үндэс гэдэгт олон хүн санал нэг байлаа. Гэвч энэ нь хэтэрхий өрөөсгөл мэт санагдана. “Их уналтын жилүүд” өнгөрсний дараа босгосон Америкийн эдийн засгийн нүсэр бүтцийг ганц хүн нураана гэж байж боломгүй. Тиймээ Бернанке жир бус хүн. Тэр олны хүндлэлд мансуурсан эдийн засагч. Тиймээ! Тэр эрдэмтэн. Гэвч ийм хүн байлаа ч ганц хормын дотор, АНУ-ын эдийн засгийн түүхэнд өнгөрсөн хоёр жил гэдэг хором л гэсэн үг. Хэдэн зуун хүний дал гаруй жилийн турш бүтээсэн эдийн засгийг Бен Бернанке хоёрхон жилийн дотор сүйрүүлнэ гэж байхгүй ээ.
Хөнгөхөн хүүхэд нас
Бен Шалом Бернанке 1953 оны 12-р сарын 13-нд Жоржиa мужийн Огасте хотод төржээ. Түүний эцэг эх нь дундаж ангийн сонгодог төлөөлөгчид байлаа. Эцэг нь эм найруулагч бөгөөд чөлөөт цагаараа театрын эрхлэгчийн албыг давхар хашдаг байв. Бений ээж нь сургуулийн багш байлаа. Бенийг төрсний дараа удалгүй Өмнөд Каролина руу нүүцгээв. Диллон хотод ирээдүйн Холбооны Нөөцийн Сангийн тэргүүний эцэг эмийн сан нээж гэрийн жижиг бизнесээ эрхэлжээ. Бен хар багаасаа л эдийн засагч болох зөнтэй мэт байсан. Тэр гурван настай байхдаа л задгай мөнгө дэлгэн тавьж тоолж тоглох дуртай байв. Тэр энгийн тооны нэмэх хасах үйлдэлийг чөлөөтэй хийдэг байж. Бүр сургуульд ороогүй байхдаа Бен еврей хэл сурчээ. Эхийн талын өвөг эцэг төрийн сургаалийг номлогч ивритын багш Херольд Фридман бяцхан Бернанкегийн хүмүүжилд их үүрэг гүйцэтгэсэн юм.
Бен сургуульд байхын л ер бусын авъяасаараа ялгардаг байв. Тэр сургуулийнхаа шилдэг сурагч, сургуулийн сонин гаргахад оролцдог, мөн найрал хөгжмийн хамтлагт саксфон тоглодог байжээ. Бен оюутан ахуй цагаа Харвардын их сургуульд өнгөрөөж 1975 онд эдийн засгийн дээд мэрэгжлийн диплом авчээ. 1979 онд Бен Бернанке “Урт хугацааны амлалт үүрэг, бизнесийн орчин” сэдвээр Ph докторын зэрэг хамгаалав.
“Зоосны шинжлэх ухааны” доктор
Эрдмийн зэрэг хамгаалсаны дараа тэрээр 1979-1985 онд Стенфордын бизнесийн сургуульд багшлаж Нью-Йоркийн их сургуульд лекц уншдаг байжээ. Хэдэн жил багшийн ажил хийсний дараа Принстоны их сургуулийн эдийн засгийн тэнхимд профессороор уригдан тэндээ арван жил ажилласан. Харин 1996 онд тэнхимийн эрхлэгчээр дэвшсэн байна. Багшлах болон шинжлэх ухааны үйл ажлын хажуугаар Бен Бернанке Холбооны Нөөцийн Банкуудад шинжээчийн үүрэг гүйцэтгэн зөвөлгөө өгдөг байлаа. Тэр 1990-2002 он хүртэл 12 жилийн турш Холбооны Нөөцийн Банкны зөвөлгөө өгөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж Филадельфийн банкинд 1987-1989, Бостоны банкинд 1989-1990, Нью-Йоркийн банкинд 1990-91, 1994-96 онуудад зөвлөхийн ажил хийж явсан.

(2009 онд Time сэтгүүлийн оны хүнээр шалгарч байжээ)
Шинэ мянганы эхээр АНУ-ын Холбооны засгийн газар өөрийн ивээлийн харцаа эдийн засгийн тэнхимийн даруухан эрхлэгч дээр тусгав. Харьцангуй залуу эрдэмтний (тэр үеэд 49 настай байв) бүтээлийг судлан үзээд, их сан түүнийг Холбооны Нөөцийн Сангийн удирдах зөвлөлийн гишүүн болох санал тавьжээ. Ингээд Алан Гринспений дараа Бен Бернанке 2006 оны 2-р сарын нэгэнд удирдах зөвлөлийн гишүүнээр 14 жил, Холбооны Нөөцийн Сангийн тэргүүнээр дөрвөн жил ажиллах томилолт авав.
Гринспений үйл хэргийг булшлагч
Албан тушаалаа авмагц Бернанке “Гринспений чиг бодлого, ажил хэргийг үргэлжлүүлэх” амлалтаараа олны талархлыг хүлээж өөртөө алдарын замаа заслаа. Гэвч тун удалгүй түүний бодлого, чиг шугам Гринспенийхээс тэс өөр болох нь танигдав. Энэ нь бүр шинэ мянганы эхэнд тодорхой байсан ч Бернанкег Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн болтол бүгдийн нүд нь аниатай байлаа.
Гринспены урдаа тавьсан гол зарчмын нэг бол инфляцтай хийх тэмцэл байлаа. Бернанке ч болгоомжилж буйгаа олонтоо ярьдаг байв. Бүр 2002 онд тэр нэгэнтээ үнийн сөрөг хөдөлгөөний эсрэг тэмцэх үр дүнтэй энгийн арга мэдэж байгаа тухайгаа ярьсан юм. “AНУ дуртай цагтаа хэрэгцээт хэмжээний доллар үйлдвэрлэж чадна” гэж тэр ярьжээ. Тэр үед л Милтон Фридманы дүрслэлийг ашиглан “Tэнгэрээс мөнгө цацагч нисдэг тэрэгний” тухай ярьснаар “Бен-нисдэг тэрэг” (Helicopter Ben) хочтой болоодхов.
Сонирхолтой нь хөрөнгө оруулагчид Бернанкед, Америкийн эдийн засгийн хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдэгт нь иргэж байлаа. Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн болсон эхний жилүүдэд Бен Бернанкег үг хэлэх болгонд зах зээл өсөлтөөр хариу барьдаг байв.
Бен Бернанке бол Алан Гринспенийг бодвол бага агуулгатай дүр байсныг тэмдэглэх хэрэгтэй. Гринспенийг бүгд зүрхээ шимшрүүлэн сонсдог ч түүний яриагаар ямар нэг юмыг тодорхойлох хэцүү байдаг. Бернанкегийн мэдэгдлүүд шил мэт тунгалаг ч гэсэн сүүлийн үед түүнийг тоох амьтан олдохоо болив. Тэгээд ч Гринспен улс орны улс төрийн амьдралын явцад идэвхтэй оролцдог байлаа. Тэр АНУ-ын эдийн засгийн албан татвар ноогдуулах, төсөв төлөвлөх зэрэг чухал салбарууд дахь засгийн газрын үйлдэлд ямагт өөрийн гэсэн байр сууриа хадгалж олон нийтэд таниулж байдаг. Харин Бернанкегийн саналыг асуухад “Энэ надад хамаагүй, би зөвхөн мөнгөний бодлогоор ажилладаг” гэж хариулдаг. АНУ-ын засгийн газар эдийн засгийн болон зах зээлийн зохицуулалтын бүрэн эрхээ өргөтгөх өнөө үед ийм байр суурь ашигтай байж болох юм. Гэхдээ Бернанкегийн албан тушаал ахихад ашигтай болохоос Америкийн эдийн засагт лав биш ажээ.
Хуучин уламжлалаараа
“Дээр үед бүх юм сайхан байлаа харин одоо...” гэсэн хүн болгоны амнаас үргэлж гардаг нэг тийм сайхан уламжлал байдаг даа. Цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төв банкны тэргүүн, ерөнхий захирлыг, урьдны хүнтэй нь харьцуулан өмнөх нь тийм ч сайн, ийм ч содон гэж одоогийнхыг газар доогуур ортол хараацгаадаг. Гринспеныг Холбооний Нөөцийн Сангийн залуур дээр байхад түүнийг Волкертой харьцуулан Волкер тийм ч сайн ийм ч сайн гэж түүнийг чичлэн заадаг байлаа. Харин одоо Бен Бернанкег Алан Гринспентэй харьцуулж ярьдаг хүмүүст Бернанке “Aланы үед ч зах зээл өсч л байсан” гэж хариулдаг. Гэвч Бен ганцаараа үүссэн асуудлыг хүчрэхгүй нь ойлгомжтой.

(Волкер ХНС-н дарга асан 1979-1987)

(Алан Гринспен ХНС-н дарга асан 1987-2006)
Бас түүх гэж их эртний зүгээр ч үгүй зөрүүд шилжлэх ухаан бий. Өнөөдрийн бидний нүдээр харж байгаа нэн чухал, эмх цэгцтэй асуудлууд ганц биш хэдэн арван хэдэн зуун жилийн туршид бий болдог болохыг түүх тодорхой гэрчилнэ. Бернанкег буруутгаад байгаа бүх л алдаа “Гринспений үе” буюу түүнийг Холбооны Нөөцийн Санг толгойлж байх 20 жилд (1987-2006) зарим нь бүр “Волкерын үе”-д үүссэн асуудлууд ажээ.
Жишээлбэл Алан Гринспен 1998 онд тэр үеийн томоохон дундын сан “Long Term Capital Management” (LTCM)-ийг дампуурлаас аврахад нөлөөлсөн байх юм. Энэ мэргэшисэн ажиллагаанд Америкийн засгийн газар нэг их наяд доллар зарцуулжээ. Харин асуудлын гол нь Америкийн татвар төлөгчдийн мөнгөнд байгаа юм биш. Энэ бол зах зээлд оролцогсод “Хэрэв чи томоохон компанитай бол юу дуртайгаа хий. Хэрэгцээ гарвал бид туслана” гэж ухамсарлах аюултай үлгэр дууриалал болох нэг жишээ юм. Мэдээжийн хэрэг зах зээл энэ зааврыг “Ура!” хашгиран амьдралд хэрэгжүүлэхээ төвдсөнгүй. Арван жилийн дараа л бид үр дагаварыг нь үзнэ “Fannie Mae”, “Freddie Mac”, “Bear Stearns”, “AIG”, “Lehman Brathers”, “Merrill Lynch” гэх мэт. Эдний ихэнх нь Гринспений “амласнаар” аврагдсан ажээ.
Ийм болохоор “Хөгшин Бен” бол “нисдэг тэрэгтэй ид шидтэн” биш. Түүнийг АНУ-ыг хямралаас гаргана гэж хүлээх нь хуумгай явдал. Үйлдвэрлэлийн хөгжлийн удаан хугацааны стратеги хэдэн арван жилийн турш тулгуурлаж байгаа алдаа эндэгдэлийг ганц нэг цагийн дотор засаж залруулчидаггүй л юм даа.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ









