



















Өнөөдөр хөрөнгө оруулалтын ертөнцөд 1987 онд авaрга амжилт тогтоосон Ларри Уильямс шиг алдартай арилжаачин байхгүй бизээ. Тэр богино хугацаат зах зээл дээр нэг жилийн дотор 10 мянган долларыг 1.1 сая доллар болгон гоц амжилт үзүүлсэн юм. Одоо тэрээр ихэнх цагаа арилжаачдын сургалтанд зориулж хааяа нэг бирж дээр гардаг болсон. Ларри Уильямс бол гар хоосон байж байгаад богино хугацаанд их хөрөнгө олох “Америк мөрөөдөл”-ийн биелэсэн дүрийн хэвшмэл жишээ юм. Энэ их хөрөнгийн өмнөх түүх нь сонгодог төрөлд ойр санагддаг. Ларри 1944 онд Америкийн дундаж гэр бүлд төржээ. Түүний эцэг нь нефть боловсруулах үйлдвэрт ажиллаж байв. Ларригийн бага нас Орегон мужийн буйдхан бөглүү хотхонд өнгөрсөн юм. Тэр шаргуу, урдаа тавьсан зорилготой, бие даасан үзэл бодолтой хүүхэд байжээ. Ларри суралцахын хажуугаар аавынхаа ажилладаг үйлдвэрт цагийн ажил хийдэг байв. Орон нутгийн коллежийг төгссөний дараа тэр Oрегоны их сургуульд элсэн суралцав. Ингээд 1964 онд сэтгүүлчийн диплом авчээ.
Түүний анхны ажил нь Нью-Йоркийн зар мэдээний ангентлагуудын нэгэнд хянагчийн албан тушаал байв. Гэвч тэр бие даасан байдалд тэмүүлэн, төрсөн нутагтаа эргэн ирж хувийн хэвлэх үйлдвэрийг байгуулжээ. Тэр хамтрагчийнхаа хамт улс төр эдийн засгийн “The Oregon Report” сонинг гаргаж эхлэв. Энэ ажил нь түүнийг хөрөнгийн зах зээл руу татсан юм. Ларри өөрийн түүхээ ингэж эхэлсэн. Нэг удаа сониноос ямар нэг компаний хувьцаа өссөн тухай олж уншаад найзыгаа энэ тухай тодорхой ярьж өгөхийг хүсэв. Найз нь ханшийн үнэлгээ өдөрт 2.5 пунктээр өөрчлөгдсөнийг тайлбарласан. Жишээ болгож “Энэ бол чи өчигдөр хувьцааг худалдаж аваад өнөөдөр 250 доллар олсон гэсэн үг” гэж нэмж хэлэв. Жараад оны дундуур энэ нь их мөнгө байлаа. Ларри бодож үзвэл түүний танилуудаас хэн нь ч гэсэн өдөрт ийм их хэмжээний мөнгө олж байсангүй. Хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгох санаа Ларриг эзэмдэж эхлэв.
Түүний өгүүлснээр үүнээс хойш энэ тухай мөрөөдөлдөө чихээ хүртэл живсэн байна. Гэхдээ тэр зөвхөн өөртөө л найдаж хэн нэгний төлөө ажиллахгүй, хэн нэгэн зөвлөгчийн болон үйлчилгээгүйгээр ажиллахаар шийджээ. Үүний тулд эхлээд асуудлыг сайтар судлахаар шийдэв. Ларри сониноор тогтохгүй хөрөнгийн зах зээл болон техник шинжилгээ, судалгааны ном уншиж ойр орчныхоо номын сангуудын байнгын уншигч болов. Гэвч онолын мэдлэгээс илүү далага туршлага илт дутагдаж байсан тул тэрээр хөрөнгийн зах зээлийн арилжааны тухай олж мэдэхийн тулд арилжаачдын ажлын туршлагыг судлан албан байраар нь эргэлдэх болжээ.
1966 онд Ларри Уильямс хөрөнгийн зах зээл руу эргэлт буцалтгүй шунан орлоо. Жилийн дараа тэр санхүүгийн зөвлөхийн тусгай гэрчилгээ авч зөвлөгөө өгөх бүрэн эрхтэй болов. Эхэн үедээ тэр хувьцааны зах зээлд хүчээ сорьжээ. Тухайн үеийн номнуудад асуудал бүрийн хариултыг графикаар үзүүлдэг байв. Тэр үеийн тухай дурсахдаа “1960-ад оны техникийн хувьсал түүний хувьд ач холбогдолтой байсан” гэжээ. Яваандаа Ларри өөрийн бодлоо өөрчилж, техник шинжилгээний арга барилыг удирдлага болгон арилжаанд оролцох болов. Түүний хувьд хувьцааны арилжаа байнга амжилттай байсангүй. Харин танил арилжаачдын нэг нь Ларригийн ашиглаж байгаа сонирхолтой арга барилыг анзааран хугацаат зах зээлд хүчээ сорихыг зөвлөв. Энд л түүнийг дэлхий дахинд алдаршуулах, алдар суу хүлээж байв. 1970-аад оны эхэн үед тэр анхны сая доллараа олжээ. Гэвч тэр дөнгөж 1987 онд л “Robbins World Cup of Championship of Futures Trading” гэх нэр хүндтэй биржийн тэмцээнд оролцон дэлхий нийтэд алдаршив. Ларри 10.000 долараас эхлэсэн. Жилийн турш фьючэрс, облигаци болон S&P-500 индексээр арилжаа хийн өөрийн орлогоо 1147000 доллар болгож өсгөжээ 1100%-н ашигтай арилжаа хийв. 1987 он бол Америкийн хувьцааны зах зээлийн алдарт уаналтын үе байсныг бодолцох хэрэгтэй. 10-р сарын 19-ний даваа гаригт “Dow Jones” 23%-аар унав. Хэрэв уналт байгаагүйсэн бол Ларригийн ашиг улам их байх байсан. Есдүгээр сарын дүнгээр түүний данс 2 сая доллараас давж байв. Энэ бол одоо хүртэл хэн ч давж гараагүй гойд үзүүлэлт, хөрөнгө оруулалтын дэлхийн аврага амжилт юм. Дашрамд дурдахад 10 жилийн дараа түүний охин Мишель мөн тэмцээний ялагч болж байлаа.
(Ларригийн охин Мишель)
Авaрга шалгаруулах тэмцээний дээд амжилт азтай арилжаачны албан тушаалын төгсгөл биш байсан юм. Ларри бусадтай туршлагаа хуваалцан маш их мөнгө олж байлаа. Жилээс жилд тэр арилжаачны дүр төрхөө алдаагүй. 1997 онд тэр дахин уламжлалт сая долларын амжилтаа давтан үзүүлж, 50.000 долларыг сая гаруй доллар болгосон юм. Ларригийн өөрийн ярьснаар түүний хөрөнгийн зах зээлийн ажлын арга техникт ойлгомжгүй хэцүү зүйл юу ч байгаагүй. Техник шинжилгээний аргачлалыг сайжруулсан нь гарцаагүй түүний гавъяа юм. Орчин үеийн практикт өргөн хэрэглэгдэж байгаа зарим шалгуурууд ч түүнд хамаарна. Жишээ нь түүний нэрээр нэршсэн WIL%R шалгуур буюу Уильямсын R процентийн тархац.
Ларригийн баримталдаг техник шижилгээнд хачин сонин зүйл үгүй. Тэр гол төлөв хэдэн өдрийн зайтай арилжаа хийдэг. Техник шинжилгээ түүний хувьд тодорхойлох арга болдоггүй байна. Хэрэв Ларри тухай үеийн зах зээл “Бух” (өсөх) буюу “Баавгай” (уруудах) тохиолдолд зах зээлд орох болон гарах техникийн арга барилаа тодорхойлон арилжаанд ордог. Үнийн өөрчлөлтийн жинхэнэ шалтгаанууд нь урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Харин Ларри үнийн ирээдүйн байдлыг биш тухайн үеийн зах зээлийн байдлыг илэрхийлэхийг хичээдэг. Жишээ нь тухайн мөчид “Бух” болон “Баавгай”-н аль нь хүчтэй вэ? гэх мэт. Далимд нь хэлэхэд хөрөнгийн зах зээл дэх арилжаа түүний бүх цаг завыг эзэлдэггүй байна. Ларри Уильямс өөрийн мэдлэгээ идэвхтэй борлуулдаг. Аврагын тэмцээнд ялснаас хойш түүнд хөрөнгө оруулалтын талаар асуух шавь нар өдөр ирэх бүр нэмэгджээ. Ларригийн туршлагыг түүний номнуудаас ч амтархан уншиж болно. Сэтгүүлч байсан түүний гараас долоон бүтээл гарсны ихэнх нь техник шинжилгээний бестселлер болжээ.
Хамгийн их дэлгэрсэн алдартай нь “Богино хугацаат арилжааны урт хугацаат нууцууд” ном юм.
Ялангуяа түүний семинарууд нь сэтгэл татам. Эхлээд харахад онцгой юм байхгүй юм шиг боловч суралцахаар уригдсан болгон дөрвөн өдрийн дотор, АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа ба үнэт цаасны үр дүнтэй аргуудын үндсийг ухаарна. Ларригийн сургалтын гол үр дүн нь түүний ил тод байдалд оршино. Семинарын төгсгөлд бодит арилжаан дээр дадлага явагдана. Өөрөөр хэлбэл Ларри дөнгөж саяхан шавь нартаа заасан, ярьсан арга барилаа ашиглан арилжаа хийлгүүлдэг. Арилжааг нэг сая долларт багтаан хийдэг байна. Ийм дадлагын дараа олсон ашгаа оролцогчид тэнцүү хувааж авдаг. Хэрэв алдагдал гарах юм бол багш хохирлыг барагдуулна. Ларригийн мэдэгдэж байгаагаар ашиг нь 20%-д хүрдэг. Иймээс шавь нар нь сургалтынхаа шатанд баяжиж болох ажээ.
Гэвч амьд домогоос суралцах хичээл тийм ч хямд биш. Сургалтын төлбөр 5000 доллар аж. Зарим залхуу хойрго хүмүүст зориулсан өөр систем түүнд бий. Энэ бол Ларригийн багийн интернетэд цацдаг өдөр тутмын зөвлөмж юм. Ларригийн зөвлөмжийн жилийн хөлс нь ердөө л 450 доллар бөгөөд алдагдлыг хөрөнгө оруулагч барагдуулдаг.
ЛАРРИ УИЛЬЯМС ӨӨРИЙНХӨӨ КАРЬЕРЫН ТУХАЙ
Миний арилжаачин болох зам минь бүр долдугаар ангид байхаасаа эхэлсэн. Пол Хайлэнд гэдэг залуу надад зоос дээш нь шидэж сүлд ба тоо гэж мөрийцөн бидний халаасанд байгаа мөнгөөр мөрийцөж болохыг зааж өгсөн юм. Наймаа арилжааны тухай мэдвэл зохих зүйлийг би дунд сургуульд байхдаа мэдсэн ч байж магадгүй. Хэдийгээр цаг хугацаа шаардсан ч Пол ба Верджил хоёр миний мөнгийг багийн тоглолтын дансанд татдаг байсныг сүүлд нь ойлгосон юм. Нэг нь сүлд дээр нэг нь тоон дээр тавьчихаар би хожих боломжгүй байлаа. Хожим орлогоо хуваахад би зах зээлийн арга залийн анхны хичээлээ ойлгож эхэлсэн юм.
Жэк Макафэрти бол Биллингсийн хамгийн танхай хулигаан байв. Түүгээр ч зогсохгүй Монтана муж даяар алдартай хулигаан юм. Жэк бидний гар луу цохиод авахад гар мэдээ алддаг. Тэр ер бусын хүчтэй бөгөөд миний харж байсан зодоонуудад түүнийгээ гарамгай ашиглаж чаддаг. Түүн рүү хэн ч ойртож зүрхэлдэггүй байв. Зодоон бол түүний амьдралын хэв маяг. Хожим Жэкийг Лос-Анжелесийн цагдаа нар засмал зам дээр хөөцөлдөх үедээ буудан алсан юм. Үнэндээ Жэк охид бүсгүйчүүдийн эрлэг бөгөөд цагдаагийн эхнэртэй ч учир ургуулж байсан. Зоосоор улайран тоглодог хүүхдүүд ихэнхдээ Жэктэй тоглохыг хүсдэггүй байлаа. Ер нь тэр алдсан бооцоогоо өгдөг боловч, өгөхгүй гэвэл яалтай билээ? Дараа нь түүнд гөвшүүлэхийн тулд заналхийлэлтэй биш. Энэ бол арилжааны бас нэг сургамж, ажил хэргийн хамтрагчаа болгоомжтой сонгож бай! Олон жилийн дараа би Ричард Альмерийн боловсруулсан үхрийн махны үнийн тооцоог ашиглан өөрийн дансан дахь 5000 доллараа 40000 доллар болтол өсгөсөн юм.
Энэ явдал өргөн ашиглагдаж байсан стохастик индексийг (Stochastics Index) зохиосон гэж нотлодог Жорж Лэйны брокерын оффист болсон юм. Чухамдаа Жорж ч стохастикийг зохиогоогүй би ч 40000 доллараа түүний брокерын пүүсээс авч чадаагүй юм. Эрх баригчид хаширын үйл ажиллагааг зогсоож, үүний өмнөхөн мөнгө миний данснаас алга болсон юм. Жекийн ачаар би хүчтэй хүмүүс сул доройгоо хүндэлдэггүй гэдэг бас нэг үнэнийг мэдэж авсан. Бидэнтэй сүлд шидэн тоглож байхдаа Жэк булхайдаад байгааг би удаан тэвчсэн юм. Нэг удаа тэр миний 25 долларыг хамах гэхэд нь би түүнийг байдаг хүчээрээ элэгдээд авав. Гайхширсан тэр над руу ойртон ирээд “Чөтгөр минь чи яаж байнаа? Одоо би нармайг чинь нээнэ гэдгийг мэдэж байна уу?” гэж асуув. Тэгэхэд нь би “Тэгээд зодоо ч дээ, чиний дүрмээ үргэлж зөрчдөгт чинь залхаж гүйцлээ. Чи миний ясыг яйруулж чадна гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ чамайг цохиж чадсандаа жаргалтай байна” гэж хэлж чадав. Жэк “Энэ нусгай надад таалагдаж байна. Би чамайг хүндэлж байна” гэж амандаа бувтнаад, дөнгөж сая миний хожсон зоосыг өгчихөөд яваад өгөв. Үүнээс хойш бид овоо дотно нөхөд болсон боловч дахин зоос шидэж тоглоогүй билээ.
Монтанагийн хүмүүс маш их ажилсаг. Миний эцэг ч гэсэн нефть цэвэрлэх үйлдвэрт долоо хоногт 40 гаруй цаг ажиллаад, амралтын өдрүүдээр “Док Цинк” нефть ариутгах үйлдвэрт “халтуур” хийдэг байлаа. Энэ бүхэн нь хангалттай бус юм шиг үдэш орой болтол ном уншиж, үндсэн ажил олгогч “Коноко”-доо тустай байхын тулд электроникийг судлан үздэг байв. Шаргуу хөдөлмөр, төлөв байдлыг нь үнэлж тушаал дэвшүүллээ. Эцгийн ажлын газрын нэг онцлог нь хэрвээ хүүхдүүд нь коллежид сурдаг бол зундаа үйлдвэр дээр ажиллах боломжтой байв. Би ч ялгаагүй ингэж ажилласнаар эдгээр хүмүүсийн хийдэг гол зүйл “Ажил” хийх хүсэл сонирхлоо бэхжүүлж байлаа. Тэд үргэлж өөрчлөгдөж байдаг хуваарийн дагуу урт хугацаагаар ажилладаг. Нэг долоо хоногт нь 3:30-аас ажилдаа ирж дараа долоо хоногт нь шөнийн 11:30, дараагийн долоо хоногт ээлж нь 03:30 ч юмуу 07:30-аас эхэлдэг. Энэ цагийн хуваарьт нь миний ойлгочихмоор зүй тогтол ч юмуу эрэмбэ журам ч алга. Бүгд л энэ халуун өмхий үнэртсэн чимээ шуугиантай үйлдвэрт сайн дураараа эцэс төгсгөлгүй боолын хөдөлмөр эрхлэнэ. Энэ бүхэн миний хувьд утга учиргүй зүйл байв. Нефть цэвэрлэх үйлдвэрт сая гаруй хавхлага байдаг ба байнга л нээгдэж хаагдаж байдаг. Миний асуудал бол би юуг яаж хийхээ ойлгохгүй байлаа. Энэ бүхэн миний арчаагүй байдлыг харуулснаас гадна, энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цээжээр мэддэг миний эцгийн нэр хүндийг хөндсөн хэрэг байв. Үнэхээр түүний засч чадахгүй техник гэж үгүй. Хэрэв би зүрхний мэс засал хийлгэхээр бол эмчээр биш эцгээрээ хийлгэх байсан биз. Аав минь байшин яаж барих, гоёмсог мебель яаж хийхээ сайн мэднэ, тэгээд ч манайд засварт өгөх мөнгө байгаагүй гэдэгт би эргэлздэггүй. Ядуу хүмүүс баячуудыг бодвол юманд эв дүйтэй байдаг.
Миний мунгинуу байдал бүхний элэг доог болж ялангуяа миний том ах төрсөн цагаасааа л нефть цэвэрлэх үйлдвэр дээр юуг яаж хийдгийг мэддэг тул намайг ахтай минь харьцуулж үздэг байв. Ах минь том хүмүүстэй гайхалтай зохицдог ба миний залхуу зан, дээр нь ганцаараа байх хүсэл, зураг зурхаас өөрийг хийх авъяасгүй минь надад байр сууриа олоогүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан. Би заримдаа нойр алдан сайхан амьдралд яаж хүрэх тухай мөрөөдөлдөө автан хэвтдэг байв. Зарим хүмүүс яаж том байшингийн эзэд болж амжилтанд хүрдэг юм бол гэх мэтээр. Би тэр үед сэтгэл дундуур байсан ба яаж эрх чөлөөтэй болох вэ гэж хүсдэг байв. Зоос шидэж тоглох нь бузгай ухаалаг ажил боловч жолооны үнэмлэх мэтийг хуурамчаар үйлдэх нь (жолооны үнэмлэх 5 доллар, төрсний гэрчилгээ 20 доллар) илүү үнэтэй ажил юм. Миний хязгаарлагдмал ч гэсэн зургийн авъяас нилээд мөнгө өгч бие даан ажиллах боломжтой болов. Жирийн хүний хийж чадахгүй буюу хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийж байгаа маань надад таалагддаг байсан. Би тэр үед харж байсан залхуутай амьдралаар амьдрахыг хүсээгүй. Миний аав нэг л зүйлээс бусдыг ном журмын дагуу хийдэг байв. Ангийн улирал болоход бүх дүрэм журам цонхоор шидэгддэг. Бид гэр бүлээ жилийн турш тэжээхийн тулд хүрэлцээтэй буга, гөрөөс, хандгай агнадаг байв. Бид буга агнах нэг зөвшөөрлийг 4-5 удаа ашигладаг байв. Би амьд үлдэхийн тулд хүмүүст дүрэм журам хамаагүй болдог, миний эцэг шиг хүмүүс ч аюул сөрөх болдгийг мэдэж авлаа. Ийм л ээдрээн дунд миний арилжаачны карьер эхэлсэн юм.
Үнэхээр сайн арилжаачид адал явдалд дурлаж, эрж хайх нь тэдний оюун санааны халуурал ажээ. Магадгүй ийм болоод л би сургуулиа төгсөөд сонин болон зул сарын мэндчилгээ, самар жимс зарж халаасны мөнгөтэй болохын тулд албан газар, айл гэрийн босгыг элээх дуртай байсан юм болов уу. Би зарж чадах үгүйгээ мэдэхгүй азаа сорьж овоо мөнгө хийчих санаатай хэл амаа билүүдэж бараагаа үзүүлж явдаг байв. Би хүнд хүчир хөдөлмөрийг түүгээр цангахгүй болтлоо харлаа. Би уралдааны морь унаач шиг “ажиллана гэхэд хэтэрхий залхуу” “хулгай хийнэ гэхэд хэтэрхий үнэнч” хүмүүжилтэй байлсан юм. Тийм болхоор сургуулиа төгсөөд коллежид элсэх эсвэл, тэнгэсийн цэргийн хүчний албанд бүртгүүлэх хувилбарууд зөв юм шиг, төрөл төрөгсөд маань ч шахаж байв.
1962 онд би хэнээс ч билээ дээ “хамгийн идэвхтэй” хувьцааны талаар лавласан юм. Тэгэхэд “За харж байна уу? Женерал Моторсийн хувьцаа өдөрт 11.2%-иар өслөө Хэрэв чи өчигдөр хувьцааг нь худалдаж авсан бол өнөөдөр 150 доллартай болох байлаа” гэж билээ. Өдөрт 150 доллар! Арай ч дээ сүлд, тооны хажууд огцом эд байгаа биз. Энэ нь тэр үед нефть цэвэрлэх үйлдвэрт ажилладаг залуусын долоо хоногт авдаг цалингаас их байлаа. Хөнгөхөн ажил юм шиг хэрнээ ашиг нь хүн цочирдмоор юм. Өмнө нь би хаагуур нь явсан юм бол, одоо яаж эхлэх вэ гэсэн хоёр асуулт надад тулгарав. Тэр хөнгөхөн олдох мөнгө бид хоёрын дунд таталцлын совин төрлөө.
Энэ совин миний хувь тавиланг үндсээр нь өөрчилж, 1962 оноос хойш өдөр бүр шаргуу зүтгэх болсон тэр амьдрал руу татан оруулав. Үнэндээ би 1978 ба 1982 оны АНУ-ын Сенатийн сонгуульд өрсөлдөх үеэс бусад цагт “Зах зээлээс хөндийрөх” цаг зав олдоогүй юм. Энэ хоёр богинохон завсарлагаанаас бусад үед би бүх амьдралынхаа туршид хөрөнгийн зах зээлээс холдоогүй. Үнэндээ энэ бол нефть цэвэрлэх үйлдвэрийн ажил юм уу, коллежид байхдаа амралтаараа ажиллаж байсантай зүйрлэх юм биш. Аав маань харсан бол баярлах л байсан даа.
Өөрийн тушлагаасаа би, туршлагатай арилжаачны сэтгэлд, их мөнгө хийх чин хүсэл, өөрийгөө бусдад таниулах, орчин тойрныхоо байдалд дотроо дургүй байх, ийм гурван зүйлийг олж харж болдгийг мэдсэн юм. Дүрсгүй дуулгаваргүй байх нь арилжаачны шинж чанарын чухал онцлогын нэг. Ихэнх хүмүүс өөрийн амьдралдаа тэнцвэртэй тайван байдлыг эрхэмлэдэг бол би үүнийг тийм ч эрүүл зүйл гэж үздэггүй. Ер нь агуу их нээлтийг жирийн хүн хийдэггүй. Заримдаа жигд урсах амьдралаар амьдрах юмсан гэж бодогдох л юм. Миний цуцашгүй байдал хэзээ ч буурахгүй байх, дүрсгүй дуулгаваргүй байдал минь арилжаачийн дотоод сэтгэлийн галыг дэврээж явдаг ч юм билүү бүү мэд. Хэрэв миний үнэ цэнийг үерхэж явсан охинд минь, эцэг эх, ахад минь эсвэл аль хэдийн мартагдсан хэн нэгэнд, дэлхий дахинд батлаж өгвөл би ашиг хонжоо харахгүйгээр фьючерсийн зах зээлд арилжаа хийх байсан ч байж магадгүй. Намайг хачин хувиа хичээгч гэвэл зөв л байх гэхдээ энэ нь хоосон сайрхал биш хүнд хүчрийг давж гарна гэсэн үг. Эрх дархад хүрэх замаа олсноо даян дэлхийд зарлана гэсэн үг.
Орчуулсан Жамбалдоржийн БАДАРЧ









