



















“Google”-ийг үүсэн байгуулагч Сергей Брин, Ларри Пейж нарын хувь тавилан нь шинжлэх ухааны авъяас билэг, бүтээлч эрэл хайгуул, туршилт явуулах зориг зүрх, дур сонирхол амжилтанд хүрэх замыг засан залуурдах чадвартай гэдгийн гайхамшигт үлгэр жишээ юм. Үнэхээр хоёр залуу тэрбумтаны эрчимтэй “нисэлтийг” компьютер болон интернетын зууны Америк мөрөөдлийн уламжлалт биелэл гэж нэрлэж болно.
“Google”-ийг үндэслэгчдийн нэг нь Америк нутгийн хүү бол нөгөө нь Орос гаралтай үнэндээ хуучнаар ЗХУ-ын иргэн. Сергей Михайлович Брин 1973 оны 8-р сарын 21-нд Москва хотод Еврей сэхээтний гэр бүлд төржээ. 1979 онд түүний гэрийнхэн АНУ-д цагаачлан гарав. Эцэг нь Мэрилендийн их сургуульд математикийн ухааны профессороор ажиллаж, эх нь сансар судлалын “NASA” төвийн үндэсний агентлагт эрдэм шинжилгээний ажил хийх болсон. Америкт ирээд Сергей Мэриленд мужийн Адельфид Монтессори системээр хичээллэдэг бага сургуульд суралцав. Тэрээр тус сургуульд сурч байсан үеэ ирээдүйн амжилтанд хүргэсэн газар гэж ярьдаг. Харин хавсрага сургалтыг гэрээр олж авчээ. Эцэг эх нь Орос хэлний мэдлэгээ авч үлдээд зогсохгүй, бага насанд нь илэрсэн математик ба тоцоолон бодох техникийн дур сонирхлыг нь зүйл бүрээр хөхүүлэн дэмждэг байв. 1980-ад онд гэр ахуйн нөхцөлд компьютер байх нь маш ховор байсан ч Сергейг дөнгөж 9 настай байхад анхны компьютер “Commodore-64”-ийг аав нь төрсөн өдрөөр нь бэлэглэж байжээ. Тэр удалгүй компьютер дээр бэлтгэж, принтерээр хэвлэсэн тухайн үед ер бусын санагдах төслүүдийг хийж сургуулийн багш нараа мэл гайхуулж байв.
1990 онд Эленор Рузвельт сургуулийг төгсөөд Мэрилендын их сургуульд математик ба мэдээлэл зүй судлан 1993 онд бакалаврын улаан дипломтой төгсчээ. Дараа нь Шинжлэх Ухааны Үндэсний сан Бринд дээд сургууль төгсөгчдын тэтгэлэг олгож Калифорни мужийн Стенфордын их сургуульд мэдээлэл зүйгээр үргэлжлүүлэн суралцах эрх олголоо. 1995 онд тэр магистрын зэрэг авч улмаар докторын сэдвээр ажиллаж эхлэв. Стенфордод ирээд Брин анхнаасаа л Интернет-технологийн салбар ялангуяа хайлтын системыг сонирхон судалсан. Тэр шинжлэх ухааны нийтлэл болон хурал цуглааны материалаас мэдээлэл олох хайх болон бүтэцийн бус үүсгэвэрээс мэдээлэл шүүх арга барилын талаар олон ажлын зохиогч, хамтрагч болов. Түүнээс гадна HTML форматын ТEX процессорыг ашиглан хийсэн шинжлэх ухааны мэдээллийг өөрчлөн боловсруулах программ хангамжийг боловсруулжээ.
Сергей Брины амьдралын шийдвэрлэх мөч 1995 оны гуравдугаар сард мэдээлэл зүйн салбарт докторын зэрэг горилогчдын хаврын уулзалт дээр “Google”-ийн ирээдүй ерөнхийлөгч, залуу эрдэмтэн Ларри Пейжтэй танилцав. Бринд сургуулийн нутаг дэвсгэр дээр Пейжийг дагалдан явах үүрэг тохиожээ. “Google”-ийн “цуурхалд” итгэх юм бол энэ хоёр эхлээд бие биендээ уурсан маргацгаадаг байв. Гэвч удалгүй тэд мэдээллийн нүсэр их уул овооноос хайсан мэдээллээ сонгон татаж авах асуудлаар санаа нийлдэг болжээ. Сергей Ларри хоёр коллежийнхоо дотуур байранд Интернет-хайлтын шинэ систем боловсруулах явцдаа нөхөрлөсан байна. Хамтын ажиллагааны дараагийн үе шат нь тэдний ирээдүйн их ажлын үр хөврөл болсон гэж үздэг “Интернет-хайлтын том хэмжээний хайпертекстын системын бүтэц” гэдэг бүтээл юм. Стенфордын их сургуулийн шинжлэх ухааны бүтээлүүд дотор тэдний ажил сонирхол татсан үзүүлэлтээрээ 10-р байрт ордог.
1996 оны 1-р сард Брин, Пейж нар сэдэв бэлтгэж байхдаа интернетийн мэдээллийн хайгуулын аргийг зарчмын хувьд сайжруулсан, эрдэм шинжилгээний төслөө хамтран эхлэв. Илүү дэлгэрэнгүй өгөгдөлүүд нь, бүхнээс илүү ашигтай болохыг ойлгосон залуу эрдэмтэд веб сайтуудын хоорондын харьцааг судалж үзээд хайлтын системыг аль болох үр дүнтэй байлгах таамаглалыг дэвшүүлэв. Тэр үеийн хайлтын төхөөрөмжүүдэд эрж байгаа үгс нэг хуудсанд хэдэн удаа дайралдахаас үр дүнгийн рейтинг хамаардаг байлаа. Шинэ систем нь эхэндээ “Back Rub” нэртэй сайтын чухал мэдээллийн заалтуудын тоог шалгадаг байв. Хожим нь “Page Rank” нэртэй болсон.
Аливаа өгөгдөлийг хайхад хамгийн чухал нь веб хуудсууд юм. Эдгээр нь өндөр түвшины сэргээлттэй төдийгүй өөр хуудасны ишлэлийг олоход хялбар болохыг Брин, Пейж нар мэдэж их сургуульд байхдаа хийсэн судалгаагаараа гол санаагаа зөв гэдгийг нотлохоор шийджээ. Хайлтын системээ эхлээд Стенфордын их сургуулийн сайт дээр www.google.stanford.edu домэйн доор авав. www.google.com нь 1997 оны 9-р сарын 14-нд бүртгэгдэн баталгаажсан байна. “Google” нэрийн үүсэл нь их сонин юм. Анх “Googol” буюу 10-ын зуун зэрэгт гэсэн нэр өгсөн боловч хөрөнгө оруулагчдын уршгаар “Google” болон өөрчлөгджээ. “Googol” нэрийг математикч Эдвард Каснерын 9 настай ач хүү өгсөн. Брин Пейж хоёр “Googol” гэж нэрлэсэн ч тэдний төслөө танилцуулсан хөрөнгө оруулагчид чек бичихдээ “Google” гэж алдаатай бичжээ.
1998 оны эхний хагаст судлаачид ирээдүйтэй шинэ технологио боловсронгуй болгохоор ажиллажээ. Стэнфордын их сургууль дахь Пейжийн өрөө асуудал боловсруулах төв болж, Брины өрөө ажил хэргийн албан тасалгаа болов. Найзууд өөрсдийн санааг худалдахаар оролдсон ч амжилт олсонгүй. Тэгээд тэд бизнес төлөвлөгөө гаргаж, компаниа байгуулах хөрөнгийн эрэлд гарчээ. Ингээд анхны хөрөнгө оруулалтын нийт дүн нэг сая доллар болов. Хүлээн авсан мөнгө нь ихэвчлэн төрөл төрөгсөд, найз нөхөд болон бусад хөрөнгө оруулагчдаас орж байв. “Sun Microsystems” компанийг үндэслэгч Энди Бехтольсхайм 100.000 долларын чек бичиж өгчээ.
1998 оны дундуур Брин, Пейж хоёр Стэнфордын их сургууль дахь судалгааны ажлаа орхицгоов. (Брин одоо хүртэл ээлжийн амралттай гэж албан ёсоор бүртгэлтэй явдаг) Тэдний үгээр бол бусад нь түүх юм. Ер нь “Google”-н түүх 1998 оны 9-р сарын 7-нд ХХК-иар бүртгүүлэх үес эхэлжээ. Анхны оффис нь Калифорни мужийн Менло-Паркт байдаг нэгэн танилынх нь гараж, ажиллагсад нь ердөө л дөрвөн хүн байв. Энэ үед “Google” хайлтын систем нь өдөрт 10.000 эрэлт хүсэлтэнд хариу өгдөг байлаа. “PC Magazine” сэтгүүлийн 1998 оны интернэт сайтад үйлчлэх хайлтын системын тэргүүний 100-д багталгүй “хоёрдугаар цуваанд” үлдэв. Дараагийн жил нь компани Паола-Альто дахь шинэ байрандаа нүүж ирэв.
“Google” гэдэг нэр амнаас ам дамжин сэтгэл ханамжит хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тоо талхны хөрөнгө шиг л өсөв. Компанид бизнесээ өргөжүүлэх хөрөнгө хэрэгтэй болсон байна. Үүний зэрэгцээ Брин, Пейж хоёр хяналтаа сулруулж, мэдээлэл зүйн нээлттэй цонхоор ертөнцийг боловсронгуй болгох “Google”-ийн үндсэн зарчмаас ямар ч тохиолдолд хазайхыг хүсэхгүй байв. Энд ч гэсэн тэд шинэ технологийн хүрээнд төдийгүй бизнесийн зохион байгуулалтанд өвөрмөц шийдэл олж чадахаа дахин харуулсан юм. 1999 онд тэд өрсөлдөгч хоёр хөрөнгийн “Sequoia Capital” ба “Kleiner Perkins Caufield & Byers” компануудийг 25 сая доллараар санхүүжүүлэхээр ятгаж чадав. “Google-н түүх” номын хамтран зохиогч Дэвид Вайзын тодорхойлсноор энэ бол “хувааж аваад, эзэмш” гэсэн сонгодог арга байлаа. Энэ нь компанийг бүтээн байгуулагчдад хөрөнгө оруулагчдын зүгээс хоёул хоёулаа захирлын зөвлөлд оролцсон ч гэлээ ноцтой нөлөө үзүүлэх боломжийг хаасан арга байв.
Хамтрагчид ийм уламжлалт бус аргаар сэтгэх чадвар нь dot.com дахь үйлдвэрлэлийн хөөрөгдлийн үед үед илэрч байжээ. Тэгэхэд өрсөлдөгч компаниуд рекламын болон маркетингийн компаниудад сая саяар нь доллар цутгаж өөрийн “брендийг бүтээж” байхад “Google”-ийн удирдлага амар тайван хайлтын системээ улам сайжруулан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд ажиллаж байсан. Брин маркетингийн талаар “Google” ашиглагчдын тус дэмд найдаж тэднээр дамжуулан хайлтын сиситемын үйлчилгээ авдаг бусад хүмүүст дамжуулан танилцуулдаг байлаа. Үүний үр дүнд цасан уруй мэт нуран унасан интернет салбарын олон шинэ залуу компаниудийн уналт 2000 онд ашгын түвшинд хүртлээ өсч байгаа “Google”-ийн тогтвортой өсөлтөнд нөлөөлсөнгүй. Энэ их амжилтанд зар сурталчилгааны улиг болсон үг үсэг зохих ёсоор нөлөөлөв. (Компани эхний жилүүдэд зар сурталчилгааг зөвшөөрдөггүй байв.
Брин, Пейж хоёр компаниа 200 хүрэхгүй хүнтэй байх үед нь удирдлагын дарамтыг өөрсдөө үүрч байв. 2001 оны зун “Novell” компанид захиргааны дарга бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал байсан Эрик Шмидтэд Ерөнхий захирлын бүрэн эрхийг шилжүүлэн өгчээ. Гэлээ ч гэсэн тэд нэг ч чухал шийдвэрийг тэдний дэмжлэггүйгээр шийдэгдэхгүй байх компаний судсыг барьж байдаг. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол хамтрагчид маргаантай асуудлыг дангаараа хэлэлцэн байр сууриа сонгон эргэн тойрныхондоо нэгдсэн журмаар танилцуулдаг байна.
2004 оны 8-р сард “Google” анх удаа өөрийн хувьцааг NASDAQ зах зээлд “GOOG” гэсэн билэгдэлийн нэрээр гаргав. Энд бас л улиг болон хуучирсан арга замаар бус, Уоллстрийтийн IPO гаргах уламжлалаар ч биш бараг “Голланд дуудлага худалдаагаар” хувьцаагаа борлуулжээ. “Google”-ийн бизнесийн тасралтгүй өсөлт интернет үйлчилгээний шинэ хэлбэрийг тогтмол нэвтрүүлсэний ачаар хувьцааны өсөлт ч хурдсаж байв. 85 долларын түвшингээр эхэлсэн арилжаа жил гаруйханы дотор тав дахин өсчээ. Компани анхны борлуулалтаа хийх үед Брин Пейж хоёр өөрсдийн дууриах загвар санхүүчээр Уоррен Баффетыг нэрлэжээ. 2006 оны 1-р сар гэхэд “Google” зах зээлийн үнэлгээгээрээ Баффетын “Berkshire Hathaway Inc” компанитай тэнцэж байлаа. Хэдэн мөчийн өмнө компани 4 тэрбум доллартай тэнцэх хувьцааны хоёрдох борлуулалтаа хийв. Энэ нь шинэ ололтын цуутай хамт тархав.
Шинжээчид “Berkshire Hathaway Inc” үнэт цаас удаан хугацаанд тогтвортой, харин “Google”-ийн хувьцаа үнэтэй ч орлого, эрэлт, борлуулалтаараа илүү гарчээ гэж дүгнэдэг. Ихэнхи шинжээчид “Google”-ийн хувьцааг зар сурталчилгааны асар их орлого, шинэ шинэ нэмэгдэл үйлчилгээний үрээр цаашид асар хурдацтай өснө гэж үзсэн. 2004 оны 8-р сараас Брин, Пейж хоёр орлогын өсөлтийн хурдаар компьютерын бизнесийн “акулууд” болох Билл Гейтс, Пол Аллен нарыг гүйцэж түрүүлжээ. 2004 онд хамтрагчид анх удаа нэр хүнд бүхий “Forbes” сэтгүүлийн тэрбумтангуудын жагсаалтанд тус бүр нэг тэрбум долларын хөрөнгөөр багтаж байв. 2005 онд Брины хөрөнгө 11 тэрбум доллароор үнэлэгдэж Пейжийн хамт 16-р байранд “Forbes” 400-н Америкчуудын жагсаалтанд бичигджээ. Дараа жил нь Брин дэлхийн баячуудын эгнээнд 26-р байр эзлэн хөрөнгийн хэмжээ 12.9 тэрбум доллар болсон. 2004 оны хоёрдугаар улирлаас эхлэн “Google” IPO гаргаж эхэлсэн үеэс өнөөг хүртэл Брин, Пейж, Шмидт гурав ажлын хөлсны суурь үнэ болох нэг долларыг жил тутам авч байдаг.
Харин Брины хувийн амьдрал олон нийтэд төдийлэн танил бус. Өндөр орлоготой ч тэр үрэлгэн биш юм. Даруухан байранд амьдарч хямдхан машин унадаг. Брин гимнастикаар хичээллэж, “Google”-ийн бусад албан хаагчдын нэгэн адил ажлынхаа ойролцоо дугуйт тэшүүрээр гулган үдийн завсарлагаанаар хоккей тоглодог. Тэр жинсэн өмд, пүүз, спорт маягийн хүрэм өмсөх дуртай. Хоол хүнсний талаар тэр Сан-Францискогийн орос рестөрануудад ордог. Сергей Брин шинжлэх ухаан, бизнес, технологийн асуудлаар, Дэлхийн эдийн засгийн форум болон их бага хурал зөвөлгөөнүүд дээр нэг бус удаа илтгэл тавьж байсан. Мөн телевизийн шоу, баримтат нэвтрүүлэгт оролцон технологийн салбар, хайлтын системын талаар санал бодлоо солилцдог. 2004 онд “ABC World News Tonight” нэвтрүүлэг Брин болон түүний хамтрагчийг “Долоо хоногийн хүнээр” тодруулж, 2005 онд Дэлхийн эдийн засгийн форум дээр Сергей Бринийг “Instituto de Empresa” “Залуу удирдагч” цолоор шагнаж МВА зэрэг олгов.
“Google”-ийн үүсгэн байгуулагчдын содон чанарын талаар ярихдаа компанийн ахуй байдлын хувьд тэдний сэдсэн өвөрмөц өөрчлөлтийн тухай дуугүй өнгөрч болохгүй. Силиконы хөндийн яг төвд орших Маунтин-Вью дэх “Googleplex” гэж алдаршсан албан байранд ажилтан албан хаагчдын аз жаргалын төлөө хийсэн олон зүйлийг үзэж болно. Энд төгөлдөр хуур, массажны хэрэгслүүд, өргөн сонголт бүхий биеийн тамирын тоноглол, дугуйт тэшүүр зэрэг бүх юм бий. Хамгийн сонирхолтой чухал зүйл бол “Google”-ийн ажилтан бүр ажлынхаа цагийн 20%-ийг өөрийн сонирхсон төсөл болон зүйлд үрэх эрхтэй байдаг. Сүүлийн үед компаний нэвтрүүлж байгаа цөөн бус шинэ үйлчилгээ үүний дотор G-mail, Google News, Google+, Orkut зэрэг нь чухам ийм чөлөөт судалгааний үр дүн юм. “Google”-ийн дэд захирал Марисса Майэр чөлөөт уран бүтээлд зориулсан энэ 20%-н цагт компаний боловсруулан нэвтрүүлж байгаа шинчлэлийн тал хувь нь оногдож байгаа гэж үздэг.
“Google”-д одоогоор 5000 гаруй хүн ажиллаж байгаа ч хэвтээ удирдлагын хэлбэрээр ажилладаг. Шинжээчдийн үгээр бол менежментийн цөөн тооны түвшингээр хязгаарлагдаж байгаа нь том компани гэхээсээ илүү сургуулийг санагдуулдаг. “Google”-ын тухай сүүлчийн номуудын нэгийг зохиогч Жон Баттелл, бизнес зохион байгуулалтын аргачлалд сэтгэл дундуур байгаагаа нилээд олон ажилтнууд нуулгүй хэлдэг гэжээ. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернетээс үзэхэд “Google”-н ёс суртахууны давамгайлал, “Microsoft” болон бусад өрсөлдөгчдийн нөлөөн доор эрс буурч байна. Компаний “Mуу юм хийхгүй байх” эрхэм зорилго нь орчин үеийн нийгмийг хэмлэж байгаа дарамтыг тэсэж гарна гэдэгт олонх нь эргэлздэг болов. Саяхан “Google”, улс орнуудын хууль зүйд зохицуулан хайлтын үр дүнд хяналт шүүлтүүр хийж байх тухай Хятадын засгийн газрын шаардлагад буулт хийсэн шүүмжлэлд өртлөө. Брин хэвлэл мэдээллийг хянан цагдах ажилд хамтарсан гэсэн зэмлэлд хариу өгөхдөө компани буулт хийхээс өөр арга байгаагүй гэжээ. Тэр “Google” Хятадын ажиллагаанд хяналт цагдалт хийлгүй өөрийн баримталдаг зарчмын хувьд бүрэн учир зүйтэй хандаж болох байсан юм. Гэхдээ түүний удирдлага салаа зам сонгож Хятадын хэрэглэгчдэд мэдээлэл авах “Google”-ийн үйлчилгээг идэвхтэй үзүүлсээр байна. Одоогийн байдлаар “Google”-ийг Хятадын 110 сая хэрэглэгч ашигладаг.
Компаний ёс зүйн алба энэрэл өглөгийн төслүүдийг идэвхтэй дэмжин олсон ашгийнхаа нэг хувийг зарцуулдаг байна. Жилийн өмнө “Google”-ийг бүтээгчид 20 жилийн дотор ивээн тэтгэлгээр зарцуулах төслийн үнэлгээг нэг тэрбумд хүрнэ гэж мэдэгдэв. Энэ мэдэгдэлийг хийхийн өмнө Брин ивээн тэтгэх салбарт бизнесийн салбараас дутуугүй нэр хүндтэй бодлого барьж байна гэж мэдэгдээд “Бид зоригтой байхыг эрмэлзэж, их том өөрчлөлтүүд хийхийг хүсэж байна” гэж хэлсэн юм. Төгсгөлд нь өөрийн амьдралын итгэл үнэмшилын тухай “Mагадгүй бүгд л амжилтанд хүрэхийг мөрөөддөг, харин миний тухай хүмүүс томоохон шинэчлэгч, өндөр ёс суртахуунтай, итгэл хүлээсэн эцэст нь энэ дэлхийд их өөрчлөлтийг авчирсан хүн гэж боддог байгаасай гэж би хүсдэг” гэжээ.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









