



















Өнөөгийн зах зээлд хэн амжилттай хөрөнгө оруулж байгаа вэ? гэж асуувал ихэнх нь нэгэн дуугаар Билл Гроссыг нэрлэх биз. Энэ хүнийг бас бондын ертөнц дэх Уоррен Баффет гэж нэрлэдэг. Дэлхийн хөрөнгийн удирдлагын томоохон компаниудын нэг “Pacific Investment Management Company” буюу PIMCO компанийг үндэслэгчийн хувьд PIMCO-ийн 96 тэрбум доллларын PIMCO Total Return Fund (PTTAX) санг болон хэд хэдэн багавтар санг удирддаг. "Total Return" бол дэлхийн томоохон бондын сангийн нэг бөгөөд хөрөнгийн хэмжээгээр зээлийн сангуудын 5-рт бичигддэг. 1987 онд байгуулагдснаасаа хойш “Total Return” хэмжээгээрээ төдийгүй гайхамшигтай үр дүнгээрээ өөрийн эзнийг Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн тэнгэрт гялалзах од болгожээ. Сүүлийн арван жилд сангийн дундаж орлого 8.3% болж байлаа. “New-York Times” сонин Гроссыг “Бондын ертөнц дэх Америкийн хөрөнгө оруулагчдийн хамгийн агуу нь” гэж нэрлэсэнд гайхах зүйлгүй. 1996 оны 12-р сард тэр яамны менежерүүдээс хамгийн түрүүнд шинжээчдийн нийгэмлэгийн (Fixed-Income Analyst Society, FIASI) алдрын танхимд орж ирэв. “Morningstar” aгентлаг менежментын шинжлэлээр санхүүгийн салбарт гаргасан өндөр амжилтыг үнэлэн Гросст 2 удаа 1998, 2000 онуудад салбарын оны менежер (“Fixed-Income Manager of the Year”) шагналыг хүртээжээ.
Тэр энэ шагналыг нэгээс олон удаа авсан анхны хүн байв. Morningstar “Гросс хөрөнгө оруулалтын гайхамшигтай чадвар, нийтийн санаа бодолд хөндөлсөх зориг, хувьцаа эзэмшигчдийг хүндлэх чанар, ахархан хугацаанд гайхалтай амжилт үзүүлснээрээ энэ шагналыг авах гавьяатай ” гэж тэмдэглэв. 2001 оны 12-р сард StartMoney сэтгүүл Гроссыг хөрөнгө оруулагчдын холбооны нөлөө бүхий шилдэг 30-н нэгнээр тодруулав.
Гросс хөрөнгө орулалтанд зориулсан хоёр ном бичжээ. 1997 онд “Хөрөнгө оруулалтын талаар сонссон болгон чинь худлаа”, жилийн дараа “Билл Гросс: Хөрөнгө оруулалтын тухай” ном нь тус тус гарсан. Тэрээр бондын зах зээлийн олон өгүүлэлийн зохиогч юм. Түүний дэвшүүлсэн таамаг хөрөнгө оруулалтын сар тутамын нийтлэлийг www.pimco.com сайтаас үзэж болно. Мөн тэрээр Лос-Анжелосийн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгийн (Los Angeles Society of Financial Analysts) гишүүн юм. Forbes-ын үзүүлэлтээр 2009 онд Гросс нийт хөрөнгийн хэмжээгээр АНУ-ын хэмжээнд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр 322-рт жагсжээ. Билл Гросс бол эр зориг гарган шаргуу тэмцэж ялах дуртай хүмүүсийн нэг юм. Нэг удаа тэр 6 өдрийн дотор 6 марафонд гүйж, 2003 онд AT&T Pebble Beach National Pro-Am гольфийн тэмцээнд оролцон финалд хүрч байв.
Гэвч энэ төрөлхийн байлдан дагуулагч эр “Одоо ч гэсэн бондын менежерийн хэмжээнд хүртэл явж туулсан зам минь миний гайхшийг төрүүлдэг” гэж ярьдаг. Уильям Хант Гросс 1944 оны 4-р сарын 13-нд Огайо мужийн Миддлтаун хотхонд төржээ. Эцэг Билл Сьюэлл Гросс нь “Armco” компаний борлуулалтын менежерээр ажиллаж эх Ширли нь гэрийн эзэгтэй байв. Тэднийд өөр хоёр хүүхэд байсан ба Биллээс нэг насаар ах Крейг (одоо Калифорнид хүнсний бүтээгдэхүүний дистрибьютер компаний эзэн ) болон 8 насаар дүү охин Лин нар юм. 1954 онд “Armco” эцэг Гроссыг компаниуд хурдтай хөгжиж байгаа Калифорний болон Японы зах зээлд гаргах зорилгоор Сан-Франциско руу шилжүүлэв. Бяцхан Биллд “өөр ертөнц” шиг санагдсан том хотыг үзэж гайхширав.
1962 онд Гросс Хойд Каролина мужийн Дарем дахь Duke University их сургуульд орох эрхийг хүлээж авлаа. Гроссын ярьснаар бол тэр хүний оюун ухаан хэрхэн ажилладагыг үргэлж сонирходог байсан учир сэтгэл зүйч мэргэжлийг сонгов. 6 фунтын өндөртэй тэрээр сагсчин болох хүслээр сагсан бөмбөгийн Duke Blue Devils багт орсон болов ч удалгүй урам хугарч коллежийн багаар хязгаарлагдав. Гэвч Гросс оюутны Phi Kappa Psi нөхөрлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож мөрөө хүрсэн малгай мэт шар үснээсээ болж “Hatty” (малгай) хочтой болжээ. Тухайн үед Гросс үргэлж л нэг юм хийж хөлс авах тухай схем зохиочихсон явдаг байсан гэж Phi Kappa Psi нөхөрлөлийн гишүүн асан Эндрю Эш дурсдаг юм.
Нэг удаа тэр бооцооны тоолуур зохион өөрөө шүүгчийн үүрэг гүйцэтгэн 100 гаруй доллар олж, өөр нэг тохиолдолд тэр 3 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж “Синдикат” гэж нэрлэн багаар тогловол эрсдэлээ хуваан орлого авчирна гэж тооцоолжээ. Гросс өөрөө түүний санхүүгийн карьер Лас-Вегаст блекжек тоглодог лангууны дэргэдээс эхэлсэн гэж үздэг. 1965 оны зун тэр Невада мужийн нэг хотод цагийн 5 долларын хөлстэй автомат тоглоомын газар ажилд орохдоо Казинотой анх учирчээ. Сонирхол их байсан ч тэр зун Гросс тоглоогүй байна. Мөнгөө хэмнэхийн тулд машиндаа унтаж, нуурын усанд бие угааж, шатахуун түгээгүүрийн газар сахлаа хусч явав. Зөвхөн хойтон хавар нь 50 доллар тавин тоглож үзсэн болов ч дүрэм журамыг нь мэдэхгүйгээс ганц тавил тоглоод бүгдийг нь алджээ.
Гросс коллеждоо буцаж ирээд Эдвард Торпын “Диллерийг ял” (“Beat the Dealer”) нэртэй бестселлерийг худалдаж авав. Калифорнийн их сургуулийн математикч Эдвард Торп блекжек тоглох техникийг гаргуун эзэмшиж компьютерийн тусламжтайгаар хөзрийн стратегийн тооцоо хийж улмаар дундын сан байгуулан хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг байв. Торпын үзэл санаанд татагдсан Гросс дадлага хийж өөрөө өөртэйгөө мянган удаа тогложээ. 1966 онд коллежоо баклавараар төгсөөд халаасандаа 200 доллартой Лас-Вегаст ирж хоногын 6 долларын хөлстэй Indian Hotel-д бууж өдөрт 16 цаг тоглодог байв. Дөрвөн сарын дараа 200 доллар нь 10.000 доллар болж хувирав. Энэ бол түүний анхны олсон жинхэнэ мөнгө байлаа. Мэргэжлийн блекжек тоглосон богинохон хугацаа бол түүний ухаарлын чухал үе байсан юм.
Мөрийтэй тоглоом бол мөнгөн хөрөнгийг хөдөлгөхтэй олон талаараа төстэй байдаг. Энд ч мөн ялгаагүй эрсдлээ зөв хувиарлан, сэтгэл хөдлөлөөс зайлс хийж, дараагийн гаралтаа зөв тооцоолон, бооцоондоо анхаарлаа төвлөрүүлэх гол зорилттой байдаг. Энэ бүхэн бол тоглоом гэж Гросс хэлээд ийм бизнест мэнд гарахын тулд их мөнгөний бараанаар самгардаж болохгүй, аймшиг юмуу амттайхан айдас их долларын өмнө эрүүл саруулаар эргэцүүлэх боломжийг манантуулдаг. Тэр нэг удаа ярилцлага өгөхдөө “Магадгүй бусдад ядаргаатай санагддаг өдөр тутмын хэвшиж заншсанаа тэвчих чадвар, хэний ч толгойд ороогүй үзэл санааг нөр их хөдөлмөртэй хослуулан байж аливаа тогтолцоог ялж болохыг Лас-Вегас түүнд сургасан” гэж тэмдэглэсэн байдаг.
1966 оны 10 сараас Гросс 3 жилийн цэргийн албанд мордов. Тэр сөнөөгч онгоцны нисгэгч болохыг хүссэн болов ч тэнцсэнгүй, Вьетнамын эргээр байрлаж байсан мина зөөгч онгоцны ерөнхий инженерын туслахаар томилогдов. 1969 онд цэргээс халагдаад Гросс өөрийн хөзрийн хонжворыг Лос-Анжелoсийн Калифорнийн их сургуулийн дэргэдэх (Graduate School of Business Administration) сургууль төгсөгчдийн Бизнес-сургуулийн сургалтанд ашиглав. Энэ үедээ тэр Торпын 1967 онд хэвлэгдсэн “Зах зээлийг ял” (“Beat the Market”) гэдэг 2-дох номыг уншиж, хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулан карьер хийхийг мөрөөдөж байв. 1971 онд бизнес удирдлагын магистр хамгаалсны дараа хөрөнгө оруулалт эрхэлдэг компаниудад 100 гаруй товъёг хүргүүлсэн боловч амжилтанд хүрсэнгүй. Хожим Гроссын ээж “Sunday Los-Angelos Times” сонинд даатгалийн “Pacific Mutual Life Insurance Co” Компани жилийн 11000 долларын цалинтай үнэт цаасны шинжээч, эрж байгаа тухай зар олж үзэв. Гросс уг ажилд орсон боловч түүний санаанд нийцсэнгүй, хувьцаанд дүн шинжилгээ хийхийн оронд тэр “тасалбар хяргаж” байв. Энэ нь облигацын хэлтэст хүүгийн төлбөрт ирсэн бутархай мөнгийг тоолох ажил байжээ. Гросс тэнд Жеймс Маззи, Уильям Подлич хоёртой танилцаж гурвуулаа “Pacific Mutual Life Insurance” компаний удирдлагыг ятган 5 сая долларын облигацийг эргэлдүүлэх итгэл олж чадлаа.
Ингээд Гросс сангийн эрхлэгч, Маззи маркетинг, Подлич захиргааны удирдлагыг хариуцахаар болов. Маззигийн яриагаар тэдний гурвалсан амжилт нь хэн хэн нь өөрийн хэрэгтэй байраа олж нийтийн үйлст бусдаасаа ялгаатай өөрийн хувь нэмрийг оруулдагт байлаа. Хамтрагчид нь үйл ажиллагаагаа эхлэнгүүт зөвхөн Гросс л энэ газрыг удирдах чадвартай, асуудлыг эргэлзэх юмгүй хурдан шийддэг зэрэг нь тодорхой байсан юм. Хамтын ажиллагаа бат бэх байжээ. Одоо Маззи “PIMCO Global Advisors”-н удирдлагуудын нэг харин, Подлич PIMCO-н захирамжлах эрх бүхий захирлын алба хашиж байна.
Гросс сангийн эрхлэгч болоод облигациар хэзээ ч мөнгөжихгүй гэдгийг удалгүй ойлгов. Хүүгийн хувь төлбөрөөс гадна нийлмэл орлого шаардлагатай байв. Удалгүй Гроссын арга барил нь “Pacific Mutual Life Insurance”-н хөрөнгө оруулалтын салбарыг толгойлдог Уолтер Жеркины анхаарлыг анхаарлыг татаж эхэлжээ. 1973 онд Жеркен Калифорнийн нийтийн ахуйн үйлчилгээний (одоо хэмжээгээрээ 2-т ордог) компани “Southern California Edison”-ыг Гросст 10 сая долларын облигацийн хөрөнгө итгэмжлэхийг ятгаж чадлаа. Ингэж Гроссын сан үйлчилгээний төлбөр өгдөг түнштэй болж, 1975-76 онд жилийн орлого бараг 18% өсөв. Энэ амжилт нь хоёр дахь түнш телевизийн харилцааны “AT&T Corp”-ыг татлаа. 1977 онд PIMCO-н актив хөрөнгө нь 400 сая долларт хүрэв.
1980-81 онд облигацийн зах зээл буурч эхлэхэд Гросс, түншүүдийнхээ дургүйцлийг үл харгалзан Засгийн газрын үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлийн холбооны “Finnie Mae” агентлагийн өндөр ханштай сертификатын арилжаанд оролцож эхлэв. Олонхи менежерүүд ийм хөрөнгө оруулалт эрсдэлтэй гэж үзэж байсан ч “Finnie Mae”-н үнэт цааснууд, хүүгийн хувь буурвал үнэ нь өснө гэж Гросс итгэж байжээ. Түүний зөв байлаа. 1987 онд PIMCO-н актив хөрөнгө 20 тэрбум доллар болж өсөхөд, Гросс өөрийн төв сан Total Return Fund-г нээв. Гроссын сангуудын амжилт, өндөр ашиг, тасралтгүй өсөлт нь зээлийн сангийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Бонд арилжигчдын холбооны Ерөнхийлөгч Мика Грин, Гросс бол “Үнэт цаасны зах зээл сонирхогчдын билэгдэл” болсон гэхэд болно гэж тэмдэглэсэн байдаг. Нөгөө талаас Гросс энэ зах зээлд өөрийн “тоглоомын дүрмийг” халдааж магадгүй юм. Учир нь түүний үйлдэл АНУ-ын томоохон компаниудын байр суурийг ганхуулах чадвартай. Tэр 2002 оны 3 сард PIMCO-н бүх актив хөрөнгийг (1 тэрбум доллар) “General Electric” (GE)-ын салбар “GE Capital”-н арилжааны цаасаар борлуулав. Танай компани хэтэрхий их хэмжээний богино хугацаатай өрийн батламж гаргаж хэрэггүй эрсдэлд оруулж байна гэж Гроссоос “хатуу сануулга” авсан GE-хан үнэт цасныхаа ихэнх хэсгийг урт хугацааны батламж болгосны дараа “PIMCO” худалдан авч эхлэв.
Гроссын хөрөнгө оруулалтын хамгийн сайн шийдвэр бол 2000 онд Засгийн газар төсвөөс гадуур орж ирсэн нэмэгдэл хөрөнгөөрөө үнэт цаасны бондоо төлж эхлэхээс өмнө худалдаж авахаар шийдсэн нь байв. Хэдхэн 7 хоногийн дотор Гроссын арилжаачид түүний даалгавараар 5 тэрбум долларын урт хугацааны зээллэгийн баримтыг худалдан авчээ. Оны эцэсээр “PIMCO” нь худалдаж авсан үнэт цаасны үнийн өсөлтөөс 200 сая долларын ашиг олсон. Харин хамгийн муу шийдэл нь 2001 онд “Enron” эрчим хүчний компаний облигацийг худалдан авсан явдал юм. Учир нь тэр компаний үнийг навс унагасан санхүүгийн ов мэх, залилантай холбоотой дуулиан удалгүй дэгдсэн юм. Гэвч Гроссын үйл ажиллагаанд ийм цоорхой маш цөөн тохиолджээ. Ер нь урт хугацааны турш орлогынхоо огцом хэлбэлзэл болон үзүүлэлтээ эерэг байдлаар халхавчилсан компаниуд олон байдаг ч “PIMCO” тэдний тоонд ордоггүй. Гросс Уолл Стрийтээс хэдэн мянган бээрийн алст Калифорни мужийн Ньюпорт-Бич дэх Америкийн хамгийн том үнэт цаасны санг эрхэлдэг. Түүний ажлын өдөр нь албандаа ирэхээс бүр эрт эхэлдэг байна.
Тэр өглөө 4 хагаст босч Европ, Японыг хамарсан зах зээлийн судалгаа хийж, үнэт цаасны үнийн түвшинд нөлөлөх эдийн засгийн учир байдлыг тусгасан, тайлан тайлбаруудыг сонирхдог байна. Гросс сангийн менежерын хувьд чимээ шуугиангүй байх, мэдээлэлийн урсгал аль болох бага байх нь туйлын чухал хүчин зүйл гэж үздэг. Тэр үнэн мэдээлэл, чухал зүйлгүй л бол цахилгаан шуудан уншидаггүй, харилцуураа өдөрт 3-4 удаа л авдаг гар утас ашигладаггүй. Түүний мөрддөг уриа нь “Би залгаатай байхыг хүсдэггүй, би салгаатай байхыг хүсдэг” "My motto is, I don't want to be connected-I want to be disconnected."
Сонирхолтой нь Гроссын үгээр бол тэр ажлын өдрийн хамгийн үнэ цэнтэй мөчүүдээ арилжааны танхимд өнгөрөөдөггүй байна. Тэр өдөр бүр 08`30-10 цагийн хооронд албаныхаа ойролцоо байдаг Фитнесс клубт иогын дасгал хийдэг. Гросс дээр дурьдсан 2000 оны үзэл санаанаас аваад олон олон онцгой санаануудыг, албан өрөөний шуугиан худалдааны элдэв нэр томъёоноос зайдуу, толгой дээрээ зогсож байх үедээ олж авсан гэж нотолдог юм. PIMCO-н эрхлэгч “Дээрээс нь доошоо” гэсэн үзлийг баримтлагч Гросс юуны өмнө макро эдийн засгийн санааг авч үзэж дараа нь салбарын шинжилгээ рүү орж, эцэст нь хөрөнгө оруулах газраа тодорхойлон сонгодог байна.
2005 онд “Санхүүгийн шинжээч” сэтгүүлд (Financial Analysts Journal) хэвлүүлсэн нийтлэлдээ Гросс хувьцааны ч бай облигацын ч бай урт хугацаанд алсын хараатай хөрөнгө оруулалт хийхийн тулд хоёр үндсэн хүчин зүйлээс шалтгаална. Үүнд Секуляр (урт хугацаат, зууны) таамаг дэвшүүлэн томъёолох чадвар болон зөв бүтэцтэй багцаар хангах явдал юм. Секуляр таамаг нь Гроссынхоор бол дэлхийн болон Америкийн эдийн засгийн бүтэцийн өөрчлөлтийг 3-5 жилийн туршид судлан нийгмийн болон улс төрийн хандлагыг ч хамруулах ёстой. Энэ нь айдас болгоомжлол болон шунахайн сэдлээр үүссэн сэтгэлийн донсолгооноос урьдчилан сэргийлэхэд тустай. Үнэндээ ийм л сэтгэлийн хөөрөл хөрөнгө оруулагчдыг оновчгүй, уршиггүй алдаа гаргахад хүргэдэг байна.
Хөрөнгө оруулалтын бүтэцийг байгуулахдаа тухайн түвшин дэх эрсдлийг боломжтой хэмжээнээс өндөр орлоготой байхаар тооцсон зарчимуудыг хэрэглэдэг. Гросс банкууд ба даатгалын компаниудыг жишээ болгон татдаг байна. Эхнийх нь богино хугацаатай зээл авч удаан хугацааны зээл өгч хүүгийн хуримтлалыг буй болгон урт хугацааны турш орлогын баталгааг өгдөг ажээ. Хоёр дахь нь хөрөнгийн тогтвортой урсгалыг буй болгон ирээдүйнхээ баталгааг тооцож чаддагт байна. Энэ арга хэмжээ oрлогыг найдвартай буй болгох боломж өгдөг. Ийм санхүүгийн бүтцийн жишээ нь Уоррен Баффетын удирдсан Berkshire Hathaway компани юм. Шинжээчдийн үзэж буйгаар Гросс цагийн аясыг дагаад, хөгжиж байгаа зах зээлийн өндөр орлоготой үнэт цаас, эрсдэл хүлээх чадвар, сэтгэхүйн эрх чөлөөг илэрхийлэн ээдрэтэй хүнд үйл ажиллагаа руу шилжиж байгаа. Энэ бүхэн нь түүнийг бусад сангийн эрхлэгчдээс онцгой болгодог. MorningStar агентлагийн шинжээч Эрик Жейкобсон “Билл Гросс бүхнийг хэцүү хүнд аргаар хийдэг, бусад менежерүүдийг бодвол илүү түрэмгий” гэж хэлжээ. Төгсгөлд нь облигацын зах зээлийн алдарт шинжээчийн томъёолсон хөрөнгө оруулалтын дүрмийн эмхтгэлээс иш татвал илүү тодорхой биз.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ









