



















Цалингийн нэмэгдэл дагасан урвуу хамаарал...
Энэ оны дөрөвдүгээр сараас 225 мянга гаруй төрийн албан хаагчийн цалин 10 хувиар нэмэгдсэн. Ингэхдээ нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар, суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгодог болсон. Харин орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх зүйн орчин өнгөрөгч хавар бүрдсэн. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчийн дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрсэн. Тодруулбал эмч, багшийн үндсэн цалин нэг сая 273 мянган төгрөгөөс нэг сая 400 мянган төгрөг, аймгийн төвийн болон алслагдсан дүүрэгт ажилладаг бол 20 хувийн нэмэгдлээр нэг сая 680 мянган төгрөг, суманд ажилладаг бол 40 хувийн нэмэгдлээр нэг сая 960 мянган төгрөгт хүрсэн. Төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж төрийн албан хаагчдын цалинг багадаа 10 хувиар нэмэгдүүлсэн нь энэ. Гэтэл энэ нь бодитой нэмэгдэл болж чадахгүй байгааг цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх сургаар юмныхаа үнийг нэмчихдэг манайх шиг урвуу хамааралтай улсад нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүйтэй адил. Үүнийг Азийн Хөгжлийн Банкны тайланд ч дурдсан байна. Угтаа бол инфляцитай уялдуулж цалингаа нэмэх нь хамгийн зөв алгоритм. Харин манайд төрийн албан хаагчдын цалингийн 10, 20 хувийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь өсчихдөг газарт хувийн байгууллагад цалингаа нэмэгдүүлж чаддаггүй хүмүүст энэ нь бүр ч нэрмээс болдог. Яг үнэндээ төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг дагаад хувийн хэвшлийнхэн цалингаа нэмдэггүй. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэний маргаашнаас л гол нэрийн барааны үнэ өмнөх сараасаа 1.3 хувийн өсөлт үзүүлсэн.
Эрчим хүчний тарифын өсөлтийг дагасан үнийн дарамт...
Монгол улсын эрчим хүчний салбарт улаан гэрэл асаад удаж буй. Алдагдалтай ажиллаж ирсэн салбарт реформ хийх цаг хэдийнэ ирсэн. Гэхдээ салбарын алдагдлыг үнэ нэмж биш үнэ чөлөөлж байж сая реформ болох юм. Үйлдвэрлэсэн цахилгаанаа өртгөөс нь доогуур ханшаар зардгаас үүдэж эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөг, 2022 онд 187 тэрбум төгрөг, 2023 онд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангае гэвэл үнээ чөлөөлөх. Салбарын үнийн бодлого өнгөрсөнд зах зээлийн жамын эсрэг явж ирснээс болж алдагдал нь тартагтаа тулчихсан. Хувьчлагдаагүй, үнэ тариф тогтооход төрийн оролцоо ихтэй гээд салбар нь элгээрээ хэвтсэн шалтгаан ердөө энэ. 2015 оноос хойш тарифын шинэчлэл хийгдээгүй эрчим хүчний нэг квт цахилгааны үнэ 30 орчим хувиар нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад мэдээж юмны үнэ өсөх нь гарцаагүй. Энэ тухай мөн л Азийн Хөгжлийн Банкны тайланд онцолсон байна. Тус банкны хийсэн төсөөллөөр энэ оны хоёрдугаар хагаст болон ирэх онд төрийн албан хаагчдын цалингийн өсөлт, эрчим хүчний үнэ тарифын өсөлт зэргээс шалтгаалж үнийн дарамт үүсэж болзошгүй гэж үзжээ.









