



















Лондон хотод энэ долоо хоногт Норвегийн алдарт зураач Эдвард Мункийн хөрөг зургуудын шинэ үзэсгэлэн нээгдэж, түүний уран бүтээл болон амьдралын нэгэн чухал талд гэрэл тусгаж байна. "Эдвард Мунк — Хөргүүд" нэртэй уг үзэсгэлэн Лондонгийн Үндэсний хөрөг зургийн галерейд 3-р сарын 13-наас 6-р сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд өөрийнх нь, гэр бүл, найз нөхөд, цуглуулагчид, захиалгаар зурсан зэрэг нийт 45 орчим бүтээлийг дэлгэн үзүүлжээ.
"Энэ үзэсгэлэн нь хүмүүсийн төсөөлдөг шиг ганцаардсан, зожиг хүн байсан гэсэн ойлголтоос илүү Мункийг нийгэмтэй харилцдаг, олон талын холбоо хамааралтай нэгэн болохыг харуулж байна. Энэ нь биднийг алдарт ‘Хашхираан’ зургийн цаадах Мунк рүү, мөн экзистенциал ганцаардал, тусгаарлалаас цааш аваачиж байна" хэмээн үзэсгэлэнгийн куратор Алиссон Смит Ройтерст ярьжээ.
Тэрээр цааш нь "Мунк бол тухайн үеийнхээ урлаг, оюуны амьдралын урсгалуудтай идэвхтэй холбогдож байсан хүн. Мөн хууль, бизнес, анагаах ухааны салбарын хүмүүстэй ойр байсан нь түүний амьдралын тогтвортой байдлыг хангахад тусалсан. Учир нь тэрээр насан туршдаа сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндийн асуудалтай тэмцэж ирсэн" гэсэн байна.
Энэхүү үзэсгэлэн нь Их Британид анх удаа зөвхөн Мункийн хөрөг зургуудыг төв болгон зохиогдож буй бөгөөд 1892 онд зурсан хуульч Тор Люткений хөрөг зэрэг олон бүтээл анх удаа тус улсад дэлгэгдэж байгаа аж.
"Энэ бол ихэнхдээ нэгэн өнгөтэй хөрөг мэт харагддаг. Гэхдээ сайтар ажиглавал ханцуй нь хөх, хар өнгийн сарны гэрэлд бүдгэрэн шингэж, тэртээ цаана нь хоёр нууцлаг дүрс байгаа нь харагдана" хэмээн Смит тайлбарлажээ.
Үзэсгэлэн нь Мункийн анхны гэр бүлийн хөргүүдээр эхэлж, дараа нь түүний уран бүтээлч нөхөд, ивээн тэтгэгч, цуглуулагчдын хөргөөр үргэлжилнэ. Мунк 1944 онд 80 насандаа таалал төгссөн.
"Мунк урт хугацааны уран бүтээлийнхээ туршид хэдэн зуугаар тоологдох хөрөг зурсан бөгөөд энэ нь түүний урлагийн гол үндэс байв. Учир нь Мунк хүн бүрийн дотоод сэтгэл, нууцлаг бодол санааг ил гаргахыг зорьдог байсан" гэж Смит хэлжээ.
"Иймээс түүний хөргүүд нь нэг талаас тухайн хүнийг тодорхой цаг үед дүрсэлсэн байхын зэрэгцээ нөгөө талаас тэдний дотоод ертөнцийг олж харах боломжийг үзэгчдэд олгодог" гэж тэрээр нэмж хэлсэн байна.










