



















Хүн бүр ажилд орохдоо сандардаг, мэгддэг бас ямар зүйлийг ярьж болохгүй болох талаар мэддэггүй. Бид Ramit Sethi-ийн бичсэн ажилд орох ярилцлагын үеэр зайлсхийх 5 зүйлийг уншигч танд хэрэг болуузай хэмээн З.Ууганжаргалын орчуулгаар хүргэж байна. Ramit Sethi нь New York Times-н хамгийн их борлуулалттай ном болох “I Will Teach You To Be Rich” номын зохиогч билээ. Таалан уншина уу.
Ажлын ярилцлаганд орох бидний хувьд үнэхээр асуудал шүү. Бид ихэнх цагаа ямархуу далд утгатай асуулт ирэх тухай болон яг ямар цамцтай явбал зүгээр вэ гэдэг талаар бодоход зарцуулдаг. Хамгийн муу нь бид үргэлж ярилцлага авч буй хүн маань хялбархан асуулт тавина хэмээн итгэдэг явдал юм. Одоо та бүхэнд хүргэж буй зөвлөгөөнүүдээ дэлхийн хамгийн хатуу дэгтэй компани болох Google, хэдэн тэрбумын хөрөнгөтэй даатгалын сан зэрэгт ажилд орохоор ярилцлага өгөгч болон ажилд авагч менежер байж үзсэн өөрийн туршлагадаа тулгуурлан нийтэлж байна.
Хэрэв чи ажлын ярилцлагаа гартаа авч чадах л юм бол ажил олгогч хэдэн арван жилийн арвин их туршлагатай бусад өрсөлдөгчдөөс чинь илүүтэйгээр чамд анхаарлаа хандуулж, хариуцлагатай ажил санал болгодог. Тиймээс ч өнөөгийн эдийн засгийн нийгэмд ажилд орох ярилцлага өгөх аргыг эзэмших нь зүйтэй. Энэ бүхэн ярилцлагын үеэр зайлсхийх хэдэн зүйл буюу миний нэрлэдгээр “5 ярилцлага баллагч ”-ийн тухай мэдэхээс эхэлнэ.
1. “Би ер нь юу л даа...... тэгээд......өө бас тийм.......”
Хэрвээ чи дэмий чалчиж эхлэх юм бол тэгээд л дуусаа.
Хамгийн сүүлд уулзсан хүнээсээ энгийн нэг асуулт (За тэгээд та Acme Corp-д юу хийж байсан юм бэ?) асуусанд огт хамааралгүй тэс хөндлөн зүйлийн тухай бүхэл бүтэн 6 минут ярьжээ. Танд ямар санагдсан бэ? За одоо энэ бүхэн таны ажлын ярилцлага дээр тохиолдсон гэж төсөөлдөө. Ярилцлага авагчид зөвхөн ажлын ур чадварыг тань хардаггүй. Тэд "Airport Test” гэгчийг ашигладаг. Өөрсдөөсөө “Онгоцны буудал дээр энэ хүнтэй хамт гацчихвал надад ямар санагдах бол?” гэж асуудаг.
Дуртай ч бай дургүй ч бай бид ажилд орох ярилцлагынхаа үеэр ур чадвар төдийгүй хувь хүн талаасаа үнэлэгддэг. Мөн та хүний асуусан асуултанд товч бөгөөд оновчтой хариулт өгч чадахгүй бол ажил олгогч таныг энэ албан тушаалд тохирсон хүн мөн үү биш үү гэдэгт чинь эргэлзэж эхэлдэг.
2. “Тиймээ би оролцсон гэхдээ би ганцаараа байгаагүй л дээ”
Хүн чанар бол сайн араншин гэхдээ өөрийгөө хэт дарах нь ажлын ярилцлаганд сөрөг нөлөөтэй. Та үргэлж өөрийнхөө ямар үүрэг гүйцэтгэсэн тухайгаа илэн далангүй хэлж бай. Ажил олгогч хамт олны тань ямар амжилт үзүүлсэн тухай огт анзаарахгүй бөгөөд гол нь таныг юу хийж бүтээсэн тухай л анхаарна. Учир нь тэр таны юу боддог тухай,өөрийн тань тухай мэдэхийг хүсдэг юм.
Хэрвээ та өөрийгөө дорд үзээд байвал ажил олгогч яаж таны үнэ цэнийг бүрэн тодорхойлох болж байна?
Өөрийнхөө хийсэн зүйлээр бахархаж, энэ тухайгаа итгэлтэй хэлэхээсээ бүү ай. За тэгэхээр нэг сургууль хийгээд үзэцгээе. “Энэ төслийн тухай асуусанд тань талархаж байна. Зургаахан сарын дотор орлогоо 13 хувиар өсгөж чадсан бидний үр дүнд би маш их сэтгэл хангалуун байгаа”. Харав уу танд ямар сэтгэгдэл төрж буйг. Анхандаа эвгүй санагдаж байгаа биз дээ? Мэдээж хэрэг бид амжилтынхаа тухай ярихдаа үнэ цэнийг нь дарж ярьдаг учраас тэгэх нь аргагүй. Гэхдээ итгэлтэйгээр хариулах энэ дасгалаа 5 дахь удаагаа хийхэд ямар ч эвгүйцэм сэтгэгдэл төрхөөргүй болдог.
3. “Захиралтайгаа таарамж муутай байсан учраас өмнөх ажлаасаа гарсан л даа”
Бид бүгдээрээ л тамаас ирсэн даргатай байдаг л даа, гэхдээ ажлын ярилцлагынхаа үеэр даргатайгаа хийсэн дайныхаа талаар яриад лав дэмий.
Тэгснээс ингэж хэл: “Би Acme Corp-д ажиллахдаа таатай байдаг байсан. Тэдний намайг татсан нэг зүйл нь өөрийнхөө чадварыг дээшлүүлэх боломж байлаа л даа, гэхдээ одоо өөрийнхөө чадварыг илүү өндөр зэрэглэлд аваачих цаг нь иржээ. За энэ л миний танай компанийг зорьж ирсэн учир шалтгаан юм даа...”
4. “Би үнэхээр шаргуу ажилладаг”
Таны хамгийн том дутагдал юу вэ?
Ярилцлага авагч энэ асуултанд үнэхээр хайртай. Учир нь энэ асуулт хэн нь дундаж ажилчин, хэн нь шилдэг ажилчин бэ гэдгийг ялгахад тус болдог. Хамгийн элбэг тохиолддог бөгөөд хамгийн тааруухан хариулт нь “Би маш их ажилладаг” эсвэл “Би аливаа зүйлд үгүй гэж хэлж чаддаггүй” юм.
Хүний нөөцийн менежерүүд тэнэг биш. Тэд энэ улиг болсон асуултыг шууд л анзаарна. Тэгэхээр таны сул тал юу вэ гэсэн энэ асуултын хамгийн зөв хариулт нь юу юм бол?
Давхар санаатай асуулт гэдгийг нь эхлээд ойлго. Ярилцлага авагчийн мэдэхийг хүссэн гол зүйл нь таныг хүн болгонд байдаг сул талтай гэдгээ мэддэг буюу өөрийгөө ойлгодог, мөн тэрхүү алдаа дутагдлаа засах арга хэмжээ авч буй эсэх шүү дээ.
Тиймээс улиг болсон дээрх хариултын оронд өөрийнхөө алдаа дутагдлыг үнэнээр нь хэлж, засахын тулд хичээж буй тухайгаа тайлбарла. Бүр цаашилбал өөрийгөө ялан дийлэхийн тулд ямар хурал зөвлөгөөн болон төсөлд оролцсон тухайгаа ч юм уу. Энэ нь таны сул талынхаа талаарх асуултанд зөв хариулах, ярилцлагыг даван гарах арга юм.
5. “Миний хуучин цалин $40000 байсан, тиймээс яг үнэндээ бол $50000-с илүүг санал болгох ажил хайж байгаа. Гэхдээ юу гээч...$45000 байсан ч болно доо”
Ярилцлага авагч таныг өмнө нь хэр хэмжээний цалин авдаг байсныг тань мэдэхийг байнга хүсдэг. Гэхдээ энэ тухай тайлагнах нь таны үүрэг биш. Цалингийн талаар түрүүлж дуугарах нь чамд сөрөг нөлөөтэй. Жишээ нь хүний нөөцийн менежер чамд $60000-г санал болгохоор төлөвлөж байтал та надад $50000 байхад л болно гээд хэлчихвэл ганц өгүүлбэрээс болоод $10000 алдана гэсэн үг.
Өнөөгийн нийгэмд бол цөөн хэдэн компаниуд танаас цалингийн талаар асуулт огт асуухгүй байх. Учир нь тэд дундаж ажилтанд олгох цалингаа төсөвлөчихсөн байдаг. Хэрвээ та тэдэнд үнэхээр их таалагдаж чадвал тэд цалингийн хэмжээгээ санал болгож эхэлнэ. За ийм тохиолдолд л цалингийн тохиролцоогоо эхлээрэй дээ.
Цалингийн тухай яриа өрнөвөл үүнийг ашигла: “Цаг нь болохоор бид цалингийн тал дээр тохиролцож болно гэдэгт би итгэлтэй байна. Харин одоогоор бол зүгээр л та бид хоёрт аль алинд нь боломжийн тийм хэмжээний цалин байхад л болно”.
За ингээд ажилд орох ярилцлагынхаа үеэр зайлсхийх 5 асуудлын талаар та бүхэнд хүргэлээ. Үүнийг өөрийн ажил амьдралдаа анхаарч яваарай. Хэрэв та бүхэн юу хийх ёстойгоо ойлгохгүй хэвээр байх юм бол надад хандаж болно. Та бүхэнд зориулсан нэг өдрийн үнэгүй зөвлөгөө өгөхөд үргэлж бэлхэн шүү.










