



















Италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино Гаравани 93 насандаа таалал төгссөн талаар түүний үндэслэсэн сангаас даваа гарагт мэдэгдлээ.

“Валентино Гаравани өнөөдөр Ром дахь өөрийн гэртээ, хайртай дотнын хүмүүсийнхээ дунд таалал төгслөө” хэмээн түүний сан Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол лхагва, пүрэв гарагт болох бөгөөд оршуулгын ёслол Италийн нийслэл Ром хотод баасан гарагын өглөөний 11 цагт болно гэж тус сангаас мөн мэдэгдсэн юм.
Валентино Гаравани (1932 оны 5-р сарын 11-нд Италийн Вогера хотод төрсөн юм) нь “Valentino red” хэмээх өөрийн нэрийн улаан өнгөөрөө алдартайгаас гадна зохион бүтээсэн загвар нь “Jet-Set chic” буюу дээдсийн тансаг, гоёмсог хэв маягтай хэмээн тодорхойлогддог Италийн алдартай загвар зохион бүтээгч юм.
1949 онд тэрээр төрөлх Вогера хотоосоо явж, Миланы Santa Maria Institute-д загварын зураг зурах чиглэлээр суралцжээ. Дараа нь Парис хотод очиж, École des Beaux-Arts-д суралцан, Францын загварын салбарыг удирддаг байгууллага болох Chambre Syndicale-ийн харьяа сургуульд загварын мэргэжлээр давхар сурсан байна. Тухайн үед Парисын загварын ертөнц гадаадынхан, түүн дундаа италичуудын хувьд нэлээд хатуу, таагүй орчин байв.
Валентино Олон улсын ноосны нарийн бичгийн дарга нарын газар (International Wool Secretariat)-аас зохион байгуулсан загварын уралдаанд түрүүлсэн нь түүнийг Францын өндөр зэрэглэлийн загварын ордон Jean Dessès-д ажилд орох үүд хаалгыг нээжээ. (Энэхүү шагналыг хожим Ив Сен Лоран, Карл Лагерфельд нар мөн хүртэж байсан.)
1957 онд Dessès-ийн зураач Ги Ларош өөрийн гэсэн загварын ордноо байгуулахаар шийдэж, Валентино түүнтэй хамт хоёр жилийн турш ажилласан байна.
1959 онд Валентино Ромд эргэн ирж, эцгийнхээ санхүүгийн дэмжлэгтэйгээр Via Condotti дээрх өөрийн салонд анхны цуглуулгаа танилцуулжээ.
Тухайн үед Ромд “Клеопатра” киноны зураг авалтад оролцож байсан Элизабет Тейлор Валентино-гийн бүтээлийг олж хараад, цагаан даашинз захиалсан бөгөөд тэрхүү даашинзыг “Спартак” киноны дэлхийн нээлтийн үеэр өмссөн байна.
Ингэснээр Валентино-гийн хувь заяа нэгэнт тодорхой болсон юм.
1960 онд Валентино архитекторын оюутан Жанкарло Жиаметтитэй танилцаж, тэрээр бизнесийн, арилжааны талыг хариуцсан түнш нь болжээ.

Жианкарло Жиамметтитэй (Giancarlo Giammetti) 1960-аад оноос хойш бараг 50 гаруй жил хамт амьдарч, ажиллаж ирсэн. Жиамметти нь түүний бизнес хамтрагч байгаад зогсохгүй амраг нь байсан юм.
Италид ижил хүйстний тухай ярих нь хэцүү байсан цаг үед ч Валентино өөрийн хэн болохыг нуухыг хүсээгүй, урлаг, загварын ертөнцөд ЛГБТ хүмүүсийн харагдах байдлыг нэмэгдүүлэхэд чимээгүй боловч том нөлөө үзүүлсэн хүн гэж үнэлэгддэг.
Тиймээс түүнийг загварын суут ухаантан төдийгүй, өөрийн үнэн төрхөө нуухгүй амьдарч чадсан соёлын бэлгэ тэмдэг ч гэх нь бий.
1962 онд Валентино Флоренц дахь Питти ордонд анхны дээд зэрэглэлийн (couture) цуглуулгаа танилцуулсан байна.

Одод, язгууртнууд түүнийг зорин захиалга өгдөг болж, түүний үйлчлүүлэгчдийн тоонд Одри Хепбёрн, Хелен де Ротшильд, Жаклин Кеннеди, Бельгийн хатан хаан Паола, Гүнж Маргарет болон бусад олон алдартнууд багтаж байв.
Тэрээр дээдсийн нийгэм, энтертайнментын ертөнцөд үйлчилсэн, асар амжилттай, гялалзсан карьерийг бүтээжээ.
Валентино болон Жиаметти нар 1998 онд компаниа худалдсан ч, Валентино өөрөө ерөнхий дизайнер хэвээр үлдсэн байна.
2006 онд тэрээр Францын Хүндэт легионы одонгоор шагнагдаж, 2008 онд тэтгэвэртээ гарчээ.







