




















Бизнесийн утга зохиолд Канон компанийг жинхэнэ самурайтай зүйрлэх нь олонтаа. Үнэхээр Японы энэ компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эдгээр алдартай дайчдын тактикийг баримталж ирсэн юм. Тэд эсрэг талаа нэвт шувт судлан, өөрсдийн зэвсгийн арга барилыг ашиглан ялдаг. “Canon” компанийг анх 1933 онд Токио хотын хоёр залуу инженер Горо Ёшида, Сабуро Учида нар үүсгэн байгуулжээ. Тэд компанидаа анх “Хараа зүйн нарийн багаж хэрэгслийн лаборатори” гэсэн нэр өгч байжээ. Тэдний гол зорилго бол техникийн талаар зах зээлд тэргүүлэгч Германы “Leica” болон “Contex” компаниудын бүтээгдэхүүнийг давсан гэрэл зургийн аппарат бүтээх явдал байв.
Үүний тулд залуу инженерүүд Германд үйлдвэрлэсэн гэрэл зургийн хэд хэдэн аппарат олж авчээ. Тэд хараа зүйн ийм нарийн хэрэгслийг ашиглаж байгаа Германы технологийг судалж эхлэв. Тэр үед гэрэл зургийн аппарат нилээд үнэтэй зүйл байсан бөгөөд Ёшида, Учида хоёрын хэн хэнд нь онцын их мөнгө байсангүй. Харин тухайн үед эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан тэдний найз Такеши Митараи хүнд байдлаас аварлаа. Тэр компанийн өмнө тулгарч байгаа асуудлыг ойлгож бүх зардлыг дааж гаргахаар болов. Хэсэг хугацааны дараа Такеши компанийн ерөнхийлөгч боллоо.

Жил хүрэхгүй хугацаанд судалгаа хийсний дараа инженерүүд компанийнхаа анхны гэрэл зургийн аппаратыг бүтээж Буддын нигүүлсэнгүй бурхны нэрээр “Kwanon” гэж нэрлэв. Уг бүтээл нь Японд маш их амжилт олж компаниа түүний нэрээр “Kwanon” (дэлхийд “Canon”) гэж өөрчлөн нэрлэв. “Kwanon” фото-камер нь Япончуудын өөрсдийн хийсэн Японы анхны 35 мм-ийн камер байлаа.
Дотооддоо чамгүй амжилт олсон “Kwanon” богино хугацаанд дэлхийн зах зээлд гарлаа. Тэр үед Япон улс дайнд бэлтгэн импортыг хатуу хянаж байсан нь “Canon”-ийг дотоодын зах зээлд хурдацтай тархахад нөлөөлжээ. Канон гэдэг үг өөрөө “Kaнон-стандарт” гэсэн утгыг илэрхийлдэг. Мэдээжийн хэрэг, тэр үед үүсгэн байгуулагчид нэг нарийн чанарын стандартыг үргэлж хангана гэж боддог байсан байх. Энэ бол их сайхан түүх юм. Удалгүй “Canon” компанид үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд хэрэг болох мөнгө шаардлагатай болов. Хөрөнгө оруулалт олох ганц арга нь олон нийтийн компани болж IPO гаргах явдал байв. Үүнийг “Canon” 1937 онд хийлээ.
Дэлхийн II дайны эхээр Канон нь Японы томоохон компаниудын нэг болсон байлаа. Каноны удирдлагууд “Toyota” болон “Sony” компанийн нэгэн адил тухай үеийн Японы менежментэд байгаагүй хэд хэдэн хувьсал, өөрчлөлтийг хийлээ. Нэгд Канон компанид өндөр албан тушаал эрх мэдэлд ажилладаг хөлсний менежерүүдийг ажилд авдаг байв. Тэд аль нэг талаараа компанийн удирдлагуудтай холбоогүй, цэвэр мэргэжлийн дадал зуршлаар ажилладаг шилэгдсэн хүмүүс байлаа. Канон компани үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ажилтнуудын эмнэлгийн үзлэг, шинжилгээ, ажлын таван өдөртэй долоо хоног, нийгмийн халамжийн янз бүрийн хөнгөлөлтүүдийг үзүүлдэг, зэрэг шинэлэг зүйлсүүд нь тухай цаг үедээ Японд цоо шинэ зүйл байсан юм.
Удирдлагын салбарт хийсэн энэ бүх гавъяа зүтгэл нь “Canon” компанид анхны хөрөнгө оруулсан Такеши Митарайны нэртэй холбоотой. Түүний алсын хараа, мэргэн ухаан, нөгөө хоёр үүсгэн байгуулагчийн суу билэгтэй нийлэн компанийг асар богино хугацаанд урагш нь хөтөлжээ. Дэлхийн II дайн Японы компаниудад эерэг нөлөө үзүүлээгүй юм. Дайнд ялагдсан нь бүүр ч нэрмээс болов. Гэхдээ дайн дуусаад сар ч болоогүй байхад “Canon” ажиллаад эхэлчихсэн байлаа. Митарай Америкийн цэргийнхэнтэй тохиролцож чаджээ. Түүнээс гадна АНУ-т зардаг гэрэл зургийн аппаратуудаас хямд боловч техникийн давуутай “Canon” аппарат Америкчуудад таалагджээ. Харьцуулж үзвэл “Kwanon” камер 275 иен байхад Германы алдарт “Leica” хоёр дахин үнэтэй байв. Харин чанарын хувьд адил байлаа. Гэвч олон хүн Японы аппаратыг илүү сайн гэж дүгнэж байсан. Тэгээд ч дайны дараа Германы камерууд Канонтой өрсөлдөж чадахгүй болсон нь ойлгомжтой.
Компанийн цаашдын үйл ажиллагаа дэлхийн тавцанд байр суурь олоход чиглэгдлээ. Үүний тулд “Canon” компани нэрээ “Canon Camera Co.Inc” гэж өөрчлөн нэрлэв. Компани фото камер үйлдвэрлэдгийг даян дэлхийд мэдрүүлэхийг Япончууд хүсчээ. Гэхдээ тухайн үед Канон өөр бусад туршилт хийж байжээ. Энэ брендийн нэрээр эмийн сангийн сүлжээ ажиллаж байсан бөгөөд 1940-өөд оны сүүлчээр хаагдав. “Canon” компанийн гарамгай амжилтуудын нэг нь Сан-Франциско хотод болсон үзэсгэлэнд нэгдүгээр байр эзэлж “Canon IIB” загвар хамгийн сайн аппаратаар шалгарав. Япон компанийн бүтээгдэхүүний чанарыг дэлхий даяараа үнэлж эхэлсэн байна. Америкийн араас Европ залган гарч ирлээ.
Ер нь АНУ-ын тухай ярихад Америкчууд “Canon”-д хайр зарлажээ. Арилжааны энэ брэнд загварыг Японд ажиллаж, алба хааж байсан улс нэгдэн оржээ. Мөн самурайн эх оронд цэргийн алба хааж байсан хүмүүс 1940-өөд оны сүүлээр үйлдвэрлэгдэхээ больсон “Canon” маркийн радио хүлээн авагчийг идэвхтэй худалдан авдаг байлаа. Зууны дунд үеэр Каноны удирдлагууд компанид хоршооллын соёл дэг жаягийг нэвтрүүлж “киосей”-н гүн ухааныг гол зарчим болголоо. Энэ сургаалын гол агуулга мөн чанар нь томоохон компаниуд нийгэм ба тодорхой хүн бүрийн ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёстой. Тийм болохоор тэд дэлхий дахинд нэр хүнд олж авахад хүндрэлтэй зохицолдоог аль болох ойртуулахыг хичээн үйл ажиллагаа явуулах ёстой. Компани болон томоохон пүүсүүд өөрсдийн харьцааг хоршоо түншүүдтэйгээ төдийгүй бүхэл бүтэн ястан үндэстэнгүүдийн хооронд зохицуулж байх аж. Үнэн хэрэгтээ энэ нь олон нийтийн нүдний өмнөх Канон компанийн нэр төр имиж юм. Барууныханд имиж харин дорно дахинд бол бүхэл бүтэн гүн ухаан ажээ.
Ингээд 1950-иад оны сүүлээр Канон АНУ, Япон, Европ тивд бат тогтвортой байр суурьтай байлаа. Компани зөвхөн кино-камерын үйлдвэрлэлээр зогссонгүй. 1950-иад оны дунд үеэс Канон компани сонирхогчийн видео камер бүтээх ажлыг эхлүүлэв. Боловсруулах үйл ажиллагаа нь компанийн анхны гэрэл зургийн аппарат хийж эхэлсэнтэй төстэй байлаа. Харин энэ үед судалгааны бай нь Германы техник биш дайны дараа Японд үлдсэн Америкчуудын камерууд байв. 1956 онд асар их амжилт авчирсан “Canon Cine 8” загварын видео камерыг гаргаж эхлэв. Хоёр жилийн дараа Японы компанийн хийсэн проектор брэндийн тоог нэмэгдүүлэн гарч иржээ.
Компани гэрэл зургийн зах зээлд өөрийн байр сууриа жил ирэх тутам бэхжүүлсээр байв. Видео-камерын талаар олсон амжилт нь эргэлт хийх өөр бүтээгдэхүүний боловсруулахаар ажиллаж байгаа Япончуудын онгодыг ёстой л нэг хөөрөгдөж өглөө. 1970-аад онд Япончууд хуулбарлан хувилах тоног төхөөрөмжийн зах зээлд монополь эрхтэй байсан Америкийн алдарт “Xerox” компанийг ирүүлд дуудсан юм. Үнэнийг хэлэхэд энэ нь мөхлийн санаархал шиг санагдаж байлаа. “Xerox” тэр үед зах зээлд борлогдох чадвараар ч хэрэглэгчдийн оюун санааг эзэмдсэн байдлаараа ч тэргүүлэх байрыг эзэгнэн, ямар ч жижиг компанийг хоромхон зуурт нухчин дарах тоо томшгүй олон патентыг эзэмшсэн байна.
Гэвч Япончууд өөр замаар явжээ. Тэд ердийн цаасыг ашиглан ажилладаг илүү төгс хувилах машиныг зохион бүтээсэн байна. “Canon”-ын хувилагч 1976 онд анх үйлдвэрээс гарсан бөгөөд дараа нь компанийн өөрийн технологийн лицензыг худалдаж эхэлсэн нь “Xerox” компанид хүчтэй цохилт болжээ. Канон анхны хувилагчаа танилцуулснаас хойш 12 жилийн дараа гэр ахуйн нөхцөлд ашиглаж болох сольдог дүрс буулгагчтай хувилагч хийсэн нь удалгүй принтерт өргөн ашиглагдах болов. “Canon” 1975 онд анхны лазер принтер гаргаж тэр үеийн Америкийн алдарт “Hewlett-Packard”-ийг гүйцэд түрүүлэв. Түүгээр ч үл барам Каноны боловсруулсан загвар хожим “HP” ба “Apple”-ийн адил төстэй загваруудын үндэс суурь болжээ.
Лазерын принтерын араас гарч ирсэн өнгөт хувилагчийн зах зээлд ч Канон тэргүүлэх компанийн нэг болж байлаа. Компани даян дэлхийд Японы бүтээгдэхүүн Америк Европын бүтээгдэхүүнээс хол давсан чанартай болохыг нотлон хүрээгээ тэлсээр байна. Ер нь 1970-аад оны үеийн компани нэг чухал нээлт нь 1977 онд үйлдвэрлэж гаргасан урсдаг принтер байлаа. Энэ бол дэлхийд анхны урсдаг принтер байсан юм. Ийм принтер хийх санааг анх ажилтнуудын нэг нь гагнуурын алхаар ажиллаж байгаад бэтхэй тариур дээр санамсаргүй унагаж орхиж, гэтэл өндөр темпратурын үйлчилгээгээр бэх нүүн гоожихыг инженер ажиглажээ. Харин дөрвөн жилийн хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд “BJ 80 Bubble Jet” загварын принтер бүтсэн. Тийм ээ принтер олон нийтийн хүртээл болж жинхэнэ шуугиан тарив.
1970 оны эцэс бол “Canon” ба “Hewlett-Packard” хоёр холбоо тогтоож дэлхийн өндөр технологийн хүчтэй холбоо бий болсон он жилүүд байлаа. Билл Хевлетт, Дэйл Паккард хоёр Япон инженерүүдийн хийсэн бүхнийг гайхан шагшрав. Тэд “Canon”-той гэрээ байгуулж “Canon” принтерийн гэдэс дотор, шанз хачрыг хийж “HP” гадар гэр, программ хангамж дизайн болон гэрээт борлуулалтыг хариуцахаар болжээ. Өөрөөр хэлбэл “Canon”-гүйгээр “HP”-ийн принтер гарах боломжгүй гэсэн үг юм.
Өнөөдрийн “Canon” 200 орчим компаниас бүрдсэн асар том групп болж дэлхийгээр нэг тархан ажиллаж технологийн хувьсал, түүний үйлчилгээг эрхлэн явуулж байна. Компанийн нийт ажилчин албан хаагчдын тоо 127 мянга гараад байна. “Canon” фото болон видео-камер, хувилах техник болон принтер, компьютерын иж бүрдлийн хийцийн зах зээлд тэргүүлэх байрыг эзэлж байна. Энэ аварга том машины залуур дээр өнөөдөр Фужио Митарай зогсон эцэг өвгөдийнхөө эхийг тавьсан үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж явна. Ямартаа л Монголчууд хувилахыг Канондах гэхэв дээ.










