



















Засгийн газраас Эрдэнэс Таван Толгой компанийг олон нийтэд нээлттэй компани болгож, иргэдийн эзэмшдэг 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр иргэд өөрт байгаа хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй болох юм. Гэхдээ иргэд хувьцаагаа арилжаалах эрхтэй болбол цэнхэр, ягаан тасалбарын алдааг давтах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна. Нийгмийн шинэ шилжилтийн үед манай улс чөлөөт зах зээлд шилжин иргэдэд өмч хуваарилахад цэнхэр, ягаан тасалбар хамгийн зөв арга байсан гэж үзэх хүмүүс олон. Харин хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар иргэд ойлголт, мэдээлэлгүй байсан нь алдаа болсон гэж үзэх талууд цөөн биш. Өөрөөр хэлбэл цэнхэр, ягаан тасалбарын үнэ цэнийг ойлголгүй хямд зарсан, бүүр мартаж орхисон иргэд санхүүгийн боловсролгүй байснаас эрх мэдэлтэй, нөлөөтэй, авхаалжтай, мэдээлэлтэй хүмүүс олноор нь худалдан авч хөрөнгөтөн болсон. Харин одоо иргэд хувьцааны ногдол ашиг, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнийн тухай тодорхой ойлголттой болж тэр үеийн алдаа мэт харагддаг цэнхэр, ягаан тасалбар үнэгүйдэхгүй гэдэгт найдах үлдээд байна. Тэгээд ч захиран зарцуулах эрхийг нь олгочихвол хямд үнээр зарна уу? эсвэл хувьцааныхаа ногдол ашгийг авна гэж хүлээж суух уу гэдэг нь иргэн таны эрхийн асуудал болж хувирна. Гол нь иргэд хувьцааны талаарх ойлголт мэдээлэлтэй болох нь чухал. 1072 хувьцааг энгийн хувьцаа болгож иргэд тухайн үеийн ханшаараа зарж, мөнгөтэй хүн нь худалдаж авах нь чөлөөт зах зээл.
Иргэд хувьцаагаа захиран зарцуулах эрхтэй болчихвол мөнгөтэй нэгэн нь 1072 хувьцааг худалдан авч ЭТТ компанид мөнгөтэй нэгэн нь монополь болно гэж харах нэг өнцөг бий. Гэхдээ 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй компанийн гол хувьцаа эзэмшигч болно гэвэл их мөнгө зарна. Тийм мөнгө зараад ногдол ашиг авч чадах уу гэвэл бодох л асуудал. Шалтгаан нь ЭТТ ойрын хэдэн жилдээ олон улсын бирж дээр гарах боломжгүй гэж санхүүгийн шинжээчид харж байна. Андрайтер хийх компани Монголд одоогоор лав алга. Тэгээд ч Монголын хөрөнгийн биржээс ч тийм хэмжээний мөнгө босох боломжгүй. ЭТТ компанид олон улсын тендер зарлаж, гадаадын менежмэнтээр удирдуулах бодлого тавьж ажиллана гэж засгийн газар харж буй. Энэ шийдвэр бол харин манайх шиг улс төр нь ороо бусгаа газар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах гэж сарваганахын оронд хамгийн зөв шийдэл байж мэдэх юм. Төлөөлөн удирдах зөвлөлөө ил тод, нээлттэй зарлаад менежментийн багаа чаддагуудад нь өгчих арга зам байна. Улмаар хөрөнгийн биржээр хувьцааг нь бус бүтээгдэхүүнээ зараад явах нь бидэнд илүү өгөөж авчирахыг үгүйсгэхгүй. Тэгээд ч ЭТТ компанийг “хулгайчдын” сарвуунаас яаж мулталж тэнд нүүрлэсэн авлигаас ангид болох вэ вэ гэдэг л хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргахаас илүү нэн тэргүүний ажил байж мэдэх юм.











