



















Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл орох дөхлөө. Хоёрдугаар улирлаас 45 хоногийн сургалтад хамрагдагсад хичээл заана.
Хэн багш болох вэ?
Нэг сая 53 мянган төгрөгийн төлбөр төлөөд багш болох юм. Шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, сэтгэцийн өвчин эмгэггүй, бакалаврын голч нь 2.7 байх шаардлага тавьж буй. Есөн долоо хоногоос найман долоо хоногт нь танхимаар, нэг долоо хоног нь онлайнаар суралцана. Тэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, мэргэжлийн сургалтын арга зүй сурна. Ингээд сургалтад хамрагдсан хүмүүсээс судалсан агуулгын хүрээгээр төгсөлтийн шалгалт авч сертификатын ажил хамгаалуулаад багш болгоно.
МУБИС-д дөрвөн жилд 122 кредит судалж багш болдог бол 45 хоногийн хугацаанд мэргэжил дүйцүүлэн багш болж буй хүмүүсээс айх шалтгаан бий.
Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн багш нараас байж боломгүй авир гарсаар. Хүүхдүүд багш нарынхаа болчимгүй авирыг гар утсандаа баримтжуулан авч, нийгмийн сүлжээгээр цацаж буй. Тэдний эрх өнөө ч их, бага хэмжээгээр зөрчигдсөөр байгааг хүүхдүүд л шүгэл үлээж, нийгэмд илчилж байна.
Хамгийн сүүлд гэхэд л Архангай аймгийн ЕБС-ийн бага ангийн багш хичээлээ хийгээгүй гэх шалтгаанаар сурагчаа нүүр нүдгүй цохиж, бүр ангиас нь өшиглөж гаргасан. Дараа нь тухайн багш хийсэн үйлдэлдээ гэмшиж уйлж харагдсан. Буруутан нь өөрөө учраас тэгэсхийгээд нийгмийн зүгээс ирсэн шүүмжлэлийг мартана. Харин хүүхэд даалгавраа хийгээгүй бол багш зодно гэх айдсаас салж чадахгүй, багш нараасаа айдаг эмгэгтэй болж үлдэхийг үгүйсгэхгүй. Энэ мэтээр сурагчийнхаа биед гар хүрэх нь бүү хэл, гар далайж, хэл амаар доромжлох, ялгаварлан гадуурхдаг багш нарын үйлдэл тоогоо алдсан. Гэтэл ингэж үл болохыг багш нар хамгийн сайн мэдэх хүмүүс. Гэвч уцаараа барьж үл чадагсад ухаанаар бус уураар асуудалд хандан хүчирхийлэл үйлдсээр байна. Энэ бүхний цаана хүүхэд хичээлдээ явах дургүй болох, ялгаварлан гадуурхалтад өртөх гээд нэг гэр бүлийн амьдралд ямар сөрөг үр дагавар дагуулахыг бид мэдэхгүй.
Гэтэл 2.7 голчтой муу шахуу суралцаж байсан хүмүүсээс юу сурч үлдэнэ гэж багшлуулах вэ? Ийм голчтой төгссөн нь мэргэжлээрээ ажиллахад гологдох шалтгаан. Энэ зэргийн голчтой төгсөнө гэдэг сурч мэдэхдээ хойрго гэж шууд дүгнэгдэнэ. Гэтэл багшийн нөөц дутагдалтай гэх шалтгаанаар энэ зэрэгтэй суралцагсдаар ардын багш хийлгүүлнэ гэж зүтгэх нь эргээд Монголын ирээдүйд харшилна гэж насаараа багшилсан хүмүүс шүүмжилж буй нь ч учиртай.
Багш гэдэг онцгой мэргэжил. Нийгмийн хариуцлагатай, оюун санаа болон хүмүүжил төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг учраас багшийн ёс зүй өндөрт тавигддаг.
Суралцах идэвх, сонирхолгүй, өөртөө итгэх итгэл муу, анхаарал төвлөрөл сул, анхаарал сарних эмгэгтэй гэх мэтээс шалтгаалж муу сурах нь бий.
Эцэг, эхчүүд яагаад хүүхэддээ сайн багш хайж явдаг вэ?
Сайн багшаар багшлуулах нь сурагч илүү амжилт гаргахад нөлөөлдөг. Хүүхдийн амжилт, хувь хүний төлөвшил, ирээдүйн хөгжилд хүчтэй нөлөөлөгч нь багш. Багш хүүхдэд зөвхөн мэдлэг дамжуулагч бус, сурагчдын урам зориг өгөгч, чиглүүлэгч, үлгэр жишээ үзүүлэгч юм. Мэргэжлийн ур чадвартай, эерэг харилцаатай, өөрийгөө байнга хөгжүүлдэг, тэвчээр, хүлээцтэй байх, үлгэр дууриалал үзүүлэх, шинийг эрэлхийлэгч байдал нь сайн багшийг тодорхойлох хүчин зүйлс. Тиймдээ ч өчнөөн мянган ам.доллар төлөөд ч хамаагүй хүүхэддээ ерөнхий эрдэм заалгаж буйн цаад учир шалтгаан ч ийм юм.
Багш байхын учир мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага зэрэг олон хүчин зүйлсийг хослуулах шаардлагатай. Багшийн хичээл зүтгэл, сэтгэл шингэсэн заах арга барил сурагчдын амьдралд эерэг нөлөө үзүүлдэг нь амьдрал дээр батлагдсан зүйл.
Харин 45 хоногийн сургалтаар 2.7 голчтой бакалаврын дипломтой хүмүүс ардын багшийн ажил хийнэ гэдэг учир дутагдалтай гэж шүүмжлэх өнцөг зөв гэж харагдах.











