



















Улаанбаатар хотын захирагаа иргэдээ яаж орон сууцжуулах вэ хэмээн маргалдаж мэтгэлцэж байгаа үед санаа авахаар сайхан түүхийн эзний бизнес намтарыг та унших гэж байна. Үнэхээр бүхэл улсаараа яриад хийж чадахгүй байгаа ажлыг нэг Еврей нөхөр л АНУ-д хийж чаджээ. Энэ гайхалтай бизнесмэний түүхийг уншсан хэн боловч бахархахгүй байхын аргагүй юм. Түүний ухаанаар бүтсэн бүхэл бүтэн хотод амьдарч буй хэн боловч Левиттэд талархах хэрэгтэй биз ээ. Тэр бол Америк мөрөөдлийг бүтээгчдийн нэг юм. Таалан уншина уу.
Тэр нас барахынхаа өмнө Левиттауны нэгэн хүүгийн тухай ярих дуртай байлаа. Тэр хүү оройн залбирлаа “Бурхан минь ээжийг минь, аавыг минь, ноён Левиттийг адислаж хайрла” гэсэн үгээр эхэлдэг байв. Харин америкийн хотын захын хорооллын оршин суугчид үнэхээр тэдний амьдралыг эргүүлж чадсан Уильям Левиттэд сөхрөн мөргөдөг юм.
Би АНУ-д анх ирээд америкийн хотуудтой танилцахыг тэсч ядан байлаа. За тэр хот над руу ойртоод ирлээ. Засмал зам хажуугаар нь өнгөрдөг ойн цаанаас тэнгэр баганадсан хоёр барилга харагдав. Тэд ойртсоор, ойртсоор... дараа нь гэнэт алга болов. Чулуун цамхагуудыг зүгээр л ойн голд тавьчихсан юм шиг сэтгэгдэл төрж байлаа.
Өнөө тэнгэр баганадсан хоёр барилгаас гадна, хотын төв, бага шиг банк, бараан дүртэй нүсэр шорон, сүм, зочид буудал, бейсболын талбайгаас бүрджээ. Тэгээд цаашаа асар уудам, зах хязгааргүй, оньсого мэт сэтгэл гижигдсэн хотын хаяа цэлийнэ. Цэцэрлэг, ойн цоорхойгоор хүрээлэгдсэн хэдэн арван мянган коттеджүүд, хэдэн арван мянган автомашинууд гаражид юм уу байрны хажууд ярайна. Хэдэн арван мянган гэр бүл нийтийн байр гэж мэдэхгүй, “хөлөг онгоц” гэхээр хувийн дарвуулт, моторт онгоцоороо төсөөлөн амьдрана.
Хэрхэн коммунист үл болох вэ?
Америк тэр чигээрээ ийм харагдахгүй ээ. Саяынх бол цэцэглэн хөгжиж байгаа хөдөө захын хотхон. Аварга том хотуудад, нүсэр уламжлалт ажил хэрэгч төв, дээдсийн оршин суудаг өндөр барилгууд, өлөсгөлөн гуйланчлал ноёрхсон ядуусын үүр гээд бүх л юм байна. Гэхдээ л америкчуудын гуравны хоёр нь хотын захаар байрласан амины орон сууцандаа амьдарцгаана. Хотын захын хорооллын гайхамшгийг хүн төрлхтөн аль эртнээс үнэлж иржээ. Манай эринээс өмнөх 539 оны үеийн шавар пайз дээр Персийн хаан хотын бүх давуу тал, гэхдээ чимээ шуугиан шороо тоосгүй хувийн эдлэн газарт амьдрах хичнээн тааламжтай болохыг шагшран бичсэн нь хадгалагдан үлджээ.
Харин одооны хотын хаяа хороолол бол цоо шинэ үзэгдэл юм. Энэ бол язгууртан сурвалжтаны зуслан ч биш, уламжлал болсон тосгон суурин ч биш, хотын захад орших газар бүр биш. Хотын хаяа хороолол бол XX зуунд төрсөн амьдралын хэв маяг хэвшил хэт үйлдвэржилтийн иргэншлийн амжилтын толь юм.
Захын хороолол нь юуны өмнө амьжиргааны нэг төрлийн ижил орчин. Тэнд баячууд ядуучууд хөршийн холбоотой амьдарч байна. Холдоо л хотхоны хоёр захад амьдарч байна. Тод жишээ нь Лондоны “West End” ба “Fast End” дүүргүүд байна. Хаяа буюу дагавар хотуудад таарч тэнцэх бэл бэнчинтэй хүмүүс суурьшдаг, дагавар хот ч өөрөө орлогын төвшин оршин суугчдын амьдралын хэв маягаар дээд зиндааныхан, дундаас дээгүүр, дундаж анги ба цагаач иргэд байдаг.
Бүгд л сайхан засмал зам, явган хүний цэвэрхэн зам, найдвартай бат хамгаалалт, мэргэшсэн эрдэмтэн багш нартай байх сонирхолтой. Хангамж сайтай хүмүүс өндөр татвар төлж тэр хирээрээ чанартай үйлчилгээ авдаг. Эцэст нь хотын хаяа хот бол ажлын байр биш амрах амьдрах орчин юм. Хөдөө тосгонд тариачин босгоныхоо дэргэд шахам газар хагалж, харин хот газрын хүмүүс хөрш зэргэлдээ орших үйлдвэрийн хаягдлаар амьсгалж байна. Хаяа хот бол байгаль экологын цэвэр орчин юм. Хаяа хотын хэлбэр загвар олон янз байдаг. Америк хувилбар нь газар нутгаараа ч санхүүжилтээрээ ч том байдаг. Харин Европынхны хувьд нутаг дэвсгэрийн хувьд их хотоосоо нэг их онцгой ялгардаггүй. XX зууны 40-50-иад оны сүүлээр их хэмжээгээр баригдаж байсан Нью-Йоркийн хаяа хотууд нь арилжааны төдийгүй үзэл суртлын шинжтэй байв. Далайн чанадад хамтын хөдөлмөрийн зарчмаар төлөвшин тогтож байгаа социалист нийгмийн эсрэг Америк ямар нэг юм сөргүүлэн тавих хэрэгтэй байлаа.
Левитт өөрийн байгуулж байгаа хаяа хотын татварын ээлжит хөнгөлөлтийг төрөөс салгах гэж зүтгэж байх үедээ “Хэрэв хүн өөрийн гэсэн байшин, хэсэг газартай болбол хэзээ ч коммунист болохгүй. Түүнд тэртээ тэргүй хийх юм мундахгүй байна” гэж хожим ихэд дэлгэрсэн мэргэн үгээ хэлжээ.
Бизнесийн эхлэл
Левитт бол Оросоос ирсэн еврейн шашны ламын ач хүү бөгөөд түүний аав нь Нью-Йорк хотод өмгөөлөгч хийдэг байжээ. Хенри Форд автомашинд, Уоллт Дисней уран зурагт, эсвэл Хуан Триппе онгоцонд дурладаг шиг Левитт аль нэг юманд шунан гал гартал дурладаггүй нэг л нэг сүүмгэр байдалтай байдаг.
Уилъям Левитт 1907 онд хорвоод мэндэлжээ. Тэдний гэр бүл Нью-Йоркийн Brownstone-д хэвшил болсон гаднаа тахир татуу галын шаттай уравгар хүрэн байшинд амьдардаг байсан. Тэр бүр хүүхэд байхаасаа л мөнгөнд дуртай нэгэн байв. Ноён доллар ч удаан хугацаанд түүнд харилцан хариу барьжээ. Хэр тааруу амьдралынхаа 20 жилийг арай гэж өнгөрөөгөөд Левиттийн тэвчээр алдарч их сургуулиа орхин ноён долартай хөөцөлдөхөөр шийдэв. “Би зүгээр л тайван байхыг мэддэггүй. Том автомашинтай болж хээнцэр хувцаслахыг маш их хүсдэг байлаа” гэж хожим нь ярьж билээ.
АНУ 1927 онд эдийн засгийн өсөлтийнхөө орой дээр гарсан юм. Үнэт цаас улам ч үнэтэй болж Левитт санхүүгийн брокер болох сайхан мөрөөдөлд бүүвэйлэгдэж байлаа. Аз дайрахад энэ мөрөөдөл нь биелэх хувьгүй байжээ. Хоёр жилийн дараа хөрөнгийн зах нуран унаж азгүй дамчид Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгаас асгарах мэт ар араасаа цувран гарч эхлэх үед Левитт “Levitt & Sons” компанийн захирал болсон байлаа. Тэр үед Левиттын гэр бүлийнхэн бүгд барилгын ажилд татагдан орсон нь эрүүл саруул ухааны тооцоо гэхээсээ илүү, завшаанаар олдсон газраа үр ашигтай хөдөлгөөнд оруулах гэсэн шаардлагын үр дүн ажээ. Зарчмын хувьд энэ санаа нь амжилт авчирч болох юм. Учир нь 1920-оод оны үед дундаж амьдралтай америкчуудын ихэнх нь хувийн байшин бариулчих бэл бэнчинтэй болсон үе байсан юм. Харин их уналтын зогсонги байдлын үе ажил хэргийг удаашруулж байлаа. Гэхдээ тухайн үед барьж бүтээх нь арилжаа хийснээс илүү үр дүнтэй байсан юм. Цаг үе хүнд байсан ч цалин сайн авдаг мөнгө олдог хүмүүс цөөнгүй байв. Левитт 40-өөд оны эх хүртэл 2000 орчим байшин барьж түүнд нь эмч нар, өмгөөлөгчид, сэтгүүлчид, радио одод (тэр үед теле одод хараахан гараагүй байв) зэрэг Манхеттаны дээдсийн хүрээлэнгийнхэн суурьшлаа.
Тухайн үед энэ нь бизнес шиг л бизнес байв. Онцлох юмгүй. Тэгээд ч хаяа хотыг Левиттынхан бодож олсон ч юм биш. Энэ суурьшилт олон жилийн турш Европт ч Америкт ч удаан боловч итгэлтэй явагдсаар иржээ. Ер нь эдийн засгийн өсөлтын хурдац нэмэгдсэн XIX зууны сүүлчээс амжилт олж яваа орлого нь нэмэгдэж байгаа хүмүүсийн хүрээ бодитой тэлж байлаа.
Нэгэнтээ бүр 1898 онд Эзинберг Ховард гэгч Британийн айдас төрүүлсэн аж үйлдвэржилтийн бөөгнөрлөөс хүн амыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хот-цэцэрлэг байгуулахыг сурталчилсан номоо хэвлүүлж байсан байна. Гэвч Англид ч бусад орнуудад ч нүүлгэн шилжүүлэх талаар өргөн хүрээтэй ямар ч компанит ажил зохиогдсонгүй. Төсөл амьдралаас тасархай үл гүйцэлдэх мөрөөдөл байлаа.
Нэгдүгээрт, ийм хот их өндөр үнэтэй байв. Төсөлд олон нийт нийгмийн барилгууд, цэцэрлэгт хүрээлэнгээс аваад ямар нэг болор шилтгээн хүртэл байхаар тусгажээ.
Хоёрдугаарт хот- цэцэрлэгийн оршин суугчид холгүй ойрхон ажил хийдэг байхаар тусгагдсан нь XX зууны эдийн засгийг улам бүр багасаж байгаа хөдөө аж ахуйд тулгуурлах, нөгөө талаар чөлөөт зах зээлийн зарчимтай зөрчилддөг зарим аж үйлдвэрийн газруудыг тийш нь хүчээр нүүлгэн шилжүүлэх зорилго агуулах аж. Зөвхөн АНУ-д 40-өөд оны хоёрдугаар хагаст хаяа хотыг үндсэнд нь шинэ түвшинд гаргах бодит бололцоо бүрдлээ. Хүн ам нь ерөнхийдөө автомашинжсан нэг орчинд ажиллаж нөгөө орчинд амьдрах нөхцөл бүрдсэн дундаж ангийн төлөөгчдийн тоог бодитой нэмэгдүүлсэн эдийн засгийн өсөлтийн ээлжит мөчлөг тохироонууд бүрдэн хот-цэцэрлэгийн тухай мөрөөдлийг хэрэгжих боломжтой болгов.
Эхэн үедээ ипотекийн зээл, банкны эзэд өрийн эрсдэлийг зээлийн хүүгийн хэмжээнд дэнчин болгон тавьж байсан. Өндөр үнэтэй боловч Рузвельтын захиргаа 1930-аад онд ийм зээлд улсын баталгаа гаргаж өгснөөр зээл хямдарч дундаж анги үндсэн хөрөнгийн зах руу хуйлрав. Одоо нэг л юм дутуу үлдлээ. Барилгын ажилд Фордын машин үйлдвэрлэлийн дамжлагын санааг хэрэгжүүлж, хувийн сууцыг өөрийн өртөгийг огцом хямдруулж хаяа хотыг хувийн сууцын бөөний үйлдвэрлэлийн газар болгох бизнесмен хэрэгтэй байв. Чухам энэ үүргийг Левитт өөртөө хүлээн авав.
Дамжлагын шугам дээрх байшин
Хямдхан орон сууц барих санаа дайны үед, цэргийн үйлдвэрийн ажилагсдад зориулсан нэг хэлбэрийн байшин улсын хөрөнгөөр олон тоогоор барьж байх үед төржээ. Левитт ч нэг хэсэг барилгын батальонд ажиллаж байсан ч нэг их хичээсэнгүй. Билл Сэм авгын (АНУ) төлөө биш өөрийнхөө төлөө ажиллах сонирхолтой байлаа. Тэр жаз хөгжим тоглож, виски шимсэн шиг, барилгын ажлыг ашиглан шийдвэрлэх үсрэлт хийхээр хүчээ нөөж байлаа.
“Мөнгийг гуйж, зээлж, хулгайлж олоод дараа нь босгох барих бүтээх” гэж бүр 1944 онд дэслэгч Левитт өөрийн бодол санааг илэрхийлж байв. Энэ үед түүний хөгшин эцэг нь царцааны нүүдэлд нэрвэгдсэн фермерүүдээс төмс тариалах талбайг нь худалдан авч байв.
Левиттын гэр бүлийнхний хувьд ододын цаг цохилоо. Барилгын ажлыг өргөн фронтоор явуулахын тулд хөрөнгө хуримлуулах шаардлага гарч, хууль тогтоомжид засвар оруулах, хамгийн чухал нь босоо удирдлага бүхий хүчтэй барилгын материалын үйлдвэрлэлээс эхлэн барилга байшингийн түлхүүрийг гардуулан өгөх хүртэл үйлчлэх барилгын цогцолбор байгуулах шаардлагатай болов. Түүнээс гадна хэдэн арван мянган Нью-Йоркчуудыг Бруклин, Бронкс болон Квинс дахь хэвшмэл амьдралаа орхин их хотоос 50 километрын зайд орших Левиттаунд шилжин суурьшихыг ятган үнэмшүүлэх хэрэгтэй байсан.
Левитт бол уравгар дорой жижигхэн хүн байсан ч харилцагчаа үнэмшүүлж чаддаг байлаа. Түүний биед өвөг эцэг еврейн лам, заримдаа өмгөөлөгч эцэг нь сэргэн ирэх мэт ярианы сэдэв нь гэр бүлийн шинжтэй байдаг байв. Левитт харилцан ярилцаж буй хүний өмнө хөөрөн, ундууцаж сэтгэл хөдлөн дэвхцэж, салхин тээрэм адил гараараа савчдаг байлаа. Ийм дайралтын өмнө тэсч үлдэх хэн байх билээ.
Барилгын ажил 1947 онд эхлэв. Ажлын явц гайхамшигтай. Хувийн сууцыг бүтэн гулдмайг угсран, угсралтын ажил 27 зүйлээс бүрдэж тус бүрийг мэргэшсэн бригадууд гүйцэтгэж байлаа. Билл сонин сэтгүүлд “Бид өглөөнөөс хойш 18 байшин угсарлаа, үдээс хойш мөн төдийг угсарна” гэж ээлжит ярилцлагаа өгч байсан байна. Левиттын өмнөх хүмүүсийн барилгын хурдны дээд амжилт нэг байшин барихад 40 минут байсан бол Левиттын баг 15 минутад угсардаг болжээ. Ажлын зохион байгуулалтыг, эд анги хэсэг бүлэг бүрэн төрөлжүүлсэн нэг загварын архитектурын элдэв гоёл чимэглэлгүй төслөөр хийдэг ажээ. Ийм төслийг дизайнер бага дүү Альфред Левитт боловсруулсан юм.
Барилгын ашигтай талбай 74 м2 хоёрдугаар давхрыг нь гүйцээлгүй орхисон, харин зоорийн давхар огт төлөвлөгдөөгүй. Хэрэв Америкийн уламжлалт байшин бат бэх суурьтай, зоорийн давхар нь халаалтын тогоо, угаалгын өрөө, агуулах байдаг бол Левитт өөрийн барилгуудыг дан ганц бетонон гамбир дээр барьсан байлаа. Левиттаун ерөнхийдөө нэг уравгар сэтгэгдэл төрүүлж байлаа.
Жигд цагаан будгаар будсан байшин бүрийн дэргэд байшингаас илүү бодитой харагдах автомашинууд, энүүгээр саяхан нэг нүүдэлчин омог үдлээд өнгөрсөн юм шиг санагдуулна. Ёс зүйтэй нэг ч уран барилгач Левиттаунд ойртож очдоггүй гэж ярьцгаадаг юм. Гэвч энэ худал аж. Нэг уран барилгач ойртож ирлээ. Тэр нь Фрэнк Ллойд Райт өөрөө байлаа. Тэрээр Альфредын бүтээлийг бут шүүмжлээд тэр дор нь хувийн сууцын гоёмсог төслийг татлан тоймлож тэр нь Биллийг бишрүүлэв.
-Энэ байшин чинь тэгээд ямар үнэтэй эд вэ? гэж жирийн барилгачин уран барилгачнаас асуухад тэр
- Дөчөөд мянга гэж хариулав
Цааш нь ярих юм алга байлаа. Левиттаун дахь байшингууд 8000 ам.долларын үнэтэй байлаа. Урьдчилсан төлбөр нь 100 ам.доллар, сар бүр 50 орчим ам.доллар төлнө. Байшин бүрийг угаалгын машин, зурагт, хөргөгч (дотор нь сүү цөцгийн тос) дагалддаг. Багавтар газар нь эхлээд хувийн цэцэрлэг байгуулж болно. “Хүн бүр цэцэг үнэрлэх эрхтэй” гэж аав Левитт ярьдаг юм. Дараа нь амбаар сав барьж байшингаа өргөтгөсөн ч болно.
Левиттаунд өндөр хашаа барих, амралтын өдрүүдэд угаасан юмаа гадаа хатаахыг хориглодог. Эцэг Левитт үдэш болгон бүх тосгоныг тойрон явж засч янзлаагүй зүлэг ногоо байвал тийш цэцэрлэгчийг явуулж дараа нь үйлчилгээний төлбөрийн тооцоог явуулна.
Мэдээжийн хэрэг энэ бол мөрөөдлийн хот цэцэрлэг биш, гэсэн ч эндээс багш нар, автобусны жолооч, нарийн мэргэжлийн ажилчид байшин худалдан авч байлаа. Ирээдүйн байшингийн эздийг дараалалд зогсоон гэрээ хийж байх хооронд хөөрхийсийг, хүлээсээр осгочихно гэж халуун кофе, нарийн боовоор үйлчилдэг байсан юм. Левиттаунд суурьшихыг хүсэгчдийн цуваа эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Бас ч үгүй төгсгөл байсан нь негрүүд, еврей нарт байр худалддаггүй байжээ. 40-50-д оны Америкчууд нийгмийн байдлын болон үндэстний хувьд ч нэг төрлийн хольцгүй орчныг эрмэлздэг байлаа. Еврей хүн байшин барьж сая саяар мөнгө олж болно. Харин Америкчуудтай хөрш зэргэлдээ суурьшиж болохгүй. Энэ байдал 60-аад онд л өөрчлөгдсөн дөө. Харин өдий хүртэл мөнгийг ёс суртахуунаас дээгүүр тавьдаг Левитт арьс өнгө, үндэс үндэс угсаагаар ялгаварлахтай эвлэрсээр иржээ. Левитт еврейчүүдийн өмнө гэмээ цагаатгахын тулд Израйл руу зэвсэг худалдан авахад зориулж ихээхэн хэмжээний мөнгө гуйвуулж байв.
Бурхан минь Левиттыг өршөөж хайрла
Левит одоо хязгааргүй баян хүн болов. Тэр өч төчнөөн төсөл хэрэгжүүлж 140 мянга гаруй байшин барив. Тэр өөрөө Манхеттаны тансаг шилтгээнд амьдарч кадиллак унаж, Ренуар, Моне, Дега болон Шагалийн бүтээлүүдийг цуглуулж авгайгаа тогтмол солино. Тэр үед Левиттын гаргасан замаар АНУ-ын олон барилгын компаниуд хөдөлгөөнд орж том том хотуудыг тойрон бүслэсэн тохилог суурингуудыг барьж эхлэв. Арван таван (1950-1975) жилийн дотор том хотуудад амьдрагсадын тоо 10 саяар, хаяа хотуудад амьдрагсадын тоо 85 сая хүнээр нэмэгджээ.
Хаяа хотын барилгажилт Европт ч өргөжив. Хельсинкээс 9 км-т орших Тапиола хотхон бусдаас онцгой гайхамшигтай төслийн нэг болов. “Финлянд онцлогтой Левиттаун” нь загасны түрсээ шахдаг голын тохой шиг биш ойрхон толгодын байдалд тун гоё зохицсон хотхон байлаа. Байшингуудын зураг төсөл дээр хамгийн сайн архитекторууд хөдөлмөрлөж хожим Америкчууд тэднээс суралцсан юм. Тапиолын оршин суугчид Левиттауныхаас 4.5 дахин бага байлаа. Түүнээс гадна тэнд хэд хэдэн гэр бүл хөршүүдээсээ тусдаа сууцанд амьдрах боломжоор хангагдсан байлаа. Бусад нь цөөн давхартай орон сууцанд амьдардаг байв.
Хуучнаар ЗХУ 1960-ад оны эхээр Америкийн турхиралтанд хариу барьж эхлэв. Энэ хариу нь хайрцагны модоор голдуу барьсан зүсэн зүйлийн хийц загвартай нэг тийм унтлагын дүүрэг хотын төвөөс нилээд зайтай, автомашины тоо цөөн тул үйлдвэр аж ахуйн бүсэд ойр үүсч бий болов. Харин Вильнюсын нэгэн дүүрэгт Европын стандартад дөхөж очих барилга барих оролдлого хийсэн байлаа.
Энэ үед далайн чанадад Левиттын аргаар барьж байгаа барилгын ажилд ноцтой хүндрэлүүд ажиглагдаж эхлэв. Том хотуудын дэргэдэх газар үндсэндээ барилгажиж гүйцээд чинээлэг болсон Америкчууд ч өөрийн байшингийн чанар үзэмжинд цамаан загнаж голж шилдэг зантай болов. Явж дагтаршсан замаар дахин цаашлах боломжгүй болжээ. Левитт 1967 онд тэтгэвэрийн насанд хүрээд өөрийн компанийг “ITT” корпорацид худалдаж, 10 жилийн хугацаанд АНУ-ын нутаг дэвсгэр дээр барилгын бизнес эрхлэхгүй байх амлалт өгчээ. Энэ шийдвэр нь түүний хувьд жинхэнэ эмгэнэл боллоо. Компаниа зарсан мөнгөнийхөө гуравны нэгд “ITT”-ын хувьцааг авсан ч ханш нь сүрхий унажээ. Барилгын бизнесээ Иран, Венесуэл, Нигерт сэргээх гэсэн боловч өөрийн хөрөнгийн хүрэлцээ муу бага буурай хөгжилтэй орнуудын улс төр санхүүгийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалан амжилт олсонгүй. Магадгүй Левитт 40-50-д оны өөрийн амжилтын үндсэн шалтгааныг төдийлөн ухаараагүй байсан бололтой.
Хилийн чанадад оруулсан хөрөнгө оруулалт нь үнэндээ үрэгджээ. Гэвч тансаг амьдралд дассан Левитт үрэлгэн зангаа татаж чадахгүй байлаа. Тэр том гэгчийн онгоцтой болж, гуравдахь эхнэртээ бэлэглэсэн гоёлын зүүлтийн үнэ 3 сая ам.доллар хүрч байлаа.
Хорвоогийн бор хоногийг төөрүүлэхэд хүнд болж Америкийн хамгийн баян хүн маань Левиттынхэний гэр бүлийн мэдлийн өглөг тэтгэмжийн сан руу гар дүрэхээс өөр аргагүй болов. Тэр тэндээс бараг 17 сая ам.доллар гарган авч өөрийн хэрэгцээнд үржээ. Өвгөн 1980-аад онд түүний эргэн тойронд юу болж байгааг дутуу дулимаг төсөөлөн, өөрийн барилгын бизнесээ сэргээх гэж оролдлоо. Гэвч түүнд олон жилийн тэртээсээс сүүмийсэн алдар нэрнээс өөр юм алга болсон байна. Тэр хэрэглэгчдийн хүсэл сонорхол өөрчлөгдөж, бизнес явуулах нөхцөл 1940-д онтой адилгүй болсон гэж ойлгохгүй байв.
Чадамж сайтай хамтрагчид Левиттыг үл тоомсорлоно. Гэлээ ч тэр надад сайхан төлөвлөгөө, сайн баг байна, ажил өрнүүлэхэд хагас жил л хэрэгтэй гэж дэмийрсээр мөрөөдсөөр л байв. Уильям Левиттын бие муудаж эмнэлэгт хэвтэн төлбөрөө ч төлөх хөрөнгөгүй болж 1994 онд нас баржээ.
Тэр нас барахынхаа өмнө Левиттауны нэгэн хүүгийн тухай дурсан ярих дуртай байлаа. Тэрхүү оройн залбиралаа “Бурхан минь аавыг минь, ээжийг минь, ноён Левиттыг өршөөж хайрла” гэдэг үгээр эхлэдэг байсан. Харин Америкийн хаяа хотын оршин суугчид, тэдний амьдралыг үнэхээр эргүүлж чадсан Уилъям Левиттэд сөхрөн залбирдаг юм.
Тэр зөвхөн өөрийнхөө амьдралыг л эргүүлж чадсангүй. Левитт гаслант төгсгөлд хүрсэн XX зууны бизнесийн цөөн хэдэн удирдагчдын нэг байлаа. Энэ нь тохиолдлын хэрэг байв уу? Эсвэл Левиттын тансаг зүйл рүү тэмүүлэх тэмүүлэл нь ажил хэргийн сонирхлыг хиртүүлэв үү?
Орчуулсан: Ж.БАДАРЧ










