



















АНУ-ыг хамарсан санхүүгийн хямралыг үл харгалзан 2007 онд хөрөнгийн зах дээр бүгдээс илүү мөнгө олж чадсан эрхлэгчдын тухай дээр ярьсан. Alpha сэтгүүлийн 2002 оноос хойш хөтөлсөн рейтингийн нэгдүгээр байранд “Paulson & Co” хөрөнгө оруулалтын сан нь Америкийн түүхэнд хамгийн их мөнгө 3.7 тэрбум ам.долларын дээд амжилт үзүүлсэн Жон Полсон орсон юм. Хоёрдугаар байрыг бүхний танил алдарт Жорж Сорос “Quantum Endowment Fund” 2.9 тэрбум ам.доллараар, гуравдугаар байрт Америкийн хөрөнгийн зах зээлд хамгийн сонирхолтой хүн 70 настай математикч Жеймс Харрис Саймонс оржээ. Бас нэг сонирхууштай нь Саймонс, Сорос хоёр Нью-Йоркт нэг байшинд амьдардаг ажээ. Бид өнөөдөр Жеймс Саймонсын тухай өгүүлнэ.
Тэгвэл математикч Саймонс яаж биржийн тоглоомонд оролцон “Financial Times”-ын тодорхойлсноор “Хамгийн ухаантай” тэрбумтан болж чадав аа? Түүний “Renaissanse Tehnologies” сангийн нууц нь юу байна? “Wall Street Journal”-д бичсэнээр “Бүх арилжааг компьютер явуулж, ажилд трейдерүүдийг биш, зөвхөн эрдэмтдийг, компьютерийн программ дахь трейдингийн стратегийг боловсруулдаг эрдэмтэдийг авдаг” гэж бичжээ.
Авъяаслаг эрдэмтэн
Саймонсын шинжлэх ухааны карьер тун ч амжилттай төлөвшин тогтжээ. Гутлын үйлдвэрийн эзний ач хүү бяцхан Жеймс бага балчир наснаасаа математикийн бодлого бодож эхэлсэн байна. Түүний эцэг эх нь, тэр гурван настай байхдаа л Зеноны алдартай парадоксыг америк маягаар хөрвүүлэн, автомашины шатахуун хэзээ ч дуусахгүй яагаад гэвэл эхлээд хагас бак шатахуун зарцуулагдана, дараа нь үлдсэн хагасын хагас, тэгээд хагасын хагасын хагас гээд үргэлжлэнэ гэж ярьдаг байсан гэж дурсцгаадаг.
Саймонс их эрт их сургуульд орж 1958 онд 19 настайдаа математикийн бакалаврын зэргийг алдарт Массачусетын технологийн их сургуулид хамгаалжээ. Саймонс “MIT”-д (Массачусетын технологийн их сургууль) байхдаа өөрийн математикийн авъяасыг өдөр хичээл дээр ашиглаад зогсохгүй, шөнө нь бусад оюутнуудыг покер тоглон хожиж математик сэтгэлгээгээ ашигладаг байжээ. Тэр доктрантур төгсөөд “MIT” болон Харвардад багшлаад зогсохгүй, жинхэнэ математикч хүний авъяасаар Батлан хамгаалах яамны судалгааны институтын (Institute for Defense Analyses, IDA) АНУ-ын засгийн газрын зөвлөх эрдэм шинжилгээний багт нууц түлхүүр тайлагчаар дайчлагдан ажиллав. Гэхдээ “IDA”-тай харьцаа таарсангүй 1967 онд “IDA”-ийн Ерөнхийлөгч генерал Максвелл Тейлор “New York Times Magazine” сэтгүүлд Вьетнам дахь Америкийн дайны үйл ажиллагааг зөвтгөсөн өгүүлэл бичсэний дараа Саймонс сэтгүүлийн редакцид “IDA”-д олон хүн өөр үзэл санааг барьж байна гэж мэдэгдсэн захиа бичиж байжээ. Харин “IDA”-ын удирдлагад иймэрхүү тэрсүүд авир таалагдаагүй нь тодорхой. Эхнэр гурван хүүхдээ тэжээж байсан 29 настай Саймонс “IDA”-аас сүр дуулинтай халагдах нь тэр.
АНУ-ын Батлан хамгаалах байгууллагад ажиллахыг оролдоод бүтэлгүйтсэн Саймомс хэдэн жил “Stony Brook”-ийн их сургуульд уламжлалт математик геометр, чадавхын онолоор хичээллэв. Тэр 1976 онд өөрийн геометрийн ажлаар Америкийн математикийн салбарын нэр хүндтэй шагналуудын нэг “Oсвальд Вебленс”-ын нэрэмжит шагналаар шагнагджээ.
Математикч бирж дээр
Энэ үедээ ирээдүйн хөрөнгө оруулагч маань хөрөнгийн зах зээлийг нилээн сонирхож эхлэв. Эхний удаа Саймонс бүр 1958 онд бараан зах дээр анхны эхнэр Барбаратай гэрлэхдээ бэлгэнд авсан 500 ам.доллараа шар буурцагны самарт хөрөнгө оруулаад алдсан байв. Арилжаа хийх хоёр дахь оролдлого нь арай амжилттай болов. 1974 онд Саймонс ба түүний хамтрагчид болон их дээд сургуулийн багш нар элсэн чихэр рүү 600 мянган ам.доллар оруулаад энэ түүхий эдийн үнэ өсөх үед зургаан сая ам.доллар олжээ.
Саймонс 1978 онд математикийн эрдмийн ажлаа гэнэт орхиж, олсон мөнгөөрөө хөрөнгийн зах зээлд буурь суурьтай гарч ирэв. Түүний анхны сан нь “Monemetrics” (харин түүний “Renaissance Technology” сан нь дөрвөн жилийн дараа гарчээ) нэртэй байсан бөгөөд валютын зах зээл болон Саймонсын дуртай түүхий эдийн зах дээр ажилладаг. Хамтрагчаараа Саймонс “IDA”-д хамт ажиллаж байсан мөн л нууц түлхүүр тайлагч Баум-Велч алгоритмыг (Baum-Welch algorithm) хамтран зохиолцсон Леонард Баумыг сонгон авчээ. Ер нь Баум бол Саймонсын намтарт чухал хүн, түүний амжилтын “дархчуул”-ын нэг юм. Баумын алгоритм нь биологи, яриа хэллэгийг автоматаар оншлох, дүн бүртгэл статистикийн салбарт төрөл бүрийн магадлалыг тодорхойлоход өргөн ашигладаг. Саймонсын толгойд анх түрүүн Баум-Велчийн алгоритмыг валют арилжааны зах зээл дээр ашиглах санаа орж ирэв. Түүгээр ч үл барам түүний санаа амжилттай ажиллаж эхлэв.
Хүний цөөн нь, мөнгөний их нь
Хожим Саймонс өөрийн компанид математик аргачлалыг үнэмлэхүйн туйл болгосон юм. Хэдэн жилийн дараа тэр жар шахам математикч, физикч мэргэжилтнүүдийг Японоос Куба хүртлэх өргөн уудам нутгийн олон орноос урин ажиллуулж тэдгээр нь зах зээл дэх үнийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах боломж олгосон компьютер, загварчлалыг боловсруулжээ. Энэ нь биржийн тоглолтод “Хүний хүчин зүйл”-ээс ангижрах боломж олголоо. Өдгөө Саймонст хамаатай бүх байгууллагууд, хөрөнгийн, валютын болон барааны бирж дээр “хүний туслалцаагүй” зөвхөн математик алгоритмд тулгуурлан арилжаа хийж байна. 2005 oны зун “Wall Street Journal” сэтгүүлд нэг иймэрхүү хошин зарлал сэрэмжлүүлэг нийтлэгдсэн юм. “Уолл Стрийтийн трейдерүүдэд санамж болгох нь “Renaissance Technology”-д ажил эрж сэтгэлээ бүү зовоо, тэнд зөвхөн компьютерын программд трейдингийн стратеги боловсруулан суулгадаг эрдэмтдийг л ажилд урьдаг” гэжээ.
“Бид санхүүгийн талаар юу ч мэдэхгүй, физикч, математикч, одон орон судлаач мэдээлэл зүйн мэргэжилтнүүдийг урьж хөлсөөр ажиллуулдаг” гэж Саймонс Олон улсын санхүүгийн инженерын холбооны (IAFE) бага хурал дээр тавьсан илтгэлдээ дурдсан байдаг. Харин мэргэжлийн санхүүч трейдерүүдийн хувьд Саймонсын үгээр бол “Уолл Стрийтээс бид хэнийг ч хөлслөхгүй” гэнэ.
Одоогоор Нью-Йорк дахь “Renaissance”-ын удирдах байранд 200-гаад ажилтан ажилдагийн гуравны нэг нь докторын зэрэгтэй. “Renaissance Technology”-ийн харъяа төрөл бүрийн сангуудад 30 тэрбум ам.доллар эргэж байдаг. Түүнээс гадна 2007 онд Саймонсийн захиргааны мэдэлд шилжүүлсэн хөрөнгө хоёр дахин өсөв. “Renaissance Technology” хэмээх дэлхийд томоохон хувийн сан иймэрхүү арилжаа эргэлдүүлж байна.
Дэлхийд хамгийн амжилттай яваа илжиг
Саймонс өөрөө олон нийтээс бултамхай ярилцлага бараг өгдөггүй. Заримдаа түүнээс яагаад Жорж Оруэллийн “Малын саравч” номонд гардаг илжиг Бенжаминыг санагдуулам юм бэ? гэж асууцгаадаг гэнэ. Тус номонд гардаг тэр илжиг бол тэр фермийн бүх амьтдаас хамгийн ахмад нь боловч олхиогүй зангаараа онцгойрдог. Тэрээр цөөхөн дуугардаг боловч, түүний сургамж сануулга нь үргэлж үгүйсгэх үзэл ханхалж байдаг. Тэр илжиг “Бурхан надад ялаа үргээж бай гэж сүүл хайрласан юм. Харин би ялаа ч үгүй, сүүл ч үгүй тайван байхыг хүснэ” гэж хэлдэг.
Саймонсын хэвлэлд өгсөн ярилцлага нэг иймэрхүү сонсогдоно
-Танай “Medallion” сангийн арилжааны стратегын талаар та юу хэлэх вэ?
-Тийм ч их биш зүйл.
-Санхүүгийн ямар хэлбэрээр та арилжаа хийдэг вэ?
-Бүгдээрэнгээр нь
-Танай сан олон төрлийн арга барил ашигладаг биз?
-Олоон
Үнэхээр “Renaissance”-ийн арилжааны талаар мэдэгдэж байгаа зүйл маш ховор. Жеймс Саймонс өөрийн арга барилаа чанд нууцлах талаар санаа зовж сэтгэл гаргадаг. Тэнд сууж байгаа нэг эрдэмтэн “нууцлахуй онол”-ын тухай уншаад, энэ нь тэдний санд яг хэрэгжиж байгааг хараад хөх инээд нь хүрсэн гэдэг. Эдгээр нууцуудын зарим нэг нь Нью-Йорк мужийн Дээд шүүх дээр 2003 онд халагдсан хоёр ажилтан Александр Белопольский, Павел Волфбейн нарыг компаниас халагдсанаасаа хойш түүний стратеги аргыг ашигласан гэж буруутган шүүхэд нэхэмжлэх үед ил болсон юм.
Жеймс Саймонсын стратеги
Шүүх ажиллагааны бичиг баримтаас үзэхэд “Renaissance” зах зээлд арилжаа хийхдээ гурван арга хэрэглэдэг байжээ. Нэг нь своп (аливаа актив болон үүрэг гэрээг, нөгөө актив ба үүрэг гэрээгээр түр солих боломж олгодог санхүүгийн арга хэрэгсэл) бөгөөд хоёрдох нь худалдах ба худалдан авах авах цахим тогтолцоог ашигладаг. Гуравдахь нь NASDAQ-тай холбоотой Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр биелэгдээгүй худалдан авалт ба зарах захиалгуудыг илрүүлэн тодорхой үнээр арилждаг. Компани өөрт байгаа мэдээллийг үндэслэн жишээлбэл: Бирж дээр томоохон захиалгад ширхэгийг нь 15 ам.доллараар худалдана гэж үзвэл 15.05-аар үнэ хаялцана. Тэр үед нь сан 15.01-ын шорт хийж ашиг олох ба үнэ нь уналаа гэхэд 15 ам.доллараар бөөнөөрөө зарагдаж эхлэнэ.
Багтаамж сайтай “Medallion” сангийн багцад байгаа мянга мянган төрөл бүрийн үнэт цаас, хувьцаа, облигаци болон санхүүгийн бусад хэрэгслүүд байнга худалдаанд эргэлдэж байдаг ажээ. Манайх “бүгдээрэнгээр нь арилжаа хийдэг” гэж Саймонс үнэн хэлжээ. Компанийн шинжээчид дахин давтагдах болон нуугдмал санаануудын дохиог энэ агуу их мэдээлэл дотроос, хөрөнгийн бирж, бараан зах, үнэт цаасны мэдээллийг олон жил сараар эрдэг. Үүний дараа цахим систем “Код” гэдэг нэрээр арилжааг хийдэг ба үүнийгээ хэнээс ч илүү хурдан үзэгдэж харагдахгүй хийдэг. Энэ үед “Код”-ыг зохиосон эрдэмтэд тодорхой тохиолдол бүрд чухам юу худалдаж авч байгаа тухай үнэхээр ямар ч ойлголт байдаггүй. Программын мэддэг юм нь өнгөрсөн арилжаануудын асар их дүн бүртгэл статистик юм.
Үр ашгийн үер
Эдний энэ тактик нь хэдэн арван жилийн турш төрөл бүрийн зах зээлд гойд амжилттай хэрэгжиж байна. Бүр 1990 онд “Medallion” сан анх удаа арилжааны автомат системыг ашиглаж тэр үеийн сангийн эрхлэгч математикч Элвин Берлекамп Саймонсд 55.9 хувийн ашиг өгч байжээ. Үүнээс хойш “Medallion” сан 1991 онд автомат системын ачаар 39.4%, 1992 онд 34%, 1993 онд 39.1%-ийн ашиг олжээ. 2005 оны 8-р сард Саймонс “Renaissance Institutional Equities Fund” (RIEF) гэдэг хувьцааны сангаа байгуулав. 9-р сарын сүүлч гэхэд энэ сан 12.8%-ийн ашиг хийсэн байна.
Саймонсын сангууд хэдий чинээ их олох тусам зах зээлийг төдий чинээ “довтолж” байдаг нь сонин. 2007 онд Америкийн бүх зах зээл унаж, худалдааны системын бусад компаниуд асар их хохирол үзэж байхад “Medallion” жилийн эхний гурван улиралд 50 гаруй хувийн ашиг олжээ. 1994 онд Холбооны Нөөцийн сан хүүгийн хувийг жилд зургаан удаа 3-5.5% хүртэл өсгөсөн үед “Medallion” 71 хувийн ашиг олж байжээ. Харин 2000 онд Standard & Poor`s 500 индекс 10.1 хувиар унахад түүхэндээ хамгийн их буюу 98.5 хувийн ашиг олсон байна.
Энэ завсар атаархам нэг зүйл нь “Medallion” бүр 1993 оноос гадны хөрөнгө оруулагчдыг татахаа больж, өнөөдөр дан ганц “Renaissance”-ийн эзэд, ажилтнууд тэдний ойрын дотныхны хөрөнгөөс бүрдэж байна. Форбес сэтгүүлийн үнэлгээгээр Саймонсын нийт хөрөнгө 5.5 тэрбум ам.долларт хүрч АНУ-ын баячуудын жагсаалтын 57-рт бичигдэж байна. Тэр 2006 онд өөрийн биеэр сангуудаасаа 375-750 сая ам.доллар олжээ. Америкийн үнэт цаасны комиссын (U.S. Securities and Exchange Commission) мэдээгээр Жеймс Саймонс “Renaissance”-ийн 25-50 хувийг эзэмшдэг бөгөөд 10-15 хувийг тэргүүлэх программ боловсруулагч Хенри Лауфер, үлдсэн хэсгийг түүний ажилтнууд нь эзэмшдэг. Мөн 5-10 хувийг нь санхүүгийн захирал Марк Зилбер, гүйцэтгэх дэд захирал Питер Браун, Роберт Мерсер нар хуваан эзэмшдэг байна. Харин Саймонсын 40 настай хүү Натаниэлд одоохондоо тав хүрэхгүй хувь оногддог бөгөөд тэр “Mepitage” санг удирддаг юм.
Ер нь “Renaissance”-ийн бусад ажилтнууд эрхлэгч, захирлаас аваад цэвэрлэгч хүртэл жил бүр компанийн орлогоос хамаарсан хувь хүртдэг болохоор, гомдож дургүйцсэн санаагүй чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг нь амжилттай ажиллахын нэг үндэс ажгуу.
Тэтгэлэгт өгсөн тэрбумууд
Саймонсын хувийн амьдрал нь түүний эрдмийн болон санхүүгийн карьер шиг цэлмэг тунгалаг байгаагүй юм. Ялангуяа хүүхдүүдийнх нь амьдрал. Түүний таван хүүхдийн ахмад Пол 34 настайдаа дугуйгаар явж байгаад машинд дайруулж, өөр нэг хүү Ник 24 настайдаа Индонезын Бали арал дээр усанд живж үхсэн аж. Харин охин Одри нь “Аутизм”-ээр өвчилжээ.
Тийм болохоор Жейм Саймонс өргөл тэтгэлэгийн үйлст сая саяыг хаядаг нь гайхах зүйл биш. “Аутизм” өвчний судалгаа шинжилгээний ажил хийдэг түүний гэр бүлийн сан нь АНУ-ын энэ салбар дахь хамгийн том хувийн сан. Америкийн хамгийн ухаантай тэрбумтан маань аутизмээс гадна математикийн заах аргыг идэвхтэй дэмжин ажилладаг. Тэр докторын зэрэг хамгаалах сонирхолтой сургуулийн багш нарт зориулан сургалтын тусгай тэтгэлэг болгон 25 сая долларын өргөл өгчээ.
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
Oрчуулсан: Ж.БАДАРЧ









