



















Нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй хэсэг болоод удаагүй ч сайн, муу олон талыг нь мэдэрцгээж байна. Бид мэдээлэл хуваалцаж, харилцаж, сурч боловсорч, зарим тохиолдолд сайн сайхны төлөө нэгддэг. Гэвч нийгмийн сүлжээний хэрэглээ эмгэнэлийн нэр барьсан нэгэн төрлийн “дүр эсгэлт” болж хувирсаар байна.
ШҮҮГЧ
Нийгмийн сүлжээгээр дамжуулан бид нэгнийгээ хэтэрхий амархан шүүж, мэдэхгүй байгаагаа мэдэхгүйн гайгаар бүхнийг мэдэгч мэт аашилдаг болсооор…Хэн нэгний гунигт мэдээг хармагцаа сэтгэл хөдлөлөөр хандаж, дүгнэлт гаргах нь хэвийн үзэгдэл болтлоо давалгаалж байна. Ямар нэг уй гашуу тохиолдоход олон нийт сэтгэгдэл бичих, мэддэг, мэддэггүйгээс үл хамааран дүгнэлт хийх, хэн нэгнийг буруутгах уралдаанд оролцох, бүгдийг мэддэг, ойлгодог, ард үлдэхгүй гэсэн ухамсраар уралддаг болов.
ЭМГЭНЭЛ
Бусдын зовлонг өөрийн болгох үзэгдэл газар авсаар... Хэн нэгэнд уй гашуу тохиоход тайван байлгаж, дотны хүмүүс нь дэргэд нь байх ёстой атал нийтээрээ айлын босго давж, оролцдог болов. Талийгаачийн зураг, хувийн амьдралын түүхийг зөвшөөрөлгүй нийтлэх, гудамжинд гар утсаараа бичлэг хийх, “ийм аймшигтай зүйл боллоо” хэмээн постлох нь хүнлэг байгаа зүйл огт биш. Харин ч бидний “ эмгэнэл”.
ЭГО
Харамсалтай үйл явдлын дараа хандивын давалгаа өрнөх нь бараг жам болов. Хандив бол хэн нэгэнд үнэхээр хэрэгтэй үед сайхан сэтгэлээр өргөх өргөл. Зөвхөн мөнгө, биет эдээр төсөөлөмгүй зүйл. Хандив гэсэн хайрцаг дотор “ Агуу ихийн эго” нуугдаж, зэс нь цухуйдаг боллоо. “Би ийм хандив өглөө”, “Манай компани төдөн төгрөг хандивлалаа” гэсэн мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтлэх уралдаан өрнөж, өөрийгөө дөвийлгөх “эго”- оо улам томруулсаар… нийгмээс “сайхан сэтгэлтэй” гэх үнэлгээ авах гэсэн Эго.
КОНТЕНТ
Өмнө нь хүний зовлонг хуваалцах нь хувийн, хүн хоорондын асуудал байв. Харин одоо “контент” болжээ. Хүмүүс өөрийн амссан зовлонг постлох, лайв хийх, дагагч цуглуулах, улмаар хандалт аван ашиг олох “арга, ухаан” руу шилжиж байна. Үр дүнд нь хүмүүсийн эмгэнэл, гуниг үнэн сэтгэлийн гэхээсээ илүү контентын маркетинг болж хувирч байна.
ГАХАЙ
Биднийг ийм болгоход нийгмийн сүлжээ өөрөө буруутай юу? Үгүй. Харин бидний хандлага, хэрэглээ, хүмүүжил, нэгнээ хайрлах жинхэнэ сэтгэл гээгдэж буй нь асуудал.
Хүн гэдэг нийгмийн амьтан ч гэлээ, зовлонг нь ашиглаад, зовлон дээр нь дөрөөлж өөрсдийгөө дөвийлгөх, нэр төр, үнэлэмж, хандалт авах гэж улайрах бус, үнэн сэтгэлээсээ эмгэнэдэг байцгаая. Бид бүгдээрээ “гахай” байх албагүй.











