



















Гол агуулга
БНХАУ-ын дээд шүүх 9-р сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын төлбөрөөс зайлсхийхийг хууль бусад тооцно.
Олон компани, ажилчид аль хэдийн амьжиргаагаа залгуулахад хүнд байдалд орсон.
Эдийн засагчид энэ нь ажилчид, болон ажил олгогчид ДНБ-ий 1%-ийн хэмжээний дарамт үүсгэнэ гэж анхааруулж байна
Энэхүү шийдвэр нь Бээжингийн амласан нийгмийн халамжийн шинэчлэлийн өртөгтэй нүүр тулгахад хүргэж байна
Ажил олгогч: нийт цалингийн сангийн ~25% орчим
(Хот бүрт ялгаатай хувьтай, Монгол Улсаас харьцангуй өндөр)
Ажилтан: орлогын ~10% орчим
БНХАУ-ын Дээд шүүхийн гаргасан шийдвэрээр ажил олгогчид болон ажилчид "Нийгмийн даатгалын шимтгэл"-ээс зайлсхийхийг хууль бус гэсэн нь ажил олгогчид болох жижиг компаниудын оршин тогтнолд аюул учруулж, Бээжингийн олон жил амлаж ирсэн халамжийн шинэчлэлийн эрсдэлтэй тулгарахад хүргэж байна.

Шинжээчид болон нэгэн төрийн өндөр албан тушаалтны хэлснээр уг шийдвэр нь хөгшрөлт нэмэгдсэн бүс нутгийн тэтгэврийн санг нөхөх, улмаар илүү өгөөмөр нийгмийн халамжийн тогтолцоог бий болгох, мөн өрийн хамааралтай дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас илүү хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан эдийн засгийн өсөлтөд шилжих суурь болох зорилготой аж.
Дээд шүүх энэ сарын эхээр энэхүү татварын шимтгэл нь анхнаасаа заавал байх ёстой байсан ч хэрэгжилт нь жигд бус байсныг хүлээн зөвшөөрөв. Бодит амьдрал дээр олон сая ажилчин үйлдвэр, барилгын компани, хүргэлтийн үйлчилгээ, ресторан зэрэг жижиг бизнесийн эзэмшигчидтэй тохиролцож шимтгэл төлөхгүйгээр цалингаа авч үлддэг.
АНУ-ын өндөр татварын дарамтад өртсөн зарим үйлдвэрүүд нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийхийн тулд бүтэн цагийн ажилчдаа халаад, өдрийн цалинтай ажилчдаар солиод эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар 9-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болох энэ шийдвэр нь БНХАУ-ын нийгмийн хамгааллын амлалтаа биелүүлэхэд ойртуулж байгаа хэдий ч ажил олгогчид, ажилчдын хэрэглээ, зарцуулалтыг бууруулснаар эдийн засгийн өсөлтөд шууд эрсдэл учруулна.
БНХАУ-ын “Шинэ нийлүүлэлтийн талын эдийн засгийн академи”-ийн ерөнхийлөгч Жя Кан Ройтерст ярилцлага өгөхдөө:
“Энэ шийдвэр олон жижиг компанийн хувьд "амьд үлдэх эс бөгөөс үхлийн асуудал" болж байна” гэжээ.
Францын Societe Generale банкны эдийн засагчдын тооцоогоор уг бодлого нь нийтдээ ДНБ-ий 1% орчим хувьтай тэнцэх зардлыг компани, хэрэглэгчдэд үүрүүлэхээр байгаа аж.
“БНХАУ-ын шинэчлэлийг хэн санхүүжүүлэх вэ гэдэг суурь асуулттай тулгарч байна” гэж судалгааны Trivium компанийн шинжээч Жо Пейссел хэлэв.
Одоогийн байдлаар ажилчид болон компаниуд ачааг үүрч байгаа нь ажил эрхлэлт, хэрэглээг бууруулж, орлого тогтвортой биш байна гэж тэр нэмж хэлжээ. Энэ нь төрөөс илүү их нөөцийг нийгмийн халамжид чиглүүлэх шаардлагатайг харуулж байна.
“Эдгээр шинэчлэлийн урт хугацааны амжилт нь төр өөрөө зардлын илүү их хэсгийг үүрэх эсэхээс хамаарна” гэж Пейссел онцлов.
Энэ талаар Ройтерст Хөдөлмөрийн нөөцийн яам болон төрийн зөвлөлийн хэвлэлийн алба тайлбар өгөөгүй байна.
БНХАУ-д нийгмийн даатгалын шимтгэл хот бүрт харилцан адилгүй боловч дундаждаа:
Ажилчдын хувьд нийт орлогынхоо 10% орчим
Ажил олгогчдын хувьд нийт цалингийн сангийнхаа 25% орчим байдаг.
Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт бөгөөд хүмүүсийг албан бус тохиролцоонд түлхдэг гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Мөн цалингийн ангилал тогтолцоо нь бага орлоготой ажилчдад илүү хүнд ачаалал өгдөг тул шимтгэл төлөхөөс зайлсхийх хандлагыг нэмэгдүүлдэг гэж 2024 оны Ардын Их Хурлын тайланд дурдсан.
Zhonghe Group-ийн 6,000 гаруй компанийн дунд хийсэн судалгаагаар зөвхөн 28.4% нь нийгмийн даатгалын журмыг бүрэн мөрдөж байжээ. Албан ёсны мэдээллээр хотын тэтгэврийн санд 387 сая ажилчин шимтгэл төлдөг нь нийт ажиллах хүчний ердөө тал хувьаж.
Жиньхуа хотын 23 настай зөөгч Мэри Дай хэлэхдээ, түүний дарга цалингаа 4'000 юаниас 2'500 юань болгож бууруулахыг санал болгосон байна.
“Энэ бол бүгдийг нэг цохилтоор унагаж байгаа мэт. Ийм цалинтай би амьдарч чадахгүй, эцэг эх дээрээ буцаж очно” гэж тэр ярив.
Мяньян хотын ресторан эзэмшигч Цин Синян зургаан ажилчнаа халахаас өөр аргагүй болжээ. Жилдээ 700'000 юань орлоготой түүний ресторан түрээс, цалин, орцонд 500'000 юань зарцуулдаг бол нийгмийн даатгалд 120'000 юань нэмэгдсэнээр татварын дараах ашиг ердөө 80'000 юань үлдэх аж.
“Уулын доор даруулж байгаа юм шиг л байна” гэж тэр хэлэв.
Мөн олон иргэн шимтгэлээ төр хэрхэн зарцуулж байгаад итгэлгүй ханддаг. 2024 оны тайланд дурдсанаар 13 муж нийт 40.6 тэрбум юанийг тэтгэврийн сангаас өөр зүйлд зарцуулсан байна.
Цензурын хяналтын China Digital Times-ийг үндэслэгч Сяо Чян хэлэхдээ энэ сэдэвтэй холбоотой зарим бичлэгийг интернэтээс устгасан, ялангуяа эмзэг бүлгийнхэнд илүү хохиролтой гэдэг байр суурийг хязгаарласан байна.
Хубэй мужийн барилгын ажилчин Ли овогтой эмэгтэй 3'500 юанийн цалиндаа өөрөө болон ажил олгогч нь шимтгэл төлөх боломжгүй гэжээ.
“Эдгээр бодлогыг гаргахдаа доод шатныхны амьдралын бэрхшээлийг боддог болов уу?” гэж тэр асуув.
Нийгмийн даатгалаас зайлсхийх нь БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэргүй байдлыг улам хүндрүүлсэн.
Үйлдвэрийн хөдөлмөрийн зардлыг бууруулж, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн
Дэд бүтцийн бүтээн байгуулалтын өртгийг багасгаж, улмаар үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээг ойртуулсан
Гэвч хүн амын хөгшрөлт нэмэгдэхийн хэрээр төлөгдөөгүй шимтгэлээс болж 2035 он гэхэд тэтгэврийн сангийн хөрөнгө дуусах эрсдэлтэй.
Мөн энэ нь үйлдвэрүүдийг тэлэх хөрөнгийг чөлөөлснөөр үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг дордуулж, ажилчдыг өөрсдөө хуримтлал хийхэд хүргэж байгаа нь хэрэглээг дарангуйлж байна.
“БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн нэг суурь алдаа нь хөдөлмөрийн хямд өртөг дээр тулгуурлаж, АНУ болон Европтой асар их худалдааны ашиг гаргаж ирсэн явдал” гэж нэрээ нууцалсан бодлогын зөвлөх хэлэв.
“Энэ бол урт хугацааны хувьд боломжгүй зам. Хэрэв та ажилчдын цалинг төлж чадахгүй бол ямар бизнес эрхэлж байгаа хэрэг вэ?”
Тэрээр бодлогын дарамтыг зөөлрүүлэхийн тулд Бээжин эхлээд ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөжээ.
Societe Generale-ийн шинжээчид уг шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулах эсвэл эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авч магадгүй гэж үзэж байна.
“Хөдөлмөрийн зах зээлд дахин цочрол өгөхийг бодлого тодорхойлогчид хамгийн бага хүсэж байгаа зүйл” гэж тэд мэдэгдэлдээ бичжээ.
($1 = 7.1813 юань)











