



















Нар дэлхий хоёрын дунд сар орж, сарны гэрэл энгийн нүдээр харагдахгүй болох үзэгдлийг Монголоор “битүүн” буюу олон улсын нэршил нь “New moon” гэгддэг.
Хятад болон Хятад соёлын нөлөө орсон улс орнууд энэхүү сар харанхуйлж, гэрлийн хувь 0 болж буй өдрийг шинэ сарны эхлэл гэж үзэн сарны нэг дэх өдөр хэмээн тэмдэглэдэг.
Харин Монголчууд энэ өдрийг хуучин сарын сүүлийн өдөр гэж үзэн “битүүн” хэмээдэг юм.
2025 оны
1 сарын 28 сарны гэрлийн дүүргэлт 2.4 хувь
1 сарын 29 сарны гэрлийн дүүргэлт 0.3 хувь
1 сарын 30 сарны гэрлийн дүүргэлт 0.7 хувь болох бөгөөд саранд тусах гэрэл энгийн нүдэнд үзэгдэхгүй болж байгаа хамгийн бага гэрлийн хувьтай нэгдүгээр сарын 29-ийг Монголчууд битүүн, Хятадууд сарын эхний өдөр гэнэ.
Харин сарны гэрлийн хувь арвидаж эхлэх өдрийг Монголчууд шинийн нэгэн буюу сарын эхний өдөр гэж нэрлэж иржээ.
Монголд гуравдугаар сарын 1-нд хавар эхэлж буй шалтгаан:
Сар дэлхийг тойрч анх эхэлсэн цэгтээ буцаж очиход 29,53 хоног болдог. Энэ нь жилд 354 хоног болно гэсэн үг. Харин нарны тоололд 365-366 хоног байдаг учир нар, сарны явдалд 11 хоногийн зөрүү гардаг байна. Тэгэхээр гурван жил тутамд 13 дахь сар буюу нэг илүү сар нэмэх зайлшгүй шаардлага гардаг нь Монголд төдийгүй олон улсад байдаг тооцоолол юм.
Хятад болон чийглэг, дулаан уур амьсгалтай, газар тариалан эрхэлдэг улс орнуудын хувьд илүү сарыг өвлийн сараас бусад сард нэмж болдог бол эрс тэс, хуурай, хүйтэн уур амьсгалтай Монгол улсад 12 жилд 4 удаа 4 улиралд 1,1 сар нэмэгдэх зүй тогтол бий.
Тиймээс 2025 оны эхний улиралд өвлийн сар урт байх тооцоо гарсан учир өвөл илүү сартай болж байгаа юм.
Гуравдугаар сарын 1-нд шинийн нэгэн тасарч буй шалтгаан:
Дэлхий тэнхлэгээ бүтэн эргэхэд нэг хоног болдог бөгөөд тэр хугацаанд сар 0-12 хэмээр дэлхийг тойрч байдаг. Ихэвчлэн сард нэг удаа энэхүү тойрох хөдөлгөөн нь дэлхийн тэнхлэгийн эргэлтээс хоцрох, илүүдэх үзэгдэл болдог бөгөөд үүнийг нарийвчлан хэдэн градуст явж байгаагаар нь сар тасрах, давхцах гэж Монгол зурхайд тэмдэглэж иржээ.
2025 оны гуравдугаар сарын 1-нд сар дэлхийн тэнхлэгийн эргэлтээс илүү градус туулах тооцоолол гарсан учир шууд шинийн 2 гэж тэмдэглэнэ. Энэ бол зурхайн тэмдэглэгээ бөгөөд энэ өдөр хаврын сар эхэлж байгаа учир “цагаан сар”-ын баяраа тэмдэглэх юм.
3,4,5-р саруудыг хаврын улирал гэж тооцож буй. Дулаан уур амьсгалтай улс орнуудад эдгээр саруудад темпратур нэлээн өндөр байдаг бол манайд тавдугаар сард цастай байх нь хэвийн үзэгдэл.
Азийн улс орнууд энэ жил нэгдүгээр сарын 29-нд цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Харин манай улсын хувьд жил бүр цагаан сарын баяраа тэмдэглэх цаг хугацаан дээрээ маргалдаж, нэр бүхий зурхайчид өөр өөрийн хувилбар дэвшүүлсээр буй. Зурхайч Л.Тэрбиш гуайн зурлагатай шар зурхайч М.Намсрайн зурлага энэ удаад мөн л зөрсөн.
Л.Тэрбиш: XVII жарны хөхөгчин могой жилийн шинийн 1-ний өдөр 3-р сарын 1-нд тохионо.
М.Намсрай: XVII жарны хөхөгчин могой жилийн шинийн 1-ний өдөр 1-р сарын 29-нд тохионо.
Цагаан сарыг уламжлал ёсоор Төгс Буянт шинэ зурхайн тооллыг баримтлан нийтээрээ тэмдэглэж ирсэн. Дийлэнх Монголчуудын хувьд энэ зурхайд нийцүүлэх цагаан сараа тэмдэглэдэг бол цөөн хэсэг хүмүүс Шар зурхайгаар тэмдэглэх нь одоо ч хэвээрээ.
Төгс буянтын зурхайг 1747 онд Хөхнуурын Монголын түүхч, гүн ухаантан, шашны ухаан, анагаах ухаан, уран зохиол, одон орон судлал, зурхайч Сүмбэ хамба лам Ишбалжир Монгол орныхоо газрын хуваарьт тохируулан "Төгс буянт шинэ зурхай" хэмээх Монгол одон орон зурхайг зохиосон түүхтэй. Төгсбуянт зурхай нь нар сарны тооллын дагуу Монгол орны цаг агаар, уур амьсгалд тохируулж бүтээсэн Монгол зурхай гэгддэг. юм.
Монголчууд 200 гаруй жил Манжийн Чин улсын харьяанд явахдаа Шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байсан. Харин 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, 8-р Богд Жавзандамба хутагт хааны зарлигаар Төгс буянтын зурхайг буцаан хэрэглэх болжээ.











