



















Эрчим хүчний реформыг үнэ нэмэхээс эхлүүлсэн.Тэгээд юу өөрчлөгдөв?
Цахилгааны хязгаарлалтыг өдөр бүр таваас найман дүүргийн 10 орчим байршилд хийдэг боллоо. Багадаа таваас зургаан цаг цахилгаангүй байлгах нь эрчим хүчний шинэчлэл байв уу?
Эрчим хүчний салбарыг алдагдалгүй ажиллуулахын тулд иргэдийнхээ халаасыг сэгсрэх Засгийн газрын шийдвэр гарсан. Ингэх нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдана гэсэн. Лааны гэрэлд хүүхдийнхээ хичээл, номыг хийлгэчихгүй, дүн өвлөөр хөлдчихгүй гэсэндээ нийслэлчүүд дээрх шийдвэрийг хүлцсэн. Сахил хүртэвч шал дордов.
‘’Хүжийн гал’’-тай бодит амьдрал дээр нүүр тулгарав.
Цахилгаан тасрах нь төлөвлөгөөт хязгаарлалт болж, энэ ухралтыг байх ёстой хэвийн үзэгдэл мэтээр тайлбарлах болж. Ямарсайндаа л шинэ жилийн баярын орой тог тасдахгүй гэсэн хотын даргын мэдэгдэлд бараг алга ташив. Орлого нь өсөөгүй ч зарлага нь хэд дахин нэмэгдэж буй иргэдийн амьдралд дахин дахин төвөг учруулж буй. Хичнээн иргэд тог бараадаж, нүүдлийн шувууд шиг амьдарч байгааг тогоо тасдуулж үзээгүй дарга нар мэдэхгүй. Хүүхдийнхээ гэдсийг өлсгөчихгүй гэсэндээ хэн нэгнийдээ очиж аяга бантанг нь дөхүүлдэг олон ээжүүд өвлийн хүйтэнд даарч хөрөөд, түгжирч гацаад, ханиад, томуу тусаж, коток болсон зам дээр нь халтирч унаад явж байгаа. Настай өвөө, эмээ нар тоггүйгээс хоол цайнаасаа холдож, өлдсөндөө даралт нь нэмэгдэх, буурах гээд түмэн асуудал хаалганы цаана өрнөж байна. Гэтэл эрчим хүчний реформ энэ гээд цахилгааны тариф нэмээд алга болов.
Төрийн хэт их хамаарал, улстөрчдийн популист амлалт, шийдвэрүүд эрчим хүчний салбарыг уналтад хүргэсэн. Нэг квт цахилгааныг 285 төгрөгөөр үйлдвэрлээд 215 төгрөгөөр хэрэглэгчдэд зардаг. Нэг квт цахилгаанаас 70 төгрөгийн алдагдал хүлээж буй. Буруутан нь улстөрчид өөрсдөө. Иргэдэд таалагдах гэж эрчим хүчний үнийг хүчээр барьж ирсэн нь салбарыг 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал үүрүүлсэн.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЛДАГДАЛ ӨССӨӨР ...
· 2021 онд 98 тэрбум төгрөг
· 2022 онд 168 тэрбум төгрөг
· 2023 онд 200 тэрбум төгрөг
· 2024 онд 274 тэрбум төгрөг алсдаа нэг их наяд 800 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоолол бий.
Алсдаа хортой улстөрийн шийдвэр эрчим хүчний салбарыг өндийлгөсөнгүй, иргэдийг үүнийг хүлээж авахгүй байдалд хүргэсэн нь үнэн.
Хамтарсан Засгийн газраас байгуулагдсан Эрчим хүчний үндэсний хороо, Эрчим хүчний зохицуулах хорооныхон реформ гэж гуагалдаж байгаад үнэ нэмсэн. Энэ нь ядаж цаашдаа алдагдалгүй ажиллах, эрчим хүч тасалдахгүй байх хөшүүрэг гэж байв. Гэхдээ тог, цахилгаан өдөр бүр тасарч буй. Үнэ нэмэх нь эрчим хүчний реформ биш гэдгийг нийтээрээ харлаа. Жил ирэх бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг реформдож байна гээд үнэ нэмэх байдлаар аргацаах нь ч алдагдал үүрэхээс зайлуулахгүй.
Оюу толгой” компани жил бүр БНХАУ-аас 150-200 сая ам.доллараар эрчим хүч худалдан авдаг.
Баруун болон төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний дутсан хэрэглээгээ хойд хөршөөс импортолдог. Бидний нэг жилд хэрэглэдэг эрчим хүчний 19 хувийг хоёр хөрш хангаж буй.
2020 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг олон жилийн өмнө дэвшүүлж байв. Харамсалтай нь нар, салхи, уснаас гарган авсан нийт цахилгаан эрчим хүч ердөө 9 хувь. Үлдсэн 90 хувийг дулааны цахилгааны станцууд нүүрс шатаан үйлдвэрлэж байгаа.
Биднийг нүүрс шатааж, эрчим хүч үйлдвэрлэж байхад улс орнууд хөгжлийн манлайд өрсөлдөж буй. Нүүрсхүчлийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлээ тэд нэмэгдүүлсээр байна.
2024 оны байдлаар 32 улсад цөмийн 400 гаруй реактор ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байна.
БНХАУ 2050 он гэхэд 180 реактор шинээр байгуулахаа зарласан. Тэд цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэх амбицтай. Харин Монгол улс уран олборлож, цаашдаа цөмийн эрчим хүчний эх үүсвэрийн эхлэлээ тавихыг эсэргүүцэж, хөгжлөөс чөдөрлөгсөд хоёр толгойтой хурга, ишиг төрж буй гэх мэтээр үлгэр зохиож дэлхийн хөгжлөөс улсаа чангаасаар.
... ...Манайд ч зовлон их байна даа....
Эрчим хүчний реформ гэдэг салбарын тогтвортой байдал, үр ашиг, хүртээмжийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шинэ технологи нэвтрүүлэхийг хэлнэ. Зах зээлийн зарчмын эсрэг явж ирсэнийгээ одоо иргэдийн нуруун дээр гэнэтхэн үүрүүлж болохгүй. Эрчим хүчний үнэлгээгээ бодитой болгох, либералчлах буюу өрсөлдөөнт зах зээлийг бий болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь реформ юм. Үүнийг хойшлуулсаар байх нь ирээдүйд төлөх төлөөс нь бүр их...
Нөгөөтэйгүүр Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 27.7 хувиар бууруулах амлалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн индэр дээр мэдэгдсэн. Энэ зорилтод хүрэхэд эрчим хүчний салбарын шинэчлэл хамгийн чухал үүрэгтэй. Учир нь эрчим хүчний салбар дэлхийн нийт нүүрсхүчлийн 75 хувийг дангаараа ялгаруулж буй. Амлалтаа биелүүлэх таван жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд Монгол улс эрчим хүчний салбартаа жинхэнэ реформ хийж, дэлхийн өмнө өгсөн амлалтаа биелүүлэх учиртай. Хугацаа хомс байна даа.











