



















Монголбанк энэ долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ “Жилийн инфляц 2024 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 9.0 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарлаа. Ийнхүү инфляц зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгож байна” гэсэн юм.
Тэд ийнхүү бүхнийг өөрсдөөсөө зайлуулдаг мэдэгдлээ хийсэн. Ийнхүү бодлогын хүүг 10 хувь дээр нь хэвээр үлдээлээ.
“Монголд зээлийн хүү өндөр байгаа нь гадаад хүчин зүйлээс эсвэл зээлээ төлдөггүй иргэдээс болдог” хэмээн улайхгүй ярьдаг Монголбанкныхан аравдугаар сард ирэх 2025 онд инфляцийг 1 оронтой тоонд барина гэж байсан бол арванхоёдугаар сард 2025 онд эдийн засаг их хүнд байх тул 2026 оноос инфляц тогтворжино гэж мэдэгдсэн нь хэзээ ч өөрчлөгдөшгүй бодлого боловсруулагчдын бас л нэг хулхидалт мэт харагдаж байна.
Тэгвэл “Дойче” банкныхан инфляцийн эрсдэлийг яаж харж байна вэ?
“Дойче” банкны шинжээчид лхагва гаригт хийсэн тайландаа бүтцийн болон сүүлийн үеийн хэд хэдэн чиг хандлагаас шалтгаалан инфляцийн эрсдэл 2025 онд өссөөр байхыг анхааруулав.
Инфляци зорилтот түвшиндээ эргэн ирнэ гэсэн итгэл давамгайлж байгаа хэдий ч “Дойче” банк инфляцийн өсөлтөд хүргэж болзошгүй байнгын өсөлтийн дарамтыг онцолж байна.
“Төв банкууд сүүлийн саруудад бодлогоо зөөлрүүлж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хурдасч байна” гэж тус банкны шинжээчид хэлэв. Гэтэл манай Монголбанкныхан эрсдэл нэмэгдэж байна хэмээн бодлогын хүүг хөдөлгөөгүй. Монгол Улсад инфляцийн эрсдэл нэмэгдэж буй шалтгааныг “Төсвийн дарамт” хэмээн тайлбарлаж байгаа.
Энэ шилжилт нь дэлхийн өндөр тариф болон бусад инфляцийн мэдээлэлтэй давхцаж байгаа нь инфляцийн болзошгүй дарамтыг илтгэж байна гэж тэд тайлбарлаж байна.
"Үүний зэрэгцээ хэд хэдэн төв банкууд сүүлийн жилүүдэд АНУ-ын Холбооны Нөөцйин Сангийн дундаж инфляцийг онилсон арга хэмжээнүүдийн дагуу эрх мэдлээ илүү тагтны чиглэлд тохируулсан" гэж “Дойче банк” мэдэгдэлдээ дурьджээ.
Төсвийн дарамт ч ихээхэн нөлөөлсөн гэдэг. Засгийн газрууд хүн амын хөгшрөлт, батлан хамгаалах салбар зэрэгт зарцуулж байгаа зардал нь инфляцийн эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байна. 2010-аад оны дэлхийн санхүүгийн хямралын (GFC) үр дагаварт нөлөөлсөн бага хүүтэй өвөрмөц орчин нь өөрөө “гажиг” байсан гэдгийг “Дойче Банк” онцолсон байна.
"Эцэст нь, 2010-аад оны үеийн бага хүү, инфляцийн орчин нь GFC-ийн (дэлхийн санхүүгийн хямрал) дараах ер бусын нөхцөл байдлыг харуулсан түүхэн өвөрмөц үйл явц байсан гэдгийг хангалттай ухаарсангүй" гэж тайландаа дурьджээ.
Харин манай Монголбанкныхан "Инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ" хэмээн мөнгөний бодлогын мэдэгдэлдээ дурьдсан байна. Харамсалтай нь тэд хэзээ ч инфляцийг тогтворжуулж байсан түүх байгаагүй гэдгийг Монголбанкныханы өөрсдийнх нь гаргасан статистик батална. Түүнчлэн "Дойче" банкны гаргаж буй тайланг өмнөө барьж байгаад дэлхий дээр инфляцийн эрсдэл өндөр байгаа тул манай улсад ч инфляц өндөр байна гэсэн мэдэгдлийг удахгүй гаргах нь тодорхой











