



















Тухайн компаний эзэн хөрөнгө оруулагч уу? эсвэл үйлчлүүлэгч үү? Хөрөнгө оруулалтын сан, банк, брокер дилерийн компаний хувьд өөрийн хөрөнгө оруулагч эздүүдтэй. Харин тэднээр үйлчлүүлж байгаа хүмүүс нэг өнцгөөс нь харахад хөрөнгө оруулагч, харин нөгөө өнцгөөс нь бол үйлчлүүлж байгаа компанийхаа үйлчлүүлэгч нь байдаг. Хэний эрх ашиг үнэ цэнтэй вэ гэсэн асуултад ямар ч эргэлзээгүйгээр хариулсан хүний түүхийг та унших гэж байна. Өнөө үед хөрөнгө оруулагчид тогтвортой орлого өгдөг, бага шимтгэлтэй индексийн сангуудад олон зуун тэрбумын хөрөнгө оруулалт хийж байна. Хөрөнгө оруулагчид нэг их чармайлт гаргалгүй, зах зээлд “цөм авах” гэж оролдолгүй оруулсан хөрөнгийнхөө ашгийг харж суух сайхан боломж олгосон хүний нэг Жон Богльд талархаж явбал таарна. Ойр дотныхон, хамтрагчид нь ихэвчлэн түүнийг Жек гэж дууддаг.
Богль “Vanguard” компанийг үндэслэн байгуулж 1976 онд анхны хувьцааны индексийн санг зах зээлд гаргаж ирсэн нь одоо хөрөнгийн хэмжээгээр дэлхийн дундын сангийн гэр бүлд хоёрт бичигдэж, салбарын хэмжээнд хувьсгал хийжээ. Принстоны их сургуульд сурч байхдаа дипломын ажилд гаргасан санаа нь энгийн бөгөөд агуу зүйл байв. “Урт хугацааны хэтийн төлөв нь дундын санг хамруулаад хөрөнгө оруулагчдын олонх нь зах зээлээс хоцорч, транзакцийг комисоор борлуулах нь хадгаламж эзэмшигчдын орлогыг улам бууруулж байна” гэсэн санаа байв. Богль зах зээлийг ашиглаж байх индексийн сангуудыг байгуулав. Эдгээр сангууд нь хувьцаа сонгох өндөр өртөгтэй мэргэжилтэн, өндөр эргэцтэй багцуудын аль нь ч шаардлагагүй учир удирдлагын нилээдгүй орлогын хувийг өгөлгүй хөрөнгө оруулах боломж олгодог.
Боглийн санаагаар түүний амьдралд хэргжүүлсэн гол зүйл нь “Дундын сангийн харилцааны эргэлт буцалт”-ийн санаа байв. Энэ нь харахад амархан ч үнэндээ их хүнд зорилт байв. Богль үүнийг хэрэгжүүлэх явцад маш олон дайсантай болжээ. 1994 онд хэвлэгдсэн номынхоо оршилд “Би үйлдвэрлэл харилцан хөрөнгө оруулалтын салбарт “үймээн дэгдээгч” хэмээн алдаршив. Үйлдвэрлэлийн салбарт тоглогсдын дунд би хамгийн ширүүн шүүмжлэгч гэдэг нь эргэлзээгүй. Энэ салбарыг муу гэсэндээ биш одоо байгаагаасаа хэд дахин илүү байгаасай гэсэндээ тэр“гэж бичсэн байдаг. Арваад жилийн хойно Нью-Йорк хотын ерөнхий прокурор Элиот Спитцер “Vanguard компаний үйлдвэрийн салбарт олсон үлэмжийн их амжилт нь Богль түншүүдтэйгээ зөв харьцасны үрээр цэцэглэн хөгжсний гэрч юм” гэжээ.
Түншүүдийнхээ өмнө хүлээх үүргийн тухай эцэс төгсгөлгүй яриа, компаниудын удирдлагыг хэтэрхий их шимтгэл авдаг гэх шүүмжлэл зэрэгт нь тааламжгүй байдаг бизнесийн сангийн түншүүд нь түүнд “Гэгээн Жек” гэсэн хоч өгчээ. Мөн илтгэх ярианы өнгө, үнэнч шударга ариун, чигч байх гэсэн оролдлого нь түүнийг “Гэгээн Жек” нэрэндээ тохирно гэж нөхөд нь үздэг. Олон өрсөлдөгчдийнхөө хувьд Богль “нүдэнд орсон хог” мэт яршигтай санагддаг байв. Тэр дундын сангийн захиралуудыг “ямар ч хэрэггүй хавсрагууд” гэж үздэгээ илэрхийлдэг. Харин санхүүгийн хэвлэлийнхэн түүний санаануудыг ямагт урамтай хүлээн зөвшөөрдөг байна. Сэтгүүлчид Боглийн тухай салбарын нүүр царай хөрөнгө оруулагчдын сайн нөхөр гэж нэг бус удаа үнэлжээ. Хоёр жилийн өмнө нэг ярилцлага дээр түүнээс “Сүүлийн үед таныг салбарын арга хэмжээнүүдэд бараг урьж оролцуулахгүй байгаад хор шар чинь буцалдаг уу?” гэж асуухад Богль өчүүхэн ч үгүй гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн дээдсийнхэний хуншгүй занг тоомсорлодоггүй тул хөрөнгө оруулагчдын дунд хамгийн алдартай санхүүгийн бизнесийн төлөөлөгч хэн бэ? гэж асуувал тэр олонхийн санал авах байсан нь гарцаагүй.
Богль шиг хүмүүсийг ихэнчлэн төрөлхийн манлайлагчид гэдэг боловч тэр өөрийгөө тэгж боддоггүй юм. Түүнийхээр “Америкийн хөрөнгө оруулалтын аргыг өөрчлөх ховор боломж заяасан, шийдэмгий хариуцлагатай бодит үнэнийг олж харсан залуу” гэж өөрийгөө үздэг. Түүний бусдаас ялгаатай тал нь эцсийн зорилгодоо мадаггүй хүрэх чадвар, өөдрөг үзлээ хэзээч үл алдах, эхэлсэн зүйлээ замын хагаст хаяхгүй байх явдал юм. Уортоны бизнес сургуулийн МВА-н программын удирдлагын цуглаан дээр үг хэлэхдээ Богль “Манлайлагч гэж санаагаа бүрэн эзэмдэж, түүгээрээ бусдыг уриалж чаддаг, бусадтай хуваалцаж чаддаг хүмүүс байдаг” гэж мэдэгджээ.
Үнэндээ Богль манлайлагч удирдагч байлаа. Түүнд амьдралын сонголт, хүсэл зориг, шийдэмгий чанар бусдыг дагуулах эрч хүч бүгд байв. “Vanguard” компаний менежер Жеймс Норрис “Богль шиг хүнийг удирдагч талаас нь судлаж томъёолох гэвэл урам хугарна. Энэ нь Микеланжело юмуу Шекспирыг судлахтай л адил хэрэг. Давидыг юмуу Гамлетыг дууриаж, элэглэж тэднээс илүү байж болох авч тэднийг бүрэн илэрхийлсэн томъёог гаргах ямарч боломжгүй юм” гэжээ. Богль өөрийгөө аймшигтай, гайхамшигтай идеалист байлаа гэж дүгнэдэг. Нас нь ахисан ч түүний идеализм өчүүхэн ч буураагүй. Түүний үгээр бол тэр коллеж төгсч байх үеийнхээсээ илүү идеалист болсон. Боглийн идеализм капиталист системд итгэх итгэл, Америкийн агуу их боломжууд дээр тулгуурлаж байдаг ба энэ итгэл нь түүний “мөнхийн өөдрөг үзлийг” дэвжээж, “хүн төрөлхтөн саарч бөхөх биш сайжирч урагшлахын” тулд явж байна гэдэг үзлийг төрүүлдэг. Түүний амьдралын урам зоригийн нэгэн жишээ нь 9-р сарын 11 эмгэнэлт явдлын дараа Лондонгийн “Times” сонины 1-р нүүрт ихэр цамхагаас үлдсэн туурийн зурагийг байрлуулан “Сайн үйлс саарыг ялан дийлнэ” гэсэн бичиг байсныг Богль энэ хуудасыг жаазанд хийж өөрийн албан байрны үүдэнд өлгөхийг тушаав. “Их бизнесийн магнайд зогсож байгаа хүмүүс зөвхөн өөрийгөө биш эх орныхоо тухай бодох ёстой” гэдэгт Богль итгэдэг. Учир нь итгэл төрүүлсэн ажил хэрэгч, санхүүгийн систем л улс орны дотор нийгмийн дэвшлийг хангаж дэлхийн хэмжээнд Америкийн ноёрхолыг хадгалж чадна.
Энэ хүний бүх л хөдөлмөр зүтгэл нь түүхэн үүргээ ухамсарласан гүн сэтгэгдэл шингэсэн байдаг. Нэгэн удаа багцын менежерүүдийг цуглуулан эдийн засгийн мөчлөг, зах зээлийн өөрөө зохицуулах чадварын тухай яриа болж байхад менежерүүдийн нэг нь “Адам Смитийн үл үзэгдэх гар энэ бүхнийг хийж гүйцэтгэтэл хүлээж байвал яасан юм бэ?” гэж асуухад Богль түүн рүү харц чулуудан “Бурхан минь тэр Адам Смитийн үл үзэгдэх гар чинь бид шүү дээ. Та мэддэггүй юм уу?” гэж дуу алдав. Боглийн шинэ санааг амьдралд хэрэгжүүлэх, хүрээлэн байгаа орчиноо сайн сайхан болгох нь төрөлхийн оюун ухаанд нь шингэсэн.
Тэр өмнөө асар том зорилтуудыг тавьж түүнийгээ хэрэгжүүлэхэд огт хазайлгүй явдаг ба байдлыг зөв дүгнэж хэзээ яаж юу хийхээ итгэлтэй мэддэг байв. Түүний бусдаас ялгах шинж нь ер бусын хүчтэй өрсөлдөх ухаан юм. Түүний туслахуудын нэг нь боссийнхоо тухай тэр мятрашгүй тэмцэгч бөгөөд түүний дайчин чанар нь мэтгэлцээн дээр, хэлэцээр хийх үед, халз тулааны үед, өөрийн итгэл үнэмшилээ хамгаалахад болон бусад олон зүйл дээр үгийн сүлжээ таах, теннисны талбайд сквош тоглоход ч илэрдэг байна. Зорьсондоо хүртэл тэмцдэг чадварыг Жек Богль бүр багаасаа магадгүй эхийн хэвлийд байхдаа эзэмшсэн байх. Жек ихэр төрсөн бөгөөд ах нь Дэвид. Ихэр хүүхдүүдэд дайчин чанар уламжлагдаж ирдэг гэсэн онол байдаг. Ихэр хоёр 1929 оны 5-р сарын 8-нд төржээ. Энэ үед эцэг эх нь Нью-Жерси мужийн Верона хотхонд хувийн байшинтай чинээлэг амьдардаг байв. Харин 1929 оны сангийн зах зэлийн дампуурлын дараа эцэг нь байшингаа зархад хүрчээ. Гэр бүл нь их биш хөрөнгөнөөсөө хагацаж, хөвгүүд нь бага зэрэг торнимогцоо ажилд орцгоов. Жек 10 настайдаа шуудан тарааж мөхөөлдөсний кафед ажиллав. Энэ үед эцэг нь ууж эхэлсэн бөгөөд 1940 онд ажилгүй болж хэдэн жилийн дараа эхнэрээсээ салж гэр бүлээ орхив. Хожим Богль энэ хүүхэд ахуйн хүнд байдал түүнийг санхүүгийн хуучинсаг үзэлтэн болгож, гэр бүлийнхээ сайн нэрийг сэргээхийн тулд амжилтанд хүрэх оргилуун сэтгэлийг хүчтэй бадраав.
Хөрөнгө мөнгөгүйн эрхэнд Жек ба түүний ах хоёр улсын сургуульд хэдэн жил суралцаж ахлах ангид орох болоход эх нь тэднийг Блерийн Академид өгчээ. Энэ бол суралцагсдыг Америкийн нийгмийн дээд давхрагад оруулах зорилгоор эрэгтэйчүүдэд ерөнхий эрдмийн боловсрол олгодог хувийн сургууль байсан. Сургалтын төлбөрийн асуудлыг хөрөнгө оруулалтын банкны бизнес эрхэлдэг ээжийнх нь ах пүүсийнхээ нэр дээр олгож тусалжээ. Жек хичээл сургуульдаа ч спортын төрөлд ч онцгой амжилт үзүүлэн сургуульдаа хоёрт ордог байв. Багш нар болон хамт суралцагсад нь түүнийг амжилт олно гэж итгэдэг байжээ. Тэр 1947 оны 5-р сард Академиа онц дүнтэй төгссөн бөгөөд хэдэн жилийн дараа сургуулийнхаа томоохон ивээн тэтгэгч болов. Ер нь амжилтанд хүрсэн төгсөгчид нь өөрийн “alma mather”-д мөнгөн тусламж үзүүлдэг Америк уламжлал байдаг. 1986-2006 онд тэр сургуулиа ивээн тэтгэх зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.
Жек Пристоны их сургуулийн коллежид эдийн засгийн мэргэжил сонгон элсэв. Сургалтын төлбөрөө оюутны янз бүрийн ажил хийж төлдөг байсан. Эх нь түүнд санхүүгийн дэмжлэг өгч чадахгүй байлаа. Гэвч тэр ээж хоёр дүүдээ ачийг хариулах үүрэгтэй. Учир нь гэр бүлээрээ ярилцаад гурван хүүгийн нэг нь л коллежид суралцахаар болж сонголт Жект оногдов. Үлдсэн хоёр нь бүтэн өдөр ажиллаж гэр бүлийн оршин тогтнох арга чаргыг хангах ёстой байлаа. Ийм нөхцөлд Жек амжилт гаргахын тулд улам бүр хатуужив. Пристонд суралцсан сүүлийн жил дипломын ажлаа дундын сангийн үйлдвэрлэлийн сэдвээр бичсэн. Тэр үед энэ салбар өргөжөөгүй нэр нь тодроогүй байв. Гэвч 1949 оны 12-р сард “Fortuna” сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллэг Жекийн сонирхолыг татжээ. Тэнд дундын сан ирээдүйд хөгжих их чадамжтай тухай бичсэн байв. Жек олон тооны материал судлаж 123 хуудас бүхий дипломын ажлаа дуусгаж А+ үнэлгээ авсан юм. Түүнд дундын сангийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг томъёолсон байсан нь хожим “Vanguard Group” байгуулахдаа ашиглажээ.
1951 оны 5-р сард их сургуулиа улаан дипломтой төгссөн ч өөрийн боловсролыг чамлаж байв. Мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзлэл нь хөтлөж дээд сургуульд үргэлжлэн суралцжээ. 1952 оноос 1959 онд оройн ба амралтын өдрүүдээр Пенсильваны их сургуульд явдаг байв. Жек Богль сургуулиа төгсөөд анхны ажлаа алдар нэртэй сургуулиудтай харьцаатай байсны ачаар олов. Их сургуулийн үдийн клубын менежер, хэмжээгээрээ АНУ-д дөрөвт орох “Wellington Fund”-ыг үндэслэгч гүйцэтгэх захирал Пристоны төгсөгч Уолтер Морганд Боглийг танилцуулж ажилтнаар авахыг хүссэн байна. Морган өөрийн хоёр менежерт Богльтой ярилцах үүрэг өгчээ. Тэдэнд Боглийн яриа хүчтэй нөлөөлж боссыгоо түүний дипломын ажлыг уншиж үзэхийг санал болгов. Морган уншаад үнэнхүү бахархаж, тэр даруй “Wellington”-ны тавь гаруй албан хаагчиддаа хувилан тараахыг тушаасан байна.
Морган Боглиор юу хийлгэхээ шийдээгүй байж ажилд авсан юм. 1951 оны 6-р сарын 4-нд санд ажиллаж эхлээд Богль хэдэн жилийн турш Моргантай шууд харилцан бичиг хэргийн болон захиргааны янз бүрийн хэвшмэл ажиллуудыг хийдэг байжээ. Эцэст нь 1955 онд удирдагчийн гарын туслахаар албан ёсоор ажиллаж эхлэв. Дараагийн долоон жилийн турш компаний төрөл бүрийн ажлыг гүйцэтгэх үедээ дундын сангийн үйл ажиллагааг нэг бүрчлэн судлаж үзжээ. 1950 онд Богль Морганыг дундын хоёрдохь сангаа байгуулах санал оруулан ятгаж эхлэв. “Wellington” бол хувьцааны ба үнэт цаасны хөрөнгө оруулалт хийдэг баланслагдсан сан байсан юм. Богль дан ганц хувьцаа руу чиглэсэн шинэ сан байгуулах санал тавив. Морганд түүний санаа таалагдаж 1958 онд шинэ сан зах зээлд гарсан. Эхлээд сангаа “Wellington Equity Fund” гэж нэрлэж байсан ч 1963 онд “Windsor Fund” гэж өөрчилсөн. “Wellington” санг “Wellington Management Company” нэртэй пүүс хөтлөдөг байв. 1960 онд Морган тус пүүсийн хувьцааг зарлан байршуулсан. Тэр өөртөө хяналтын багцыг үлдээж хөрөнгө оруулагчдад ихэнх хувьцаагаа зарж, Богль ч гэсэн 877.800 ширхэг хувьцаанаас 10.000 ширхэгийг авчээ.
Богль 1965 онд “Wellington Management Company”-ий орлогыг нэмэгдүүлэх үүрэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдов. Компаний мэдэлд байгаа хөрөнгийг нэмэгдүүлснээр дээрх үүргийг гүйцэтгэж болох нь түүнд илэрхий байсан биз. Өгөгдсөн зорилтонд хүрэх арга нь өндөр ашиг олоход чиглэгдсэн шинэ сан байгуулах явдал гэж Богль үзэж байв. Гэвч ийм сан байгуулахад юуны өмнө хөрөнгө оруулалтын мөнгө, үр дүнтэй удирдлага шаардлагатай бөгөөд Боглийн санаагаар бол хамгийн хялбар арга нь хамтарсан хувь нийлүүлэлт байсан. Иймээс тэр Бостоны “Thorndike”, “Doran”, “Paine and Lewis” (TDP&L) зэрэг консалтинг үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хэлэлцээр хийж эхлэв. Хэлэлцээр амжилттай дуусч 1966 онд хоёр компани “Wellington Management Company”-ийн нэрийн доор нэгдэж TDP&L-н эзэд 40%-ийг авчээ. Арилжаанд орсон хоёр талын санаагаар ТDP&L нэгдсэн компанид өөрийн дадал зуршил, шинжилгээний ажлын баялаг туршлага, дээр нь хөрөнгө оруулалтын хуучинсаг зарчим болон итгэлтэй компаний байр сууриа авчрав. Шинээр байгуулагдсан компани ийм байдлаар түншүүддээ хөрөнгө оруулалтын олон хувилбарыг санал болгожээ.
Гэвч Боглийн санаачилсан хамтарсан компани түүнд байнгын толгойн өвчин болж хувирав. Нэгдсэн компаний ерөнхий гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчөөр томилогдсон түүнд Бостоны хамтрагчидтай тохиролцоонд хүрэх оролдлого хүндрэлтэй байлаа. Хэсэг хугацааны дараа Бостоны түншүүдтэйгээ санал зөрөлдсөн нь илэрхий дайсагналцал болж хувирав. Богль ба түүний хамтрагчид нь хөрөнгө оруулалтын зорилтын талаар өөр өөр бодолтой байлаа. Жишээ нь 1970 онд Бостоны бүлэг зах зээлд гаргах үнэт цаасны сан байгуулах гэсэн Боглийн санааг эрс эсэргүүцэв. Гэрчүүдийн өгүүлснээр Бостоныхны нэг нь Богльд үнэт цаасны талаар “Миний сонсож байсан зүйлсээс хамгийн тэнэг санаа” гэж мэдэгдэжээ. Дайсагнал удирдлагын арга барилын ялгаанаас гардаг байв. Богль өөртөө дэндүү итгэлтэй, бие даасан арга барилыг илүүд үзэж, аливаа шийдвэр гаргахад захирагдагсдын оролцооны үр дүнд итгэдэггүй байжээ. Удирдлагын мөргөлдөөн хурцдахад Боглийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан. Тэр зүрхны дутмагшлын улмаас 1960 онд хэд хэдэн удаа зүрх нь зогссон ажээ. Тэр эмнэлэгт тогтмол хэвтэж эцэст нь зүрхэндээ хиймэл цахилгаан үүсгэвэр тавиулав.
Талуудын зөрөлдөөн 1970 оны эхээр буй болсон тааруухан үр дүнгийн улмаас улам гүнзгийрсэн. Сангийн зах зээлийн огцом уналтын уршгаар хамтарсан хөрөнгө 2.6 тэрбумын ашгаас 2 тэрбум доллар болж буурав. “Wellington Management Company”-ий ашиг 1972 онд 2.7 тэрбумаас 1.9 тэрбум доллар хүртэл буурчээ. Компаний хувьцааны өртөг хөрөнгө нийлүүлэх үед 40 доллар байсан бол 8 доллар болтлоо унав. Богль болон Бостоны бүлгийн маргалдаан дээд цэгтээ хүрч 1974 онд Бостоныхонд ашигтай шийдэгдсэн юм. “Wellington Management Company”-н 1974 оны 1-р сарын 23-нд хийсэн захирлуудын зөвлөлийн хурал дээр хоёрын эсрэг арван саналаар Богль халагдав. Цохилтыг саармагжуулахын тулд зөвлөл түүний цалинг хэвээр үлдээж зөвлөхийн орон тоонд үлдээсэн байна. Богль компаний үйл ажиллагааг хянаж байхын төлөө тэмцэлд байраа алдахгүйг хичээв. Тэр захиралуудын зөвлөлөөс өөр үүрэг зорилготой “Wellington” сангийн захирлуудын зөвлөлд түүнийг ажлаас халсан шийдвэрийн тухай гомдол гаргажээ. Богль захирлуудын зөвлөлд компаний удирдлагыг өөртөө авахийг санал болгов.
Харилцааны сангийн захирлуудын зөвлөл уламжлалаа эвдэн Боглийг өөрийн ерөнхийлөгчийн албан тушаалд хэвээр үлдээсэн. Түүнчлэн харилцааны сангийн хэтийн төлөв, ирээдүйн ажиллагааны чиглэлийн талаар өргөн хэмжээтэй судалгаа хийхийг шаардсан байна. Мөн “Wellington Management Company”-г Боглийн судалгааны ажилд зориулж байр гаргаж өгөх мөн цалинг нь хэвээр үлдээхийг хүссэн ажээ. Богль дараагийн шатанд сангийн захирлуудын зөвлөлүүдэд ажил үүргүүдийн (хуулийн болон нягтлан бодох бүртгэл) хариулцлагыг хүлээх санал оруулсан юм. 1974 оны 6-р саын 20-нд “Wellington” компаний хөрөнгө оруулалтын захирлуудын зөвлөл Боглийн саналыг ёсоор болгожээ.
Захиргааны ажил үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Богль “Vanguard Group” нэртэй шинэ компани байгуулав. Компаний нэрийг 1798 оны Нил мөрөн дэх алдарт тулааны үед Лорд Нельсоны хөлөглөж байсан түүчээ онгоцны дурсгалд зориулан нэрлэжээ. Тэгэхэд Их Британийн цэрэг Францчуудыг ялсан юм. Богль “Vanguard Group”-ыг байгуулахдаа нэгдэлийн удирдлагын шинэ аргачлалыг тогтоосон гэж үздэг. Түүний үгээр “Vanguard”ин санаа нь цорын ганц дундын сан байсан ба ашгийн хувиарлалтын аргаар бусдаас ялгарч байв. Дундын сангаас олсон ашиг удирдах компанид ордог бол “Vanguard”-н хувь шимтгэлийг бууруулж сангийн ашгийн үзүүлэлтийг өсгөн санд эргэж ордог байна.
“Vanguard”-н “Wellington Management Company”-аас үл хамаарах нэг чухал алхам бол 1974 онд гаргасан, хөрөнгө оруулагчдын байршуулсан хувьцааг түүний мэдлээс хураахыг хориглосон шийдвэр байлаа. Тэр үед сангуудын хувьцаа нь сангийн брокеруудын зуучлалаар байршдаг байсан ба тэд үйлчилснийхээ төлөө “тээш” гэж нэрлэдэг шимтгэл авдаг байв. Богль сангийн брокергүйгээр хувьцааг хувь нийлүүлэгчдэд шууд борлуулах санал гаргаж байсан. 1977 оны шийдвэр нь “Vanguard”-г “тээшийн дарамтгүй” сан болгон хувигасан юм. Өмнө нь сангийн хувьцааг коммиссын худалдаагаар буюу “тээш”-тэй худалдаа нь хөрөнгө оруулалтын орлогыг бууруулж байсныг бодвол хөрөнгө оруулагчдын өнцгөөс харвал их том давуу тал байлаа. “Vanguard” болон “Wellington Management Company” хоёрын нягт хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын удирдлагатай холбоотой бүрэн эрх, “Vanguard”- д шилжсэнээр бүр мөсөн тасрав. 1980 онд “Vanguard” компани хоёр шинэ сан байгуулахдаа хөрөнгө оруулалтын зөвлөх компанийг гаднаас авахаар төлөвлөжээ. Харин 1981 онд “Vanguard” мөнгөний зах зээл дэх өөрийн сангууд болон орон нутгын үнэт цаасны сангийн зөвлөх үүргийг өөрсдөө шийдэхээр тогтсон.
Дараа нь Богль хувьцааны төрлүүдээр мэргэшсэн гадны хэд хэдэн зөвлөх компаниудыг урьсан байна. 1995 онд “Vanguard”-д хөрөнгө оруулалтын үйлчилгээ явуулдаг бие даасан арван дөрвөн компани ажиллаж байлаа. Харин “Vanguard” өөрийн хувьцааны индексийн санд гадны хүчийг ашиглахгүй өөрөө консалтинг хийдэг байна. Хөрөнгө оруулалтын удирдлагын үйлчилгээнээс татгалзаж, “тээш”-гүй хувьцаа борлуулах системд шилжсэн нь “Vanguard”-ын хувьд зардал бууруулах зорилтын чухал хэсэг төдийгүй зар сурталчилгааны гарлагыг багасгах явдал байв. Компаний ариг гамтай үйл ажиллагаа нь түүний зардлын итгэлцүүрт тусгалаа олж 1974 онд 0.71% байхад, салбарын дундаж 1.08% байв. 1993 онд нь “Vanguard” 0.30% хүртэл бууруулж чадсан ба салбарын дундаж ялимгүй өсч 1.10% байлаа.
Богль бүр 1951 онд дипломын ажилдаа бичиж байсан шинэ нэр төрлийн сан байгуулах ажлаа хэрэгжүүлжээ. Боглийн санаачлагаар түүний удирдлагын доор гурван чухал ажил бол үнэт цаасны сан, зах зээлийн мөнгөн сан болон хувьцааны индексийн сангуудыг байгуулсан явдал юм. Богль тухай бүр үл итгэлцлийн дунд салбарын мэргэжилтнүүдын эх захгүй шүүмжлэл, дайрлага давшлагын бай болон ажиллаж байв. Түүний санал болгосон бүтээл бүр дундын сангийн салбарт тогтвортой байр суурьтай салшгүй хэсэг нь болов. Богль хувьцааны индексийн санд хамгийн их найдлага тавьж байлаа. Тэр цөөхөн тооны багцын менежрүүд л урт хугацааны туршид зах зээлийн дундаж үзүүлэлтэд хүрэх чадвартай ч тийм хүмүүсийг урьдчилан таних боломж бараг үгүй гэж үздэг. Хөрөнгө оруулагчдад зах зээлтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг санд мөнгө хийх нь илүү ашигтай гэж Богль нотолдог юм. Индексийн сангийн өөр нэг давуу тал нь идэвхтэй удирдлагыг шаарддаггүй болхоор хөрөнгө оруулалтын өндөр хөлс төлдөггүй юм.
“Vanguard”-н анхны индексийн сан “Standart & Poor`s 500” 1976 онд зах зээлд гарчээ. 1996 оны 2-р сард АНУ-ын хөрөнгийн хэмжээгээр 85% хувьд хүрч сүүлийн 15 жилийн байдлаар 2-р байрт жагсав. “Kiplinger's Personal Finance Magazine” сэтгүүлд 1996 оны байдлаар “Vanguard”-н өөрийнх нь удирдлагын сангуудаас зургаа нь таван жилийн хугацаанд “Vanguard Index 500”-н сангаас өндөр үзүүлэлт үзүүлжээ гэж тэмдэглэсэн байна. 1995 оны сүүлээр “Vanguard”-н гэр бүлийнхэн хөрөнгө оруулагчиддаа 85 янз бүрийн харилцааны санг санал болгосны 29 нь гадны компаниудад удирдлагатай уламжлалт багцууд, 37 нь тодорхой ангилалын хөрөнгө оруулалтын, 19 нь индексийн сан байна. Эдгээр сангуудын хөрөнгийн хэмжээ 180 тэрбум долларт хүрэв. Жилийн дараа сангийн тоо 98 болж хөрөнгийн хэмжээ 237 тэрбум доллар болсон.
“Vanguard”-н Ерөнхий гүйцэтгэх захирлын албан тушаалд байхдаа Богль өөрийн өвөрмөц санаануудын гурав дахь хэсгийг амьдралд хэрэгжүүлж чадсан. Энэ нь сангийн хувьцаа эзэмшигчидтэй ил тод, шудрага харилцах явдал юм. Олон жилийн турш тэр хувь нийлүүлэгчидтэй жилийн тайлан тооцоо аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг зэргээс асар нэр хүндтэй болжээ. Түүний шүүмжлэлтэй ханддаг зүйлс нь компаний удирдлагууд ирээдүйн амжилтаа өнгөрсөн үр дүнтэйгээ холбож дүгнэдэг явдал байв. Боглийн туйлын ил тод байдлын жишээ бол 1996 оны жилийн тайлангийн үеэр хувьцаа эзэмшигчдэд хандаж “1996 онд манай индексийн сангуудын орлогын туйлын өндөр үзүүлэлтийг ирээдүйн амжилтын билэгдэл гэж үзэж болохгүй.
Энэ бүх ололтууд түүхийн урт удаан хугацаанд зах зээлийн сангийн дундаж үзүүлэлтийг давж байлаа ч энэ үр дүн удаан хадгалагддаггүй” гэжээ. Үүний хажуугаар Боглийн биеэ тоосон ихэрхүү байдал мэргэжил нэгт хамтрагчдын харилцаанд ноцтой хор хүргэдэг байв. Тэр ихэнхдээ ямарч шаардлагагүй үед өөртэйгөө тэнцүү, удирдлагад нь байгаа болон харъяандаа байгаа хүмүүсийг өөрийн эсрэг болгодог байна. Хамгийн тод жишээ нь түүний Бостоны бүлэгтэй харьцсан түүх билээ. Хэдийгээр зөрчилдөөны үндэс нь бизнест хандах хандлагын ялгаанд байсан ч Боглийн шийдэл түүний Бостоны бүлэгт хандах илт зэвүүцсэн харьцаанд байсан аж.
Боглийн ажилтнуудтайгаа харьцах харьцаанд хайр энэрэл, уур уцаар сүлэлдсэн өвөрмөц байдалтай байдаг ч эцэст нь хайр энэрэл нь дийлдэг байв. “Vanguard”-д зөвлөх хийж байсан нэг шинжээч “Богльтой нүүр тулж уулзсан ихэнх хүмүүс түүнээс их айдаг. Тэд түүнийг ихэд хүндэлдэг бол, Богль тэдэнд айдас төрүүлдэг. Тэднийг ямар нэг юмны төлөө зэмлэж, юуг ч юм хамгаалахад хүргэдэг болхоор, тэд хурал цуглаанд орохоос зайлс хийдэг. Жек Богль удирдлагын ажилд ардчилсан хандлагыг баримталдаг орчин үеийн удирдагч яавч биш. Түүнтэй харилцсан хүн бүрийн өвдөг чичирдэг” гэж ярьжээ. “Vanguard”-н дээд шатны менежрүүдийн нэгний үгээр Богль удирдагчийн хувьд “тотворгүй дэв дав хийсэн, хатуу ширүүн, хүйтэн хөндий, байгаа хүнээ туйлын мулгуу мэт мэдрэмж төрхөөр” сэнхрүүлж чаддаг гэнэ. Хэдий тийм ч ажилтнууд нь хэнтэй ч ажлын байраа солихгүй учир нь Боглийн дэргэд ажилласнаар “Салбарын ил далд онцлог ялгааг хамгийн тодорхой судлах сурах боломжтой” гэж үздэг. Богль өөрийн ажилтнууддаа чин үнэнч хандаж хэн нэг нь сайн ажиллавал магтаалын үгээр харамгүй шагнадаг байна.
1990-д оны дундуур Боглийн эрүүл мэндийн асуудал хурцдаж, 1996 онд зүрхний аппарат нь муудаж, зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийлгэв. Энэ үеэс тэр Ерөнхий гүйцэтгэх захирлын албаа орхиж захирлуудын зөвлөлийн даргын үүрэгтэй үлдэв. 1999 оны сүүлээр Богль “Vanguard”-н захирлуудын 70 насандаа тэтгэвэрт гардаг уламжлалыг тойрч гарах гэсэн бүтэлгүй оролдлогын дараа зөвлөлийг орхив. Энэ үеэс эцэж цуцашгүй энэ хүний албан тушаалын гуравдахь үе шат эхлэж, “Vanguard”-н бүтэцэд багтах “Bogle Financial Markets Research Center” компаний Ерөнхийлөгчөөр ажиллав. Богль ба түүний эхнэр Ив нар Пенсильванид Филадельфигаас баруун зүгт орших Брин-Мор гэдэг газар амьдардаг. Тэд зургаан хүүхэд 24 ач зээ нартай. Сонирхолтой нь индексийн сангийн талыг гуйвшгүй баримтлагчийн хүү нь идэвхтэй удирдлагын санг эрхэмлэдэг.
Богль санхүүгийн ертөнцөд анхаарал татсан олон тооны ном бичжээ. 1993 онд хэвлэгдсэн “Богль-Дундын сангийн тухай. Ухаалаг хөрөнгө оруулагчийн шинэ хэтийн төлөв” нь шууд л бестселлер болов. Номын агуулгад дундын сангийн хөрөнгө оруулалтын үндэс, индексийн сангийн тайлбар өгүүллэгүүд оржээ. 1996 онд сэтгүүлч Роберт Слейтер, Богльтой хамтран “Жон Богль ба “Vanguard”-н туршилт дундын сангийн салбарыг өөрчилсөн нь” ном гаргасан. Стейлерийн ном, дундын сангийн тэргүүлэх компаниудын нэгийг “дотроос нь харсан зохиогчийн анхны харцыг” дэлгэж тавьснаараа онцлогтой. 2005 оны 9-р сард Богль “Капитализмын үнэний төлөө тулаан” хэмээх тав дахь номоо гаргасан байна. Номын хавтас дээрх “Санхүүгийн систем, нийгмийн хүсэл зорилгыг ганхуулж, зах зээлд итгэх итгэлийг сүйрүүлж, хувь нийлүүлэгчдээс хэдэн их наядаар нь хулгайлж байгааг яах вэ?” гэсэн бичээс номын агуулгыг илэрхийлдэг.
Богль үйлдвэрчний эвлэлийн нэгдэл болон улсын байгууллагын ажилд оролцож байсны хувьд эдгээр салбарт багагүй хувь нэмэр оруулсан хүний нэг юм. 1969-1970 онд Богль хөрөнгө оруулагчдын компаний институтын эрхлэгчдын зөвлөлийн дарга, 1974 он хүртэл зөвлөлийн гишүүн байв. Мөн хөрөнгө оруулалтын компаниудын хороон дарга, үнэт цаасны диллерүүдын үндэсний холбоо NASDQ-н даргаар ажилласан. 1997 онд АНУ-ын биржийн болон үнэт цаасны комиссын дарга Артур Левитит Боглийг дөнгөж эмхлэгдсэн бие даасан стандартын зөвлөлийн гишүүнээр томилов. 1999 оны 9-р сараас Үндэсний үндсэн хуулийн зөвлөлийн захирал, 2005 оны 12-р сарыг хүртэл “Instinet Corporation”-ий захирал байжээ.
Боглийн шагнуулсан шагнал тоочихын аргагүй олон ч гэсэн зарим нэгийг нь нэрлэхгүй байхын аргагүй. Сүүлийн 10 жилд түүний төрлөх Принстоныг оролцуулаад Америкийн их дээд сургуулиуд “Индексийн сангийн эцэгт” эрх зүй, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, засаг захиргаа удирдлагын салбарын 11 удаагийн хүндэт докторын зэрэг олгосон. 1996 онд “Fund Action” сэтгүүл сангийн эрхлэгчийн рейтингээр нэгт оруулж байжээ. Жилийн дараа санхүүгийн хэвлэлийн газраас түүнийг “XX зууны манлай санхүүч”-н тоонд оруулав. 1999 онд “Fortuna” сэтгүүл түүнийг “XX зууны аврагууд”-н дөрвийн нэгэр тодруулж, “Barron`s” хөрөнгө оруулагчдын алдарын танхимд Боглийн нэрийг мөнхжүүлсэн. 2004 онд “Time” сэтгүүл түүнийг “Баатар ба шүтээн” гэж нэрлэн “Дэлхийн нөлө бүхий 100 хүний нэгээр” тодруулжээ.
Боглийн сонирхол хөрөнгө орулалтын салбараар хязгаарлагдахгүй. Тэр түүхийг шунан сонирхож Америкийн философийн нийгэмлэг, Америкийн урлаг соёл шинжлэх ухааны Академийн гишүүн байв. Хүнд өвчнөө үл хайхран Богль явган аялал, унадаг дугуй, далбаат завь, сквош зэрэг спортын төрлөөр хичээллэж бие бялдарын идэвхтэй амьдралаар амьдардаг.
Богль өөрийгөө тийм ч алдаа эндэгдэлгүй гэгээн хүн гэж үздэггүй ажээ. “Би өөрийгөө ариун гэгээн хүн биш гэдгээ батлан хэлж байна, итгэхгүй байгаа бол эхнэрээс минь асуу” гэж алиалах дуртай. Ойрмогхон болсон нэгэн ярилцлага дээр “Та одоо ная хүрч байгаа болхоор арай тайван амьдармаар байна уу?” гэж асуухад тэр “Хүмүүс хурдаа хасхаараа хөгширч эхэлдэг, харин надад хангалттай хурд байна” гэж хариулжээ.
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ









