



















Ирэх жилийн наадам даанч хол байна даа…Учир нь өнөө жилийн наадмын нээлтээс тусгаар улсын уламжлалт өв соёл, дэлхийд ганцаар үлдсэн нүүдэлчин ахуй, эх оронч омогшил, ирээдүйд тэмүүлэх хүсэл мөрөөдөл, ард олноороо хөөрөн догдлох цэнгэл юу ч байсангүй. Харин гуниглал, гутрал бас гомдол хүн бүрийн тархинд бас зүрхэнд шивнэлдэж байна.
Нээлтийн өмнөх мөчид ард түмэн юу хүлээдэг вэ? Өв соёл, үндэсний бахархал, эзэн Чингисийн сүр сүлд, ардын урлаг, эртний өв уламжлалын гайхамшиг.

Харин бид өнөө жил Төрийн их баяр цэнгэл бус нэгэн төрлийн “эмгэнэлт жүжиг” үзэцгээлээ.
Дэлхий нийтээр ёр билгийн мэдрэмж цахилж Холливүүд хүртэл кино бүтээлүүддээ эдлэл хэрэглэл, өнгөний билэгдлээр ёр, билэг хоёрыг илэрхийлдэг болоод удаж байна. Гэтэл бид Төрийн их баяр наадам, ард олны хөөр цэнгэлд юу үзүүлэв.
- Гоцлол дуучид нь хар улаан өнгөөр буюу эмгэнэл, гашуудал, үхлийн ёрыг илэрхийлж
- Хоосон аргаа доош нь харуулаад дээрээс нь савраа “шааж”
- Малчин удмын Монголчууд тэргэнд өөрийгөө дөрлөөд орь ганцаар эхийгээ хаашаа ч юм чирч явах
- Өндөр технологи хөгжсөн 21-р зуунд төгөлдөр хуурыг хурд авахуулан давхиулж, Соц нийгмийн үеэс уламжилсан макет барьж гүйсэн, гар хөл нь байнга зөрөөстэй хэдэн хүүхдүүд юу ч юм үзүүлэх гэж оролдох ягаан хувцас, ягаан шаартай олны хэсэг, нүүрэндээ инээд байг гэхэд мишээл тодруулах нэгэнгүй барайсан царайтай армийнханыг юу ч юм бариулж хаашаа ч юм гүйлгэсээр… талбай тойрч давхих морьтон эрчүүд төрийн далбаагаа мандуулж явах завсарт Бүсчилсэн хөгжлийн далбаа намирч байх. Захирал залуу нь овсгоотой, наадмын комиссын дарга нь Бүсчилсэн хөгжил хариуцсан байлаа ч энэ чинь Монгол үндэстний баяр. Нэг Монгол болдог онцгой өдөр. Заавал бүс нутаг, жалга довоо сануулах хэрэг бий юу ?
Дэлхийд биднийг цуурайтуулж байгаа
- Уртын дуу
- Хөөмий
- Тууль
- Бий биелгээ
- Морин хуурын чуулга
- Язгуур урлаг
- Угсаатны онцлогт үзүүлбэрүүд
- Алдарт дуучид, хамтлагууд хаана байна вэ?
-Морьтон ард түмний сүнс шингэсэн уугуул соёл хаана байна вэ?
Түүх, угсаа, өв соёлоо гээсэн зүгээр л “үзүүлбэр” дэглэж, бөхийн дэвжээ, сурын зурхай, морь барианы газраа таниулах, сурталчилах, түүгээрээ бахархах, ондоошилоо хаана гээчихэв. Нээлт нэртэй эмгэнэлт найруулгад энэ бүхнээ нэг нэгээр нь булж хаясаар байх уу?
Шарын шашины тухай өгүүлсэн атлаа бидний уламжлалт тэнгэр үзэл, бөө мөргөлийн зан үйл хаана хаягдав, анхны хайрын эмгэнэлт хөг ая улсын цэнгэл наадамд яагаад эгшиглэв, эхийн тухай гансралын дуу, эхийн хайраас өөр хайр энэ дэлхийд хэрэггүй болсон гэх агуулга… аав гэдэг хүнийг улсын наадмаараа үгүйсгэж байгаа хэрэг үү? Үгээгүй ядуу, гон бие гоонь эр эхийгээ хаашаа ямар зорилгоор чирч явна вэ… арай амьдаар нь ачиж аваачаад орхих гэж яваагүй байлтай. Төрийнхөө Соёмбыг дээдлэн залах байтал тэнгэр өөд нисгээд алдаж байгааг бид ёр гэж ойлгох уу билэг гэж билэгшээх үү?
“Монгол наадам”-ын нээлт нь үндэстний сэтгэл зүй, өв уламжлалыг сэргээдэг гэгээн үйл явдал биш үү?
Улсын баяр наадам нь үндэстний сэтгэлийн гүнээс төрдөг үнэн баяр биш үү? Түүнийг хэтэрхий хиймэл, арга ядсан, талбай дүүргэх гэсэн эмх замбараагүй холхилдоон болгох нь зөв үү? Төрийн соёрхсон хүн өөр өөрсдийнхөөрөө ойлго гээд зандарч зогсох нь зохистой юу?
Монголчууд бид наадмаа зүрх сэтгэлээрээ мэдэрдэг. Зөвхөн бөх, морь, сур гуравт ч хамаарахгүй. Наадмын нээлт ч ард олны амнаас ам дамжин яригдсаар ирэх жилийн наадамд өртөөлдөг. Наадмын нээлт бол өнгөрсөн түүх, өв соёл, уламжлал, үнэн бүхнээ ирээдүйтэй холбосон оюуны ундарга, үгийн ур, ухааны илэрхийлэл байх ёстой. Тэр ч утгаараа түүх, удам, хэл, сэтгэлгээ, шүтлэг, уламжлал, ололт бүгдийг гүнзгий мэдэрч болох агшин.
Цаашид сүр их, олныг хамарсан, “гоё харагдах” тэнэглэл биш, үнэн мэдрэгдэх үндэсний баярын нээлт хэрэгтэй болсныг ойлгох цаг болж.
Монгол үндэстний их баяр цэнгэл наадам нь дэлхийн хамгийн өвөрмөц, түүхэн соёлын баяр. Гэхдээ найруулагчдын туршилтын талбар биш, үндэстний сэтгэлгээний цогц илэрхийлэл байх ёстойг санаж ирэх жилийн наадам хол байгаа ч “эмгэнэлт нээлтийг” өнөө жилээр дуусгавал их ололт юм гэж олзуурхан “зажилцгаая”











