



















Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр амжилт олоогүй, өөрийгөө алдсан, орон гэргүй, архинд донтсон, аав ээжийгээ алдаад амьдралд сөхөрсөн гээд нийтлэгээр бол боломжгүй амьдралтай нэгний тухай контентууд шил шилээ даган хөвөрсөөр... уйлсан, ядарсан, цөхөрсөн, замаа алдсан бүхэн ОД болсоор...нийгмийн сүлжээнд тэдний түүхийг уншиж, бичлэгийг нь үзэж, бусдад түгээж, өрөвдөх сэтгэлээр хандаж, сайн үйлс санаачлан хандив цуглуулах нь ёстой л борооны дараах мөөг мэт... Зарим компани, нийгмийн нөлөөлөгчид ч үүнийг овжиноор ашиглаж, өөрсдийн нэр хүндийг өсгөх арга хэрэгсэл болгосоор... Наанаа тусламж өгч, сайхан сэтгэлтэн мэт дүр гаргавч бусдын зовлонгоор зоолж байгаа цаад дүр нь бас байх. Сайхан сэтгэлт ахан дүүгээ үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ энэ байдал үнэхээр ядуурлыг бууруулахад тус болох уу? Эсвэл бүүр ядуу байхыг өөгшүүлэн дэмжих бодлого уу? гэдгийг тухтай суугаад тунгааж бодоцгоодог болж болохгүй юу? Өрөвдүүлэх байдлаар мөнгө цуглуулах нь тухайн хүн, түүний амьдралд жинхэнэ өөрчлөлт авчирах уу? Түр зуурын хандивын ачаар хэсэг хугацаанд байр түрээслэж, хоол идэж, магадгүй архиа ч үргэлжлүүлэн уух болно. Гэвч урт хугацааны энэ мэт сул мөнгөн тусламж нь тэднийг хөдөлмөрлөж, амьдралаа өөрчлөх бус, бусдын өрөвдөх сэтгэлд найдаж амьдрах хандлагыг талын түймэр шиг өрдөж, хичнээн хичээгээд ч цурманд оруулж чадахгүй болсон гал шиг нийтээр маань “шатаах” вий.
Зарим компаниуд ийм хүмүүсийн олны анхааралд орсон түүхүүдээр далим үсэргэж хандив өгч, өөрсдийн нэр хүндийг өсгөхөөр ашиглаж байна. Тэд “нийгмийн хариуцлагатай” компани гэсэн нэрэнд дуртай юу эсвэл үнэхээр нийгэмд эерэг өөрчлөлт хийхийг хүсдэг үү? Хэрэв сүүлийн сонголт гэж хэлбэл зөвхөн нэг удаагийн хандив бус, тогтвортой ажлын байр бий болгож, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрлөж байж сайхан амьдрах тухай түгээн дэлгэрүүлж,сурталчилан, тийм хүмүүсийг дэмжих учиртай. Ер нь сайхан сэтгэл гэдэг үнэхээр байна уу? эсвэл сайхан сэтгэлийн PR гэдэг л ойлголт байна уу ?
Өөрийн түүхээ санаатай, санамсаргүй хуваалцсан нэгэндээ бодит шийдэл санал болголгүй, түр зуурын тусламж өгөөд, нэр хүндээ өсгөж аваад л мөр мөрөө хөөцгөөнө. Үр дүнд нь компаниуд, нөлөөлөгчид үргэлжлэн илүү их амжилтад хүрч, боломж нээгдэж, өргөжин тэлж, харин хандивын мөнгөөр хэсэгтээ жаргасан нөгөөх хүн гудамжиндаа үлдэж, дараагийн хэн нэгнийг хүлээсээр...Ер нь сурч боловсрох, ажил эрхлэх, хэцүүг давах, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, асуудлын гол шалтгааныг судалж, бодит шийдлийг олох гэдэг хэцүү хэрнээ тухайн асуудлыг үндсээр нь шийддэг бодлогыг бид хэзээ хэрэгжүүлдэг болох вэ?
Өөр нэг санаа чилээх, тунгаа ухах нэг зүйл бол хэцүү байгаагаа хайрлаж, туслаж байгаагийн цаана амь орж буй амжилтыг үзэн ядах хандлага.
Хичээж хөдөлмөрлөсөн, хэцүүг туулж, давж гарсан, амжилтад хүрсэн, хөрөнгө бэл зузаарсан нэгнээ хардах, муучлах, шүүмжлэх хандлага хоногийн 24 цаг биднийг ээрч байна. Үүнд улстөрчид хамгийн их буруутай. Тэд нэгнээ үндэслэлгүй гүтгэж, эрээ цээргүй доромжилж, баян л бол чи авлигачин шд гэж хэлсээр иргэдээ ийм үзэлд нэвт автуулж буй.
“Ядуу нь сайн, баян нь муу” гэх ойлголт түгж, ажлаа хийж амжилтад хүрсэн хүмүүсийг шударга бусаар хөлжсөн мэтээр үзэн яддах нь ердийн ойлголт болтлоо бид үнэ цэнээ, үнэлэмжээ хоосолж, нийтээрээ ухарсаар... Хэн нэгэн бизнес эхлүүлж, олон жилийн турш уйгагүй зүтгэсний үр дүнд амжилтад хүрвэл баяр хүргэхээсээ илүү “энэ хууль бус аргаар баяжсан байх”, “бусдыг мөлжсөн байх” гэсэн хардлага амнаас ам, постоос постод амь орон биднийг бүрхсээр... Энэ сэтгэлгээ нь хичээж хөдөлмөрлөх бус, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, хүн амжилтад хүрэхийн оронд бусдын амжилтыг үгүйсгэх, шүүмжлэх зүг руу бидний ирээдүйг чиглүүлэх нь гачлантай. Бэлэнчлэх сэтгэлгээ боловсролын доройтол руу, боловсролын доройтол ядуурал руу, ядуурал нэгнээ үзэн ядах сэтгэл руу дүрээ сольж улам томорсоор байхыг бид харсаар, дэмжсээр, өрдсөөр суух уу? Цаашлаад хичээж зүтгэж амжилтад хүрэх соёл устах уу?
• Шинийг санаачлагч, бүтээлч хүмүүсийн тоо буурч, нийгэм зогсонги байдалд орвол
• Аж ахуй эрхэлж, баялаг бүтээх сонирхолтой хүмүүсийг олон нийт үзэн яддаг болвол
• Залуу үе хөдөлмөрлөж амжилтад хүрэх бус, өрөвдүүлэх, бусдын тусламжаар амьдрахыг сонгодог болвол
• Нийгэм нийтээрээ “хүн өөрийн амьдралаа өөрөө бүтээх ёстой” гэх хандлагаа алдвал биднийг ямар ирээдүй угтах вэ?
Монголчууд бид өрөвдөх бус, боломж олгох, арга ухаан заах, хажуудаа дагуулаад сургах, хоол өгөх биш хоолонд нь хүргэх гэдэг холч ухаанаа хаана гээсэн бэ? бие биедээ илүү ихээр үнэн голоосоо, чин сэтгэлээсээ хандаж, амаараа биш үйлдлээрээ хайраа илэрхийлдэг болцгоох вэ? Нийгэм зөв замаар хөгжих эсэх нь бэлэнчлэх сэтгэлгээг дэмжих үү, эсвэл хөдөлмөрч, боловсролтой байхыг урамшуулах уу гэдгээс хамаарах цаг болсон мэт санагдах.
ЭРХИЙГ БИШ БЭРХИЙГ СУРГАЦГААЯ
ХАЙР НЬ ДОТРОО, ХАЛ НЬ ГАДНАА БАЙЦГААЯ











