



















Идэр ес эхэлжээ. Саяхан тортой хүнс бариад 50-иадхан метр газар алхахад хэдэн хуруу минь тасраад ойчих шахав. Гараа хүйтэн усанд сойж, янгинахаа болихыг хүлээж зогсох хооронд “450.000 төгрөгийн үнэтэй 4 хуруу” гэсэн нийтлэл нүднээ үзэгдэв.
Хурдан морь унаж хаврын уралдаанд давхихдаа жолоогоо тас атгасан бяцxан хүү 4 хуруугаа үүрд алдаад даатгалын компаниас 450.000 төгрөг авсан юм.
- Ингэхэд монголчууд тачигнасан өвөл хавар цагт үр хүүхдээ золин барин уралдаан зохион байгуулдаг байсан гэдэг нь үнэн болов уу?
- Үүрд хөдөлмөрийн бэрхшээлтэй болсон хүүг өмгөөлж хамгаалдаг хууль манай улсад байхгүй гэж үү?
- Унаач хүүхэд! гээд сошиалаар нэг халагласан тэр олон хүмүүс ямар нэг дорвитой үр дүнд хүрсэн болов уу? зэрэг олон асуулт ар араасаа урган гарсан юм.
Ийнхүү хайлт хийх зуураа бид нийгмийг цочроосон өөр олон олон жишээг дурьдаж чадна. Гэхдээ бид юу хийж чадсан бэ? Бид халаглахаас, хашигарахаас өөр юу хийж чадсан бэ? гэсэн асуултууд дотроос минь мэрж байлаа.
Унаач хүүхэдтэй холбоотой олон судалгаа байдаг аж.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн сан
Хүүхдийг ивээх сангийн “Монгол Улс дахь хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ” 2018 он
“Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” 2008 он
НҮБ-ын Хүүхдийн Сангийн "Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх" судалгаа 2015 он
НҮБ-ын Хүүхдийн Сан, "Starting Over, children return home from camel racing 2006
Хүний Эрхийн Үндэсний Комиссын “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны удирдамж тайлан” 2006 он
Хүний Эрхийн Үндэсний Комиссын "Хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдсэн хүүхдийн судалгаа” 2006 он гэх мэт олон судалгаа байдаг аж.
Эдгээр судалгаа бүгд Морин уралдаан зохион байгуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд зөрчигдөж байгааг бэлээхэн хэлж өгч байлаа.
Гэхдээ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН эрх ашгийн төлөө, амь нас, эрүүл мэндийн төлөө бодитой үйл хийсэн хүн байдаг болов уу?
Энэхүү асуулт намайг нэгэн гайхалтай түүхтэй учрахад хүргэсэн юм...
Тийм ээ, энэ бол “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэр бүхий долоон ТББ 2017 онд Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татсан…” тухай буюу иргэний нийгмийнхэн засгийн газартай шүүхдэлцсэн түүх байв.
“Бага насны хүүхэд хурдан морь унаж уралдахыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж үзэх нь түгээмэл ойлголт болж байна.”
Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сангийн
“Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгааны тайлангаас
Хүүхдийн эрхийн конвенцод зааснаар хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой. Ингэхдээ хүүхдийн амь нас, бие махбодод аюул учруулахуйц байвал түүнээс хүүхдийг хамгаалах арга хэмжээг ямар нэг урьдчилсан нөхцөлгүй авах ёстой байдаг.
Иймд өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр 7 ТББ 2017 онд Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татан, унаач хүүхдийн эрх ашгийн төлөөх өмгөөллийг эхлүүлжээ.
Иргэний нийгмийн байгууллагууд 2017 оны хоёрдугаар сарын 22-ны Засгийн Газрын 63 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүсч хоёрдугаар сарын 24-нд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Учир нь тус тогтоолоор Дүнжингарав уралдааныг гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах хуваарь баталсан байв. Ийнхүү шүүх иргэний нийгмийн байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авч уралдаан болохоос нэг хоногийн өмнө хориглосон захирамж гаргажээ.
Гэвч шүүхийн шийдвэрийг үл харгалзан Засгийн газраас баталсан тогтоолын дагуу Дүнжингарав уралдаан болжээ. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-уудад өмгөөлөгч хэрэгтэй болж, “ИЭлси” хуулийн фирмийн гурван өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй баг гарч, өмгөөлөгч Х.Баасанжаргал унаач хүүхдийн эрхийн төлөө ажиллахаар болов.

Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны есдүгээр сарын 11-нд гарав.
Давж заалдах шатны шийдвэр 2017 оны арваннэгдүгээр сарын 23-нд гарав.
Дээд шүүхийн шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын 15-нд гарав.
Ийнхүү шүүхийн үйл явцын талаар Баасанжаргал өмгөөлөгчөөс тодруулсан юм.
Шүүхэд хандахад ямар үйл явц болж өнгөрсөн бэ?
- Бид “Аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл улс, аймаг, сумын хэмжээнд хурдан морины уралдааны бэлтгэл болоод уралдааны явцад хүүхдээр хурдан морь унуулах аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээ гаргахыг даалгаж өгөх” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл үүнийг анхан шатны шүүх хангаагүй. Харин давж заалдах шатны шүүх “Энэ бол шүүхийн шийдэх асуудал биш” гэж шийдсэн. Учир нь “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн төрийн гурван шатны засаглал байдаг. Тиймээс шүүх Засгийн Газрын бүрэн эрх рүү халдаж, ийм шийдвэр гаргахгүй. Засгийн газарт даалгаж болохгүй. Энэ бол хуулиар зөвшөөрсөн асуудал биш” гэсэн.
Иймд бид “Засгийн газар нь бие даасан том инситут боловч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй. Хүүхэд хамгааллын чиг үүргээ хэрэгжүүлэх байтал эсрэгээрээ хүүхдийг үл тоомсорлосон тогтоол 2008 оноос хойш жил бүр гаргаж байна. Тиймээс үүнийг засгийн газарт даалгахгүй бол хуулиа биелүүлэхгүй нь тодорхой боллоо” гэх үндэслэлээр дээд шүүхэд гомдол гаргасан.
Ингээд дээд шүүхээс энэ асуудлыг шүүх шийдэх боломжтой. Гэхдээ өвөл хаврын морин уралдааныг хориглох хэм хэмжээний акт гаргахыг хүсч ТББ-аас нэг нь ч Засгийн газарт хүсэлт гаргаагүй байна. Тэгэхээр үүнийг шүүх шууд шийдэх боломжгүй гэсэн.
Тиймээс Засгийн газарт хүсэлт гаргахад түүнийг шийдвэрлэхгүй байвал биднийг буцаад шүүхэд хандах боломжтой гэж 2018 оны нэгдүгээр сард Дээд шүүх шийдсэн.
Тэгээд бид Дээд шүүхийн уг шийдвэрт үндэслэж, Засгийн газарт хүсэлт гаргасан. Гэтэл тус хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлээгүй.
Ингээд хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй бол гомдол гаргаж байх шүүхэд хандах хэрэгтэй болдог. Гэтэл бидний гаргасан гомдлыг мөн шийдвэрлэхгүй байсаар 30 хоногийн хугацаа дууссан юм. Тиймээс бид шууд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тус шүүхийн шийдвэрээр Засгийн Газраас өвөл, хаврын морин уралдааныг хориглосон тогтоол гаргуулахаар болов.
Бид Засгийн газрыг шүүхэд хариуцагчаар татсан учраас гаргах ёстой тогтоолынхоо төслийг танилцуулж, улмаар тус тогтоол нь батлагдаж, нэхэмжлэгчийн шаардлагыг гүйцээсэн тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон.
Ингээд гурван шатны шүүх хурлаас гадна уг хурлын дараа асуудлыг эцэслэн шийдсэн” гэв. Ийнхүү Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол батлагдаж, жил бүрийн аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Шүүхээс даатгал нь хүүхэд хамгаалах хэлбэр төдий зүйл байгааг, мөн өвөл, хаврын уралдаан нь Монголын уламжлал биш болохыг тогтоожээ.
Иинхүү иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, шүүхэд ялснаар олон аавын хүүхэд эндэх болон гэмтэх, хөлдөх эрсдлээс сэргийлж чадсан юм.

Энэхүү хэрэг дээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажилласан ELC фирмийн өмгөөлөгч Х.Баасанжаргал нь IBA Pro Bono Award буюу Про Боно үйлчилгээ үзүүлдэг шилдэг хуульчаар шалгарсан юм.











