



















Далд буюу сүүдрийн эдийн засаг гэдэг нь нийгэм болон төрөөс нуугдмал, төрийн хяналт, бүртгэлээс гадуур байгаа эдийн засгийн үйл ажиллагаа юм. Эдийн засгийн албан бус, үл харагдах хэсгийг бүрдүүлдэг энэ хэсэгт өрхийн болон нийгмийн бүлгийн эрхэлдэг бизнес ч орох бөгөөд хууль бус буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа мөн энд багтана. Сүүдрийн эдийн засаг төрийн хууль тогтоомж, нийгмийн дэг журмын гадуур оршин тогтнож хөгжсөөр байдаг. Олсон орлогоо нууж, татвараас зайлсхийх сонирхол сүүдрийн эдийн засагт ноёрхдог.
Италийн мафи Америкийн эдийн засагт нэвтэрч, хүрээгээ тэлж эхэлсэн 1930-аад оны үеэс сүүдрийн эдийн засаг гэсэн ойлголт анх гарч ирсэн байна. Тэр үеэс эхлэн сүүдрийн эдийн засаг хууль сахиулах болон татварын байгууллагын анхаарлын төвд байдаг асуудал байхаа больж, нийт улс орны хэмжээний эдийн засгийн асуудал болон хувирч, энэхүү асуудлыг нарийвчлан судлах үндэс тавигдаж эхэлсэн бөгөөд 1970-аад оноос олон улсын хэмжээнд эдийн засагчдын анхаарлыг татаж эхлэв.
Сүүдрийн эдийн засгийг тал талаас нь авч үзэж, нилээд дорвитой судалгаа хийсэн эхний хүн бол Америкийн эрдэмтэн П. Гутман юм. Тэрбээр өөрийн бүтээлдээ сүүдрийн эдийн засгийн хор холбогдлыг дутуу үнэлж болохгүй гэдгийг анх нотолж, үүний уршгаар улс орнуудын эдийн засагт ихээхэн хохирол учирдаг болохыг жишээгээр нотолжээ. Жишээлбэл, 1986 он гэхэд хуучин ЗХУ-д сүүдрийн эдийн засаг 10 тэрбум рубльтэй тэнцэж байжээ.
Сүүдрийн эдийн засаг гэсэн нэр томьёо «Schattеnwirtschaft» гэдэг герман үгнээс гаралтай, нилээд өргөн хэмжээний ойлголт бөгөөд үүнд албан ёсны бүх төрлийн бүртгэл тооцоонд ороогүй, хууль тогтоомж, дүрэм журмаас ангид, хууль ёсыг зөрчин оршин тогтнох эдийн засгийн харилцаа багтдаг.
Юуны өмнө сүүдрийн эдийн засаг нь нийгмийн хяналтаас гадуур, нуугдмал байдалд үйлдвэрлэсэн бараа таваар, үнэ хүрэх материаллаг зүйлсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, хуваарилалт, солилцоо, хэрэглээ болон нийлүүлэлтийг хамаардаг. Ийм учраас сүүдрийн эдийн засаг нь ээдрээг нь тайлахад нилээд төвөгтэй эдийн засгийн үзэгдэл болох бөгөөд албан ёсны эдийн засгийн эсрэг тал гэж ойлгож болно. Сүүдрийн эдийн засаг оршин тогтнох, үйл ажиллагаа нь цэцэглэн хөгжих үндэс суурь, таатай нөхцөл гэж бий. Ийм тохиолдолд бүхэл бүтэн пүүс, компани, тодорхой хөрөнгө, арилжаа гүйлгээгээ олон жилийн туршид далд, нууц байлгаж чадна.
Сүүдрийн эдийн засгийн үр дагавар ихэнх улс орнуудад боломжит татварын орлогын алдагдал байдлаар илрэх ба нийт татварын зөрүү (бодит ба боломжит татварын орлогын хоорондын зөрүү гэх мэт)-ний дийлэнх хувийг бүрдүүлж байдаг. Сүүдрийн эдийн засаг гэсэн тодорхойлолт нь өргөн хүрээтэй ба олон янзын байдаг боловч ерөнхийдөө татварын тогтолцооноос гадуур бизнесийн үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийж, нуун дарагдуулах эсвэл хэрэглэгчийн эрх ашиг болон аюулгүй ажиллах нөхцөлтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийхийг хэлдэг.
Заримдаа иймэрхүү хэлцэл, үйл ажиллагааг бүгдийг нь нуухгүй харин хэсэгчилсэн байдлаар орлогоо нуун дарагдуулж, төлөх ёстой бодит татварын хэмжээнээс хамаагүй бага орлогыг татвар болон статистикийн газарт тайлагнаж, татвараа хэсэгчлэн буюу дутуу төлдөг. Гэхдээ зарим тохиолдолд тухайн бизнес үйл ажиллагаа, хэлцлийг огт тайлагнахгүй байж, татвараас зайлсхийх, бултуулах зорилгоор төлбөрийг бэлэн мөнгөөр хийж ямар нэг бүртгэл тооцоо байхгүй байна.
Ихэнх судлаачдын үзэж байгаагаар татварын дарамт нэмэгдэхээр сүүдрийн эдийн засаг хүрээгээ тэлдэг, татвар төлөхгүй орчинд ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар нэмэгдсэнээр бусад шударгаар татвар төлдөг компанийг зах зээлээс шахан гаргахад хүргэдэг байна. Хөгжиж байгаа орнуудад сүүдрийн эдийн засгийн хэмжээ харьцангуй өндөр байдаг нь зарим талаар хүнд суртал, авлига, бизнесийг боомилсон элдэв дүрэм журам, гох дэгээ их байгаагийн илрэл болж ч болно.
Зарим тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчид зах зээлд бараагаа гаргахад захиргааны элдэв янзын саад тотгортой тулгардгаас сүүдрийн эдийн засгийн хүрээнд шилжих нь бий. Ийм үйлдвэрүүд тодорхой хугацаанд бараа үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд татан буугдаж алга болдог нь ашиг орлогоо нуух гол арга нь юм. Сүүдрийн эдийн засагт байгаа үйлдвэрүүд лиценз зөвшөөрөл авахгүй, татвар төлөхгүй, улсаас баталсан үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн бусад стандартыг мөрдөхгүй байх тул стандарт шаардлага хангаагүй бүтээгдхүүнийг нийгмийн хэрэглээнд нийлүүлдэгээс ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засагт уршигтай үр дагаврыг авчирдаг.
Сүүдэрт орох гол шалтгааны дотор лиценз зөвшөөрөл авахын тулд баримт бичиг бүрдүүлэх, хуулийн дагуу хураамж төлөх, бусад стандарт шаардлагыг хангасан байх төдийгүй зарим тохиолдолд албан бус хэлбэрээр буюу авлигад ихээхэн хэмжээний мөнгө төлөх шаардлага гардаг явдал ордог байна. Санал асуулгын дүнгээс харахад ихэнх тохиолдолд авлига, хээл хахууль, хүнд суртал, гох дэгээ их байгаагаас албан ёсны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг сүүдэр лүү түлхдэг байна.
Түүнчлэн өрсөлдөгч нь сүүдэрт ямар ч хяналтгүй, татвар төлөхгүй ажиллаж ихээхэн ашиг олж байгаа учраас тэгш бус өрсөлдөөнд ялагдах аюул учирсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид өөрийн эрхгүй сүүдэр барааддаг тохиолдол олон байдгийг судлаачид олж тогтоожээ. Сүүдэрт үйл ажиллагаа явуулсан бизнес эрхлэгчдэд ногдуулах хариуцлага, шийтгэл өндөр байх тусам сүүдэр бараадагсдыг цөөрүүлэх боломжийг нийгэмд олгох тул эдийн засгийн шинжлэх ухааны хүрээнд сүүдрийн эдийн засгийн цар хүрээг тогтоох, хумих асуудал тулгамдсан зорилтын нэг хэвээр байсаар байна.
Барууны судлаачдын тооцоолсноор дэлхий даяар сүүдрийн эдийн засгийн хэмжээ 10 их наяд доллар буюу АНУ-ын ДНБ-ээс 4 их наяд доллараар дутуу байгаагаас харахад түүний цар хүрээ харагдана. НҮБ-ын баримтад дурдсанаар бол сүүдрийн эдийн засаг нуугдмал, албан ёсоор бүртгэгдээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ худалдааны салбарыг бүхэлд нь хамаардаг. 1990-ээд оны үед хөгжингүй орнуудад сүүдрийн эдийн засгийн хэмжээ дунджаар тэдгээр орнуудын ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан байна.
Сүүдрийн эдийн засаг нь аливаа улс орны татварын орлого бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал 2010 оны 7 дугаар сард Блумбергээс гаргасан мэдээнд улс үндэстний татварын орлогод сүүдрийн эдийн засаг хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэхдээ АНУ-ын хувьд ДНБ нь 14.26 их наяд доллар гэж үзэхэд жил тутамд 1.2 их наяд долларын татварыг хурааж чадалгүй гарын салаагаар урсган алдаж байна гэж тооцоолжээ.
Сүүдрийн эдийн засгийн талаар судалдаг томоохон судлаачдын нэг Австрийн эдийн засагч Фридрих Шнейдер сүүлийн арван жилд ихэнх улс оронд татварын бодлого, зохицуулалтыг бий болгон татварын дарамтыг хөнгөвчилсний үр дүнд сүүдрийн эдийн засгийг багасгах зорилт хэрэгжиж, санхүүгийн болон бизнесийн зохицуулалтыг багасгаж чадсаныг онцлон дурджээ. Ингэхлээр аль ч улсын Засгийн газар албан ёсны эдийн засагт шилжиж ажиллах нь бизнес эрхлэгчдэд илүү давуу байдлыг авчрах буюу сүүдэрт нуугдах хэрэгцээг аль болохоор багасгахад анхаарах шаардлагатай тулгарч байна.
Сүүдрийн эдийн засаг багасахгүй байгаагийн үндсэн шалтгааныг эдийн засгийн системийн алдаа оноо, тэгш бус байдлаас бус засгийн газрын үйл ажиллагааны хүрээнээс хайвал зохилтой болжээ. Засгийн газрууд бизнест хөндлөнгөөс оролцож, хэрэгтэй хэрэггүй журам дүрмийг олноор бий болгож, хүнд суртал гаргаж, ямар ч шалтгаангүйгээр чирэгдүүлэн, гох дэгээ тавьснаар сүүдрийн эдийн засаг тэлэх шаардлагыг бий болгон нөхцөлдүүлдэг байна.
Сүүдрийн эдийн засгийн үйл ажиллагаагаар бий болсон орлогыг хуваарилахтай холбогдох бүхий л үйл ажиллагааг НҮБ болон улс орнуудын албан статистикт бүртгэж, хяналт тогтоож чаддаггүй. Сүүдрийн эдийн засгийн ойлголтод зөвхөн үйлдвэрлэл төдийгүй материаллаг болон санхүүгийн урсгалыг багтаасан, албан бүртгэлд тусгагдаагүй, татвар ногдуулаагүй, хуулиас гадуур явагдаж байгаа үйл ажиллагаа бүхэлдээ хамаарах ба далд хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж ашиг орлогоо нуух, цалингийн санг өөрчлөн засварлахтай холбогдох ажлыг санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогч нарын идэвхтэй оролцоотойгоор хийдэг.
Сүүдрийн эдийн засаг нь гарт баригдаж, нүдэнд харагдахгүй учир үүнийг яг таг тодорхойлоход бэрхшээлтэй. Үүнийг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Сүүдрийн эдийн засаг хууль бус үйл ажиллагааг тэтгэх бөгөөд тухайлбал, хулгайн барааг худалдаалах, хар тамхины худалдаа, үйлдвэрлэл, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, залилан луйвар хийх, нууцаар бараа солилцоо хийх зэрэг нь үүнд багтахаас гадна хувиараа хөдөлмөр эрхлээд орлогоо мэдүүлэхгүй байх, цалингаас бусад орлогоо нуух, татвар огт төлөхгүй байх, татвараас зайлсхийх нь сүүдрийн эдийн засгийн нэг хэсгийг бүрдүүлдэг.
Сүүдрийн эдийн засгийг яг таг тогтооход хэцүү байдаг учраас түүнийг урсаад өнгөрөх устай зүйрлэн үздэг. Үүгээрээ ч санхүүгийн хямралын үеэр сүүдрийн эдийн засаг хүрээгээ улам тэлдэг болох нь батлагдсан зүйл юм. Эдийн засгийн бүтцээс харахад сүүдрийн эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орох том эдийн засгийг бүрдүүлж байгааг 2009 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын судалгаагаар дэлхий дээрх ажил эрхлэгч нийт 1.8 тэрбум хүний тэн хагас нь сүүдрийн эдийн засагт багтах үйл ажиллагаанд оролцож байгаа болон 2020 он гэхэд эдгээр хүмүүсийн гуравны хоёр нь сүүдрийн эдийн засагт ажиллах тооцоо гарснаас дүгнэж болохоор байна.
Зарим судлаачдын үзэж байгаагаар 10 их наяд доллараар хэмжигдэх болсон сүүдрийн зах зээл дэлхийд хамгийн түргэн хөгжиж буй эдийн засаг болж, түүнийг сүүлийн үед “Систем Д” гэж томьёолох болоод байна.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.БАТТ









