



















АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 4 жилийн дараа “Цагаан ордон”-д эргэн ирээд 100 хоног өнгөрлөө. Энэ 100 хоногт тэрээр олон тооны тушаал, шийдвэр гаргаж ёстой л орвонгоор нь эргүүлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр хамгийн өндөр настайдаа тангараг өргөсөн тэрээр 30 гаран настай залуу хүн адил эрс шийдэмгий зоригтой шийдвэрүүдийг гаргасаар байгаа. Нүдээ олох шийдвэр ч байна, нүдээ олох нь бүү хэл байныхаа ойр ч тусахгүй шийдвэр бас байна. Гэхдээ л түүний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дэлхий дахиныг үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт л хөдөлгөөд байгааг үгүйсгэхийн аргагүй.
Доналд Трамп Холбооны засгийн газрыг дахин зохион байгуулж, өмнөх Ерөнхийлөгчийн олон санал санаачилгыг цуцалж, тариф болон бусад зохицуулалтаар АНУ-ын эдийн засгийг дахин хүчирхэгжүүлэх зорилготой арга хэмжээг авч байна.
Өнгөрсөн 100 хоногт Доналд Трамп 140 гаруй зарлиг гаргасан бөгөөд 2026 онд болох завсрын сонгуулиас урьтаж амласан амлалт, хийх ажлынхаа нөхцөлийг хангах гэж яарч байгаа. Ирэх 2026 оны урьдчилсан сонгуулиар Бүгд Найрамдах Нам олонх болж чадахгүй бол түүний авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нуран унах болно. Иймээс л тэр нэн яаралтайгаар зарлиг гаргаж, тушаал шийдвэрээ ажил хэрэг болгох гэж цаг хугацаатай уралдаж байгаа ажээ.
АНУ-ын импортын бараанд тогтоосон тариф 1930-аад оноос хойш хамгийн өндөр хэмжээнд хүрэв
2023 онд АНУ-д импортолж буй бараанд тавьж байсан 2.3 хувийн тариф 2025 онд 25 хувьд хүрч огцом өссөн нь 1930-аад онд ногдуулж байсан Смит-Хуолийн тарифтай дүйцэх хэмжээнд хүрсэн. Энэхүү өсөлт нь Доналд Трамп Ерөнхийлөгчийнхөө хоёрдох бүрэн эрхийн хугацаанд БНХАУ-д ногдуулаад байгаа 145 хувийн тариф голлон нөлөөлжээ.
Ийм өндөр тариф нь АНУ-руу БНХАУ-аас импортлох олон бүтээгдэхүүний хувьд эдийн засгийн ашиггүй болгосон байна. Ерөнхийлөгч Доналд Трамп олон улсын эдийн засгийн онцгой байдлын тухай хууль (IEEPA) ашиглан импортын бараануудад өндөр тариф ногдуулж байгаа ч энэ нь олон олон шүүхийн маргаанд түүний Засаг захиргааг дуудуулж байгаа юм. Хэрвээ түүний засаг захиргаа шүүх дээр ялагдвал Трампын засаг захиргаа “Section 232” эсвэл “Section 301” зэрэг хууль ашиглан тарифын арга хэмжээгээ дахин сэргээх гаргалгаа бий.
Ерөнхийдөө Доналд Трампын 100 хоногт гаргасан зарлиг, тушаал, шийдвэрийн 15 орчим хувь нь худалдаатай холбоотой байна. “UBS” банкныхны энэ оны эцэс гэхэд тарифын хэмжээ дунджаар 15 хувь дээр тогтворжино гэж үзэж байгаа юм.
Холбооны зарлага нэмэгдэв
Засгийн газрын ажиллагсдын цомхотгол, төсвийн таналтын талаар олон арга хэмжээ авсан ч холбооны зарлага 2025 онд нэмэгдсэн байна. Гол шалтгаан нь Засгийн Газрын өрийн хүүгийн төлбөр нэмэгдэж буйтай холбоотой ажээ. Өнгөрсөн оноос 60 тэрбум ам.доллараар өсөх төлөвтэй байна. Энэ нь шинээр гаргасан өндөр хүүтэй бондууд, бага хүүтэй өрийг орлож буйгаас болсон ажээ.
Төсвийг танах эсэх нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарахаар байгаа юм. Үүнд Ерөнхийлөгчийн төсвийн эрх мэдлийн талаарх шүүхийн шийдвэр болон Конгресст өргөн мэдүүлээд байгаа эвлэрлийн хуулийн хувь заяа зэрэг орно.
Эвлэрлийн тухай хуулиар нийгмийн хөтөлбөрийн зарлагыг бууруулах, инфляцыг бууруулах тухай хуулийн зарим заалтыг цуцлах, батлан хамгаалах түүн дундаа хил хамгаалах зардлыг нэмэгдүүлэхээр зорь байгаа. Харин шинэ орлого бий болгох тал дээр дорвитой өөрчлөлт байхгүй байгаа тул татварын хөнгөлөлт сунгагдах магадлал өндөр байна.
Хил зөрчигчийн тоо буурч, хөдөлмөрийн хомсдол ойртож байна
Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэн эхний 100 хоногт АНУ-ын өмнөд хил дээр хил зөрчигчдийн тоо мэдэгдэхүйц буурсан. Мексик улсад 25 хувийн тариф тогтоож, тус улсттай хиллэдэг хэсэгт онц байдал тогтоосон нь Мексик улс тарифын хөнгөлөлт авахын тулд эрс арга хэмжээ авахад хүргэсэн нь нөлөөлжээ. Цаашид хууль бус цагаачлал буурах төлөвтэй байгаа бөгөөд хууль ёсны цагаачлал ч хязгаарлагдаж болзошгүй байна. Үүнээс шалтгаалан хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол үүсэж магадгүй ажээ.
Тарифын бодлого эдийн засгийг удаашруулж, инфляцыг өдөөв
Шинжээчдийн таамаглаж буйгаар АНУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд 2.1 хувиас буурч 1.4 хувь хүрэх бол инфляцын хүлээлт 2.5 хувиас өсөж 3.2 хувьд хүрч нэмэгдэхээр байна. АНУ-ын тарифын нөлөө бусад эдийн засагтай харьцуулбал өөрт нь илүү сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Тухайлбал Евро бүсийн эдийн засгийн өсөлт 0.7 хувь, БНХАУ-ынх 4 хувиас доош байх магадлалтай аж.
Холбооны Нөөцийн Банк 2025 оны долоо эсвэл есдүгээр сараас 75-100 суурь нэгжээр бууруулах төлөвтэй байгаа ч инфляц өндөр байгаа нь арга хэмжээ авах орон зайг хязгаарлаж байгаа юм.
Доналд Трамп Холбооны Нөөцийн Банкны Ерөнхийлөгч Жером Пауэллийг огцруулна гэж сүрдүүлсэн ч зах зээлийн савлагаанаас болж энэ яриагаа түр азнаад байна.
Трампын засаг захиргаа зарим тарифыг түр хойшлуулсан нь зах зээлийн савлагаанд ихээхэн мэдрэг ханддагийн дохио болж, “Трампын Баталгаа” гэх нэршлийг бий болгосон.
Тарифын тодорхойгүй байдал намжиж, ХНБ-ын бодлогын хүүгийн бууралтын хүлээлт нэмэгдэж, 2026 онд компаниудын орлого өсөх хүлээлттэй байгаа нь тус улсын голлох индекс S&P 500 индекс-ийг 2025 оны сүүл гэхэд 5800-д хүрнэ гэж UBS банкны шинжээчдийг таамаглахад хүргэлээ. UBS банк хөрөнгө оруулагчдад 2026 он эхэн гэхэд унци алтны ханшийг 3500 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байгаа бөгөөд улс төрийн эрсдэл нэмэгдвэл 4000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.
UBS банкны зөвлөмж: Савлагаа ба улс төрийн эрсдэл дундах стратеги
UBS банкныхны зөвлөж байгаагаар хөрөнгө оруулагчид богино хугацааны эрсдэлээс хамгаалж, өсөлтийнхөө боломжийг хадгалах давхар хамгаалалтын стратеги хэрэглэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгчээ.
Зах зээл савлаж байгаа энэ үед чанартай хувьцаанд үе шаттайгаар хөрөнгө оруулах, алдагдлыг хязгаарлах “Хэджинг” хэрэгслийг ашиглахыг зөвлөж байна. Мөн урт хугацаанд хиймэл оюун ухаан, урт наслалт, эрчим хүчний өөрчлөлт зэрэг сэдвүүд одоо ч хэвээр байгаа тул зах зээлийн уналтыг боломж болгон ашиглах нь зүйтэй гэж UBS дүгнэж байна.











