



















Apple компани 2023 онд Lihgtning оролтоос татгалзаж, залгуурын замбараагүй хэрэглээг халсан. Энэ бол Европын холбооны эрх баригчид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдийг USB ээс оролттой болгох хууль баталсантай холбоотой. Бүх төхөөрөмж нэг стандартын цэнэглэгч ашигласнаар жил бүр 250 сая евро хэмнэж, 11 мянган тонн электрон хаягдлыг бууруулах боломжтой юм. Carbon neutral буюу нүүрстөрөгчийн тэнцвэртэй байлгах зорилт тавьж, үйлдвэрлэлийн үе шатандаа боломжит хэмжээгээр сэргээгдэх эрчим хүч, дахин боловсруулсан түүхий эд ашиглахаар хичээж байгаа ч электрон хаягдлын хэмжээ жил ирэх бүр өсөж байна. Энэ байдал дэлхий нийтэд тулгамдсан асуудал болж гарц, шийдэл хайж, цахим хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр хөгжих нь.
Харин манайд...
Улаанбаатар хотод 2040 он гэхэд энэ төрлийн хог хаягдал тулгамдсан асуудал болно. Дэлхийн хүн амын өсөлт, технологийн дэвшил цахилгаан болон цахим хэрэгслийн үйлдвэрийг нэмэгдүүлж 2016 онд 44.7 сая тн цахилгаан болон цахим хэрэгслийн хаягдал үүсэж байсан бол өдгөө 60 сая тонн хаягдалд хүрчээ. Үүний ердөө 20 хувийг л дахин боловсруулж чадаж байна. Харин манай улс 12 жилийн өмнө 26 мянган тонн цахилгаан болон цахим хэрэгсэл импортолж байсан бол өдгөө энэ тоо хоёр дахин өсжээ. Гэтэл үүнийгээ яаж дахин боловсруулах, аюулгүй устгах вэ ? гэдэг шийдэл манай улсад байхгүй. Учир нь энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах гарааны зардал өндөр, үйлдвэрлэл нь тасралтгүй ажиллах нөөцийн дутагдалтай гэсэн дүгнэлт бий. Мэргэжлийн хүмүүс энэ төрлийн хог хаягдал хоолойд тулсан асуудал болохоос урьтаж шийдэл олохыг зөвлөсөн. Гэсэн хэдий ч идсэн чихэрнийхээ цаас, уусан ундааныхаа савыг ч дахин боловсруулж чадахгүй хогондоо төөрч яваа Монгол Улсад цахим хог хаягдлын боловсруулалт хол сонстож байгаа бололтой.
Дэлхий нийтийн хог хаягдал...
Хүн өдөрт хоёр кг хог хаягдал бий болгож, жилийн дотор энэ хэмжээ 1.5 тоннд хүрдэг.
Хүн амьдралынхаа туршид нийт 25 мянган ширхэг лааз хэрэглэдэг.
Далайд унасан хуванцар сав, гялгар уутыг идэж эсвэл орооцолдсоноос болж жил бүр зуун мянган амьтан үхдэг.
Жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог бөгөөд хэрвээ үүнийг дахин боловсруулж чадвал тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэхүйц хүлэмжийн хийг багасгана.
Нэг лаазыг дахин боловсруулснаар телевизорыг гурван цаг ажиллуулах эрчим хүч хэмнэнэ.
Нэг шилэн савыг дахин боловсруулснаар компьютерыг 30 минут ажиллуулах эрчим хүч хэмнэнэ гээд улс орнууд хог хаягдлаа эргээд байгаль орчиндоо ээлтэй байдлаар шийдэж эхэлжээ.
Хүн төрөлхтөн жил бүр 2.12 тонн хог хаягдал бий болгодог. Хэрвээ тэдгээрийг ачааны машинаар овоолон цуваа үүсгэвэл дэлхийг 24 удаа орооно. Гэтэл энэ хог хаягдлынхаа ердөө 20 хувийг дахин боловсруулж 80 хувийг нь байгальд хаяж байна. Харин энэ асуудлаа шийдэж яваа улс орнуудын хувьд хог ‘’хаягдал’’ биш болжээ. Гэтэл манай улс жилд 3.4 сая тонн хог бий болгож байна. Энэ бол бид нэг секундэд 107 кг хаягдал үйлдвэрлэдэг гэсэн үг. Үүний ердөө гурваас дөрвөн хувийг нь л дахин боловсруулж, үлдсэнийг нь байгальд хаяж байна.
Улаанбаатарын хог хаягдал...
· Нарангийн энгэрийн хогны цэгт нийт хог хаягздлын 50 хувь
· Цагаан давааны хогны цэгт нийт хог хаягдлын 35 хувь
· Морингийн давааны хогны цэгт нийт хог хаягдлын 15 хувийг хаяж байна.
Эдгээр хогны цэгүүдэд өдөрт дунджаар гурван мянгаас дөрвөн мянган тонн хог хаягдал төвлөрдөг. Судалгаагаар манай улс нийт хог хаягдлынхаа 50 гаруй хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой ч төрд ч, иргэдэд нь ч сэтгэл дутаж байна. Хогоо ангилж хаях дадалд суралцаагүйгээс хог дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Улаанчулуутын хогны цэгийн талбай дүүрсэн. 2024 онд хаана гэсэн ч хаагаагүй л байна. Морингийн давааны төвлөрсөн хогны цэгт Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулсан нь сайшаалтай. Гэхдээ Улаанбаатарын хогны асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Энэ мэтээр Монгол Улс хогны асуудлаа шийдвэрлэж чадахгүй ухнатаж байхад цахилгаан болон цахим хог хаягдлын асуудал нэмж зовлон болох нь ээ...
100 жилийн түүхтэй гэж цамнах намтай ч зэлтэрийн гацаанаасаа ч гарч чадаагүй, дэлхийн хөгжлөөс даруй 50 жил хоцорч яваа Монгол Улс...
Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан буюу AI технологиор өрсөлдөж, харин бид энд улс төрөөр айл гэртэн тоглож, саарал ордондоо л нэгнээ намнах хоцрогдсон хар технологиор өрсөлдөж, тэдний хөлөнд ард түмэн, цаашлаад Монгол Улс үрэгдэж байна.
Яг үнэндээ модон жорлонгоосоо ч салж чадаагүй бидэнд дэлхийн их гүрэнтэй арсалдах ч ичмээр, ёстой л нөгөө үхэр Монгол зангаа гээж чадахгүй муйхарлаж явна.
Улаанбаатарын гудамжаар хоёр гурван км алхахдаа хогоо хаях хогны сав хайгаад олсонгүй... Арга барахдаа хогоо халаасаллаа. Хогны асуудал ганц манайд ч тулгамдсан асуудал биш л дээ. Дэлхий нийтээрээ санаа чилээж буй. Гэхдээ бөмбөрцөгийн улс орнууд хэдийнэ шийдэл олоод урагшилж буй. Харин бид эрх баригч намынхаа 100 жилийн лоозонтой гацчихсан.











