



















Жорж Сорос бол хөрөнгө оруулалтын ертөнцөд хамгийн алдартай хүн байж магадгүй. Хэрэв Уоррен Баффет, Жон Темпелтон, Томас Роу Прайс ба Эдди Ламперт нар нь эдийн засаг, санхүү хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой явцуухан хүрээний хүмүүст сайн нэртэй бол Жорж Соросын алдар нэр энэ хүрээнээс алст хальжээ. “Фунт стерлингийг нураасан хүн” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаар хязгаарлагдсангүй. Сорос өөрийн хөрөнгийн хагасыг үрэн таран хийж байдаг, санхүүгийн ертөнцөөс гадна нийгмийн олон хүрээнд мөрөө гаргаж бүр түүний явцад хүртэл ямар нэг хэмжээгээр нөлөөлж амжсан. Дамын наймаачин хөрөнгө оруулагч Жорж Сорос бол нилээд эвлэрэнгүй (либерал) үзэл баримталдаг нигүүлсэгч, гүн ухаантан (философич) улс төрч юм.
Дорнод Европт түүний нэр шинэ боломж, зах зээлийн харьцааны төмөр хөшгийг зад цохиж чөлөөт зах зээлийн эрины билэгдэл болсон. Польшийн ардчилсан “Солидарность” хөдөлгөөн Чехсловакийн хүний эрхийн “Хартия 77” байгууллагийг Сорос дэмжиж байсан нь эдгээр оронд болон Зүүн Европт бүхэлд нь социализмын систем задран унах явцыг түргэтгэсэн ажээ. Оросын болон барууны тоймчдын үзэж байгаагаар түүний Гүржийн “Сарнайн хувьсгалыг” дэмжсэн дэмжлэг оролцоо сөрөг хүчнийг ялалтанд хүргэсэн. Өнөөдөр Жорж Соросын сангууд Дорнод Европ, хуучин ЗХУ, Африк, АНУ болон Латин Америкийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сангуудын хөтөлбөрт: сангийн ажил түүний зорилго нь үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудад нээлттэй нийгмийн хүрээлэн байгуулахад дэмжлэг үзүүлэх туслах явдал гэдэгийг тусгасан байдаг. Соросын сангийн сүлжээ жилд барагцаагаар 400 сая долларын зардлыг боловсрол, эрүүл мэнд, иргэний нийгэм болон бусад салбарт төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон гаргадаг.
2003 оны эцэст өөрийн санхүүгийн дэмжлэг өглөг тэтгэмжийн үйл ажиллагааг албан ёсоор Орос орон руу эргүүлэв. 2004 онд “нээлттэй нийгэм” сан тэтгэлэг өгөхөө зогсоосон юм. Гэвч Соросын сангийн дэмжлэгээр байгуулагдсан бүтэцүүд одоо түүний туслалцаагүй бие даасан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жорж Сорос одоо Нью-Йоркийн төвд тэнгэр багандсан өндөр барилгуудын нэгэнд амьдарч байна. Тэр 50 жилийн өмнө Манхэттанд халаасандаа хоёр доллартай ирж байсан. Өнөөдөр тэр байрнаас нь холгүй орших НҮБ-ын төв байрны дээр туг нь намирч байгаа олонх улсуудаас илүү нөлөөтэй баян тансаг амьдарч байна. Гэлээ ч гэсэн Америк мөрөөдлийн биелэл, дэлхийн 1-р хүн жилд 20 тэрбумын орлоготой, Английн банкийг бусниулснаараа алдартай энэ хүн дэлхий нийтэд олон талаараа оньсого хэвээр байгаа. Түүний гүн ухааны ний нуугүй өгүүлэл, олон ном нийтлэлүүдэд санхүү эдийн засгийн санаа бодлоо илэрхийлсэн зэрэг нь Жорж Соросын олон талт үйл ажиллагааны талаар дахин харуулсан. Сэтгүүлчид, намтар бичигчид түүний үйл ажиллагааны үндэс нь юу болох, учир шалтгаан нь юунд байгаа түүний амжилтын нууц нь юу вэ гэдэг талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй л байна.
Жорж Сорос 1930 оны 8-р сарын 12-нд Будапешт хотын дундаж амьдралтай гэр бүлд төржээ. Түүнийг багад нь Дьордь Шварц гэж нэрлэдэг байв. Жорж Соросын төрөл төрөгсөд нь еврей гаралтай боловч тууштай удмын еврейчүүд биш байлаа. Түүний эцэг Тивадор Шварц баян бус эгэл гэр бүлээс, эх Эрзебет Суц харин их хангалуун амьдралтай удамтай ажээ. Тивадор Будапештын еврей нийгэмлэгт өмгөөлөгч хийж байв. Эцэг нь хуулийн хүрээнээс гадна олон ажил эрхэлдэг байлаа. Тэр уран зохиолын сэтгүүл санаачлан гаргаж, бүтээлээ нийтлэн нэг хэсэг түүний эрхлэгчээр ажиллаж байв.
Тивадор Шварц нилээд содон хүн байжээ. Эрзебетын гэр бүлийн хөрөнгөнөөс бузгай орлого олдог тэрээр наргиан цэнгээн элдэв зугаанаас хойш суулгүй өдөрт хоёрхон цаг ажиллад явж байх боломжтой хүн. Гэвч бас тийм ч хөдөлмөрч хүн биш байв. Тэр өөрийн мэргэжил нэгтнүүдээсээ бага ажиллаж байгаадаа бардамнадаг. Тивадор адал явдалд дурлаж хүнд байдлаас гарах чадвараас сэтгэл ханамж авч байх дуртай нэгэн. Жорж Сорос, эцгээсээ аюул тулгарахад давж гарах эрсдэлтэй зүйлээс сэтгэл сэргэх зэрэг зан чанарыг өвлөн авч энэ нь бирж дээр тоглоход ч тусалдаг байлаа гэж ярьдаг юм. Тивадор дэлхийн 1-р дайнд сайн дураар оролцохдоо эх оронч сэтгэлгээнд хөтлөгдөж биш зүгээр л “Ийм ховор боломжийг алдахгүйн” тулд явжээ. Австри-Венгерийн талд байлдаж яваад Орсуудад олзлогдон, Сибирьт цөлөгдөж байсан ч оргож Будапешт хүртэл хүнд хэцүү зам туулж ирсэн.
Тивадор өөрийн хөвгүүд Дьордь (Жорж), Павел (Полу) хоёрт карманы мөнгө хүссэн хэмжээгээр нь өгдөг. Үүгээрээ тэднийг мөнгөнд хариуцлагатай ханддаг болно гэж үздэг байв. Тивадорын амьдралын хэв маяг хэдий орлого ихтэй ч өрхийн төсөвт юм үлдээдэггүй зантай. Магадгүй материалаг хүндрэлтэй хүүхэд насны нь дурсамж асар их хөрөнгө хуримтлуулах учир шалтгаан болж, материаллаг зүйлд хайхрамжгүй ханддаг эцгийн хөнгөн чанар Соросыг ивээн тэтгэх үйлст хэдэн саяар нь цацах явдалд хүргэсэн байх.
Харин 1930 онд тэдний гэр бүлийн дэлгүүрт бараан үүл бөөгнөрч эхлэв. 1936 онд фашист үзэл бодол чангарч эхлэхэд тэд овог нэрээ Сорос (Венгерээр Шорош) нэрээр солив. Гэрийн эзэнд шинэ овог нь Венгерээр “дагагч, баримтлагч” эсперанто хэлээр “элин халин нисэх” гэсэн утгатай үг тул ихэд таалагдсан. 1944 онд Гитлерийн цэрэг Унгарт түрэмгийлэн орж ирээд, Немцийн шинэ засаг захиргаа Будапештын еврей гэр бүлийнхэнийг бүртгүүлэхийг шаардаж эхлэхэд Тивадор сайн юм болохгүйг ойлгож эхлэв. Тэр гэр бүлийн гишүүдэд хуурамч бичиг баримт бүрдүүлж анхаарал татахгүйн тулд христын шашинт Венгерчүүдын дунд тус тусдаа амьдрахаар болжээ. Ингэж 440000 Унгарын еврейчүүдыг булшилсан хэлмэгдүүлэлтээс зайлс хийж чадсан юм.
Фашистуудыг ирснээс хойш тэдний материаллаг байдал муудаж эхлэв. Фашист дэглэмийн үед амьд гарна, хүнд байдлаас мултрах авъяастай Тивадорын хувьд жинхэнэ шалгуур байлаа. Аюулгүй байдлаа бүрэн хангах зорилгоор Тивадор хөвгүүддээ хөвч таслах мэс ажилбарыг шашны хамааралаас биш эмнэлэгийн учир шалтгаанаар хийснийг нотлосон эмнэлгийн магадлагаа хүртэл гаргуулж дөнгөжээ. Түүнээс гадна Тивадор хар зах дээрх өргөн холбоогоо ашиглан олон тооны еврейчүүдэд хуурамч бичиг баримт гаргаж тусалсан байна. Тэр үүнийг гүйцэтгэхдээ өөрийн үйлчилгээний төлбөрийг хүртэл ашиглаж ядуучуудад үнэ төлбөргүй үйлчилж баячуудаас харин хөлсийг нь 12 дахин нугалж авдаг байв. “Энэ бол түүний оддын цаг байлаа” гэж Жорж Сорос эцгийн ариун үйлийг өөрийн ивээн тэтгэх үйл ажиллагаатай холбон ярьдаг. “Tэр үед ажиллаж байсан шигээ хичээл зүтгэлтэй ажиллаж байхыг нь би дахин хэзээ ч үзээгүй. Хамгийн хүнд хэцүү үед ч би өөрийн эцгийн царайнаас айдас юмуу цөхрөл илрэхийг хэзээ ч хараагүй” гэж Сорос дурссан байдаг.
Нацистуудын заналхийлэл Улаан армийн цэргүүд Будапешт орж ирэх хүртэл (1945 оны 1-р сар) үргэлжилсэн юм. Эхлээд Зөвлөлтийн цэргүүдийг гараа дэлгэн угтаж байсан бол удалгүй фашистын заналхийллийн оронд социалист дэглэмийн амьдрал ирлээ. 1945-1947 оны үед дайны дараах эдийн засгийн их уналтын үед Сорос өөрийн хүчийг валютын арилжаанд сорьж эхлэв. Жорж 17 нас хүрмэгцээ Будапештээс явахаар шийджээ. Тэр дайны дараах Унгараас илүү ирээдүйтэй илүү сонирхолтой амьдралыг мөрөөдөж байв. Хаашаа явах нь зөв бэ? гэсэн эцгийн асултанд “Москва руу энэ социализм гэдгийг үзэхээр эсвэл Лондон орно тэнд BBC байгаа” гэжээ. Дайны үед гэр бүлээрээ “ВВС”-н нэвтрүүлэгийг сонсдог байж. Тивадор хүүгээ Москва явахаа боль гэж ятган, Жорж Лондон явахаар болов. 2000 онд Британы “Sunday Times” сонинд өгсөн ярицлагандаа Сорос, өөрийн ажлын асар их амжилт, агуу их хөрөнгө оруулагчдын ертөнцийг үзэх үзлийг бүрэлдүүлж өгсөн аав нь их нөлөөтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг. Манан бүрхсэн Альбион нутагт ирээд Сорос дайны үед эцэг нь бичиг баримт олгож эзлэгдсэн Унгараас зугтаж гарсан холын хамаатныдаа байрлав. “Англид эхэндээ надад тун амаргүй байлаа. Би ихэнхдээ өлмөн зэлмэн явж, гудамжинд давсалсан загас идэж байгаа мууранд хүртэл атаархадаг байсан” гэж ярьдаг. 1949 онд Жорж Сорос Лондонгийн эдийн засгийн сургуульд орж дөрвөн жилийн дараа төгсчээ. Энэ бүх хугацаанд тэр тохиолдлын ажлын хөлсөөр амьдарч байв. Тэр жижиг эдлэлийн фабрикт ажиллаж, дараа нь борлуулагч болж, зоогийн газар зөөгч, алим хураагч, буудлын ачаа зөөгч хийж байсан ч банкинд ажиллах горьдлого тасраагүй байлаа. Тэр үед олсон хэдэн зоосоороо санхүүгийн тооцоо хөтөлдөг байв. “Би эхлээд 7 хоногийн төсвөө 4 фунтээр төсөвлөдөг байв. Дараа нь 4 фунтээс бага мөнгөнд багтаахыг оролдож орлого зарлагын өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан” хэмээн өнөөгийн тэрбумтан маань инээмсэглэн дурсдаг.
Лондонгийн эдийн засгийн сургуулийг төгсөөд Сорос хөрөнгө оруулалтын компанид ажилд оров. Тэр арбитрын хэлтэст дадлагажиж ажиллав. 1956 онд Сорос Нью-Иоркийн жижиг брокерын пүүст ажилах санал хүлээн авчээ. 1956-1959 онд тэр олон улсын арбитражид ажиллах болов. Тэр нэг улсаас үнэт цаас худалдан аваад нөгөө улсад зардаг байв. Дараа нь 1959-1963 онд тэр “Wetheim & Co” компанид шинжээчээр ажилласан. Америкт шилжин ирээд Жорж Сорос найз нөхөд, танил тал болон өөрийн цалингаас илүү гарсан жаахан мөнгийг гүйлгээнд оруулж хэсэг хугацааны дараа овоо ч цалин авдаг болов. Нэгэнтээ тэр хөрөнгө оруулалтаар хагас сая доллар олох зорилго тавин ажилласан байна. Ийм хэмжээний мөнгөтэй байвал тэр ажил хийхгүй өөрийн дуртай мөрөөдөл болсон гүн ухааны ажилд цаг заваа зориулж болно гэж тооцдог байв. Гэвч орлого нь өсөхийн хирээр Сорос өмнөө шинэ өндөр зорилго тавьж, хөрөнгө оруулагчийн авьяасаараа эрсдэлтэй тоглоомын амтанд орж эхлэв.
Жорж Соросын товч намтар
Унгарын нийслэл Будапешт хотод 1930 оны 8-р сарын 12-нд төрсөн. Дэлхийн 2-р дайны дараа Их Британид цагаачлан, Лондонгийн эдийн засгийн сургуульд 1949-1952 онд суралцаж төгссөн. 1965 онд Нью-Иоркт шилжин ирж 1960 оны эцсээр “First Eagle” болон “Double Eagle” сангуудыг эрхэлж байсан. 1970 онд Жим Рожерстой хамтран “Quantum” санг байгуулав. 1979 онд Жорж Сорос АНУ-т анхны “нээлттэй нийгэм” ивээн тэтгэх санг байгуулжээ. 1980 оноос Дорнод Европ ба ТУХолбооны орнуудаар ивээн тэтгэх тусламж үзүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоёр ч удаа гэрлэсэн. Харин одоо салсан. Таван хүүхэдтэй Роберт, Андреа, Жонатан гурав анхны эхнэр Анализа Уитчикээс гарсан, Александр, Грегори хоёр удаах эхнэр Сьюзан Уэбэр Соросоос гарсан. 2004 онд ууган хүү Роберт Сорос “Quantum Endowment Fund”-г толгойлож эхлэв. Жорж Соросын ах Пол Сорос нь бас өглөг тараах ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулж Нью-Йоркт дээдсийн тоонд багтдаг аж.
Жорж Сорос дэд захирлын суудал хүртэл ажилласан “Arnhold & S.Bleichroeder” компанид ажиллаж байхдаа гүн ухаантан буюу топ-менежер байхаасаа илүү авъяаслаг хөрөнгө орулагч болохоо ойлгожээ. 1967 онд тэр “Arnhold & S.Bleichroeder” компаний удирдлагуудыг хөрөнгө оруулалтын “First Eagle” санг Соросоор үүсгэн байгуулахыг ятгаж чадлаа. 1969 онд компани Соростой хамтран бас нэг сан “Double Eagle” дундын сан байгуулж эрхлэгчээр нь Соросыг томилов. Зохицуулах байгуулагууд Соросын сан удирдах боломжийг хязгаарлаж, тэр удирдах албан тушаалаасаа татгалзан 1970 онд Жим Рожерстой хамтран алдарт “Quontum” сангаа байгуулав. Сан үнэт цаасны дамын наймааны ажилбар явуулж эхний арван жилийн турш жилийн ашиг нь 3365%-д хүрч байлаа. Чухам энэ л сангийн ачаар одоо үед 11 тэрбум доллараар үнэлэгдэх их хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлсэн юм.
Жорж Сорос авъяаслаг хөрөнгө оруулагч Карнеги, Рокфеллер нартай энэ зэрэгцэх өгөөмөр өглөгч тэрбумтануудын нэг. Тэр өөрийн оюун санааны амжилтыг ихэд эрхэмлэн үздэг. Бүр хар багаасаа л Кейнс юмуу Эйнштэйн шиг болохыг мөрөөддөг байв. Лондонгийн эдийн засгийн сургуульд байхдаа тэр санхүү сонирхож, философийг шунан үзэж байлаа. Ялангуяа Лондонгийн эдийн засгийн сургуульд багшилж байсан Англи-Австрийн философич Карл Попперын үзэл санааг гойд сонирхож байв. Попперын онолын үндэс нь “Тусгалын” гэгдэх онол юм. Уг онолоор бол хүн оролцож байгаа бүх үйл явдал, амьгүй байгальд болж байгаа үйл явдлаас ялгаатай нь ажиглагч өөрөө, ажиглаж байгаа зүйлийнхээ бодит байдлын хэсэг нь болдог. Ийм байдлаар ажиглалтын бай өөрөө ажиглагчийн судлаж байгаа бодит байдалд нөлөөлдөг.
Попперын үзэл санааг Сорос биржийн тоглоомд амжилттай хэрэглэсэн “зах зээлийн тусгалын онол”-оо боловсруулахад ашиглажээ. Энэ онолоор бол трэйдэрүүд үнэт цаасыг авах эсвэл худалдах шийдвэрийг үнийн хэтийн хүлээгдэж байгаа хэмжээтэй уялдуулан гаргадаг. Хүлээлт гэдэг нь сэтгэл зүйн асуудал болохоор түүнд мэдээлэлийн нөлөө үзүүлж болдог байна. Энэ үед зах зээлд оролцогсдын сэтгэл санаа, зах зэлийн ажилбарын шинж чанарт тусгалаа олдог нь зах зээлийн суурь хүчин зүйлүүдийг гажуудуулах нөлөө үзүүлдэг.
Сорос өөрийнхөө номнуудад гүн ухааны энэ номнол нь санхүүгийн зах зээлд их ач холбогдолтой гэдгийг итгэлтэй мэдэгдэж байна. Харин түүнтэй ойрхон ажиллаж байсан хүмүүс, түүнийг хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахдаа өөрийн гүн ухааны онолоор бус өөрийн зөн совин, санхүүгийн зөн совин билэгт найддаг гэж баталдаг юм. Түүний хүү Роберт “Тэр нуруугаа өвдөхөөр худалдан авч, өвчнөө намдахаар худалддаг” гэж ярьдаг. Соросыг бирж дээр тоглохдоо, улсын болон компани, өндөр тушаалын хүмүүсээс авсан нууц мэдээллийг ашигладаг гэж буруутгадаг байна. Нэг удаа тэр нууц мэдээлэл ашигласан үймээнд оролцсон юм. 2002 онд Парисын шүүх Жорж Соросыг ашиг олох зорилгоор нууц мэдээлэл авсан хэргээр 2.2 сая еврогоор торгож шийтгэв. Шүүхийн үзэж байгаагаар Сорос энэ мэдээг ашигласнаар Францын “Societe Generale” банкны хувьцаанаас хоёр сая доллар олсон ажээ.
Соросын хийсэн санхүүгийн ажилбаруудаас түүний валютын арилжаа илүү алдартай. 1992 оны 9-р сарын 16-ны “Хар лхагва” гаригт Сорос 10 сая долларын багтаамжтай фунт стерлингийн богино хугацааны данс нээж нэг өдрийн дотор 1.1 тэрбум доллар олов. Соросын ажилбарын уршгаар Английн банк валют хуримтлуулж интервенц хийх, эцэст нь фунт стерлингийг Европын орнуудын валютын ханшийг тодорхойлогч байхаас татгалзахад хүргэсэн юм. Чухам энэ үеэс л хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр Соросыг “Английн банкийг нураасан хүн” гэж нэрлэх болжээ.
Жорж Сорос зээл ашиглан зах зээлийн тогтсон хэвшлээс өөрөөр арай найдвартай аргаар эрсдэлтэй ажилбарыг хийдэг байв. Бодвол Сорост биржийн тоглоомын “халуурал”, өөрийн тавьсан урхинаас ялагч болон гарах боломж түүнд таалагддаг байсан байж магадгүй. Жорж Сорос аав шигээ аз сорьсон аюултай эрсдэлд дурладаг байв. Өөрийн намтартаа тэр 1944 онд Сорос ба түүний гэр бүлийнхэн үхлийн аюулд байсан үеээ амьдралынхаа сайхан жилүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрдөг. Тэр үед Жорж Сорос, Гитлерийн дэглэм олон мянган еврейчүүдийг устгаж байхад эцэг нь хуурамч бичид баримт үйлдэн өөрийн гэр бүл, өөр бусад олон хүнийг аварсныг үзсэн билээ. Сорос “Аав маань бусдаас өөрөөр сэтгэдэг хүн байсан нь миний аз болсон юм. Хэрэв эгэл жирийн байсан бол амархан үхэх байлаа. Олон еврейчүүд тэр үед нуугдах юм уу оргон зайлах оролдлого хийгээгүй. Манай гэр бүлийг аз дайрсан, аав маань эрсдэлтэй алхам хийхээс айгаагүй. Дайны үед олж авсан миний амьдралын сургамж бол хэрэв эрсдэлтэй зоригтой алхам хийхгүй юм бол хамаг юмаа магадгүй амь насаа ч алдаж мэднэ” гэж ярьдаг.
Нөлөөтэй баян болсон хойноо ч Сорос гадаад байдлаараа хүчирхэг сүр хүчтэй ч гэсэн даруухнаараа үлдэж чадсан юм. Тэр үнэтэй машин цуглуулдаггүй, спорт урлагын баг худалдаж авдаггүй, гоёмсог харш цайз, болон бусад тэрбумтанууд бие биеэсээ өрсөлдөн бардамнадаг зүйлийг ер тоодоггүй. Тэр Нью-Иорк дахь өөрийн байрандаа таатай тохилог, орчинд хааяа нэг зочид хүлээн авч даруухан амьдарч, даруухан холлодог. Тэр өөрийн ажил үйлсээрээ санхүүгийн дэмжлэг, улс төрийн үйл хэргээрээ Сорос бурханы дайтай хүн, үндэсний валютыг нурааж бүхэл бүтэн улс орнуудын хөгжлийн хандлагыг тогтоож чадсан хүн. Жорж Сорос марихуаныг эрүүл мэндийн салбарт ашиглах явдлыг санхүүгийн талаар дэмждэг. Тэр Жорж Бушийг дахин сонгуулахгүйн тулд 527-н бүлэгт 23 сая долларын дэмжлэг үзүүлж байв. Ер нь амдралын ийм байр суурь ертөнцийг улам сайхан болгох боломж хүчийг мэдэрсэн сэтгэгч тэрбумтаны хувьд бүрэн боломжтой зүйл бизээ. “Би цаг үргэлж өөрийгөө онц гойд хүн гэж мэдэрдэг” гэж Жорж Сорос дурссан байдаг.
Жорж Соросын бичсэн номууд
“Алдаа дутагдалын зуун: Алан хядах ажиллагаанд зарласан дайн”- 2006 он
“Савангийн хөөс, Америкийн давуу тал, Америкийн хүчийг хааш нь чиглүүлж байна”- 2004 он
“Даяаршлын тухай” – 2002 он
“Нээлттэй нийгэм Капитализмыг өөрчлөхүй” – 2000 он
“Дэлхийн Капитализмын хямрал”, “Нээлттэй нийгэмд аюул учирсан нь” – 1998 он
“Сорос өөрийн тухай”, “Өөрчлөлтөөс өрссөн нь” – 1995 он (Энэ хоёр ном Монгол хэлээр орчуулагдсан)
“Санхүүгийн Алхими”– 1988 он болно. (Энэ ном Монгол хэлээр орчуулагдсан)
Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ
ӨМНӨХ ТҮҮХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!









