



















Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо маш чухал асуудлаар хуралдана. Энэ бол Нарансэвстэйн боомтыг нээх эсэхийн цаана яригдаж байгаа Дархан цаазат газрын асуудал юм. Зөвхөн Монголд 50-хан ширхэг байдаг мазаалай, дэлхийд ердөө Монголын говь, Шинжааны Такламаканы цөлд амьдардаг зэрлэг тэмээ буюу хавтгай болон хулан, хар сүүлт, аргаль, цоохор ирвэс гээд 30 гаруй ховор амьтад нутагладаг Говь-Алтай аймгийн дархан цаазат А хэсгийн газар нутгийн асуудал дахин сөхөгдөж буй.
Нутгийн зон олон, эрдэмтэн судлаачид Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж, зэргэлдээх Бургастайн боомтыг ашиглалтад оруулахыг зөвлөж байгаа. Энэ нь эдийн засаг, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй. Тодруулбал Бургастайн боомтыг нээхэд дөрвөн сумын нутаг дамнах бөгөөд хоёр дахин богино зам тавина, байгалийн саад бэрхшээл бага. Гэтэл дархалсан газраа тасалж зам тавих нь нэн ховор ан амьтдыг үргээх, устгах хөнөөл дагуулж буйг онцлоод байгаа юм.
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн газар нутгийг 1975 онд тусгай хамгаалалтад авсан. Харин энд Нарансэвстэйн боомт бий.
1992 онд Нарансэвстэйн боомтыг нээсэн байдаг. Гэхдээ мазаалай, хавтгайн гол баянбүрд хүн, машины хөлд үрэгдэж сүйдэх дөхсөн учир эргэж хаагдсан түүхтэй.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ гэсэн заалт бий.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2025 оны нэгдүгээр сараас Нарансэвстэйн боомтыг нээх тогтоолын төсөл санаачлан гарын үсэг цуглуулж төрийн ордноор хөл хөнгөн гүйж яваа. Дархан цаазат газраа үгүй хийх тогтоолын төслийг иргэд эсэргүүцэж цахим өргөдөлд санал ирүүлсэн нь маргааш ТББХ-оор дэнслэгдэх юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Э.Болормаа, С.Бямбацогт, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр нарын 25 гишүүн бий. Тэднийг маргааш дархалсан газраа устгах уу? Аварч үлдэх үү? гэдэг нэг ёсны эрх ашгийн эсрэг эх орны төлөө шийдвэр гаргах уу гэдгийг нийтээрээ харна.
Эсэргүүцэх шалтгаан: Хүн зоны хөлөөс хол 4.6 сая га газарт мазаалай, хавтгай амьдардаг дэлхийн сүүлчийн нутаг. Гэтэл дархан цаазат газрын тэхий дундуур зам тавьж, Нарансэвстэйн боомтыг нээж, Хятадын Ганьсу мужтай шууд холбоно гэж үзэж буй. ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан, онгон төрхөө хадгалж үлдсэн цорын ганц нутаг бол Алтайн өвөр говь гэгддэг. Их говийн мазаалай БНХАУ-ын хилээр орж, генетик солилцоо хийгээд нутагтаа эргэж ирдэг нь батлагдсан. Энэ бол мазаалайн жим. Гэтэл Нарансэвстэйн боомтыг нээж, хил дагасан автозам тавих нь мазаалайн жимийг таслах хамгийн том аюул дагуулж буй. Улаан номонд бүртгэлтэй экосистемийн онцлогтой нутагшин амьдардаг мазаалай ердөө 25-30 жил амьдардаг. Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог мазаалай нэг баянбүрдээс нөгөө руу хүртэл зуу зуун км замыг туулдаг. Гэтэл Нарансэвстэйн боомт хүртэлх автозамын газар шорооны ажил эхэлмэгц дархан цаазат газрын тэнцвэрт байдал алдагдана. Үүнийгээ дагаад ховордож буй ан амьтан үргэх нь тодорхой.
Баруун бүсийн иргэдийг зах зээлд ойртуулна гэх шалтагийн цаана Талын мэлтэс нэртэй 300 тонн алтны нөөцтэй үндсэн орд, Хатан суудал нэртэй төмрийн ордод санаархаж байна гэх хардлага бий. Энэ хоёр орд нь улсын хамгаалалттай газарт оршдог учраас өдийг хүртэл хөндөж зүрхлээгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах нэрийдлээр тусгай хамгаалалтаас гаргаж дээрх хоёр ордын баялагийг олборлох гэж байж болох юм.
1996 онд М.Энхсайханы Засгийн газрын үеэс хойш С.Баярын танхимын үед улсын тусгай хамгаалалтаас гаргах тогтоол гарсан байдаг. Гэхдээ иргэд, төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын хүчтэй эсэргүүцлийн үр дүнд цуцлагдсан байдаг юм.
Нарансэвстэйн боомт нь иргэдийн чөлөөт зорчих хөдөлгөөнд бус зөвхөн тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүний урсгалд зориулагдсан. Хэдийгээр уг боомтоор дамжуулан олон улсын зах зээлд хүрэх боломж яригдах ч зэргэлдээх Бургастайн боомт үүнийг нөхөх боломжтой.











