



















Монгол эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдээс 2.1 дахин их
Их дээд сургуульд суралцагсдын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс 10 хувиар бага
…. Энэ бол Монгол эмэгтэйчүүд хүүхдээ харангаа ажиллах боломж хязгаарлагдмалыг илтгэнэ. Хүүхдээ хараад гэртээ суудаг эмэгтэйчүүд ажиллах хүчнээс гадуур тооцогдож, орлогын эх үүсвэргүй болдог. Тэдний хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан: /2023 оны судалгаа/
103 мянга гаруй эмэгтэй жирэмсэн болон хүүхдээ асрахаар
8 мянга гаруй нь хүүхдээ сургуульд сургахаар
12 мянга гаруй нь бусдыг асардаг
Дэлхийн нийт эдийн засгийн гуравны нэг орчим хувийг асрахуйн эдийн засаг эзэлдэг. Үүнийг үнэлж ДНБ-д оруулж тооцвол 16.8 хувиар өсөх боломж юм. Эдийн засгийн энэ тооцооллыг олж харсан улс орнууд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хөнгөвчилсөн технологи, зайнаас ажиллах боломжийг бодлогоор дэмжиж байна. Харин манайд асрахуйн хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийг ажилгүй, зүгээр гэртээ суудаг гэх өнцгөөр харж, сар бүр олгодог 50-хан мянган төгрөгөө цалин гэж тохуурхдаг. Улсын төсвөөс жил бүр 100 тэрбум төгрөгийг 0-3 насны хүүхдээ харж буй ээжид сар бүр 50 мянган төгрөг олгоход зарцуулдаг. Мөнгөн дүнгээрээ өндөр харагдаж буй ч ээж нэг бүрд очих 50 мянга живхний үнэд ч хүрэхгүй шахуу. Үүнийг 100 мянга, 500 мянган төгрөг болгох боломж бий гэх ч ирэх оны төсөвт нэмэгдүүлж оруулж ирэх боломжгүй. 500 мянган төгрөг болголоо ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээндээ ч хүрэхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд битгий хэл живхний мөнгөнд хүрэхгүй мөнгө ээж нарт дэмжлэг болохгүй. Тэгээд ч төрийн шийдвэр нь тогтворгүй манайх шиг улсад ээж нарт тогтвортой, байнгын орлоготой байх хөшүүрэг нь ажил. Жишээ нь, хүүхдээ харахын хажуугаар цахимаар ажлаа хийх боломжийг нь хуульчлах. Ээж нар өдрийн тодорхой цагуудад ажлаа зайнаас хийж гүйцэтгэх бүрэн боломж бий...
''Асрахуйн эдийн засаг''-ийг алдагдаж буй боломж гэж харах хэрэгтэй
Түүнээс биш чи ажилгүй, хүүхдээ хараад гэртээ зүгээр суудаг биз дээ гэх хандлагаа орхих ёстойг дэлхий нийтийн жишиг харуулж байна. Бага насны хүүхдээ хараад нийгмийн харилцаанаас хөндийрч өөрийгөө гэр бүлдээ зориулж яваа ээж нар өглөө босоод хүүхдээ хооллох, усанд оруулах, салхинд гаргах, хувцасыг нь угаах, индүүдэх, эрүүл мэндийг нь сахин хамгаалах, гэрээ цэвэрлэх, гэрийн бусад гишүүдэд анхаарлаа хандуулах, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх, хоол хүнсээ цуглуулах, оройн хоолоо хийх, хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гээд түмэн ажил дунд өдрийг өнгөрүүлдэг тэдэнд хоногийн 24 цаг багаддаг. Яг ийм хэмнэлтэй амьдардаг ээж нараа улсаас 50 мянган төгрөгөөр аргацаадагаа цалин гэж эндүүрдэг. Гэтэл тэдний хөлсгүй хөдөлмөрийг үнэлбэл таван сая гаруй төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний хөдөлмөр эрхэлдэг гэх тооцоолол гаргасан байдаг. Хүүхэд асрагч ойролцоогоор 1.8 саяас 2.5 сая, гэрийн үйлчлэгч 2 сая төгрөгийн цалинтайгаар өдрийн 8- 12 цаг ажилладаг бол ээж нар 24 цаг ажиллаж байна. Тэд халамжлах хөдөлмөрөөрөө дамжуулан эдийн засагт маш их үүрэг гүйцэтгэж буй. Тиймдээ ч асрахуйн эдийн засаг гэх ойлголт дэлхий даяар бий болсон. Хөлсгүй, асрахуйн хөдөлмөр эрхэлж буй ээж нарыг зайнаас ажиллах боломжоор хангаснаар улсын эдийн засагт ойролцоогоор таван тэрбум орчим төгрөг оруулах боломжтой гэсэн тооцоолол бий.
АХБ: Ажиллах хүчин дэх жендерийн харьцааг ижил түвшинд хүргэвэл Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
Манай хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 51.5 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж буйг 63.2 хувьд хүргэхэд 30 жилийн дотор ДНБ-ийг 16.1 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Энэ бол нэг талаараа эдийн засгийн үр өгөөжөөс гадна тэнцвэртэй төлөөллийг хангах бодит хувь нэмэр.
Монгол эмэгтэйчүүдийн өөрийгөө хөгжүүлэх цаг өндөр хөгжилтэй улс орнуудын эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй бага
Их Британи, Финлянд, Канад, Австрали, АНУ, Швейцар, Герман зэрэг улсуудын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй харьцуулахад 1.3-1.6 дахин их цагийг хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулдаг. ОХУ, БНСУ, Япон улсын эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.3-3.9 дахин их цагийг гэр орноо цэвэрлэх, үр хүүхдээ асрах зэрэг гэрийн эзэгтэйн хөдөлмөрт зарцуулдаг байна. Энэ нь хөлсгүй хөдөлмөр дэх хүйсийн ялгаа эдийн засаг, нийгэм, соёлын ялгаа зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайг харуулна.
2018 оноос хэрэгжүүлсэн ‘’цалинтай ээж’’ хөтөлбөр зөв зүйтэй бодлого. Гэхдээ мөнгөний ханш унаж, худалдан авах чадвар гурав дахин буурчихсан, 15 ам.доллар хүрэхтэй үгүйтэй энэ мөнгөөр ээж нар юу авах вэ?
Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн алдагдсан боломж гэж харсан улс орнууд зайнаас ажиллах боломжийг тэдэнд олгодог. Харин манайд ажилгүй юм шиг хүүхдээ хар, хүүхэдгүй юм шиг ажил гэх харгис бодлого хэрэгжүүлж, 50 мянган төгрөгөө цалин гэж ам тагладаг. Гэсэн атлаа жендерийн эрх тэгш байдал гэж ярих дуртай. Харамсалтай нь үүнийгээ ч хэрэгжүүлж чаддаггүй.











