



















Говь гэдэг зөөллөхөөсөө илүүтэй шалгадаг хатуу нутаг. Хаяа хязгааргүй үргэлжилсэн элс, хатуу ширүүн уур амьсгал нь энд ирсэн хэн бүхнийг, юуг ч болов "тэсвэр" гэдэг ганцхан шалгуураар шүүдэг жамтай. Говийн хүн тэсвэртэй байдгийн учир нь байгалийн тэрхүү хатуу сорилыг даван туулж, өөрт байгаа өчүүхэн нөөцийг асар их ухаанаар арвижуулж сурсанд оршино. Энэ ухааныг өнөө цагийн Монголын хөгжлөөр шинжвэл Оюу толгойн уурхайн усны менежментэд ч говийн тэрхүү тэсвэр хатуужил шингэсэн гэлтэй.

Гүний хоолойн дусал бүрийг хянадаг
Гидрогеологичид Оюу толгой уурхайн эргэн тойронд 100 км-ийн радиуст Нарийн заг, Галбын говь, Гүний хоолой гэсэн гурван усны ордыг илрүүлжээ. Нэмэлт хайгуул судалгаа хийсний үр дүнд Гүний хоолойн ордыг зэсийн хүдэр боловсруулахад ашиглаж байна.
Гүний хоолойн орд нь газрын гадаргаас доош 150-400 метрийн гүнд, ус үл нэвтрүүлэх шаварлаг давхаргаар тусгаарлагдсан байдаг. Геологийн насжилтын хувьд 8000–33,500 жилийн тэртээ балар эрт цагт үүссэн ус юм. 2015 онд тус ордын ашиглах боломжтой нөөцийг Усны нөөцийн зөвлөл 918 л/с-ээр баталсан бөгөөд одоогийн байдлаар уурхай үүний 56 орчим хувийг ашиглаж байна.
Өмнөговь аймагт газрын доорх усны 35 орд тогтоогдсон. Үүнээс эрдэсжилт ихтэй 10 ордын нэг нь Гүний хоолой. Тус ордын эрдэсжилтийн хэмжээ Монгол Улсад мөрдөгддөг унд ахуйн усны зөвшөөрөгдөх хэмжээнээс гурав дахин өндөр тул хүн, мал, газар тариаланд шууд хэрэглэх боломжгүй.
Харин уурхайд ашиглахаар Гүний хоолойн ордыг тойруулан 28 гүний худаг гаргаж, ус цуглуулах таван станц байгуулсан байдаг. Станц тус бүр 5-6 худгаас ус цуглуулж, өргөх станцаар дамжуулан уурхайгаас 4.5 км орчим зайд байрлах ус хуримтлуулах санд цуглуулдаг.
“Худаг бүр дээр тоолууртай. Тоолуурыг хоёр жил тутам Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулдаг. Сар бүрийн 25-ны өдөр тоолуурын заалтын зургийг авч, Ханбогд сумын Байгаль хамгаалагчаар хянуулж, ус ашигласны төлбөрөө төлдөг” хэмээн "Оюу толгой" ХХК-ийн Хүрээлэн буй орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар тайлбарлав.

Уурхайн усны хэрэглээний дийлэнх ачааллыг эхний гурван ус цуглуулах станц авдаг. Бидний очсон ус цуглуулах тавдугаар станц нь эхний гурваас багавтар бөгөөд хүчин чадлынхаа 40 орчим хувиар л ажиллаж байв.
Харин ус хуримтлуулах сан нь тус бүр 200 мянган шоо метр багтаамжтай хоёр байгууламжаас бүрдэнэ. Усыг хөрсөнд нэвчиж, эсвэл ууршиж алдагдах, мөн бохирдохоос сэргийлж даланг дээр, доороос нь геомембранаар битүү бүрсэн аж. “Уурхайн хоногийн усны хэрэглээ 40-60 мянган шоо метр. Энэхүү даланд уурхайн долоо хоногийн хэрэглээний нөөцийг хадгалдаг бөгөөд ингэснээр үйлдвэрлэлийн явцад усны хангамж тасалдахаас сэргийлдэг” гэж "Оюу толгой" компанийн Ус хангамжийн үйл ажиллагааны Ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав хэллээ.

Усны эх үүсвэрийн бүх байгууламж 24 цагийн камержуулсан хамгаалалттай, алсын удирдлагатай бөгөөд чанарын хяналтыг 399 цэгт тогтмол хийдэг аж.

“Оюу толгой” үйлдвэр үйл ажиллагаандаа ашигладаг усны эх үүсвэрээ хамгаалж, хянахаас гадна Ханбогд сум, Өмнөговь аймгийн түншлэгч бусад сумд, үндэсний хэмжээнд ч усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах стратегийн дэмжлэг тогтмол үзүүлсээр ирсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу жил бүр хоёроос доошгүй булаг, шандын эх үүсвэрийг хамгаалахаас гадна малчдын 160 гаруй худгийг шинэчлэн засварлаж, сайжруулжээ. Ингэснээр малчдыг ус хангамжийг нэмэгдүүлж, үерийн улмаас бохирдохоос сэргийлсэн байна.
Мөн Ханбогд сумын ус хангамжийн эрэл хайгуулыг 2013-2014 онд хийж, 6.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоногт 3200 шоо метр ашиглах нөөцтэй буюу 13 мянган хүнийг ундны усаар хангах боломжтой ус хангамжийн цогцолборыг барьж байгуулжээ.
”Говийн оюу хөгжил сан” -ийн 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Өмнөговь аймгийн сумдад усны менежментийг сайжруулах 18 төслийг санхүүжүүлсэн бөгөөд эдгээрт ундны усны цэвэршүүлэх байгууламж, усны чанарын хяналт, бэлчээр услалтын аяны ажлууд багтсан.
Хамгийн сүүлд гэхэд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-иас “Хэрлэн – Тооно усан цогцолбор”-ын ТЭЗҮ-ийг “Оюу толгой” компанийн гурван сая ам.долларын санхүүжилтээр шинэчлэн боловсруулаад байгаа билээ.
Одоогоор Ханбогд сумын хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын тогтвортой усан хангамжийн судалгаануудыг үе шаттай хийж байна.
Битүү мөлчлөг буюу усны 87 хувийн дахин ашиглалт
Говийн эмзэг экосистемд зэсийн баяжмал гаргаж авахын тулд усны дусал бүр "дахин төрөх" ёстой болдог. Их Британид төвтэй, уул уурхайн жишиг судалгааны "Skarn Associates" байгууллагын эрэмбээр Оюу толгой үйлдвэр нэг тонн зэсийн хүдэр баяжуулахад шинээр татдаг усны хэмжээ ижил төстэй дэлхийн бусад зэсийн уурхайнуудынхаас даруй гурав дахин бага байгаа аж. Энэ нь битүү мөчлөгөөр ашигласан усны дусал бүрийг “дахин төрүүлдэг” технологийн давуу юм.

Оюу толгойн уурхайн усны хамгийн том хэрэглэгч нь баяжуулах үйлдвэр. Уурхайн нийт усны 96 орчим хувийг ашигладаг. Усаа хэмнэе гэвэл эндээс л хариултыг нь хайх хэрэгтэй. “Бид хүдэр нунтаглах хэсгээс эхлээд технологидоо ус ашигладаг. Нунтагласан хүдрээсээ зэсийн баяжмалаа ялгаж авахын тулд хөвүүлэн баяжуулах танкуудад болон тоног төхөөрөмжийн хөргөлтөд ус зайлшгүй шаардлагатай” хэмээн Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн О.Баасандорж тайлбарлаж байна.

Бидэнтэй хуваалцсан өгөгдлөөс харахад баяжуулах үйлдвэр нийт усны хэрэглээнийхээ 10 хувийг л Гүний хоолойн ордоос шинээр нөхөн сэлбэж, үлдсэн 90 хувийг үйлдвэрлэлийн дамжлагаас эргүүлэн татаж ашигадаг аж. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн ус дахин ашиглалт 90 хувьд хүрч тогтворжсоныг датанаас харж болно.

Ус дахин ашиглалт өндөр байх нь эдийн засгийн хувьд зардал хэмнэх төдийгүй байгаль орчинд ч ээлтэй. Хэрэв дахин ашиглах технологи байхгүй байсан бол уурхай өнөөдрийнхөөс ес дахин их усаар Монголын эдийг засгийг тэжээх байсан биз ээ.
Баяжуулах үйлдвэрт ашиглах ус тал бүрээс ирнэ. Гол шугамаар буюу Гүний хоолойгоос нөхөн сэлбэлтээр 10 хувь нь ирдэг бол 85 орчим хувь нь хаягдал өтгөрүүлэгчийн халианы ус, үлдсэн хэсэг нь уурхайн цэвэрлэх байгууламжууд, далд уурхайн шүүрлийн ус, унд ахуйн ус цэвэршүүлэх үйлдвэрт “дахин төрсөн” ус баяжуулах үйлдвэр рүү түгээгддэг. Гэхдээ урин дулааны цагт бол зарим саарал усыг зам талбай услах, тоос дарах зэрэгт ашигладаг.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энд ер нь ууршилтаар алдаж байгаа уснаас бусдыг нь бараг тэр чигт нь дахин цэвэршүүлэхийг нь цэвэршүүлж, шүүн тунгаахыг нь тунгааж зэсийн баяжмалаа гаргаж авахад ашигладаг юм байна. Хаягдлын далангаас хуримтлуулсан ус ч үйлдвэрлэлийн процесст эргээд орно. Баяжуулах үйлдвэрээс 60 хувийн хатуу лаг шавар бүхий биет хаягдлын даланд очоод дахин усаа тунгаасаар 80-90 хувийн хуурай шавар болж үлддэг. Тунгаасан усыг эргэлтийн усан санд нийлүүлж, баяжуулах үйлдвэрт ашигладаг тухай уурхайн Далангийн хэлтсийн гидрогеологич Д.Алтантунгалаг тайлбарлалаа.

Үйлдвэрлэлийн ус гэдэг нь маш шүлтлэг (Ph~10), хүдрээс эрдсийг нь ялгаж авахад ашигласан төрөл бүрийн химийн бодисын найрлагатай байдаг байна. Харин хүчил, шүлтийн тэнцвэр нь 6.5-8.5 буюу уурхайчдын унд, ахуйд хэрэглэдэг усыг тусдаа ус цэвэршүүлэх үйлдвэрт бэлтгэдэг гэнэ.
“Гүний хоолойгоос ирсэн эрдэстэй ус уурхайн кемпийн баруун захад байрлах ус цэвэршүүлэх үйлдвэрт элсэн болон нүүрсэн шүүлтүүр, урвуу осмосын системээр ундын усны стандартад нийцсэн найрлагатай болгодог. Үүгээр уурхайн талбарт нэг ээлжинд ажилладаг 6-7 мянган ажилтны унд, ахуйн усны хэрэглээг 24 цагийн турш хангадаг” гэж Ус хангамжийн үйл ажиллагааны Ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав ярьсан. Ингээд ахуйн зориулалтаар ашиглагдсан усыг уурхайн кемпүүдийн цэвэрлэх байгууламж дахин 99 хувь цэвэрлэж, үйлдвэрлэлийн усны шугамд нийлүүлдэг байна. Ийнхүү 2-3 бүтэн эргэсэн циклээр газрын доорх усны дусал бүрийг үр дүнтэй ашиглаж, Монгол Улсын экспортын орлогын гол түүхий эд болсон зэсийн баяжмалыг гаргаж авдаг аж. Оюу толгойн уурхайн нийт ус ашиглалт 87.2 хувьтай байна.

Тус компани нийт усны дахин ашиглалтаа 90 хувьд хүргэх бодлоготой ажиллаж буйг Хүрээлэн буй орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар хэллээ. 2024-2025 онд ус дахин ашиглах нэмэлт судалгааг уурхайн хэмжээнд хийсэн бөгөөд 2030 он хүртэл баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгчийг нэмэгдүүлэх, хаягдлын сангийн үйл ажиллагааг сайжруулах зэргээр ус дахин ашиглалтаа сайжруулах төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.
“Оюу толгой” компанийн ус ашигласны төлбөрийг 75 хувиар нэмэгдүүлжээ
Засгийн газрын 2022 оны 416 дугаар тогтоолоор Оюу толгойн баяжуулах үйлдвэрт ашигладаг усны төлбөрийг 75 хувиар нэмэгдүүлжээ. Зэсийн хүдэр боловсруулахад ашиглаж буй нэг шоо метр усыг 2015-2022 онд 959.04 төгрөгөөр тооцож төлдөг байсан бол 2022 оны 11 дүгээр сараас 1678.32 төгрөгөөр тооцохоор болсон байна. Уул уурхайн салбарын ус ашиглалт нь байгалийн нөөцөө хэр зэрэг хэмнэлттэй ашиглаж байгааг харуулахаас гадна үйлдвэрлэлийн зардлын тодорхой хувийг эзэлдэг. Тиймээс ус хэмнэх, дахин ашиглалтаа сайжруулах нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулаад зогсохгүй, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах дэлхий нийтийн хөгжлийн урт хугацааны бодлоготой нийцдэг.

Оюу толгойн уурхай “Zero discharge” буюу “Байгальд ус хаяхгүй” гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Тиймдээ ч ус дахин ашиглалт нь 90 хувь руу дөхөж байна. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй усны тухай хууль тогтоомжоор дөрвөн төрлийн төлбөр тооцогддог. Ус бохирдуулсны төлбөр, ус ашигласны төлбөр, ус түгээсний төлбөр, ус хомсдуулсны төлбөр гэж бий. Оюу толгойн уурхайн хувьд ус ашигласны төлбөрийг сар бүр орон нутагтаа төлдөг бол ус түгээсний зардлаа өөрсдөө хариуцдаг. Харин усыг байгальд хаяхгүй, хаягдлын даланд тунгааж дахин ашигладаг. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, БОАЖ-ын сайд, Сангийн сайд нарын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын дагуу ус бохирдуулсны төлбөрийг тодорхой аргачлалаар тооцдог. Тус журмын 1 дүгээр хавсралтад зааснаар хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиодолд ус бохирдуулах төлбөр тооцдог. Харин “Оюу толгой” ХХК-ийн хувьд 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний татвар тогтворжуулах заалтыг үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй гэсэн байр суурь өнөөдрийг хүртэл илэрхийлсээр ирсэн. Гэсэн хэдий ч тус компани сайн дурын үндсэн дээр хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ Усны газарт хүргүүлээд буй аж.
Харин ус ашигласны төлбөрийн тухайд, Оюу толгой үйлдвэр болон Усны газрын харьяа Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны хооронд 2016 онд байгуулсан Ус ашиглах гэрээний дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны төлбөр Өмнөговь аймагт, харин унд ахуй, угаалгын зориулалтаар ашигласан усны төлбөр Ханбогд сумын төсөвт ордог. Усны төлбөр бол тухайн орон нутгийнхаа төсөвт ордог онцлогтой. Оюу толгойн үйлдвэрийн усны төлбөр Өмнөговь аймгийн төсвийн орлогын томоохон эх үүсвэрүүдийн нэг. 2013-2025 онд ус ашигласны төлбөрт нийт 218 тэрбум төгрөгийг Өмнөговь аймагт төлөөд байна. Уурхайн ус ашиглалтын нэг сарын үзүүлэлтээс харахад усны төлбөрийн 99 хувийг баяжуулах үйлдвэрт ашигладаг үйлдвэрлэлийн усны хэрэглээ эзэлдэг аж.
Монгол Улсын усны тухай хууль тогтоомжуудын дагуу ус ашиглах зориулалтаас хамааран тарифыг ялгаатай тогтоодог. Энэ нь нөөцийг хэмнэх, үр ашигтай зарцуулах эдийн засгийн хөшүүрэг болдог байна.
Ус ашиглаж буй зориулалтаасаа хамаарч усны төлбөр шоо метр тутамдаа өөр өөр тарифаар тооцогддог. Баяжуулах үйлдвэрт Гүний хоолойн газрын доорх усны ордоос шинээр сэлбэн авч буй усны шоо метр тутамд 1678.32 төгрөг төлдөг. Харин гүний уурхайн шүүрлийн усанд шоо метр тутамд нь 720 орчим төгрөг төлдөг бол унд, ахуйн зориулалтаар ашиглаж буй усыг шоо метр тутмыг нь 96 төгрөгөөр тооцож төлбөр төлдөг аж.
Гэхдээ нөгөө талд, төлбөр хүлээн авагч буюу орон нутгийн засаг захиргаа Оюу толгойн төлсөн усны төлбөрийг үр ашигтай зарцуулж байж бид байгалийн нөөцөө ашиглуулсны бодит үр өгөөжийг хүртэнэ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар бол “Оюу толгой” компанийн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл төлсөн 218 тэрбум төгрөгийн дор хаяж 30 хувь нь Өмнөговь аймагтаа усны эх үүсвэрийг сэргээх, хамгаалахад зарцуулагдах ёстой. Төр энэ үүргээ биелүүлж байна уу, эсвэл төсвийн орлогын нөхөөс болгоод байна уу гэдэг нь асуулт юм. Ийм хэмжээний мөнгөөр говьд боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээг сайжруулахаас гадна усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд ч хүрэлцээтэй.
Усны нөөц нэн ховор говь нутаг өөрөө дэлхийн хамгийн дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах, түүнийг бодитоор харах боломжийг бидэнд олгосон нь Оюу толгойн уурхай юм. Гүний хоолойн ордын усыг “Оюу толгой” ХХК баяжуулах үйлдвэрийнхээ мөчлөгт 90 хувийн үр ашигтайгаар эргүүлэн ашиглаж байгаа нь "дусал усыг ч чандмань мэт хайрлах" ардын ухааныг дэлхийн технологитой хослуулж буйн илрэл биз ээ.
З.Цэлмэг








