



















Монгол Ардчилсан орон. Бид нээлттэй нийгэмд шилжиж, өмнөх үеийн хориг хаалт нуран унахыг нүдээр үзсэн хувьтай хүмүүс. Өнөө 30 гаруй жилийг үдэж үр өгөөжийг нь хангалттай хүртлээ. Гэвч Ардчилал манайд нутагшихдаа амин чанараа гээсэн. Юу гэвээс тогтолцоо нь буруу өрөгдсөн. Бүх институци нь социализмд үлдсэн. Бүтэц нь данхар, бүтэл нь бүдүүн баараг. Гороор нь Монгол хөгжөөгүй, томоохон төсөл ч хэрэгжүүлж чадаагүй. Том төсөл хэрэгжүүлсэн туршлагагүй манай нийгэм ардчиллын билэг тэмдэг чинээлэг дундаж давхаргагүй, аа харин “баян”, “ядуу” гэх туйлын заагт ирээд явах газаргүй “тулчихлаа”. Одоо яах вэ гэтэл...
УТОПИ МӨРӨӨДЛӨӨС УРАГШУУЛЖ БОЛОХ НЬ БИЙ
Засгийн тэргүүн Л.Оюун-эрдэнэ 14 мега төслөөр хөгжлийн хурдасгуур хийхээр гарч ирэв. 14 мега төсөл гэх “Утопи” мөрөөдлийг нь Монголын эдийн засаг даахгүй. Социализмаас салаагүй салбар яамд нь хэрэгжүүлж дийлэхгүй. Санаа нь байвч, сачий нь хүрээгүй энэ хүрсэн л дээ. Гэвч хоосонгүй ээ хөөрхий. Утопи мөрөөдлөөс нь урагшилж болохуйц нь “эрчим хүч” болон “ураны” төсөл байна. Хэрэгжиж чадвал таг харанхуй эрчим хүчний салбарт гэгээ татна. Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев энэ өдрүүдэд манайд төрийн дээд айлчлал хийж буй тул уран олборлолтын төслийг энд онцолъё.
“КАЗАХТСАН ЯЛАВ”, “ТЭНЦВЭРЭЭ ХАДГАЛАВ”
Казахстан улс ураны нөөцөөр дэлхийд тэргүүлдгийн хувьд олборлолт үйлдвэрлэлээрээ туршлага зааж, тэнхээ сууж яваа орон.
Казахстан улс ураны үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт, нөөцөөрөө Австралийн дараа хоёрдугаарт ордог. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн (WNA) мэдээлснээр 2021 онд Казахстанд 21,819 тонн уран олборлосон (дэлхийн үйлдвэрлэлийн 45,14%), 2019 оны байдлаар ураны нөөц 906,800 тонн (дэлхийн нөөцийн 15%) байна.
Ураны олборлолттой зэрэгцэн яригдах хамгийн гол асуудал бол үндэсний аюулгүй байдал. Энэ тал дээр Казахстан улс манайх шиг Оросын нөлөө дарамт шахалт, дундуур туучиж яваа. Харин Казахстан улс ураны төсөл дээр “уран” тоглож дан ганц Оросын хараат байхаас зайлсхийж чадсан. Энэ бол үндэсний аюулгүй байдал яригдах төсөл дээр гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж хүчний тэнцвэрээ хадгалсан явдал юм. Олон улсын хамтын ажиллагаа байж гэмээнэ, тэр хэрээр аюулгүй байдлаа хангаж чадна гэсэн үг. Казахстан улс нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр олон улсын бараг бүхий конвенц, хэлэлцээрт нэгдэн оржээ. Мөн ураны салбарт тэргүүлэгч болохын тулд АНУ, Франц, Хятад, Японтой хамтран ажиллаж байна. Ураны салбар дахь хүчний тэнцвэрийг урт хугацаанд хангахын тулд Оросын нөлөө хамгийн их оролцдог Казатомпромын хувьцаа олон улсын бирж дээр амжилттай арилжаалж байв.
2018 онд Казатомпромын хувьцааг 100 хувь эзэмшдэг Засгийн газрын сан болох Самрук-Казына өөрийн эзэмшлийн 15 хувийг 451.3 сая ам.доллароор үнэлэн дотоодын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалсан. Ингэснээр тус улсын төрийн өмчит Казатомпромын үнэлгээ 3 тэрбум ам.долларт хүрсэн байдаг.
Харин хамгийн сүүлд тус улсад Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон айлчилж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай ураны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж цөмийн станц барих асуудлыг тохирсон байдаг. Эммануэл Макроны айлчлалын бүрэлдэхүүнд Казахстанд уурхайтай Францын ураны "Орано" компанийн тэргүүн багтсан байна. Уг компанитай бид ураныхаа төсөл дээр хамтрах гэж буй. Ингээд Эммануэл Макрон болон Ораногийн хэлэлцээ амжилттай болж Казахстанд анхны цөмийн цахилгаан станцыг барих асуудал бүх нийтийн санал асуулгаар дэмжигджээ. Өөрөөр хэлбэл, Казахстанчуудын 70 орчим хувь нь цөмийн цахилгаан станц барих нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Казахстанчууд уран олборлолт, үйлдвэрлэлээс бүү хэл цөмийн станциас айсангүй
Айдсыг бус хөгжлийг сонгож, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг сонгож, хүчний тэнцвэр геополитикийн эрсдэлээ хааж чадсан Казахстан улсын төрийн тэргүүний айлчлал манайд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй биз. Манайх ч энэ туршлагыг нь илүүтэй судлах биз.
АЙДАС БУС ХӨГЖИЛ
Казахстантай үйл ажиллагаагаа өргөжүүлсэн Орано Майнингтай манайх ураны төсөлд хамтарна. Товчхондоо бол Монгол Улсад Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөтийн ордуудаас тогтоогдсон 100 мянга 345 тонн ураны нөөц бий гэсэн тоон мэдээлэл бий. Харин таамаглагдаж буй 1.5 сая тонн ураны нөөц гэх урьдчилсан тооцоо байна. Уран олборлолтоор энэ салбарт туршлагатай Францын төрийн өмчит “Орано Майнинг” компани болон Монголын Засгийн газар хамтран хөрөнгө оруулалтын гэрээг 2024 оны 1-р сард үзэглэснээр Монголд уран олборлож, боловсруулах үйлдвэр барих томоохон төслийг ийн эхлүүлэх болсон. Үндсэндээ Монгол Улс ураны нунтаг ислийг жилд 2500 тонн орчмыг үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд экспортлох юм. Үйлдвэрлэлийн процесс 2060 он хүртэл явагдах бөгөөд үүний араас нөхөн сэргээлт 2070 он хүртэл хийгдэхээр төлөвлөгджээ. Одоогийн байдлаар төсөвт өртгийн хэмжээг 5.4 их наяд гэж тооцож төр хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр уг төслийг хэрэгжүүлэх зураглал бий.
Казахстанд хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн манайд эхлүүлэх гэж буй ураны төсөл нь жилд, 130 орчим сая ам.долларын ашигтай байхаар буюу ураны нунтгийн ислийн жилийн борлуулалтын дүнг ойролцоогоор 12.1 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ. Нэмээд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөдрийн байдлаар 12 хувиар, цаашид өсөн нэмэгдэнэ гэдэг төсөөллөөр 19 хувиар тооцсон нь Оюутолгой төслөөс төсөвт төвлөрдөг АМНАТ-ын татвараас 2.75 хувиар өндөр буюу жилд 50 сая, нийт 3.8 тэрбум долларын татвар төлөхөөр тохиролцсон байна.
Мөн бүс нутгийн хөрөнгө оруулалтад 1.6 тэрбум ам.доллар байхаар гэрээнд тусгажээ. Эдийн засгийн өгөөжийг Монголын талд 50+1 байхаар зөвшилцөлд хүрсэн бөгөөд хэлэлцэх үеийн зах зээлийн ураны хар нунтгийн исэл 71 ам.доллар байсан бөгөөд ханш унах эрсдэлийг тооцож жилд 47-52 сая ам.доллар байхаар ТЭЗҮ хийгдсэн байна. Мэдээж төслийн явц ямар байхаас үл хамааран олборлолтын ажил эхэлсэн цагаас АМНАТ-ын татварыг авахаар урьдчилан тохирсон.
АМИЛАГСАД
Казахстаны ерөнхийлөгч айлчилж, тус улсын уран олборлолт үйлдвэрлэлийн туршлага яригдаж эхлэв. Дагаад эх орончид улс орон, газар шороо, цэвэр цус, цагаан яс, хаан язгуур, хатан ухаан ярьж “амилав”. Гадны гар хөл болдог санхүүжилттэй нь ч бий, хар ухаандаа хардаж дэмийрцгээх нь ч бий. Хоёр толгойтой хурга, хээл хаясан хонийг хэдэн жил ярилаа. Ийм өчүүхэн өнцгөөр хорвоог харах ямар байх бол гэж хаяа бодогдоно. Бачимдмаар байх биз. Харин гадны гар хөл бологсод тэр дундаа эрчим хүчний салбар, ураны төсөлд Францын нөлөөг хазаарлах санаатай Оросын тавилуудад хандах нь: Оросын геополитик, стратегийн гол бодлого “уран”. Росатом Казахтсанд нөлөөгөө алдахгүй хичээж үйлээ үзэж буй.
Ураны биш утааны аюул л Монголд заналхийлж байна.Үүнтэй л тэмц
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙ “УРАН”
Орос, Хятад хоёр хөрш хоёул уран олборлодог. Тэд цөмийн цахилгаан станцын ирээдүйд ихээхэн найдаж цөмийн реакторуудаа нэмж, нүүрсээ халахаар төлөвлөж буй. Ер нь дэлхийн улс орнуудын ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр уран гэдэгтэй маргадаг эрдэмтэн, мэтгэлцдэг сэхээтэн гэж байхгүй болсон. Фукушима, Чернобылийн гамшгийг давтана гэж туйлшрах цаг үе ч ард хоцорч шинэ технологи шинэ дэвшил цөмийн ирээдүйг тодорхойлох болов. Товчхондоо, уран бол бага зардлаар их эрчим хүч. Хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахаар амлалт өгсөн дэлхийн улс орны ирээдүйг энэ “түүхий эд” тодорхойлно. Эдийн засгийн үр өгөөж харин эх оронд минь үлдэнэ.










