



















Пакистаны Лахор хотын агаарын бохирдол урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. Үүний улмаас дунд сургуулиудын үйл ажиллагааг долоо хоногоор зогсоолоо. 14 сая хүн амтай Лахорыг дизель түлшний утаа, улирлын чанартай газар тариалангийн шаталтаас үүдэлтэй утаа гэх мэт бохирдуулагчийн холимог манан бүрхжээ. Агаарын чанарын индекс өнгөрөгч бямба гарагт нэг мянгаас давсан нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн аюултай гэж тооцогддог 300-аас давсан үзүүлэлт юм.
ХАРИН БИД....
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.
Улаанбаатар хотын утаанаас болж жилдээ 1400-4000 хүн нас бардаг боллоо. Тэдгээрийн 15 хувь нь буюу 210-600 нь хүүхэд. ДЭМБ “Улаанбаатарт уушгины үрэвсэл, хатгалгаагаар нас барсан хүүхдүүдийн 50 хувь нь утаанаас улбаатай” гэж дүгнэв.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 44.2 хувийг дулааны цахилгаан станц, 31 хувийг гэр хорооллын яндан, 16.1 хувийг автомашин, 8.7 хувийг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Эндээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж тооцвол агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлнэ.
Хорт утаа нь цус харвалт, зүрхний өвчин, уушгины хорт хавдар, амьсгалын замын өвчлөл үүсгэж, урт хугацаандаа үхэлд хүргэж байна. Нийслэлийн агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53 хувь, уушгины хавдрын 40 хувь, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг үүсгэдэг боллоо.
Нас баралт, өвчлөлийн тоон үзүүлэлтүүд сүүлийн арван жил өөрчлөгдөөгүй харин утааны хорвуу чанар улам ихэссэн. Гэвч агаарын бохирдолд зарцуулах нэрийдлээр эрх баригчид татвар төлөгчдийн халаасыг сэгсэрдэг уламжлал тогтлоо.
Агаарын бохирдол бууруулахаар ажиллаж эхэлсэн цагаас хойш зарцуулсан мөнгийг энд дурдахаа азная. Угаас тооны машинд ч багтамгүй их дүн гарна.
Харин өнгөрсөн гурван жилийн хугацаанд:
· Агаарын бохирдол бууруулах нэрийдлээр 456 тэрбум төгрөг,
· Утаагүй Улаанбаатар хөтөлбөрт 38.1 тэрбум төгрөг,
· Агаарын бохирдолтой тэмцэх ажлын албаны зардалд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Зургаан сайд, дөрвөн дэд сайд, Нийслэлийн Засаг дарга, дөрвөн ахлах зөвлөх, зургаан газар нэгжийн даргатай Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулсан бэ?
АНУ-д 100 жилийн өмнө томоохон хотуудад нь түлшээ сайжруулах төрөл бүрийн арга хэрэглэсний эцэст утаа нь буураагүй, ямар ч үр дүнгүй гэдгийг баталсан.
Швейцарын IQ Air байгууллага өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын чанар сүүлийн таван жил сайжирсан гэж мэдээлсэн. Гэхдээ тус байгууллага Монгол Улсад ирж агаарын чанарыг шинжлээгүй. Зүгээр л манайхаас өгсөн агаарын чанарын хяналтын станцын мэдээллийг нэгтгэхдээ жилийн дунджийн үзүүлэлтээр дүгнэжээ. Агаарын чанар сайжирсан бол утааны улиралд өвдөх хүүхдүүдийн тоо, эмнэлгийн шалаар зулах өвчтөний тоо, жил ирэх бүр нэмэгдэх уушгины хорт хавдрын тоо буурах байсан. Гэтэл буураагүй.
Яагаад... Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Улаанбаатар хотыг утаагүй бүс болгохоор 2019 оны өвлөөс түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулна гэж төсөөлсөн. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446 мянган тонн шахмал түлш түлсэн бол 2021 оны өвөл 708 мянган тонныг хэрэглэжээ. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын яндан нэмэгдсэн баримт. Яндангаа буулгахгүйгээр сайжруулсан гэх нэртэй шахмал түлш хэрэглээд утаа буурдаггүйг улс орнууд олон жилийн туршлагаараа харуулж байна. Энэ төрлийн түлшнээс татгалзаад хэдийнэ 100 жил болсон байхад харин манайх тэдний халсан муу жишгийг ‘’сайн’’ гэж давтаж гэж. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй газрууд аюултай хэмжээнд байсаар буй. Баянхошуу орчмоор утааны улиралд өглөөний 08.00 цагийн байдлаар агаарын чанарын индекс 1200, Толгойт, Зурагт орчимд 700-850 давдаг хэвээрээ. Агаарын чанарын индекс сайжирдаггүй ч хариу арга хэмжээ авна гэж төсөвлөсөн мөнгө нь их наядаар хэмжигдэнэ. Гэтэл дэлхийн хамгийн их бохирдолтой 30 улсад Монгол Улс багтсан хэвээрээ. Улс төрчдөд утааг бууруулах сэтгэл, сэдэл байхгүй. Утаа бол улс төрчдийн мөнгө тонших таатай бизнес. Тиймдээ ч Улаанбаатарын утаагаар далимдуулж сайжруулсан шахмал түлш, утаа мэдрэгч, утаагүй зуух гэх мэтээр иргэдээ доромжилж, тохуурхсан олон шийдвэр гаргаж байсан.
Бид бүгд нэг агаараар амьсгална... Яахав утаа ихтэй, утаа бага газарт амьдарч байгаагаар бусдаар бид бүгд бактериологийн ''харх''-ууд болж яваа гэдгээ ойлгох хэрэгтэй.
САЙН ТУРШЛАГА...
Манай урд хөрш утаатай тэмцэх ажлын үр дүнгээрээ дэлхийг үлгэрлэсэн. Тус улс арван жилийн өмнө хамгийн их утаатай улсын тооноос хасагдсан. Яаж? 2014 онд Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян агаарын бохирдлын эсрэг ‘’дайн’’ зарласан. Хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж, агаарын бохирдлын тусгай цагдаагийн эргүүл гаргах, эрчим хүчний эх үүсвэртээ шинэ технологи нэвтрүүлсэн зэрэг олон арга хэмжээ авсанаар Бээжингийн утаа 35 хувиар буурсан. Манайх тэдний энэ мэт туршлагын зах зухаас нь хэрэгжүүлмээр аядсан. Гэхдээ ялгаа нь тэд утааны эсрэг арга хэмжээндээ зарцуулсан мөнгөө халаасалдаггүй, улс орныхоо эрх ашгийг нэгд эрэмбэлдэг нь утаанаасаа салсан гол шалтгаан. Харин манай төрийн толгойд ‘’өсөхийн өлөн’’ нь арилаагүй хоноцууд, тэдгээрийн суганд хавчуулагсад татвар төлөгчдийн мөнгөөр зоолдогийн балгаар Улаанбаатарчууд одоо ч гэсэн утаанаасаа салж чадаагүй явна.
НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний 9 нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүр 7 сая, цаг тутамд 800 хүн, минут тутамд 13 хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан. Энэ нь сүрьеэ, ХДХВ, ДОХ, хумхаа өвчнөөр нас барсан нийт хүнээс гурав дахин их байна.
Өрхийн агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жилд 3.8 сая хүн зуурдаар нас бардаг бөгөөд үүний 27 хувь нь уушгины хатгалгаа, 27 хувь нь зүрхний ишемийн өвчин, 18 хувь нь уушгины архаг бөглөрөлт өвчин, 20 хувь нь тархины цус харвалт, 8 хувь нь уушгины хорт хавдрын шалтгаант нас баралт байна.
Мөн 5 хүртэлх насны хүүхдүүдийн уушгины хатгалгаа өвчний улмаас нас баралтын тал орчим хувь нь ахуйн агаарын бохирдлоос үүсдэг байна.










