



















Хувьсан өөрчлөгдсөөр буй өнөөгийн ертөнцөд улс орнууд геополитикийн бодлогоор өрсөлдөж, батлан хамгаалах, цэрэг армийн салбар нь инновац, технологи гэх үгээр хэмжигдэх болов. Хүйтэн дайнаас хойших зэр зэвсэг инновацыг шингээж, зөгнөлт кинон дээрх дижиталчлал, робот, кибер технологиуд бодит амьдралд биеллээ олсон цаг үед бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл аль улс өндөр хөгжилтэй байна тухайн улсын батлан хамгаалах салбар хүчирхэг гэсэн үг.
Тиймдээ ч дэлхийн дэг журмыг өөрчлөх эрмэлзэлтэй улс орнууд батлан хамгаалах салбартаа хуваарилах төсвөөрөө өрсөлдөж, технологийн шинэчлэл, стратеги, инновацыг бодлогоор дэмжин урагшилсаар...Кибер дайн өрнөх өнөөдрийн шилжилтэд бид “тэргүүлэх” бус “тэсч үлдэх” ёстой.
ШИНЭЧЛЭЛИЙГ “ЁС СУРТАХУУНААС”
Тэсч үлдэх зам нь “шинэчлэл”. Угтаа үндсээр нь өөрчлөх буюу реформ хийх. Батлан хамгаалах салбарт ус агаар мэт дутагдсан шинэчлэлийн суурь зарчим нь “хүний эрх”, “ёс суртахуун” дээр тогтоно. Ардчилсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой батлан хамгаалах салбар нь зэр зэвсэг, цэргийн стратеги, техник технологи, дэглэлт зодууртайгаа хамт нийгмийн хөгжлөөс хоцрон үлджээ. Тиймээс хоцрогдсон технологи, хуучин системийг сууриар нь халж, хүний эрхийг дээдэлсэн, боловсрол, бүтээмжид суурилсан цогц бодлогыг нэвтрүүлэх нь батлан хамгаалахын сэргэлт юм.
БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ
Монгол улс дэлхийн улс орнуудтай батлан хамгаалах салбараар өрсөлдөж зэвсэглэлээр хөөцөлдөх боломжгүй. Харин “хүн төвт” бодлого баримталж, иргэнээ хөгжүүлж чадаж гэмээнэ, тэр хөгжлийн үндэс болно. Батлан хамгаалах салбараа ийм маягаар хөгжүүлэх боломж харин бий. Энэ боломж нь ч хаяанд ирж, хаалга тогшиж байна.
Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм байхаар тодорхойлогджээ. Энэхүү зорилтыг батлан хамгаалах салбартаа түрүүлж нэвтрүүлэхээ салбарын сайд нь мэдэгдээд байна. Ингэхдээ хамгийн түрүүнд энэ салбарын удирдах албан тушаалтнуудад хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлж, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид байлгах зорилт тавьжээ. Гагцхүү “шинэчлэл” гэх нэр томъёо эндээс л бүрэн утгаараа харагдана.
Үүнд:
Цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх,
Цэргийн албан хаагч эрх нь зөрчигдсөн асуудлаар “ШҮГЭЛ ҮЛЭЭХ” боломжийг хангах,
Зэвсэгт хүчинд хүнлэг бус харьцаж нэр төрийг нь доромжлон шийтгэх аливаа хэлбэрийг хуулиар хатуу хориглож, түүнд хяналт тавих,
Сахилгын болон цэргийн дүрэмд заагаагүй аливаа хэлбэрээр хүний эрхийг хязгаарлахыг таслан зогсоохыг зорьжээ.
“УЛС БАЙХЫН УЧИР АРМИ ОРШИНО”
Хүний эрхийг нэн тэргүүнд тавьснаар монгол хөвгүүд цэргийн албанд “хүчээр” бус “хүслээрээ” морддог байхын эхлэл болно.
Харин одоо хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, цэргийн алба хаах хугацаандаа “жолооны үнэмлэхтэй”, “англи хэлний анхан шатны мэдлэгтэй” болгох, цэргийн албаны нэр хүнд, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байна. Батлан хамгаалахын салбарт энэ бодлого хэрэгжсэнээр орон нутгаас цэргийн алба хаахаар ирэх хүүхдүүд албаа хаахаас гадна давхар “мэргэжилтэй”, сурсан эрдэмтэй, эдийн засгийн болоод цаг хугацааны хувьд давхар “хожих” нь.
Цаашлаад цэргийн “дэг” гээч ойлголт үгүй нэмээд хувь хүнээ хөгжүүлж, өөрсдийн батлан хамгаалан салбарын өнгө төрхөө бүрдүүлж буй улс орнууд олон бий. Тухайлбал АНУ, Европын холбооны улсууд цэргүүддээ алба хаах хугацаандаа тусгай хөтөлбөрөөр коллежийн боловсролтой болох боломж олгодог. Тус улсуудын хувьд батлан хамгаалахын салбарт боловсрол дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж мэргэжилтнүүдээ бэлтгэснээр бүс нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ бодитоор оруулдаг гэх НАТО-ын судалгаа бий.
СОРИЛТ
Мэдээж салбарын хөгжлийг тодорхойлж суурь өөрчлөлтийг хийхэд тус салбарын төсөв хангалттай байх ёстой. Батлан хамгаалах салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана гэвэл энэ салбараас төсөв харамлахгүй ёсгүй. Энэ бол эх орны ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ онд манай улс батлан хамгаалах салбартаа 613,066.5 төгрөг төсөвлөсөн бол ирэх онд 708,3 тэрбумаар хэмжигдэж байна. Харин ирэх оны төсөв салбарын шинэчлэлийг хийж дийлэх эсэх нь тун эргэлзээтэй. Гэвч салбарын сайд нь ямар бодлого баримталж, хэрхэн эхлүүлэхээс үр дүн гарна. Мөн сууриа зөв тавьж салбар аяндаа цэгцрэх биз ээ.
Батлан хамгаалах салбарын алсын хараа нь улсын тогтвортой хөгжлийг хангаж, бэхжүүлэхэд чиглэдэг билээ.










