
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өмнөх удирдагч Жян Зэминд хүндэтгэл үзүүлж, Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг цаашид урагшлуулахыг уриаллаа.
Даваа гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын талийгаач удирдагч Жян Зэминий Хятадын хөгжилд оруулсан “Мартагдашгүй хувь нэмрийг” өндрөөр үнэлж, Хятадын Коммунист Нам (ХКН) болон Хятадын бүх ард түмнийг Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг цаашид үргэлжлүүлэн урагшлуулахыг уриалсан байна.
Ши Жиньпин энэ үгийг Бээжин хот дахь Ардын Их Хурлын ордонд болсон ёслолын арга хэмжээний үеэр хэлжээ. Уг арга хэмжээ нь Жян Зэминий мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан аж.
Бид түүний сүр жавхлант ололт амжилтад гүн хүндэтгэл илэрхийлж, түүний эрхэм чанар, үлгэр дуурайллаас суралцана.
хэмээн Ши Жиньпин хэлжээ.
Тэрээр мөн Хятадын ард түмний амьдралыг улам сайн сайхан болгох, Хятад үндэстний хөгжил дэвшлийн илүү гайхамшигт шинэ хуудсыг бичихийн төлөө тасралтгүй хүчин чармайлт гаргахыг уриалсан байна.
Ши Жиньпин Жян Зэминийг дурсахдаа түүнийг олон сорилт, шалгуурыг туулсан коммунист тэмцэгч, мөн Хятадын онцлогтой социализмын аугаа үйл хэргийн гарамгай удирдагч хэмээн тодорхойлов.
Жян Зэминь нь ХКН-ын Төв Хорооны гурав дахь үеийн хамтын удирдлагын цөм байсан бөгөөд “Гурван төлөөлөл”-ийн онолын гол үндэслэгч байсныг Ши онцолжээ.
Жян Зэминь 1926 оны наймдугаар сард Жянсу мужийн Янжоу хотод төрсөн. Тэрээр 1989 онд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Жян Зэминь 2022 онд 96 насандаа таалал төгссөн юм.









