



















ОХУ БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлэхээр тохиролцож, "Сибирийн хүч-2" томоохон хийн хоолойг барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан ч дэлхийн хамгийн өндөр өртөгтэй төслүүдийн нэгийн үнэлгээ болон нийлүүлэлтийн үнийг хараахан тохироогүй байгаа талаар "Газпром" мягмар гарагт мэдэгдлээ.

Барууны улс орнууд Украины дайнд Оросыг шийтгэх хориг арга хэмжээ авснаас хойш байгалийн хийн хамгийн том хэрэглэгч БНХАУ болон байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч ОХУ-ын “Хязгааргүй түншлэл” улам гүнзгийрчээ.

ОХУ Европын зах зээлээ алдсанаас хойш БНХАУ-ын зах зээл рүү хандсан. "Газпром" олон жил Сибирийн хүч-2 хоолойг барьж, Ямалын хойд талын хийн ордуудаас (Монгол улсаар дайруулан) жилд 50 тэрбум шоо метр хийг БНХАУ-д нийлүүлэх талаар хэлэлцээр хийхийг зорьж ирсэн юм.
Газпромын Гүйцэтгэх захирал Алексей Миллерийн мэдэгдсэнээр, одоо байгаа Сибирийн хүч хоолойгоор (Зүүн Сибирээс Хятад руу) нийлүүлэлтийг 38 тэрбумаас 44 тэрбум шоо метр болгон нэмэгдүүлэхээр тохирсон байна.
“Өнөөдөр Сибирийн хүч-2 хий дамжуулах хоолой болон Монголын нутгаар дайран өнгөрөх хоолойн бүтээн байгуулалтын тухай хууль ёсны хүчинтэй санамж бичигт гарын үсэг зурлаа” гэж Миллер мэдэгдлээ.
Гэсэн ч хий нийлүүлэх үнэ — хоолойн нийт өртөг, талууд зардлыг хэрхэн хуваахыг тодорхойлох гол хүчин зүйл — одоогоор тусад нь тохиролцох шаардлагатай хэвээр үлдлээ гэж ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлсэн.
Миллерийн хэлснээр, энэ үнэ Европын худалдан авагчдад нийлүүлдэгээс доогуур байх бөгөөд учир нь хоолойн урт, барилгын хүндрэлтэй газар нутаг зардлыг нэмэгдүүлдэг аж.
Хоолойг хэн барих нь тодорхойгүй байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай уулзсаны дараа Синьхуа агентлагт мэдээлснээр Хятад, Орос хоёрын хооронд эрчим хүчний гэрээнүүд байгуулсан боловч Сибирийн хүч-2 төслийн талаар дурдаагүй байна.
Миллерийн хэлснээр, хойд Оросын Бованенково ба Харасавейгийн ордоос Сибирийн уудам нутгийг дамжин Монгол улс, улмаар Хятадад хүрэх энэ хий дамжуулах хоолой нь дэлхийн хамгийн том, хамгийн өндөр өртөгтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан хийн төсөл болох аж.
Өнгөрсөн сард Ройтерсийн мэдээлснээр, БНХАУ нь одоо байгаа хоолойгоор илүү их хий авах сонирхолтой байгаа боловч шинэ хоолойн талаархи хэлэлцээрүүд дорвитой урагшаа хөдлөөгүй байна.
Уг мэдээнээс үүдэн Газпромын хувьцаа Москвагийн бирж дээр 0.5%-иар өсжээ.
Путин, Ши нар хоёулаа Зөвлөлт Холбоот Улсын задрал болон Хятадын олон зууны турш Европын колоничлолд автсан “доромжлол”-ыг даван туулах байр суурьтай бөгөөд хоёул Баруун уналтанд орж, дэлхий шинэ эринд шилжиж байна гэж мэдэгддэг.
АНУ нь БНХАУ-ыг хамгийн том өрсөлдөгч, ОХУ-ыг хамгийн том аюул гэж үздэг ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үзэж байгаагаар Барууны бодлого нь Москва, Бээжинг улам дотносуулахад хүргэсэн аж.
Одоо БНХАУ ОХУ-ын хамгийн том худалдааны түнш бөгөөд хамгийн их хэмжээний түүхий нефть, байгалийн хий худалдан авагч, хоёр дахь том нүүрсний худалдан авагч, гурав дахь том шингэрүүлсэн хийн худалдан авагч болжээ.
Газпром Сибирийн хүч нэртэй 3'000 км урт хий дамжуулах хоолойгоор 30 жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын хийг гэрээний дагуу 2019 оны сүүлээс БНХАУ-д нийлүүлж эхэлсэн.
2024 онд экспортын хэмжээ ойролцоогоор 31 тэрбум шоо метр байв. Энэ онд төлөвлөсөн хүчин чадал болох 38 тэрбум шоо метрт хүрнэ гэж үзэж байна.
2022 оны 2-р сард БНХАУ Сахалины арлаас жилд 10 тэрбум шоо метр хүртэл хий худалдан авахаар тохирсон ба 2026–2027 оны үед хэрэгжиж эхэлнэ.
Миллерийн мэдэгдсэнээр, алс дорнодын зүүн чиглэлээр нийлүүлэх хэмжээг 10 тэрбумаас 12 тэрбум болгон нэмэхээр тохиролцжээ.
Гэсэн ч ОХУ-аас БНХАУ-руу нийлүүлж буй хийн экспортын хэмжээ 2018–2019 онд Европт жил бүр нийлүүлж байсан дээд амжилт болох 177 тэрбумаас үлэмж бага хэвээр байна.
Европт нийлүүлж буй оросын хий 2021 онд нийт импортын 45%-ийг эзэлж байсан бол одоо 18% болж буурчээ. Түүнчлэн газрын тосны экспорт 30%-иас 3% хүртэл унасан бөгөөд ЕХ 2027 он гэхэд Оросын эрчим хүчийг бүрэн хална гэж төлөвлөсөн байна.










