



















Монголын төр тэр дундаа Засгийн газар ямар ч төлөвлөлтгүй бодлого, шийдвэрээ гаргадаг болсныг Цагаан сарын амралтын хугацааг хэрхэн шийдсэнээс харж болно. Ер нь ч, Монгол Улсад шинэ Засгийн газар бүр өмнөх бодлогоо өөрчилж, улмаар иргэд хохирч үлдэх нь уламжлалт үзэгдэл болоод удаж байна. Төрийн бодлогын залгамж халаа, тогтвортой байдал алдагдах нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг гэдгийг бодлого тодорхойлогчдод дахин сануулъя.
Цагаан сарын амралтын хугацааг шийдвэрлэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж, Засгийн газрын бодлогын уялдаа, төлөвлөлтийн асуудлыг дахин сөхөхөд хүргэлээ. Тус баярын амралтын өдрийг хугацааны хувьд тулгаж зарласан нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж, төрийн бодлогын тогтвортой байдалд эргэлзээ төрүүлэх нэгэн жишээ болж байна.
Юуны өмнө, Цагаан сар бол Монголын уламжлалт томоохон баяр бөгөөд энэ үеэр иргэд орон нутгийг зорих, бэлэг сэлтээ базаах, ажил амралтаа зохицуулах зэрэг олон төрлийн бэлтгэл хангадаг. Гэтэл амралтын өдрүүдийг шийдвэрлэхдээ урьдчилан тодорхой мэдээлэл өгөөгүй нь олон хүнийг хүндрүүлж, урьдчилан төлөвлөх боломжийг нь хаасан гэж хэлж болно.
Түүнчлэн, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч энэ нь тодорхойгүй байдлыг бий болгож, ажлын зохион байгуулалтад сөргөөр нөлөөлсөн. Нэгэнт төрийн бодлого тодорхой, тогтвортой байх нь улс орны хөгжлийн үндэс суурь байдаг бол энэ удаагийн шийдвэр эсрэг жишээ болж үлдэв.
Гэвч энэ асуудал зөвхөн Засгийн газрын төлөвлөлтийн доголдолд хязгаарлагдахгүй. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрүүдийг тогтвортой гаргадаг тогтолцоо үгүйлэгдэх болсныг харуулж байна. Улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр гаргах процессийн тодорхойгүй байдал нь зөвхөн амралтын асуудал төдийгүй эдийн засаг, нийгмийн бусад салбарт ч хортой.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон цагаасаа л улсаа хэрхэн шат дараатай хөгжүүлэх "Алсын хараа 2050" урт хугацааны бодлого төлөвлөлтийг боловсруулж, баталсан тухайгаа ярьдаг. Цаасан дээр бичигдэж, ном болон Засгийн газрын хойморт заларсан энэ төлөвлөгөө цаг хугацааны дарааллаараа хэрэгжиж буй эсэх ихэд эргэлзээтэй. Билэгдэл төдий бодлого болчихсон уу гэж хардмаар...
Нийт масс нь мэдээгүй угтдаг шийдвэрүүд төрөөс их гарч буй нь энэ удаагийн жишээгээр дахин батлагдлаа. Иргэдэд урьдчилсан мэдээлэл өгөхгүй, судалгаагүй, бодлогын уялдаа муутай шийдвэрүүд олон нийтийн амьдралд тогтмол "ачаа" болж буйг хөрсөн дээрээ бууж ойлгомоор байна дарга нараа... Төрийн бодлого зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд явагдах бус, олон нийтийн оролцоотой, нээлттэй хэлэлцүүлгийн үндсэн дээр гарах ёстойг анхаардаг баймаар.
Эдийн засгийн тогтворгүй байдал буюу сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын бодлого байнга өөрчлөгдөж ирсэн нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хүндрүүлж байна. Тухайлбал, 2019 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байсан ч дараагийн Засгийн газар уг хөтөлбөрийг өөрчлөн, санхүүжилтийн нөхцөлийг хатууруулсан нь олон бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулсан.
Боловсролын салбарын эмх замбараагүй байдал буюу боловсролын тогтолцоог шинэчлэх нэрийн дор сургалтын хөтөлбөрийг хэдхэн жилийн дотор хэд хэдэн удаа өөрчилсөн. 12 жилийн тогтолцоонд шилжсэнээс хойш ерөнхий боловсролын агуулга тогтворгүй, жил бүр өөрчлөгдөх болсон нь сурагчдын боловсролын чанарт сөргөөр нөлөөлж, эцэг эхчүүдийг бухимдуулахаас гадна ирээдүй болсон хүүхдүүд чанаргүй боловсролын золиос боллоо.
Эрүүл мэндийн салбар дахь бодлогын туйлбаргүй байдал буюу Засгийн газар солигдох бүрт эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилнэ гэх шалтгаанаар санхүүжилтийн механизмыг өөрчилдөг. Үүний үр дүнд иргэдийн эмчилгээний хүртээмж багасаж, эмнэлгийн үйлчилгээний чанар мууддаг. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог шинэчилсний улмаас зарим эмнэлэг санхүүжилтээ авч чадахгүйн гороор иргэд эмнэлэгт үзүүлж чадахгүй буцсан хэд хэдэн тохиолдол гарсан.
Нийгмийн хамгааллын тогтворгүй байдал буюу тэтгэврийн шинэчлэл, халамжийн бодлого богино хугацаанд олон удаа өөрчлөгдсөн нь иргэдийн амьдралд эрсдэлийг үүсгэж байна. Тухайлбал, тэтгэврийн насыг өөрчлөх бодлого хэд хэдэн удаа өөрчлөгдсөнөөс олон ахмад настан санхүүгийн тодорхой бус байдалтай тулгарчээ.
Тогтвортой бодлого нь зөвхөн Засгийн газрын бус, нийгмийн бүхэл бүтэн тогтолцооны асуудал юм. Улс төрийн намууд богино хугацааны амлалт өгөхийн оронд бодлогын залгамж халааг хадгалах, иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах ёстой. Үүний тулд урт хугацааны хөгжлийн бодлогыг хуульчлан, төрийн албаны мэргэжлийн байдлыг хадгалж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ёстойг бодлого тодорхойлогчид ойлгох шаардлагатай байна.
Монгол төрийн бодлогын тогтворгүй байдлын үр дагаврыг хэн хамгийн их үүрч байна вэ? Мэдээж энгийн иргэд. Тиймээс улс төрчдийн шийдвэрээс үл хамааран, төрийн бодлого тогтвортой, тууштай баймаар. Монголын төр хэзээнээс иргэдээ бодож, тэдний санал дээр үндэслэсэн шийдвэрээ цагийг нь тулгахгүй хэлэлцдэг болох вэ? Хамгийн гол нь төрийн шийдвэрүүд олон нийтийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг төрийн бодлого зангиддаг дарга нар ухаарч мэдэрмээр байна.










